Эдийн засаг

Нэйл Сакер: Хөтөлбөрийг 2-3 долоо хоногт багтааж батална 2017-05-02 15:07

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2017.05.02/ ээлжит бусаар хуралдлаа. Бүлгийн хуралдааны дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер нар мэдээлэл хийв.
 
Тэрбээр "Энэ хөтөлбөрийг боловсруулахдаа бид Монгол Улсын Засгийн газар буюу Сангийн яам, Монголбанкны холбогдох хүмүүстэй нягт хамтран ажилласан. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгох бодлогыг боловсруулах чиглэлээр ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах,  банкны системийг идэвхжүүлэх  зорилготой. Эдгээр бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд зээлийн хүүгийн түвшин ерөнхийдөө буурч, банкууд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн зээлээ дахин олгох нөхцөл бүрдэх юм. 
 
Хөтөлбөрийн бодлогын арга хэмжээнүүд нь төсөв дээр голлон хэрэгжинэ. Монгол Улсын төсвийн алдагдал маш их байгаа. 2016 оны төсвийн алдагдал ДНБ-ний 17 хувьтай тэнцсэн. Төсвийн алдагдал их байхын хэрээр их хэмжээний өр үүсч байгаа. Өр өндөр байна гэдэг нь төсвийн зарлагын ихэнхийг өрийн үйлчилгээнд зарцуулж байна. Өр өндөр биш байсан бол энэ их мөнгийг боловсрол, эрүүл мэнд зэрэг өөр зүйлд зарцуулах боломжтой байсан" гэв.
 
Мөн тэрбээр үргэлжлүүлэн "Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах төлөвлөгөө боловсруулан оруулж ирснийг бид бүрэн дэмжиж байгаа. Өнгөрсөн онд ДНБ-ний 17 хувьтай тэнцэж байсан  төсвийн алдагдлыг энэ онд 10.5 хувьд хүргэх зорилтыг  Засгийн газар дэвшүүлсэн 2020-иод оны эхэн үед төсвийн алдагдалгүй болох зорилт дэвшүүлснийг бид дэмжиж байгаа.
 
Төсвийн урсгал зардал дээр танах арга хэмжээ авагдсан. Жишээ нь төрийн албан хаагчдын тоог аажимдаа бууруулах бодлого тусгагдсан. Төсвийн бодлого дээр хийгдэж байгаа энэ тохиргооны 2/3 нь төсвийн зарлага тал дээрээ, 1/3 нь төсвийн орлого тал дээр байгаа. Шударга байдлыг хангах үүднээс нийгмийн халамжийн зардлыг бууруулаагүй. Татварыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь ядуу эмзэг бүлгийнхэнд ямар нэгэн ачаалал үүсгэхгүй байхаар тохиролцсон. Орлого тал дээр авч байгаа арга хэмжээний ихэнхи нь чинээлэг монголчуудад үйлчлэх юм. Ядуу эмзэг бүлгийнхэн орлого нэмэгдүүлэх арга хэмжээний нөлөөллийг амсахгүй гэж хэлж болно.
 
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварыг өсгөөгүй гэдгийг онцолж хэлэх нь зүйтэй. Хувь хүний орлогын татвар шатлалтай болж байгаа. Энэ шатлал нь өндөр орлоготой хүмүүс өндөр татвар төлөхөөр зохицуулагдсан учраас бага орлоготой хүмүүст хувь хүний орлогын албан татвар ямар нэгэн нэмэгдэл үзүүлэхгүй. Тэгэхээр дундаж амьдралтай хүн татварын нэмэгдлийг өөр дээрээ амсахгүй гэж хэлж болно. Энэ хөтөлбөр амжилттай хэрэгжвэл Монгол Улсын эдийн засаг тогтворжино гэдэгт бүрэн итгэлтэй байна. Хөтөлбөрийн үр дүнд валютын ханш тогтворжино, инфляцийн  болоод хүүгийн түвшин буурна. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улс хөгжил дэвшилд хүрэх бүрэн нөөц бололцоогоо дайчлах бололцоо бүрдэнэ. Дунд хугацаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэх боломж бий. Ингэснээр хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ. 
 
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
 
-Өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдаад манай улсын зүгээс тавьсан хүсэлтийг хойшлуулсан. Үүний шалтгаан нь Хөрөнгө оруулалтын тухай хууль, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хөндсөнтэй холбоотой. Үүнийг дахин  нягтлах хугацаа хэзээ бол?
 
-Бид энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Ирэх 2-3 долоо хоногт багтаагаад хөтөлбөрийг батална.
 
-ОУВС-гийн зүгээс 7 төрлийн татварыг нэм гэсэн чиглэлийг өгсөн үү?
 
-Бидний хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөр маань хоёр талаасаа яригдсан гэдгийг байнга хэлж байгаа. Бодлогын хүрээнд талууд бүх асуудлууд дээр харилцан тохиролцож шийдвэрээ гаргасан.
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД