Ертөнц

“Toyota” корпораци нисдэг машин бүтээнэ 2017-05-15 15:44

“Toyota” корпораци нь “Skydrive” хэмээх нисдэг машиныг 2019 онд бүтээх төсөлд 350 мянган ам.доллар зарцуулах шийдвэр гаргасныг “The Nikkei Asian Review” өчигдөр мэдээлжээ.
 
Тус корпорацийн хэдэн мэргэжилтэн 2012 оноос өөрсдөө санаачлан уг төслийг хөгжүүлж санхүүжилтээ цахим ертөнцөд хандиваар цуглуулж байв. Харин одоо бодит бүтээгдэхүүн болох боломж бүрдэв.
 
Зохион бүтээгчид нэг суудалтай, гурван метр урт, 1.3 метр өргөн, гурван дугуйтай нисдэг машины концепци санал болгожээ. “Skydrive” нь хэвтээ байрлалтай дөрвөн сэнсэн хөдөлгүүрийн тусламжтай газраас хөндийрнө. Арван метрийн өндөрт хөөрөхөөс гадна энгийн авто замаар ч явна. Хамгийн ихдээ 100 км/ц хурдална.
 
Зохион бүтээгчдийн хувьд одоогоор шийдэхэд хамгийн хүндрэлтэй нь нисдэг машиныг агаарт хэрхэн тогтвортой барих асуудал болж байна.
 
Танилцуулгад дүрсэлснээр “Skydrive” нь 2020 оны Токиогийн Олимпийн нээлтийн ёслол болох төв тавцангийн дэргэд газардаад цэнгэлдэх хүрээлэнд орсны дараа ахин хөөрч жолооч нь Олимпын бамбарыг асаах аж.

 
Г.Даваадорж
 

    

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД