Хөрөнгийн зах зээл

Хуйвалдааны компаниас хувьцаат компани руу 2017-05-04 10:12

Ногдол ашиг биш өр төлдөг, зах зээлийн жамаар биш дарга нарын дур зоргоор үйл ажиллагаа явуулж ирсэн Эрдэнэс Таван Толгой ХК удахгүй ногдол тараадаг болж, 2018 онд олон улсын зах зээлд IPO гаргана гэсэн амлалтыг эрх баригчид өгөөд байна. Гэвч IPO гаргаж, компанийн хувьцааг олон улсад үнэд хүргэнэ гэдэг өнөөгийн нөхцөл байдлаас харахад тун итгэлгүй сонсогдож байна. Өнгөрсөн долоо хоногт болсон “ЭТТ” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал” нэртэй нэгэн эмгэнэлт хошин жүжигт 1072 хувьцаа эзэмшигч 2,5 сая иргэнээс 64 нь хуралд оролцов. Хуралд оролцохдоо хэдэн давхар хамгаалалтаар шалгуулж байж оролцов. Хувьцаа эзэмшигчид компанийнхаа ТУЗ-ийн зарим гишүүдийн царайг анх удаа харав.  “Хувьцаат” тодотголтой компани алдагдалтай ажиллаж буй учир “ногдол ашиг тараахгүй” гэсэн шийдвэр гаргалаа.
 
 
IPO гаргах ч хол байна даа, хол байна
 
Хувьцаагаа ч бүртгүүлээгүй, 800 гаруй тэрбум төгрөгийн өртэй, өмнөх удирдлагууд нь нэг бол интерполоор хайгдаж байгаа, нэг бол шоронд орсон, ТУЗ-ийн гишүүдээ хувьцаа эзэмшигчдээсээ нууж сонгодог ийм компанийн хувьцааг хэн авах уу?
 
IPO гаргаж, үнэт цаасны зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх ямар хэцүү байдгийг Хятадын газрын тосны компанийн жишээгээр авч үзье. Тус улсын газрын тосны аварга компаниудын нэг болох PetroChina олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдөх болтол 10 жилийг зарцуулжээ. Анх IPO гаргахад шинжээчид уг компанийн эрсдлийн талаар өгүүлсэн материал 384 болж байв. ЭТТ-нх  ч үүнээс дутахгүй зузаан байх магадлалтай. IPO гаргах тохиолдолд компани хувьцаа эзэмшэгчдээс гадна олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө байдгаа тайлагнаж хөлсөө дуслуулах хэрэг гарна. Нью-Йорк, Хонконг, Лондонгийн хөрөнгийн биржийн шинжээчдийн бүхэл бүтэн арми компанийн орлого, зарлага, өр зээл зэрэг санхүүгийн үзүүлэлт, дэд бүтэц, улс төрийн нөлөөлөл, үйл ажиллагааны стратеги, удирдлагын чанар гээд бүх материалыг үг үсгээр, цифр болгоноор нарийвчлан судална. Энэ бүгдэд бэлэн байхын тулд ЭТТ өнөөгийнхөөс эрс өөрчлөгдөж, нэг үгээр хэлбэл улс төрийн хуйвалдааны хэлбэрээс жинхэнэ хувьцаат хэлбэрт шилжин “төрөл арилжих” хэрэгтэй. Гэвч компанийн одоогийн засаглалын хаагдмал байдлыг харахад хойтон жилийн наадам хол байна даа гэдэг шиг, IPO гаргах мөн ч хол харагдаж байна. Компанийн ТУЗ-ийг яамдын газрын дарга нар буюу улс төрийн томилгоогоор ирсэн хүмүүс дүүргэж, хараат бус гишүүд нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй, ямар мэдлэг, туршлагатай нь тодорхойгүй нөхдүүд байгаа нөхцөлд 2018 онд хувьцаа гарган, хөрөнгийн зах зээлээс дахин хөрөнгө татах нь битгий хэл, ногдол ашиг тараадаг болно гэхэд үнэмшилгүй сонсогдоно.
 
Хурлын үеэр тус компанийн захирал Д.Ариунболд “компанийг чичлэх хэрэггүй. Тэртээ тэргүй өмнөх засгийн газруудын алдааг хүмүүс мэднэ. Бүгдээрээ урагшаа харж компаниа өөд нь татах хэрэгтэй” гэж хэлсэн. Мэдээж түүнд бурууг өгөх нь утгагүй. Энэ хүн эрх баригчид болон олон нийтийн хоорондын сөргөлдөөний амаргүй нөхцөлд ажиллаж байгаа. Гэхдээ нөхцөл байдлыг үнэн мөнөөр нь, нуулгүй бүгдийг нь хувьцаа эзэмшигчиддээ хэлэхгүй байгаа нь хувьц эзэмшигчдийн хуралд оролцогчдын итгэлийг сулруулж байв.
 
Нөгөө талаас нүүрсээ тээвэрлэх төмөр замын асуудлаа шийдэхгүй бол үр ашигтай ажиллах боломжгүй гэдгийг хурлыг даргалсан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Түмэнцогт хэлсэн. Харин төмөр замын хувь заяаг шийдэх эрх УИХ-д бий.
 
Засгийн газар 2016-2020 оны мөрийн хөтөлбөртөө “Тавантолгой-Гашуун сухайт”, “Хөөт-Бичигт” чиглэлийн төмөр замыг барьж ашиглалтад оруулахаас гадна “Зүүнбаян-Ханги” болон “Эрдэнэт-Овоот”  чиглэлийн төмөр замын ажлыг эхлүүлнэ гэж заасан билээ. Үүний дагуу ЗТХ-ийн сайд Д.Ганбат 2017 оны эхээр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” УИХ-ын тогтоолын үзэл баримтлалыг УИХ-д танилцуулж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Гэвч Монголын парламент стратегийн ач холбогдолтой төслүүдийг батлахдаа харшилтай юм шиг хойш татдаг. Монголын улс төрийн талбарт ашиг сонирхлын зөрчил, улс төржилтийн үлий нүхнүүд олон байдаг учир чухал төслүүд бүдэрч унадаг. Хэрүүлийн гол сэдэв нь төмөр замын цариг. Нэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд нарийн царигтай барихаар тусгажээ. Энэ сэдэв тогтоолыг хэлэлцэх үед ахиад л хэрүүл маргаан дэгдэх магадалтай. Хятадын нарийн царигаар тус улсын нутаг дээгүүр Монголын вагон явуулахын тулд “Вагон эдэлгээний хэлэлцээр” гэх баримт бичгийг Хятадын талтай байгуулах ёстой аж. Одоогоор ЗТХ-ийн яам энэ хэлэлцээрийг байгуулах саналаа хүргүүлчихээд хариу хүлээж байна. Хэрвээ хятадууд өөрийн нутаг дээгүүр манай вагоныг явуулахыг зөвшөөрөхгүй бол нарийн цариг нь ямар ч ашиггүй болж нэн түрүүнд эхлүүлэх ёстой уг төсөл ахиад хойшлохыг үгүйсгэхгүй.

Г.Даваадорж 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД