Ногоон эдийн засаг

Элсэнд булуулж буй соёл минь 2017-04-19 12:43

Улаанбаатарт болсон шороон шуурга бидний орших эс оршихуйн дэнсэнд зогсож буйг сануулах дуут дохио байлаа. Учир юу гэвэл өнөөдөр манай улсын хүн амын 25 хувь нь уламжлалт нүүдлийн аж ахуй эрхлэн амьдарч буй. Энэ нь хүн амын 25 хувь нь байгалийн хүчин зүйлээс шууд хамааралтай амьдарч байна гэсэн үг. Сүүлийн хэдэн жил эрчимжиж буй уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын тогтворгүй байдал нь эдгээр хүмүүсийн амьдралыг улам бүр хэцүү байдалд оруулсаар. Ердөө 30 жилийн хугацаанд манай улсын газар нутгийн дөрөвний нэгнь цөлжиж, 850 нуур ширгэж, 2000 гол горхи үгүй болсон. Нүүдэллэн мал маллахад улам бүр бэрх болсоор. Хэрэв энэхүү байдал цааш үргэлжилбэл хүн төрөлхтний үндсэн хоёр соёл иргэншлийн нэг, бидний бахархаж, дэлхий нийтэд өөрсдийгөө сурталчлахад ашигладаг нүүдлийн аж ахуй, түүнийг дагасан соёл устах аюулд хүрээд байна. Өөрөөр хэлбэл бидний бахархалт нүүдлийн мал аж ахуй үлэг гүрвэлийн үлдэгдэл шиг элсэнд булуулах аюулд орлоо.

 

Утаа дагуулсан элс

Саяхан л монголын хүн амын тал нь хотод, тал нь мал маллан амьдарч, нүүдэлч болоод суурин соёл иргэншлийн тэгш хэмтэй ард түмэн хэмээн гайхагдаж байсан. Гэтэл өдгөө хүн амын 75 хувь нь хотод багширч байна. Хотжилт газар авч, нүүдэлчид цөөрсөөр. Тэр хэрээр хотод тулгамдсан асуудал нэмэгдсээр. Утаа, түгжрээ, хөрс усны бохирдол гамшиг болсон бөгөөд гол хэрэгтнээр хотод шилжин ирэх хөдөөний иргэдийг нэрлээд буй. Иймээс  нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд утааг “хазаарлах” зорилгоор нийслэлд шилжин ирэх шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглосон. Гэтэл нөгөө талд, малаа ундаалах гол горхигүй, бэлчээх бэлчээргүй, хамар хатгах өвсгүй болсон цөлд мал маллах боломжгүй болж аргаа баран суурин бараадаж буй иргэдийг яалтай. Монгол улсын мал түүхэнд байгаагүй өндөр буюу 61.5 саяд хүрсэн. Харамсалтай нь эдгээр олон малыг маллах хүнгүй, бэлчээх бэлчээргүй болсоор. Малчид нь аймаг руу, аймгаас хот руу шилжиж байна. Үүний цаад шалтгаан нь мөн л байгаль, цаг ууртай холбогдоно. Хавар цас эрт хайлж улмаар хаврын сард шороо дэгдэх, шар туйван болох аюул эрс нэмэгдсээр. Өвөл олон жилийн дундажаас давж хүйтрэх болсон. Зуны халууны үргэлжлэх хугацаа ялангуяа Монголын баруун бүсэд мэдэгдэхүйц уртаслаа. Тэгвэл өвлийн хүйтний үргэлжлэх хугацаа ялангуяа говийн бүсэд урт болжээ. Уур амьсгалын эдгээр өөрчлөлтүүд /хэвийн бус буюу сөрөг өөрчлөлт/ нь бэлчээр, мал аж ахуй, хүмүүст нөлөө үзүүлсээр байна.

Үүний үр дүнд иргэдийн, тэр дундаа малчин иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлсээр байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй иргэдийн амьжиргаанд учирсан хохирлын хэмжээ сүүлийн 20 жилд хоёр дахин өссөн байна. Дээрх шалтгаанаар нүүдэлчид хот руу нүүдэллэж тэр хэрээр нүүдлийн соёл бүдгэрч байна. Хотын утаа ч нэмэгдсээр.

Энэ бол нийслэлчүүдийн өмнө тулгараад буй утааны шийдэл хөдөөд байна гэдгийг харуулж буй хэрэг юм.

 

Ямаа, уурхай, зам гурав

Энэ бүхэн бидэнтэй л шууд утгаар холбогдож байна. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөгүйгээр малаа өсгөж /сүргийн харьцаа алдагдаж ямаагаар дагнах болсон зэрэг/ , араа бодолгүй газраа сэндийлж, замгүй газраар зам гаргаж нүүрс зөөсөөр байгаа бидэнтэй л холбогдож байна.

Гол буруутнаар малчид өөрсдөө нэрлэгдэж байгаа нь бас л сонин. 1990 оноос хойш буюу мал хувьд шилжсэнээр малын тоо замбараагүй өссөн. Улмаар сүргийн харьцаа алдагдаж, ямаа өсгөх сонирхол нэмэгдсэн. Ноолуураар ашиг унагаах гэсэн малчид бэлчээрийн даац, сүргийн харьцаа, ургамлын гарц, тухайн малын онцлог зэргийг тооцож үзээгүй. Хэдхэн жилийн дараа хамар хатгах өвсгүй болж эргээд малчид хот бараадахад хүрсэн.

Үүнээс гадна хариуцлагагүй уул уурхай биднийг уух ус, идэх мах, өвлүүлэх соёлоос минь салгах гэж байна. Энэ бол уул уурхайн биш харин хариуцлагагүйн л алдаа юм. Мөн өдийг хүртэл дэд бүтэц, төмөр замгүйгээс хөрсний эвдрэл дээд хэмжээ хүрлээ. Монгол орны хөрсний илэгдэл "3а" буюу дунд зэргээс "4а" буюу өнгөн хөрс эвдэгдэж доод хөрс ил гарсан хэлбэрт шилжиж байна гэж үзэж байна. Ялангуяа говийн бүсэд хөрсний эвдэгдэл хүчтэй ажиглагдаж байгаа ажээ.

Ийнхүү хариуцлагагүй байдал, ашигч шунахай зан биднийг талын биш цөлийн монголчууд болгож уух ус, идэх хоол, бахархах соёлгүй болгох нь. Удахгүй нүүдэлчингүй нүүдэлчдийн улс болох нь ээ.

 

М.Билгүүн 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД