Эдийн засаг

Өрсөлдөх чадвараар Орхон аймаг тэргүүлж, Говь-Алтай сүүл мушгилаа 2017-05-11 15:14

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх судалгааны төвөөс Аймгуудын 2016 оны өрсөлдөх чадварын тайланг танилцууллаа. Тус  судалгааны дүнг тав дахь жилдээ гаргаж байгаа аж. Сүүлийн таван жил Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Сүхбаатар зэрэг аймгуудын өрсөлдөх чадварын оноо харьцангуй өндөр бөгөөд өнгөрсөн жил ч энэхүү эрэмбээ хадгалсаар байна.
 
Харин сүүлийн байруудад Архангай, Дундговь, Говь-Алтай аймгууд орсон байна. Өрсөлдөх чадвар сайтай аймгуудад ажиглагдаж буй нийтлэг шинж нь үйлдвэрлэл, дэд бүтэц хөгжсөн, ажлын байр болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй сайн бүрдүүлсэн байв. Энэхүү тайлангаас аймаг бүрийн давуу болон сул тал байгааг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын, бизнесийн болон дэд бүтцийн үр ашиг гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйлийг 180 гаруй шалгуур үзүүлэлтээр харьцуулан хардаг аж. Мөн тайлангаас өмнөх жилтэй харьцуулахад хамгийн их өссөн болон буурсан 20 үзүүлэлтийг гаргадаг байна. 
 
Энэ удаагийн тайланд дурдсанаар 2016 оны байдлаар Орхон аймаг 100 оноогоор тэргүүлж, Говь-Алтай 47 оноогоор сүүл мушгижээ. Өрсөлдөх чадварын тайланг гаргахдаа аймаг бүрээс  50 бизнес эрхлэгчээс санал асуулга авч, судалгааны дүнг нэгтгэсэн аж. Мөн Үндэсний статистикийн хороо зэрэг албан тоо гаргадаг байгууллагуудтай хамтран ажилласан байна. Түүнчлэн судалгааг хийхэд ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, иж бүрэн санаачлага хөтөлбөр, Азийн сан, МҮХАҮТ, Мобиком корпорац, Ньюком групп хамтран ажиллажээ. 
 
Энэ жил Дорноговь, Өвөрхангай, Баян-Өлгий зэрэг аймгууд өрсөлдөх чадварын оноогоо хамгийн ихээр ахиулсан бол Архангай, Говь-Алтай, Завхан аймгууд хамгийн их бууралттай нь байлаа.
Дорноговь аймгийн хувьд засаглал болон дэд бүтцийн үзүүлэлтүүд, Өвөрхангай аймаг эдийн засаг, бизнесийн орчны үзүүлэлтүүд өссөн нь илүү нөлөөлсөн аж. Харин Архангай аймгийн эдийн засаг болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд, Говь-Алтай аймгийн бизнесийн орчин болон дэд бүтцийн зарим үзүүлэлтүүд буурсан нь өрсөлдөх чадварын оноо буурахад түлхүү нөлөөлсөн гэж тус судалгааны төвийнхөн хэллээ.
Судалгааг гүйцэтгэх явцад “тулгамдаж буй 5 асуудлаа нэрлэнэ үү” гэсэн асуултад 21 аймгийн бизнес эрхлэгчдийн дунд доорх дөрвөн хариулт хамгийн ихээр давхардсан байна.
1.     Бизнес эрхлэгчдийг татвар болон зээлийн бодлогоор дэмжих
2.     Банкуудын зээлийн хүүг бууруулах
3.     Ажлын байрыг нэмэгдүүлэх
4.     Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах
Энэхүү тайланг ашиглан аймаг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид бусад аймгуудтай хамтран ажиллах шинэ гарц, сэдлийг олон ахиц гаргах боломжтой гэж судалгааны төвийн ажилчид хэллээ.
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД