Хөрөнгийн зах зээл

“Ард санхүүгийн нэгдэл”-ийг дагавал ам тосдоно 2017-04-26 14:19

Энэ сарын 22-нд Корпорэйт зочид буудалд “Хөрөнгө оруулагч үндэстэн” хэмээх нэгэн өвөрмөц арга хэмжээ болов. Хэдэн дарга олон нийтэд хүрэх эсэх нь эргэлзээтэй илтгэл тавьж, удалгүй оролцсон хүмүүс нь ор тас мартдаг хурал, арга хэмжээнүүдтэй харьцуулахад энэ нь сонсох ч юмтай, сонсоод ой тойнд үлдэх ч юмтай чуулган болов. Ард санхүүгийн нэгдэл”-ээс зохион байгуулсан “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулга уулзалтад төлөвлөж байснаас олон хүн, тэр дундаа 1000 гаруй залуучууд цуглав. Тэнд популизм, улс төржилт байсангүй. Тэнд хүсэл эрмэлзэл байлаа. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулъя, үнэ цэнэ бүтээе, бусадтайгаа мэдлэгээ хуваалцая гэсэн хүмүүс дүүрэн байлаа. Жинхэнэ оюуны хөрөнгө оруулалт болсон чуулган болов.
 
 
Хөрөнгө оруулагч үндэстэн болох хүсэл эрмэлзэл залуучуудад хамгийн их байгаа нь уг арга хэмжээнээс харагдаж байв.
Чуулганд УИХ-ын гишүүдээс эхлээд нэр хүндтэй эдийн засагчид, судлаачид, бизнесменүүд, гадаадын томоохон хөрөнгө оруулалтын сангийн захирлууд, амжилттай гарааны бизнес эхлүүлсэн жижиг компанийн удирдлагууд, менежерүүд, хэвлэлийнхэн, оюутан залуус гээд олон янзын хүмүүс оролцож, дарга, цэрэг гэлгүй зэрэгцэн суугаад Монголд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шийдэл, саад тээгийн талаар нээлттэй ярилцав.
 
Чуулган гурван хэсэгт хуваагдаж, 15 салбар хуралдаан зохион байгуулагдав. Чуулганы нэгэн сонирхолтой сэдэв нь мэдээллийн технологийн хувьсгал, тэрнийг дагасан хөрөнгө оруулалт, бизнесийн боломжуудын тухай хэлэлцүүлэг байв. Дижитал бизнес гэдэг бол цаг үеийн шаардлагаар зайлшгүй өрнөж буй үйл явц гэдгийг “Датаком” компанийг үндэслэгч Д.Энхбат онцоллоо. Монголын хувьд технологийн өгөөжийг үр дүнтэй ашиглаж буй нь банкны салбар юм. Яагаад гэвэл банкуудад технологи нэвтрэх, тэр нь амьдралд хэрэгжих чадамж байна. Бусад салбарын хувьд технологийн нэвтрэлт маш удаан, нэвтэрсэн ч эхний оролдлогоор бүтэлгүйтэх хандлага давамгайлж байгааг хэлэлцүүлэгт оролцогчид ярьж байлаа. Монгол дахь “технолологийн дүлийрлийн” шалтгаан нь монголчуудын хөрөнгө оруулалтын хандлага, сэтгэлгээтэй ихээхэн холбоотой аж. Үүнийг тодотгож, эдийн засагч Д.Жаргалсайхан “бидний хөрөнгө оруулалтын сэтгэлгээ хуучинсагаас гадна эмх цэгцгүй байна. Хөрөнгө оруулалт бол зөвхөн мөнгө биш, цаг хугацаа, нөөц бололцоо юм. Мөнгө нь хөрөнгө оруулалтын зөвхөн 25 хувь” гэж хэллээ.
 
Чуулганы бас нэгэн салбар хуралдаанаар дотоод, гадаадын туршлагатай хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгөв.  “Венчурс Уан Ази” хөрөнгө оруулалтын сангийн гүйцэтгэх захирал Антони Хоброу хэлэхдээ “Хөрөнгө оруулалтын шийдвэрт хүний харилцааны хүчин зүйлс гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд судалдаг зүйл энэ” гэлээ. Чуулганыг санаачлан зохион байгуулагч “Ард санхүүгийн нэгдэл”-ХХК-ийн захирал Ч.Ганхуяг “дотроо цөөхүүлээ хоорондоо өрсөлдөх биш, хамтраад олуулаа гадаадад өрсөлдөх хэрэгтэй. Дотоодын өрсөлдөөн зах зээлийг улам явцуу болгож, улс орны валютыг гадагш нь урсгаж байна” гэдгийг онцоллоо. Тиймээс “Ард санхүүгийн нэгдэл” нь ойрын ирээдүйд нээлттэй компани болох зорилттой байгаа аж.
 
Арга хэмжээний өөр нэг чиглэл нь өөртөө хөрөнгө оруулах, орлогын хоёрдогч эх үүсвэртэй байх, гарааны бизнесийн боломжууд хайх зэрэг хувь хүнд чухал хэрэгцээтэй сэдвүүдийг хөндөв. Тухайлбал МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа, Unread сайтын хамтран үүсгэгч А.Ундрал нар зэрэг гарааны бизнес амжилттай эрхэлж яваа залуучууд туршлагаасаа хуваалцав.
Түүнчлэн, эдүгээ нийгэмд хэлэлцэж буй улс төр, эдийн засгийн шинжтэй хэдэн асуудлаар чуулганд оролцогчид тайлбар хэлж, үзэл бодлоо хуваалцлаа. Жишээ нь, УИХ-ын гишүүн Б.Жавхлан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, гадаадын банкны салбарыг ажиллуулах эсэх талаар танилцуулсан бол УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэтгэврийн шинэчлэлийн тогтолцооны талаар ярив. Хамгийн халуун мэтгэлцээн өрнүүлсэн нь өмч хувьчлалын асуудал байв. УИХ-ын зарим гишүүд өнгөрсөн хугацаанд хийгдсэн өмч хувьчлалуудын давуу тал их гэдэгтэй санал нийлж, цаашид төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах шаардлагатайг энэ удаа дахин онцоллоо. Энэ сэдвээр МҮХАҮТ-ын дарга Ч.Лхагважав, эдийн засагч Л.Наранбаатар нар нэлээд эрсхэн байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Ч.Лхагважав “хөрөнгө оруулалтыг шингээдэг газар нь компани болохоос дарга нарын халаас биш. Хөрөнгийн биржийг нэн даруй хувьчилж, монголчуудад хөрөнгө зах зээл дээр тоглох эрхийг нь өгөх хэрэгтэй” гэж хэллээ. 

 
Ийнхүү “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулган эхлэхээсээ дуусах хүртлээ ажил хэрэгч уур амьсгалаар дүүрэн байлаа.
 
 
Арга хэмжээний үндсэн ивээн тэтгэгчээр Unitel групп, “Монгол шуудан” компани, ЛЭНДМН ББСБ оролцов. “Монгол шуудан” компанийн хувьд хувьцааныхаа 34 хувийг нээлттэй хэлбэрт шилжүүлснээс хойш хувьцаа эзэмшигчдийн тоо нь хоёр дахин өсчээ. “Ард санхүүгийн нэгдэл”-тэй хамтын ажиллагаа үүсгэснээр санхүүгийн хүртээмжийн хувьд үр дүн дээшилсэн байна. Тус компани нь төрийн өмчит компаниуд дундаас засаглал нь сайжирч яваа бөгөөд хөрөнгө оруулалт, технологийн орчин үеийн хандлагад нийцэж явах зорилттой ажиллаж байна. Хүмүүс энэ компанийн тухайд том хүлээлттэй байгаа гэж тус компанийн дэд захирал Г.Тэлэм ярьлаа.
 
Цаашдаа “Монгол шуудан” компани орон нутаг дахь шуудан хүргэлтийн сүлжээндээ тулгуурлаад “Ард санхүүгийн нэгдэл”-тэй хамтын ажиллагааны том туршилт хийхээр төлөвлөж буй аж.
 
Өөр нэгэн сонирхолтой ивээн тэтгэгч бол яахын аргагүй Лэндмн ББСБ. Тус байгууллага нь гадаадад мэдээллийн технологийн компанид ажилладаг монгол залуусын хүчээр бүтээсэн ухаалаг системийнхээ ачаар гар утасны апплекейшний тусламжтай бичил зээлийн үйлчилгээ үзүүлдэг бүхэл бүтэн технологийн платформ нэвтрүүлээд байгаа юм. Зээлдэгч нэг л удаа цаасан дээр гарын үсэг зураад цаашид зөвхөн гар утаснаасаа зээлийн хүсэлт явуулж, хэдхэн хормын дотор зээлээ авна.

Лэндмн нь Fintech буюу хиймэл оюун ухаан, санхүүгийн технологийн дэвшлийг хослуулснаараа онцлог юм. Цаашид малчид гар утаснаасаа зээлийн үйлчилгээ авдаг боломжийг бүрдүүлэхээр зорилготой аж. Тиймээс чуулганы явцад Unitel групптэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.  

Г.Даваадорж

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД