Эдийн засаг

Төсвийн тэнцэл 2.3 их наяд төгрөгийн алдагдалтай гарлаа 2017-05-15 14:57

Үндэсний статистикийн хороо дөрөвдүгээр сарын макро эдийн засгийн урьдчилсан үзүүлэлтүүдийг танилцууллаа. Дөрөвдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 1.3 хувь, 2016 оны мөн үеийнхээс 3.4 хувиар өссөн байна. Ингээд зарим статистик тоо баримтаас сонирхуулъя.
 
  • -Нэгдүгээр улирлын судалгаагаар өрхийн сарын дундаж орлого нь 893.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43.9 мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 27.6 мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 22.8 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 5.6 мянган төгрөгөөр өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ.

 

  • -Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр сангийн орлого 2017 оны эхний 4 сард 647.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн 66.0 тэрбум төгрөгөөр өслөө. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн орлого 2017 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 111.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд голлох нөлөөг тэтгэврийн даатгалын сангийн орлого 77.1 тэрбум төгрөг, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 14.4 тэрбум төгрөгөөр өссөн нь үзүүлжээ.

 

  • -ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2017 оны эхний улиралд 3063.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.7 тэрбум төгрөгөөр өслөө. Өсөлтөд аж үйлдвэрийн салбарын нэмэгдэл өртөг 28.3 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 89.9 тэрбум төгрөг, бүтээгдэхүүний цэвэр татвар 54.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

 

  • -Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ эхний 4 сард 2094.4 тэрбум төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 2379.8 тэрбум төгрөг болж, төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 285.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 378.1 тэрбум төгрөгөөр буурахад орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 23.8 пунктээр илүү байгаа нь нөлөөлжээ.

 

  • -Манай улс энэ оны эхний дөрвөн сард дэлхийн 127 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3017.3 сая ам.доллар, үүнээс экспорт 1899.6 сая, импорт 1117.7 сая ам.доллар болжээ. Гадаад худалдааны тэнцэл 2016 оны эхний 4 сард 484.6 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2017 оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 297.3 сая ам.доллараар нэмэгдэж, 781.9 сая америк долларт хүрчээ.

 

  • -Экспорт эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 552.3 сая америк доллараар өсөхөд үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 92.4 сая ам.доллараар буурсан хэдий ч эрдэс бүтээгдэхүүний экспорт 623.0 сая ам.доллар, үүнээс нүүрснийх 614.1 сая ам.доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

  • -Импорт өмнөх оны мөн үеэс 254.9 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүнийх 99.9 сая ам.доллар, үүнээс дизелийн түлш 63.6 сая ам.доллар, автобензин 25.3 сая ам.доллараар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 65.7 сая ам.доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 41.2 сая ам.доллараар үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 17.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

  • -Эрдэс, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.2 хувийг эзэлж байгаа бол импортын 68.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байна.

А.Сэвжид

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД