Эдийн засаг

Монгол улс, АХБ-ы түншлэлийн шинэ үе шат 250 сая ам.долларын санхүүжилтээр эхэллээ 2017-06-02 10:17

Монгол улс, АХБ-ы түншлэлийн шинэ үе шат нийгмийн халамж, банкны салбарын хямралаас сэргийлэх 250 сая ам.долларын санхүүжилтээр эхэллээ

Азийн Хөгжлийн Банкаас (AХБ)2017-2020 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх 1.2 тэрбум ам.долларын дэмжлэг бүхий түншлэлийн стратегийг, уг стратегийн хэрэгжилтийг эхлүүлэх 250 сая ам.долларын нийлбэр дүн бүхий бодлогод суурилсан хоёр зээлийн хамтаар тус банкны Захирлуудын зөвлөл баталлаа. Бодлогод суурилсан зээлүүд нь энэ сарын 24-ний өдөр батлагдсан Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хугацаанд хүн амын ядуу болон эмзэг хэсэгт чиглэгдэх нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хэвийн үргэлжлүүлэх, банкны салбарын тогтвортой байдал, оновчтой бүтцийг дэмжих зорилгоор олгогдож байгаа юм.
 
АХБ-наас ирэх дөрвөн жилд Монгол Улсад хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь эдийн засгийн хүндрэлийн үед хүртээмжтэй өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой бөгөөд дараах гурван стратегийн чиглэлээр хэрэгжинэ. Үүнд: (i) нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, (ii) эдийн засгийн төрөлжилтийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, (iii) байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх зэрэг болно. Дээрх зорилтуудад нийтлэг байдлаар хамаарах төрийн удирдлагыг сайжруулах болон жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд мөн анхааран ажиллана. Түншлэлийн стратегийн хэрэгжих хугацаанд АХБ-аас нэг жилд ойролцоогоор 300 орчим сая ам.долларын зээлийн санхүүжилтыг олгож байх бөгөөд үүний тал орчим хувь нь бодлогод суурилсан зээл байх юм.
 
“АХБ нь Монгол Улсын хөгжлийн гол түнш болохынхоо хувьд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа ололт амжилтууд дээр тулгуурлан энэхүү түншлэлийн стратегийг боловсрууллаа. Уг стратеги нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдтэй яв цав нийцсэн бөгөөд техникийн нарийн мэргэшил шаардах ярвигтай төслүүд рүү чиглэгдэнэ. Стратегийг боловсруулахдаа Олон улсын валютын сан болон Дэлхийн банктай нягт уялдаатай ажилласан болно” хэмээн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмен хэлэв.
 
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын огцом бууралт, эрдэс түүхий эдийн үнийн уналт зэргээс шалтгаалан Монгол Улсын эдийн засаг удааширч, 2011 онд 17.3 хувьтай байсан дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ний өсөлт 2016 онд 1 хувь болж буурсан. Эдийн засгийн өсөлт саарахын хэрээр төсвийн алдагдал ДНБ-ний 15.4 хувийг “залгиж” нийгмийн халамжийн зарим хөтөлбөрүүдийг танахад хүргэсэн. Энэ нь сүүлийн жилүүдэд ядуурлыг бууруулахад олсон амжилтыг үгүй хийж, хүн амын 35 хувийг эзлэх ядуурлын шугамын орчимд буй иргэдийг эргээд ядуурлын эгнээнд түлхэн оруулах эрсдэлтэй юм.
 
Эдийн засгийн удаашрал, төсвийн тэнцлийн сөрөг нөлөөллийг бууруулах 150 сая ам.долларын санхүүжилт бүхий бодлогод суурилсан зээл хэрэгжсэнээр нийгмийн халамжийн хөтөлбөрүүд төсвөөс хэвийн санхүүжигдэх нөхцөл бүрдэнэ. Бодлогод суурилсан зээлийн хүрээнд төсвийн удирдлага бэхжихийн зэрэгцээ одоо хэрэгжиж буй 71 нийгмийн халамжийн хөтөлбөрийн давхардал арилж, ядуу, эмзэг бүлгийн зорилтот хүн амд чиглэсэн халамжийг хүргэх боломжтой болох юм.
 
Эдийн засгийн өсөлтийг сэргээхэд Засгийн газрын өмнө тулгарч буй бас нэгэн сорилт нь чанаргүй зээлийн хувь хэмжээ нь өсч, төлбөрийн чадварт нөлөөлөхүйц хэмжээнд очсон банкны салбарыг сэргээх шаардлага юм. Бодлогод суурилсан хоёр дахь зээлийн 100 сая ам.долларын санхүүжилтээр Засгийн газраас хэрэгжүүлэх банкны салбар дахь бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэхийг дэмжиж, чанаргүй зээлийг бууруулах, банкны салбарын зохицуулалт, хяналт шалгалтыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд банкны салбарыг сэргээх төлөвлөгөөг Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх бөгөөд чанаргүй активын зохист удирдлага, борлуулалтыг хангана.
 
Филиппин Улсын Манил хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банк нь бүс нутаг дахь хөгжлийн түншлэлийн 50 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна. АХБ-ны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2016 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ 31.7 тэрбум ам.доллар байгаагаас 14 тэрбум ам.долларыг хамтын санхүүжилтээр олгосон байна.
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД