Аялал жуулчлал

Аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлсэн зарим туршлагаас 2017-06-27 13:22

Г.Жаргалмаа

Сүүлийн хэдэн арван жилийн турш аялал жуулчлал нь нийгэм,  эдийн засгийн өндөр өсөлттэй салбаруудын нэг болсон бөгөөд орчин үед аялал жуулчлал нь зугаа цэнгэл, чөлөөт цагаа өнгөрөөх арга төдий бус орон нутгийн хөгжилд эерэг нөлөөлөх хүчин зүйл болгон хөгжүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байна.

Ялангуяа тогтвортой аялал жуулчлал нь орон нутгийн ард иргэд, бизнес эрхлэгчдээс бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах, тэдэнд зориулан ажлын байр бий болгох замаар тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах хамгийн боломжит нөөц юм. Энэ нь орон нутгийн иргэдийн ажиллаж, амьдрах орчныг сайжруулж, мэргэжилгүй болон хагас мэргэшсэн ажиллах хүчийг чадавхжуулж, улмаар орон нутгийн соёл, байгаль, нийгэмд үзүүлэх шууд болон шууд бус нөлөөллийг эерэг болгох боломжтой Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тогтвортой аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлсэн олон орны шилдэг туршлага байдгаас дараах гурван улсын туршлагыг онцлон авч үзлээ. 

Бутан

Бутаны аялал жуулчлалын гол бүтээгдэхүүн нь үндэсний соёл, амьдралын хэв маяг, шашны баяр наадам, түүхэн дурсгалт газар, онгон байгаль. Нөгөө талаар олон улсад Бутаны нэр хүндийг өндөрт өргөсөн зүйл бол байгалийн нөөц, соёлын өвийг хэвээр хадгалан үлдэхэд онцгой анхаарч, орчин үеийн хөгжил дэвшилд болгоомжтой хандсан явдал юм. Өндөр үнийн тарифын бодлого барьсан нь олон улсын аялал жуулчлалд онцгой өвөрмөц туршлага болжээ. Одоогийн байдлаар Бутаны аялал жуулчлалын газраас тогтоосон хамгийн бага төлбөр нь жуулчдын улирал болох 3-4, 10-11 дүгээр саруудад өдрийн 200 ам.доллар, энгийн үед 165 ам.доллар байна. Энэ нь Бутаны аялал жуулчлалын салбарт ажиллаж буй бизнес эрхлэгчдэд бодит хөрөнгө оруулалт болдог. Мөн энэ нь орон нутгийн дэд бүтэц болон үйлчилгээний салбарыг хөгжүүлэх эдийн засгийн гол хөшүүрэг болдог ажээ. Хэдийгээр жил ирэх тусам Бутанд ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаа ч нөгөө талаар байгаль орчин, соёлын өвд үзүүлэх нөлөөллийг үнэлж, хянах хэрэгтэй болж байгаа бөгөөд Бутаны аялал жуулчлалын тогтвортой байдалд дараах асуудлууд тулгарч, тэдгээрийг шийдвэрлэжээ. Үүнд:

·Улирлын онцлог. Жуулчны улирал харьцангуй богино хугацаанд үргэлжилдэг.

·Бүс нутгийн тэнцвэргүй байдал. Газар нутгийн ихэнх нь уулархаг бүс нутагт оршдог.

·Бүтээгдэхүүний төрөлжилт хангалтгүй. Аялал жуулчлалын бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байснаар жуулчдаас ирэх боломжит орлогыг бүрэн олохгүй сул талтай. Бүтээгдэхүүний төрөлжилт хэдий чинээ олон байна тэр хэрээр орлогын хэмжээ нэмэгдэнэ. Ялангуяа тухайн орон нутгийн иргэдээс бий болгох аялал жуулчлалын бүтээгдэхүүн олон байснаар уугуул иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлнө.  

·Байгууллагуудын бүтэц зохион байгуулалт сул. Аялал жуулчлалын олон компани болон улсын байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоо, зохион байгуулалт сул байснаар жуулчдын сэтгэл ханамжид сөргөөр нөлөөлөх, харилцан адилгүй үнийн тарифтай байх зэргээр тодорхой бус байдлыг бий болгох сөрөг талтай.

·Орон нутгийн иргэдийн оролцоо дутмаг. Аялал жуулчлал гэдэг зөвхөн төрийн болон аялал жуулчлалын цөөн хэдэн компаниудын ашиг олох зах зээл мэтээр ойлгох хандлага нутгийн иргэдэд түгээмэл байдгаас гадна тэднийг хэрхэн оролцуулах нь ч бодлогын түвшинд тодорхойгүй байлаа.

·Аялал жуулчлалын нэгдсэн судалгааны сан хангалтгүй. Хэмжихгүй бол үнэлэхгүй, үнэлэхгүй бол сайжрахгүй гэдэг зарчмаар мэдээллийн нэгдсэн нарийвчилсан сан байхгүй байх нь салбарын цаашдын бодлого, төлөвлөлтийг боловсруулах, судалгаа хийхэд ихээхэн хүндрэл учруулж байв.

Дээрх асуудлуудыг шийдвэрлэж, аялал жуулчлалын тогтвортой байдлыг хангахын тулд Бутан улс дараах бодлогыг барьж ажиллажээ.

·Байгууллагын хөгжил. Тогтвортой аялал жуулчлалын бодлогыг хэрэгжүүлэхийн тулд тодорхой үүрэг, бүтэц зохион байгуулалт бүхий төр захиргааны байгууллага, нийгэмлэг холбоод байх шаардлагатай. Тэдгээрийг богино хугацаанд чадавхижуулах замаар аялал жуулчлалын хувийн хэвшлийг үр ашигтай ажиллахад нь дэмжлэг болж чадсан.

·Бүтээгдэхүүн хөгжүүлэлт. Жуулчдын сэтгэл ханамжийг өндөр түвшинд хүргэж, байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг эерэг байлгахын тулд бүтээгдэхүүний төрөл хэлбэрийг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагатай. Зорилтот жуулчдын тусгай сонирхлыг хангахуйц, давтагдашгүй шинжээ хадгалсан, өндөр үнэ цэнэтэй, улирлын нөлөөлөл багатай байлгахад анхаарч дараах чиглэлээр хөгжүүлсэн. Үүнд: Фото зураг, амьтан судлал, шувуу харах гэх мэт танин мэдэхүйн чиглэлийн аялал жуулчлалаар төрөл хэлбэрээ нэмэгдүүлсэн ба бүтээгдэхүүн хөгжүүлэлтдээ анхан шатны стандартын шаардлагыг тавьсан нь учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж байгаа юм.

·Маркетингийн стратеги. Зорилтот зах зээлийн зан төлөвийн онцлог, хэрэгцээ шаардлагад тулгуурлан аялал жуулчлалын бодлого, төлөвлөлтөө тодорхойлохоос гадна тэдний анхаарлыг татах онцгой зүйлийг төр, хувийн хэвшил хамтран тодорхойлох, түгээх, дүр төрхөө бий болгох стратеги баримталсан.

·Хүний нөөцийн хөгжил. Энэ нь зөвхөн аялал жуулчлалын салбарын асуудал төдийгүй улс орны хэмжээнд төлөвлөх хамгийн чухал хүчин зүйл юм. Үүний тулд дараах хүрээнд хүний нөөцийн хөгжлийг хангах бодлого баримталсан.

o   Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг мэргэшүүлэн бэлдэхдээ улсын бодлогод оруулж, төлөвлөгөөтэйгээр ажилласан

o   Харилцаа үйлчилгээний соёлоос гадна нутгийн түүх соёл, уламжлалаа төгс мэдэх хэмжээнд мэдлэг олгосон

o   Шаталсан хяналтын бүтцийг бий болгосон байна.


Танзани 

Аялал жуулчлалын оролцогч талууд болон орон нутгийн хооронд бүтээлч түншлэлийг бий болгож чадсан орнуудын нэг бол Танзани юм. Орон нутгийн жижиг дэн буудлын эзэдтэй зөв харилцаа тогтоож чадсанаар орон нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх эхлэл болсон юм. Орон нутгийн хөгжилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлтэйгээр зочид буудал барих, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгосон нь оновчтой алхам болжээ. Үүний ачаар орон нутгийн удирдлага аялал жуулчлалаас олох санхүүжилтийн эх үүсвэртэй болж, энэ орлогоороо нутагтаа шинэ зах зээл нээх, эмнэлэг, бага сургууль барихад зарцуулсан нь иргэдийн амьдралд бодитоор нөлөөлж эхлэв. Түүнчлэн орон нутгийн иргэдэд зориулсан англи хэлний сургалт, номын сан, археологийн судалгаа, түүхийн эд өлгийн соёлыг хамгаалах төслүүд хэрэгжүүлэх боломжтой болов.

Жуулчдаас авах төлбөрийн хэмжээг нарийн тогтоож өгсөн нь жуулчдын хувьд аялалын зардлаа тооцоход илүү хялбар болсноос гадна нэгдсэн үнийн системтэй болсон нь жуулчдад илүү их итгэл төрүүлэх болжээ. Аялал жуулчлалаас олсон орлогоороо орон нутгийг хөгжүүлэх сан байгуулж, түүнийг захиран зарцуулах хороог хоёр жил тутам сонгодог болжээ. Зочид буудлууд болон орон нутгийн иргэд, удирдлагын үр дүнтэй хамтын ажиллагааны ачаар Танзани сүүлийн 10 гаруй жилийн турш тогтвортой аялал жуулчлалыг амжилттай хөгжүүлсэн орнуудын нэг болжээ.  

 
Мальдив 

Сүүлийн 30 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбараа эрчимтэй хөгжүүлж байгаа улсуудын нэг бол Мальдивын Бүгд найрамдах улс юм. Энэтхэгийн далайд орших 26 шүрэн арал болон 1200 жижиг арлаас тогтдог газар нутагтай, 394,451 хүн амтай, халуун чийглэг уур амьсгалтай, далайн түвшнээс дээших дундаж өндөр нь 2.4м тул дэлхийн дулаарлаас шалтгаалж далайн түвшин дээшлэх, мөн шүрэн арлын шүрнүүд хөгширч буйтай холбогдож, живэх аюулд нэрвэгдээд буй. Анх 1972 онд 280 ортой хоёр зочид буудалтай байсан тус улс өдгөө аялал жуулчлалын салбараас жилд 600 сая ам.долларын орлого олж байна

2010 оны байдлаар тус улсад нийт 790,000 жуулчин ирж, Мальдивын ДНБ-ний 34.4 хувийг аялал жуулчлал, түүнтэй холбоотой бусад салбар бүрдүүлжээ[1]. Аялал жуулчлалын салбарын энэ амжилтаа тогтвортой аялал жуулчлалын бодлого барьж ажилласантай холбон тайлбарладаг. Мальдивын Засгийн газар байгаль орчны асуудал, жуулчдад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, нэр төрөл, стандартын хэрэгжилт, эрүүл ахуй, аюулгүй байдалд төвлөрөн аялал жуулчлалын бодлого, төлөвлөгөөг боловсруулдаг

1.      Бүс нутгийн хөгжлийн тэнцвэрийг хадгалах

2.      Тухайн салбарт ажиллаж буй хувийн компаниудад хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх

3.      Сургалт, судалгааны байгууллагуудыг хөгжүүлэх

4.      Ажиллах хүч, хүний нөөцийг хөгжүүлэх, мэргэшүүлэх

5.      Байгаль орчин ба аялал жуулчлалын зохицлыг хангах

6.      Аялал жуулчлалын салбарын маркетинг идэвхжүүлэлтийг эрчимжүүлэх

Сүүлийн мастер төлөвлөгөө (2007-2011) оныг хамруулан Мальдивын үндэсний хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан боловсруулсан бөгөөд аялал жуулчлалын салбарыг нийгмийн хариуцлагатайгаар хөгжүүлэх, тогтвортой аялал жуулчлалын жишиг загвар улс болох үндсэн зорилго дэвшүүлэн боловсруулж, зургаан зорилт дэвшүүлжээ. Үүнд:

1.      Тогтвортой өсөлтийг хангах

2.      Орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг ажил эрхлэх боломжоор хангах

3.      Дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэх

4.      Байгаль орчны тогтвортой байдлын хөгжлийг хангах

5.      “Мальдив” брэндийг хөгжүүлэх

6.      Хууль эрхзүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгоход анхаарал хандуулж, стратеги боловсруулж ажилласан байна. Мастер төлөвлөгөөнүүд нь хоорондоо уялдаа холбоотой байж, өмнөх төлөвлөгөөний үр дүнг хянах шалгуур үзүүлэлттэй байгаа нь илүү сайн хэрэгжих үндэс болжээ. Одоо дөрөв дэх мастер төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлж байна.

 

 


[1] Maldives Monetary Authority (2010)

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД