Уул уурхай

Монгол Улс цахиур тодорхойлдог лабораторитой боллоо 2017-04-21 13:59

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга (ЭТИС) хөтөлбөрөөс АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийнхан Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторийг чадавхижуулах зорилгоор хэрэгжүүлсэн ажлаа өчигдөр тайлагнаж тус лабораторид хүрээнд цахиур тодорхойлох багаж хүлээлгэн өглөө. Ингэснээр Монголд анх удаа цахиур тодорхойлдог болж буй аж.

Байгалиас үүсэж буй тоос шороонд цахиур ихээр агуулагдаж байдаг бөгөөд хүчил шүлтэд тэсвэртэй учраас уушгийг гэмтээж, уушги тоосжих өвчин, хавдар үүсгэдэг байна. Агаарын бохирдол, ажлын байран дахь нарийн ширхэгтэй тоосонд буй цахиур, цусан дахь хар тугалгын хэмжээ, орчны шуугиан, гэрэлтүүлэг, агааржуулалтын үнэлгээг энэ лабораторид шинжлэх аж.

“Дулааны цахилгаан станц гэхэд ажлын байрны дуу шуугианаа хэмжүүлж, ажилчдынхаа сонсголыг тогтмол шалгуулах хэрэгтэй. Хөдөлмөрийн хортой, аюултай нөхцөлд ажиллаж байгаа ажилчдад нэмэлт цалин өгсөн болоод аргалчихдаг. Хортой, аюултай нөхцөлийг арилгах нь чухал” гэж Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч Д.Нарансүх ярьсан юм.

Түүнчлэн Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн ЭТИС хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн хэлсэн үгэндээ үйлдвэр аж ахуйн нэгжүүд ажлын байрныхаа тоосонд цахиурыг тодорхойлж, бууруулах арга хэмжээн авах ёстойг онцлоод “Одоогоор уул уурхайн компаниуд ихэвчлэн гадаад тоосны сорьцыг шинжлүүлэх мөн зарим уул уурхайн компаниуд цахиурыг шинжлүүлэхээр гадаад руу илгээдэг байсан нь зогсож энэхүү төлбөр Монгол Улсад үлдэх боломжтой болж байна” хэмээв.

Энэхүү иж бүрэн багажны үнэ 130 сая төгрөг бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд лаборторийн ажилтануудыг чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа аж. Мөн тоосны багц таван стандартыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, АУҮИС-ийн Хөдөлмөр, орчны эрүүл ахуйн лабораторитой хамтран батлан гаргуулсан байна. 

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД