Хөдөө аж ахуй

Хоосон тоогоор мөнгө хийгч Хөдөө аж ахуйн бирж 2017-05-03 11:50

Жил бүр өсөлттэй гардаг хэрнээ орлого нь өсдөггүй хачирхалтай салбар бол хөдөө аж ахуй. Учир нь 60 гаруй сая толгой малтай Монголоос Арабын нэгэн баян ирээд хоёр саяыг нь худалдаж авъя гэвэл нийлүүлэх боломжгүй тийм л тогтолцоотой учраас. Хэн махаа нийлүүлэх, хаана, хэнтэй гэрээ, хэлцэл хийхийг тухай араб бизнесмэнд хэн ч хэлж өгч чадахгүй.
 
 
Хатуухан хэлэхэд, өнөөгийн Монголд мал аж ахуйн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх нэгдсэн тогтолцоо бий болгож, түүгээрээ дамжин монгол малын ашиг шимийг дэлхийд үнэд хүргэнэ гэхээр зөгнөлт киноны зохиол шиг санагдах үе бий. Ингэж бодогдох үндэслэл ч бий. Яагаад гэвэл ХХI зууны монгол малчин хавар самнасан ноолуураа хадгалъя гэвэл хадгалах агуулах байхгүй болохоор тэр нь ноолуур биш хөөвөр болно. Сүү нь гашилна. Эрүүл эсэх нь мэдэгдэхгүй, гарал үүсэл нь тодорхойгүй малын махыг гадаадын орнууд авахгүй. Тиймээс ченжэд хэлсэн үнээр нь өгөхөөс өөр хувилбаргүй.
 
Энэхүү хоцрогдсон тогтолцоог халах тухай олон жил яригдсан. Эцэстээ мал аж ахуйн түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх шийдэл нь хоршооны зохион байгуулалт, өндөр үнээр борлуулж экспортод гаргах арга нь хөдөө аж ахуйн биржийн арилжаа гэж үзсэн билээ.
 
1998 онд Хоршооны тухай хууль баталж, түүнээс хойш найман удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан. Гэвч төсөв хөрөнгө, боловсон хүчин хүрэлцэхгүй, мэдээлэл дутмаг, хяналт сул зэрэг нийгэм, эдийн засгийн хүчин зүйлийн улмаас хоршоо хөгжихгүй байна. Түүнээс гадна, хуулийг шинэчлэн найруулах хэрэгцээ аль 10 жилийн өмнө бий болсон ч батлагдаагүй хэвээр.
 
Хөдөө аж ахуйд түүхий эдийн тогтолцоо бүрдүүлэхэд хувьсгал авчрахаар эрх зүйн баримт бичиг нь 2011 онд баталсан Хөдөө аж ахуйн биржийн тухай хууль, 2010 онд баталсан “Монгол мал” хөтөлбөр гэж үзэж байлаа. Засгийн газрын түвшинд хэдэн ажлын хэсэг дамжиж, УИХ дээр жил орчим хэлэлцэж, 50 орчим саналыг нэмж оруулан баталсан уг хууль нь маш сайн хууль болсон гэдэгтэй мэргэжилтнүүд санал нийлдэг. Сайн болсон гэдгийг тэр үеийн Байнгын хороо, Нэгдсэн чуулганы хурлын тэмдэглэлээс харж болно. Хөтөлбөр ч бас асуудлаа бүрэн хамарч чадсан юм.
 
Хөдөө аж ахуйн биржийн хууль батлагдсанаар Монголын 329 суманд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, борлуулах тогтолцоо бий болох ёстой байв. Хуулийн зорилгоо ч ингэж тодорхойлсон.  Өөрөөр хэлбэл ченжийн дамжлага алга болно. Хууль, хөтөлбөрийн аль алинд нь зааснаар хоршоо нь анхан шатанд түүхий эдээ стандартын дагуу, чанарыг алдагдуулахгүй бэлтгэж, дараа нь аймгийн төв дээрх биржийн баталгаат агуулахад хадгалж, эцэст нь төв бирж дээр үнэ хаялцуулан, хамгийн өндөр үнэ санал болгосонд нь түүхий эдээ нийлүүлэх учиртай. Хоршоо болон худалдан авагчийг холбон бирж дээр худалдаа хийх ажлыг хөдөө аж ахуйн брокер гүйцэтгэнэ. Энэ мэтчилэн махны, сүүний, ноос ноолуурын, арьс ширний хоршоо, брокер гэх мэт зах зээлийнхээ жамаар хөгжинө. Бирж энэ бүхэнд гүүр болж зохион байгуулах үүрэгтэй байлаа. Харин ченж нарыг бага зэрэг мэргэшүүлээд брокерийн хэлбэрээр үйл ажиллагааг нь зохицуулах төлөвлөгөөтэй байв.
 
Хөтөлбөр, хууль хоёр жил дараалан батлагдсан нь үнэхээр олзуурхууштай, малчдын олон жилийн хүлээлтийг төрийн бодлого болгосон сайн хэрэг байв. Харамсалтай нь эрх баригчдын баталснаасаа эргэж буцдаг, хуулийг зальжин ашиглаж үндсэн зорилгоос нь гажуудуулдаг, хувьдаа ашиг хонжоо хайдаг зуршил дийлжээ.
 
Эхлээд 2010 оны “Монгол мал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ХАА-н хоршоог хөгжүүлэхэд улсын төсвийн гурван хувиас багагүй мөнгө зарцуулна гэж тусгасан УИХ-ын тогтоолын гуравдугаар заалтыг жилийн дараа хүчингүй болгов. Ингэснээр хоршоог хөгжүүлэх ажилд нэг том ухралт гарлаа.
 
Нөгөө анхан шатанд түүхий эд нийлүүлэх ёстой хоршоод нь мөнгөгүйн улмаас хөгжихгүй, малчдаас ямар ч түүхий эд орж ирэхгүй байсан учраас Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаа эргэлзээнд оржээ.
 
Тэгэхээр нь Х.Баттулга салбар хариуцсан сайд байхдаа нэг зальжин тушаал гаргажээ. Тэрээр 2013 онд А/35 дугаартай тушаал баталж ХАА-н биржээр арилжаалах барааны жагсаалтыг гаргахдаа угаасан, самнасан ноос, ноолуур зэрэг мал аж ахуйн боловсруулсан түүхий эдийг нэмжээ. Ингэснээр ченжүүд болон Монголд боловсруулах үйлдвэр ажиллуулдаг хятад бизнесмэнүүд ХАА-н биржээр бүтээгдэхүүнээ арилжаалахаас өөр аргагүй болов. Чухам эндээс л ХАА-н бирж 2015 он хүртэл 590 удаа арилжаа хийж, нийт нэг их наяд 728 тэрбум төгрөгийн түүхий эд арилжсан тухай итгэмээргүй тоог салбарын яам олонд зарладаг болсон. Харин бодит байдал ямар байгааг хэн бүхэн мэднэ.
 
Дээрх тушаал нь Х.Баттулга болон түүний багийнханд өгөөжтэй байх давхар зорилготой байв. ХАА-н биржийн тухай хуулийн 4.6-т зааснаар иргэн, хуулийн этгээд нь Засгийн газрын баталсан жагсаалтад орсон хөдөө аж ахуйн түүхий эдийг экспортод гаргахдаа заавал биржээр арилжсан байх ёстой. Ингэснээр угаасан, самнасан ноос, ноолуураа экспортод гаргах гэсэн бизнес эрхлэгч үнэн хэрэгтээ бирж дээр ямар ч арилжаа хийгээгүй, ямар ч брокертэй холбогдоогүй хэрнээ бирж дээр арилжсан гэсэн тодорхойлолт авах хэрэгтэй болов. Хэрэв тодорхойлолтгүй бол гаалийнхан буцаана. Харин тэр тодорхойлолтыг ХАА-н биржээс авахын тулд бизнес эрхлэгч нь бирж, брокер, Санхүүгийн зохицуулах хороо гуравт борлуулсан түүхий эдийнхээ нийт дүнгээс 0,6 хувийг өгөх ёстой. Хэдийгээр энэ нь бага сонсогдож болох ч олон арван тэрбумын экспортоос их мөнгө олж болно. Хачирхалтай нь бирж тодорхойлолтдоо боловсруулсан түүхий эдийг “боловсруулаагүй” гэж бичдэг.
 
Ийнхүү ХАА-н биржийн удирдлага нэг талаас өөрийн үйл ажиллагааг хиймэл, хоосон тоогоор бөглөж, нөгөө талаас, ямар ч арилжаа хийгээгүй мөртөө түүхий эдийн экспортоос хувь татаад сууж байдаг аж.
 
Түүнээс гадна, хуулийн 8.8-д “Биржийн үйл ажиллагааг зохицуулах зөвлөл нь байнгын албатай байна” гэсэн заалтыг 2015 онд хүчингүй болгосон нь биржийг улам идэвхгүй болгож, хяналтыг сулруулав.
 
ХАА-н биржийн утгагүй үйл ажиллагааг албан ёсных нь сайт дээрх тоонуудаас ч харж болно. Хууль, хөтөлбөрийн аль алинд нь гол зорилго болгож заасан орон нутгийн хоршооны тоо ердөө ганцхан. Тэр нь Өмнөговийн “Хотол таван эрдэнэ” нэртэй. Энэ хоршоо нэг удаа бирж дээр түүхий эд борлуулах гээд амжилт олоогүй аж. “Итгэмжлэгдсэн тээврийн байгууллагууд” гэсэн цэс дотор “Монгол тээвэр нэгдэл” нэртэй ганцхан ХХК байна. Тэгсэн хэрнээ, байнгын гишүүн буюу биржийн арилжаа, төлбөр тооцоо эрхлэх эрхтэй 17 субъект байна. Мөн “Биржийн итгэмжлэгдсэн агуулахууд” гэсэн жагсаалтад 9 агуулах байгаагаас найм нь Улаанбаатарт. Үлдсэн ганц нь нөгөөх л “Хотол таван эрдэнэ”. Бүх агуулга  зөвхөн угаасан, самнасан ноос, ноолуурт зориулагдсан.
 
Энэ маягаар Хөдөө аж ахуйн биржийн хууль үндсэн зорилгоосоо гажиж хэрэгжсэн, мах, сүү, арьс ширний чиглэлд огт хэрэгждэггүй хууль болов.
 
Өнөөгийн Засгийн газар мал аж ахуйн түүхий эдийн тогтолцоо бий болгох талаар юу хийж байна. Хараад байх нь ээ, буцаад эхнээс нь, гэхдээ буруу цэгээс эхлэх гэж байгаа бололтой. ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Н.Энх-Амарын ярьснаар энэ тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар НҮБ, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй судалгаа хийж байгаа аж. Гэхдээ ийм судалгааг анх удаа хийж байгаа юм биш. Өмнөх засгийн үед Аж үйлдвэрийн яам байхад Засгийн газрын 133 дугаар тогтоол гарч, Монголын бүх сумдыг тойрч багагүй цаг хугацаа, хүч, хөрөнгө заран судалгаа хийсэн. Судалгааны үр дүнд улсын хэмжээнд ХАА, хөнгөн үйлдвэрлэлийн 20 чиглэлд 40 орчим “ХАА-н үйлдвэрлэл, технологийн парк” байгуулж болно гэж дүгнэсэн.  Эхний ээлжинд Архангайн Эрдэнэмандал, Булганы Хутаг-Өндөр, Завханы Тосонцэнгэл, Төв аймгийн Жаргалант, Баянчандмань, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Сэлэнгийн Мандал, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон зэрэг суманд концессийн гэрээгээр ХАА-н үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах уралдаант шалгаруулалтыг Хөрөнгө оруулалтын газраас 2015 оны долдугаар сарын 6-нд зарлаж байв. Гэтэл энэ судалгааг одоо яагаад ашиглаж болохгүй гэж?

Тэгвэл эхлэх зөв цэг нь юу байж болох вэ? Ердөө л хуулиа бүрэн хэрэгжүүлэх. Хөдөө аж ахуйн биржийн хуулиа, “Монгол мал” хөтөлбөрөө, Төрөөс хүнс, хөдөө аж ахуй болон малчдын талаар баримтлах бодлогоо анх зааснаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Хөтөлбөртөө заасан малыг бүртгэлжүүлэх, эрүүлжүүлэх, удам угсааг нь сайжруулах тэр зорилтуудаа биелүүлчихэд маш том ажил болно.  

Г.Даваадорж

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД