Эрүүл мэнд

ЕСБХБ эрүүл мэндийн салбарт дэмжлэг үзүүлж байна 2017-05-12 10:06

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ) нь "Жижиг, дунд бизнесийг дэмжих санаачилга"-ынхаа хүрээнд Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй компани оролцсон Эрүүл мэндийн салбарын хөгжлийн семинар"-ыг өнгөрсөн сарын 19-ний өдөр зохион байгуулжээ.  

Энэхүү үйл ажиллагаанд салбарын олон улсын зөвлөхүүд оролцож, Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хувийн хэвшлийн байгууллагуудад тулгамдаж буй асуудлын талаар оролцогчидтой хэлэлцэж, салбарын олон улсын шилдэг туршлагуудаас танилцуулсан байна. Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид семинарын үеэр танилцуулга хийж, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон аж.   
 
Мөн семинарын үеэр эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд бизнес эрхлэгчид хэрхэн өрсөлдөх чадавхиа сайжруулж, үнэ цэнэ болон чанараа нэмэгдүүлэх талаар авч үзсэн байна.  
 
“Монгол Улс хувийн хэвшлийн оролцоотойгоор салбарын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвлөрлийг 45 хувь хүртэл бууруулсан байна. Энэ нь Монгол Улсад нэг талаас уян хатан, өрсөлдөхүйц хувийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх ихээхэн нөөц, боломж байгааг нөгөө талаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар болон клиникийн мэдээллийн менежментийг сайжруулахад олон улсын шилдэг туршлагыг нэвтрүүлэх, хуваалцах хэрэгцээ шаардлага байгааг харуулж байна” хэмээн ЕСБХБ-ны Жижиг, Дунд Бизнесийн Зөвлөх Үйлчилгээ багийн Эрүүл Мэндийн Салбарын багийн ахлагч доктор Озрен Точиш ярилаа.  
 
ЕСБХБ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бизнесээ хөгжүүлэхэд шаардлагатай санхүүжилт ба бизнесийн зөвлөх үйлчилгээ авахад дэмжлэг үзүүлдэг. Жижиг, Дунд Бизнесийг Дэмжих Санаачлагынхаа хүрээнд бизнес эрхлэгчдийг бизнесээ өргөжүүлэн, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын зөвлөхүүд болон салбарын олон улсын зөвлөхүүдтэй холбож өгдөг. Монгол Улсад хэрэгжүүлж байгаа энэ үйл ажиллагааг Европын Холбоо санхүүжүүлж байгаа бөгөөд 2001 онд хэрэгжүүлж эхэлснээс хойш 450 гаруй бизнес эрхлэгчид үр шимийг нь хүртжээ.   
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД