Уул уурхай

Засаглал + Технологи = Хөрөнгө оруулалт 2017-04-21 11:18

Орчин үеийн технологи нэвтрүүлэхгүйгээр Монголд эдийн засгийн аль ч салбар хөгжихгүй гэдэг нь тодорхой болж байна.
Энэ тухайн өгүүлсэн нэгэн ажил хэрэгч арга хэмжээ энэ сарын 20-21-ний өдөр Шангри-Ла зочид буудалд болж байгаа нь “Технологи, хөрөнгө оруулалт Монголд 2017” үзэсгэлэн, хурал юм. Уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, дэд бүтэц, иргэний нисэх, хөрөнгө оруулалт гэсэн зургаан үндсэн сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг явагдаж, технологийн чиглэлээр тэргүүлэгч Aвстри, ХБНГУ, Швейцарь, Франц, Австрали, Өмнөд Африкийн 20 орчим компани, Монголын тэргүүлэх компаниудыг хамарч буй нь энэхүү арга, хэмжээний цар хүрээг илтгэнэ.
 
 
Хоёр өдөр үргэлжилж буй уг үзэсгэлэн хурал нь дээр дурдсан салбаруудын технологийн дэвшилтэй танилцах, гадаадаас шинэ түнштэй болох, ажил хэргийн харилцаа үүсгэх, төрийн бодлогыг гадаадын бизнес эрхлэгчдэд танилцуулах, асуудлаа ярилцах чухал талбар болж байна. Үзэсгэлэнд оролцож буй гадаад компанийн олонх нь анх удаа Монголд ирж буй компани байв.
 
Хурлын эхний сэдэв нь уул уурхай байлаа. Зөвхөн энэ хэсэгт гадаадын технологи нийлүүлэгч есөн компани оролцов. Хурлын илтгэгчид болон хэлэлцүүлгийн оролцогчид Монголд уул уурхайг цаашид амжилттай хөгжүүлэхийн тулд орчин үеийн технологи нэвтрүүлэх нь зайлшгүй гэдэг гаргалгаан дээр санал нэгдэж, үүнд юу саад болоод байгаа талаар ярилцав. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтын үзэж буйгаар уул уурхайд нэмүү өртөг бүтээх, өндөр технологи нэвтрэхэд гол саад болж буй зүйл нь дэд бүтэц. Жишээ нь, Говьд тээвэрлэлтийн асуудал хамгийн хүнд бэрхшээл. Мэдрэгчээр хог хаягдлыг ангилах техник, технологи нийлүүлдэг “Steinert Australia” компанийн захирал Ёохон ван Зил хэлэхдээ ашигт малтмалын зах зээлд улам бүр өндөр технологи шаардагдах болсон, шинэ технологи нэвтрүүлэхэд хойрго хандаж байсан банкууд хүртэл энэ чиг хандлагыг ойлгох хэрэгтэй гэлээ.  
 
QMC группын Ерөнхий захирал М.Дагвын хэлснээр Монголын ашигт малтмалын салбарт судалгаа хийдэг бүтэц бүрдээгүй, Ашигт малтмал, газрын тосны газар нь бодлогын түвшинд суурь судалгаа хийдэг байх хэрэгтэй. Тэрбээр технологийн нэвтрэлт ямар түвшинд байгааг алтны салбараар жишээлэн тайлбарлав. Монголын алтны компаниуд нь өнөөг хүртэл шороон ордын хэмжээнд олборлолт явуулж ирсэн бөгөөд энэ чиглэлд нилээд ололттой байна. Алт олборлолт нь улирлын шинжтэй байхаа больж, зарим компани илүү гүнд олборлолт хийж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй Алт-2 хөтөлбөрийн хүрээнд Монголбанк арилжааны банкуудтайгаа хамтраад компаниудыг шороон ордоос үндсэн орд руу шилжүүлэх зорилготой ажиллана гэдгийг хэллээ.
 
Хэлэлцүүлгийн хүрээнд зардал бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх сэдвийг хөндөв. Ёохон ван Зилийн хэлснээр технологи нэвтрэхэд чухал үе шат нь технологийн тест буюу туршилт байдаг бөгөөд үүн дээр дэмжлэг авахыг технологи нийлүүлэгчид хүсдэг аж. Учир нь тухайн технологийг амьдрал дээр ашиглаж болох эсэхийг бодитоор нотлох нь хөрөнгө оруулалтын зардал гаргах шийдвэрт голлон нөлөөлдөг. Нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологи үйлдвэрлэгч “Allmineral” компанийн төлөөлөгч Андриас Хийс өртөг хэмнэхийн тулд үндсэн төхөөрөмжүүдээ тухайн технологийг нийлүүлэгч бүс нутгаас /жишээ нь Европ/, харин туслах төхөөрөмжөө дотоодоос, эсвэл зэргэлдээх зах зээлээс татах нь технологийн урсгалыг ойлгомжтой болгож дараа дараагийн зардлыг хэмнэдэг гэсэн нь авууштай санаа байлаа. Яагаад гэвэл манай улсын хувьд уул уурхайн салбарт технологийн урсгалаа нэг мөр тодорхойлоогүй.
 
Мөн хэлэлцүүлэгт оролцогчид Монголд олборлолт хийх, технологи нэвтрүүлэхэд нөхцөл нь таатай байдаг бөгөөд анхны хөрөнгө оруулалтад хэтэрхий хяналт тавих нь оновчгүй, харин тогтвортой хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлов.
Бас нэгэн чухал сэдэв хөндөгдсөн нь төслийн санхүүжилт юм. Ц.Түмэнцогтын үзэж буйгаар төслийн санхүүжилт татахад тухайн төслийн бэлтгэгдсэн байдал, түүний дотор засаглал, менежментийн асуудал голлон нөлөөлдөг байна.
 
 
 
Г.Даваадорж

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД