Хүний хөгжил

Хүүхдийн эрх ба түгшүүрийн харанга 2017-04-28 11:20

Өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний талаархи 16 дахь илтгэлийг УИХ-д өргөн барьсан билээ. ХЭҮК-ийн дарга  Ж.Бямбадоржийн хэлснээр энэ нь Монгол дахь хүний эрхийн төлөв байдлын “онош” болов. Тэгвэл энэхүү оношоор манай нийгэм нь тун тааруу үзүүлэлттэй гарч, зүйрлэвэл хүнд өвчтэй гэсэн дүгнэлт гарчээ.
 
Энэ удаагийн илтгэлээр хүүхдийн эрх, хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, төрийн алба, хувийн хэвшил, цэргийн албан дахь  хөдөлмөрлөх эрх, эрүү шүүлтээс ангид байх болон Жендерийн эрх тэгш байдал манай оронд хэр хангагдаж байгаа зэрэг нийт зургаан багц асуудлыг авч тайлагнасан байна.
 
Дараа жил гэхэд онош сайжирч зарим өвчин эдгэрсэн байхын тулд олон нийтийн оролцоо маш чухал гэдгийг ХЭҮК онцолж байна. Энэ үүднээс энэ сарын 17-нд “ХЭҮК ба иргэний нийгмийн түншлэл” уулзалтыг 13 дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээр хүний эрхийн тулгамдаад буй асуудлыг 16 дахь илтгэлийн хүрээнд ТББ-ын төлөөллүүдтэй ярилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар зөвлөлдсөн юм.
 
Илтгэлээс харахад хамгийн ихээр эрх нь зөрчигддөг нийгмийн бүлэг нь улсын маань үр хойч хүүхдүүд болж байна. НҮБ 2015 онд Монголын хүний эрхийн тайланг хэлэлцээд 164 зөвлөмж өгсний 24 нь хүүхдийн эрхтэй холбоотой байна. Тиймээс Монголын парламент Хүүхдийн эрхийн болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг тус тус баталсан билээ. Гэвч хуулиудыг хэрэгжүүлэхэд нөр их хичээл зүтгэл орно, олон асуудлыг шийдэх хэрэгтэй болно. Жишээ нь, хамгийн түрүүнд хандлагын асуудал. “Хүний эрх гэдэг нь хүн хүн ёсоор амьдрахад шаардлагатай арга хэлбэр” юм гэдэг ойлголт манай нийгэмд одоо хүртэл төлөвшөөгүй. Санал асуулгад хамрагдсан хүүхдүүдийн 80 орчим хувь нь өөрсдийн эрхийн талаар ойлголтгүй байжээ.
 
Манай улсын хувьд хүүхдийн эрхийн хамгийн түгээмэл зөрчил нь тэдний эсрэг хүчирхийлэл, үл хайхрах явдал ажээ. Үүн дотор хүүхдүүдийн ойр дотны хүмүүс хүүхэдтэй харилцахдаа бэлгийн зүй бус үйлдэл гаргах тохиолдол олширч байгаа нь түгшүүр төрүүлж байна. Улсын ерөнхий прокурорын 2015-2016 оны мэдээллээр улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Тэдний 48 нь гэр бүл, ураг төрлийн хүний хүчирхийлэлд өртжээ. Гэхдээ энэ нь зөвхөн тохиолдлыг нууж даралгүй, хуулийн байгууллагад зоригтой мэдэгдсэн хүүхдүүдийн тоо. Харин орчин тойрноосоо ичиж, гэмт этгээдийн талаар мэдээлээгүй хүүхдийн тоо үүнээс багагүй байх магадлалтай. Тэр байтугай эрэгтэй хүүхэд хүртэл бэлгийн хүчирхийлэлд өртдөг болсон байна. Тухайлбал, 2016 онд ХЭҮК-д комисст хандсан иргэний мэдээллээр “2012 онд Сүхбаатар дүүрэгт бага насны дөрвөн хөвгүүний гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн хэрэг гарсан ч шүүхээс хохирлыг бүрэн төлүүлээгүй” байна.
 
Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн бас нэгэн хорт үр дагавар нь бэлгийн замын халдварт өвчин. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ХДХВ-ийн 226 тохиолдол бүртгэгдсэнээс 12 тохиолдол нь 15-19 настай. Үүнээс 15 настай хоёр хүүхэд байна. Мөн ЭМЯ-ны мэдээллээр сүүлийн хоёр жилд 12-17 насны 1613 эх төрсөн бол 20 хүртэлх насны 18168 охид, бүсгүйчүүд үр хөндүүлжээ.
 
Хүүхдүүдийн хамгийн их айдаг  хүмүүс нь төрсөн эцэг, эх, хамгийн эрсдэлтэй орчин нь сургуулийн орчин гэсэн дүн гарчээ. Үүнийг нотлохын тулд “Хүүхдийн тусламжийн 108” утсанд ирдэг дуудлагуудыг харахад хангалттай.
 
Хүүхэд гэм хийсэн бол зодож шийтгэх ёстой гэдэг хандлага одоо ч эцэг, эхийн дунд түгээмэл хэвээр. Ингэж шийтгэхийн оронд хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, асуудлыг сонсдог соёл манай нийгэмд сул байна. Хамгийн хортой нь эцэг, эх асран хамгаалагчид хүүхдийнхээ эрхийг зөрчөөд байгаагаа ойлгодоггүй, хүүхдийн эрх зөрчих нь хэвийн үзэгдэл мэт ойлгодог хандлага нийгэмд амь бөхтэй оршсоор байна. Гэр бүлийн хүчирхийллээс болж хохирсон хүүхдийн тоо 2015 онд 77, 2016 онд 74 байна. Гэвч цаана нь мэдээлээгүй тохиолдол хэд байгааг мэдэхгүй.
 
Хүүхдийн эрх зөрчигддөг өөр нэг орчин бол сургуулийн орчин. Монгол Улс хуулиараа сурагчид гар хүрэхийг хатуу хориглосон ч багш нь зодож гэмтээсэн тохиолдлууд хэвлэлийн хуудаснаас салахгүй байна. Санал асуулгад оролцсон хүүхдүүдийн 16 хувь багшаасаа айдаг гэжээ.
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийслэл, аймгуудад хүүхэд хамгаалах “Хамтарсан баг” байгуулах шийдвэр гарсан. Одоогоор суралцах шатандаа явж буй хамтарсан багуудад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд том найдлага тавьж байгаа юм. Гэвч хамтарсан баг ажиллаж эхэлсэн тухай мэдээлэл хүүхэд, багш нар, эцэг эхийн дунд маш бага байна. Тиймээс хамтарсан багийн ажлыг чанаржуулах ёстойг ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж онцолж, иргэний нийгмийн байгууллагуудыг идэвхитэй ажиллахыг уриаллаа.

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД