Уул уурхай

Уул уурхайн салбарын асуудлыг орон даяар хэлэлцэнэ 2017-04-26 15:09

Манай улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын үр өгөөж, орон нутгийн хамтын ажиллагаа, байгаль орчны нөхөн сэргээлт, бичил уурхайн зохицуулалт зэрэг асуудлыг хөндсөн чуулгануудыг улсын хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулна гэж Уул уурхайн яамнаас мэдээллээ.

 
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал, Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захирал Х.Бадамсүрэн, АМГТГ-ын дарга Б.Баатарцогт нар өглөө.
 
2016 оны эцсийн байдлаар ДНБ-ны 18, экспортын 86, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 71, нэгдсэн төсвийн орлогын 25 хувийг бүрдүүлж буй уул уурхайн салбарт эдүгээ 40 мянга гаруй хүн ажиллаж байна.
 
Төлөвлөгөөний дагуу тавдугаар сарын 4-нд Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулганыг УУХҮЯ, АМГТГ, “Эрдэнэт үйлдвэр”ХХК хамтран Орхон аймагт зохион байгуулна. Төвийн бүсийн чуулганд Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгууд оролцож, “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудал” сэдвээр нэгдсэн хуралдаан болно.
Харин салбар хуралдаанууд нь: 
 
“Уул уурхайн салбарын эрхзүйн орчин”,
 
“Үйлдвэрлэл, техник технологи хөгжлийн бодлого”,
 
“Хүнд үйлдвэрийн салбарын хөгжлийн гарц”,
 
“Уул уурхайн салбар ба орон нутгийн хамтын ажиллагаа” зэрэг чиглэлээр илтгэл хэлэлцүүлж, мэргэжилтнүүд санал бодлоо солилцох аж.
 
Түүнчлэн чуулганы үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд, Орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид болон Уул уурхайн салбарын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч нар оролцоно. 
 
Үргэлжлүүлэн Зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймагт 9 дүгээр сард, Баруун бүсийн чуулганыг Ховд аймагт 10 дугаар сард, Говийн бүсийн чуулганыг Өмнөговь аймагт 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд 21 аймгийн бүх сумын төлөөллийг хамруулах зорилго тавьж байна. 
 
Мөн салбарын 95 жилийн ойн хүрээнд “China Mining” олон улсын үзэсгэлэнд оролцох, “Дисковер Монголиа-95” хөрөнгө оруулагчдын чуулган, эрдэм шинжилгээний бага хурал, уурхайчдын ажил, мэргэжлийн тэмцээн, урлаг, спортын наадам хийх, баримтат кино, гэрэл зургийн цомог, ном бүтээх зэрэг салбараа таниулсан ажлууд хийнэ гэв. 

Эх сурвалж: Уул уурхайн яам

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД