Улс төр

Үзүүлэнгийн ардчилал 2017-04-28 11:27

                     
Улс төрийн шинжлэх ухаанд “үзүүлэнгийн ардчилал” гэсэн ойлголт бий. Англиар “Guided democracy”, оросоор “декоративная демократия” гэж хэлнэ. Энгийн үгээр бол энэ нь хэлбэрийн хувьд ардчилсан хууль цаазтай, сонгуулийн үйл явц ардчилсан дэг ёсны дагуу явагддаг ч бодит амьдрал дээр иргэний нийгмийн төр удирдахад оролцох түвшин, олон нийтийн эрх баригчдад нөлөөлөх боломж хязгаарлагдмал байдаг төрийн тогтолцоог хэлнэ.
 
Авторитари дэглэмтэй байсан улсад гэнэтхэн ардчилсан үйл явц өрнөсөн, хүн амын олонхи нь засгийн эрх мэдэл авсан хүмүүстэй улс төрийн мэдлэг сул нөхцөлд үзүүлэнгийн ардчилал бий болдог гэж судлаачид үздэг. Бодит эрхийг гартаа атгасан бүлэглэлүүд хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллага, зорилготой хөрөнгө оруулалт болон лоббины бусад аргыг хэрэглэн төрийн тогтолцоог өөрсдийн зорилгод ашигладаг.
 
Тэгвэл үзүүлэнгийн ардчиллын олон элемент Монгол Улсад бий. Монголын төр засаг хичнээн их “ардчилсан” болохоо олон улсад болоод ард түмэнд нотлох гэж олон янзаар оролддог. Гэвч амьдрал, мэдэгдэл хоёрын зөрүү асар их.
 
Монгол Улс хүний эрхийг дээдэлсэн гэвэл тийм. Үндсэн хуулинд нь тодорхой заагаад өгчихсөн. Гэвч НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлөөс 2010 онд өгсөн 129 зөвлөмжөөс дөнгөж 27 нь биелжээ. Үндсэн хуулиндаа “Монгол хүн амьд явах, эрүүл амьдрах эрхтэй” гэж тунхагласан ч нийслэлийн хүн ам нь утаандаа багтарч, жил бүр олон арван хүүхэд хурдан мориноос унан бэртэж, зарим нь амиа алдаж байна. Монгол чөлөөт хэвлэлтэй гэх боловч үнэндээ засгийн эрхэнд гарсан бүлэг хүмүүсийн ашиг сонирхолд үйлчилдэг.
 
Монгол чөлөөт зах зээлийн эдийн засгийн харилцаагүй гэж хэлвэл хэтэрхий худалч болно. Гэвч бас тийм харилцаатай гэж хэлэхэд ихээхэн учир дутагдалтай. Сонгодог зарчмаараа бизнес, төр хоёр шүдэнз, дарь хоёр гэж үздэг ч манай улсын хувьд энэ хоёр нь өвөр, түрийндээ орчихсон. Төрийн алба нь иргэндээ үйлчилдэг биш, төрийн нэрээр бизнес хийх газар болчихсон. Цэвэр өрсөлдөөний зарчмаар, бор зүрхээрээ бизнес хийхийг хүмүүс, шударгаар татвараа төлөөд явж буй энгийн иргэн хамаг лайг эдэлж байна.
 
Монгол хувийн өмчийг дээдэлдэг гэвэл тийм. Харамсалтай бодит амьдрал тэс өөр дүр зураг харуулж байна. Хүсвэл төр хувийн хэвшлийн хөрөнгөд хэнэг ч үгүй халдаж, ард түмний нэр барин хурааж авдаг. Гадаад улсын хөрөнгө оруулагчдын өмчид халдаж, дараа нь олон улсын арбитрын шүүх дээр ялагдаж шившгээ тарьдаг. Эдүгээ гадны хөрөнгө оруулалт багассан нэгэн үндсэн шалтгаан нь хөрөнгө оруулагчид Монголд урт хугацааны төсөлд хөрөнгө оруулахад өмчөө хамгаалуулах баталгаа байхгүй хэмээн айж буй явдал юм.
 
“... Шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж Үндсэн хуулиндаа тунхагласан. Гэвч Үндсэн хууль өөрөө хүртэл хамгийн их зөрчигддөг хуулийн нэг болоод байна. Нэг намын ноёрхлоос улс төрийн намын бүлэглэлийн гарт орсон хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал өөрөө шударга ёсыг хамгийн их зөрчдөг гэдгийг аль ч энэ асуудлаар хийгдсэн аль ч судалгааны дүнгээс харж болно. Хамгийн сүүлд олонд танилцуулсан авлигын индекс Монголд төрийн алба авлигад ямар их идэгдсэнийг бэлхнээ нотолж байна.
 
Эндээс харахад, өөрийгөө “ардчилсан” гэж зарлаад байгаа Монголын тогтолцоо ардчиллын гадаад хэв шинжийг хадгалахыг зорихын зэрэгцээ дотоод агуулгыг хоосруулж байна. Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө зөвхөн улс төрийн хүрээнд хэрэгжиж, эдийн засгийн хүрээнд орхигдож иржээ. Нэг үгээр хэлбэл, “Монгол” хэмээх тайзан дээр “ардчилсан” нэртэй том эмгэнэлт хошин жүжгийн үзүүлэнг байрлуулсан ч бодит амьдрал хөшигний ард өрнөж байна.

Г.Даваадорж  

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД