Уул уурхай

Бичил уурхайн өнөөгийн байдал 2017-04-28 15:54

Бичил уурхайчдын байдал өнөөдөр ямар байна вэ? Тэд бол нинжа хэвээр байгаа юу? Тийм бас, үгүй. Нинжа нь хууль бусаар ганц нэгээрээ ашигт малтмал олборлодог, явуулын техниктэй, татвар, даатгалд хамрагддаггүй хүмүүсийг хэлнэ. Хувиараа ашигт малтмал олборлогч буюу ХАМО нар нь бас хууль бус ч зохион байгуулалттай байдгаараа ялгаатай. Харин бичил уурхайчид нь нөхөрлөлийн зохион байгуулалттай, олборлолтын газар, суурьшлийн бүстэй, татвар даатгалд хамрагддаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахихаас гадна нөхөн сэргээлт хийдэг.
 
 
Бичил уурхайчдын эрх ашгийг хамгаалдаг ТББ хэдийнэ бий болсон нь  “Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо” (МБУНДХ) юм. Уг холбоо нь 2013 онд 14 аймгийн 26 сумын 270 төлөөлөгчтэй байгуулагджээ. Одоогоор 15 аймгийн 45 сумын 64 ТББ-г эгнээндээ нэгтгэсэн бөгөөд жил бүр гишүүдийн тоо өсч байгаа юм. 2016 оны эцсийн байдлаар 6200 орчим бичил уурхайчид буюу гишүүдтэй болжээ. 
 
Энэхүү холбоо нь гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, мэдээллээр хангах, сургалт явуулах, нөхөн сэргээлт, ХАБ-ын талаар зөвлөгөө өгөх зэргээр олон талын үйл ажиллагаа явуулдаг. Бараг холбогдох бүх төрийн байгууллагатай харилцаа тогтоож чадсан байна. Гэсэн ч хүн хүчний бололцоо хангалтгүй байдаг талаар тус холбооны тэргүүн ярьж байлаа.
 
2015 онд НҮБ Монгол улсад хүний эрхийн талаар өгсөн зөвлөмжүүддээ бичил уурхайн талаар гурван зөвлөмж багтаажээ. Энэ нь бичил уурхай дахь хүүхдийн хөдөлмөрийг зогсоох, бичил уурхайчдын үйл ажиллагааг албажуулж холбогдох хуульд өөрчлөлт оруулах, мөнгөн усны хэрэглээг зохицуулах гэсэн гурван асуудал юм.
 
Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 3.2.1-т заасны дагуу иргэд бичил уурхайн салбарт хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг хэрэгжүүлэн холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно” гэж тусгасан. Мөн “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж бичил уурхай эрхлэгчдийн олборлосон алтыг худалдан авах эрх зүйн орчинг бүрдүүлнэ гэсэн амлалтыг Засгийн газар өгсөн билээ.  
 
Нөгөө талаас Щвейцарын хөгжлийн агентлаг “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийг Монголд 2005-2014 онд хэрэгжүүлж багагүй үр дүнд хүрсэн. Энэ хугацаанд Ашигт малтмалын газарт бичил уурхай хариуцсан нэгж байгуулагджээ. Дараа нь 2007-2010 онд Бичил уурхайн нөхөрлөл, ТББ-ууд байгуулагдсан, мөнгөн усгүй технологи нэвтрүүлсэн, 2010 онд бичил уурхайн талаар Засгийн газрын тогтоолоор 308 дугаар журам батлагджээ. 2011-2014 онд албажуулах ажил эхэлж, бичил уурхайн асуудалд төрийн бодлогын түвшинд очиж, МБУНДХ байгуулагджээ. Харин одоо төслийн дөрөвдүгээр шат эхэлж бичил уурхайд хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдалд анхаарахаас гадна бичил уурхайчдын олборлосон алтыг борлуулах сүлжээг албажуулж улс орны алтны нөөцөд хувь нэмэр оруулах чиглэлтэй ажиллаж байгаа аж.
 
Ийнхүү анх нинжа хэмээн нэрлэгдэж байсан бичил уурхайчдын үйл ажиллагаа эрх зүйн талаасаа нэлээд дэвшилттэй явж байна. Цаашид Монголд хувиараа ашигт малтмал олборлон амьдралаа залгуулж буй ч, өөрийн холбоондоо элсээгүй яваа хэдэн арван мянган бичил уурхайчдыг энэхүү эрх зүйн тойрогт оруулах зорилгоор “Бичил уурхайн мэдлэгийн төв”-ийг дээрх төслийн хүрээнд байгуулаад байгаа аж. Өөрөөр хэлбэл, бичил уурхайн чиглэлд мэдээллийн нэгдсэн бааз үүсч байна гэсэн үг.

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД