Дэлхий 2017

Алтны салбарын уналт, сэхэл 2017-05-17 15:02

 Улс төрчдийн зарим болчимгүй шийдвэрийн үр нөлөө асар их. Тэдгээрийн нэг нь “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын хууль” буюу олон нийтийн дунд хэвшсэнээр “гэнэтийн ашгийн 68 хувийн татвар”. Энэ хууль батлагдсанаас болж Монголбанканд тушаагдсан алтны хэмжээ 2006 оноос эрс буурч 2005 оны хэмжээндээ эргэн очих болтол 10 жил зарцуулжээ. Тус хууль “зарим бүтээгдэхүүний” гэх тодотголтой боловч үнэндээ зөвхөн алт, зэсэнд хамаатай”. УИХ тухайн үед уг хуулийг батлахаас өмнө хуулийн эдийн засгийн үндэслэл, үр нөлөөг тодорхойлох судалгаа огт хийгээгүй. Тус хуулийн дагуу алт борлуулагч аж ахуйн нэгж байгууллага, хувь хүмүүс нэг унц алтны суурь үнэ болох 500 ам.доллар болон борлуулах үеийн зах зээлийн үнийн зөрүүгээс 68 хувийн татвар, зэсийн баяжмал борлуулагч нь нэг тонн зэсийн баяжмалын суурь үнэ болох 2600 ам.доллар болон зэсийн баяжмал борлуулах үеийн нэг тонн зэсийн зах зээлийн үнийн зөрүүгээс 68 хувийн татвар төлж байв.

Харин үүнээс хойш таван жилийн дараа 2011 оны эхээр дээрх хуулийг хүчингүй болгосон. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууж ашигт малтмалын нөөц ашигласны таван хувийн төлбөр /АМНАТ/ авдаг болсноор өнгөт металлын зах зээл дэх татварын дарамт багасав. Ингэснээр 2011-2013 онд алт тушаалтын хэмжээ өсч 2014 онд бараг 13 тоннд хүрэв. Энэ бүхний эцэст эрх баригчид алт тушаалтын хэмжээ татварын бодлоготой нягт холбоотой бөгөөд дураараа татвар нэмэх нь валютын нөөцөд халтай гэдгийг ойлгож авсан юм.
 
2014 онд АМНАТ-ыг хоёр дахин багасгаж 2019 он хүртэл 2.5 хувь байхаар тогтсон нь алтны тушаалтыг улам нэмэгдүүлж 2016 оны эцсээр Монголбанканд тушаасан алт 18 тонноос давж Монголын зах зээлийн эдийн засгийн түүхэнд дээд амжилт тогтоов. Монголбанкны Зах зээлийн газрын ахлах мэргэжилтэн Д. Алтансүхийн ярьснаар оны 3, 4 дүгээр улиралд, үүнээс 8, 9, 10 саруудад хамгийн их алт тушаагддаг байна.

Доорх графикаар 1990-2016 онд Монголбанканд тушаасан алтны хэмжээг харуулав.

 
 
Шинэ Засгийн газар цаашдаа алт тушаалтыг нэмэгдүүлж, улсын валютын нөөцийг зузаатгахын тулд “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн хүрээнд Монголбанк орон нутагт бичил уурхайчдын олборлосон алтыг газар дээр нь худалдаж авдаг тогтолцоог бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Үүний тулд алт ихээр олборлодог аймаг, сумдад Монголбанкны орон нутаг дахь салбарыг түшиглэн сорьцын лаборатори ажиллуулах шийдлийг хэлэлцэж байна.  
 
Энэ асуудлыг хэлэлцэх болсон нэг гол шалтгаан нь сүүлийн жилүүдэд иргэдийн тушаасан алтны хэмжээ өссөнтэй холбоотой. 2016 оны байдлаар иргэдийн тушаасан алт аж ахуй нэгжүүдийнхээс 4 тонн орчмоор илүү байна. 
 
Бичил уурхай эрхэлдэг иргэд, нөхөрлөлүүд Монголбанканд алтаа тушаах нь хэд хэдэн давуу талтай. Монголбанк саяхнаас Лондонгийн алтны зах зээлийн ханшаар алт худалдан авдаг болсон учир өндөр үнээр алтаа борлуулна.  Харин Лондонгийн ханш гэдэг бол дэлхийн ханш. 
 
 
 
 
Г.Даваадорж

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД