Эдийн засаг

Төр гэдэг бизнес... 2014-04-14 10:43

Л.Бямбаа

Эдийн засагч 

Оршил

Төр гэдэг бизнес гэхээр монголчуудын дийлэнх нь төрийн өндөр албан тушаалд томилогдож, улмаар албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө санхүүгийн болон санхүүгийн бус ашиг хонжоо олох гэж ойлгодог. Үнэн хэрэгтээ төр гэдэг нь шууд утгаараа тухайн улсын ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлдэг бизнес. Төрийн үйлчилгээнд хууль тогтоох, зохицуулах, хэв журам сахиулах, ард иргэдээ эрүүл байлгах, суурь дэд бүтцээр хангах гээд олон тооны нийгмийг бүхэлд нь хамарсан үйлчилгээ багтана. 
 
Нэгэнт бизнес юм бол тэгвэл төрд бизнесийн, өөрөөр хэлбэл ашигт, мөн үр ашигт ажиллагааны хуулиуд үйлчлэх ёстой. Улс төрч, төрийн албан хаагчид улс төр, тус бүрийн чиглэл салбарын мэдлэгээс гадна юуны өмнө менежер, бизнесмийн сэтгэлгээтэй байх ёстой. Тэгж үл чадваас төр дампуурна, төсвийн хямрал нүүрлэнэ. Учир нь улсын орлого татвараас бүрддэг, татварыг бид төлдөг, төр бидний мөнгийг аваад зөв, үр ашигтай зарцуулж үл чадваас төрийн функц доголдож бид төрийн үйлчилгээ авч чадахгүй болно. Төрийн бизнесийг амжилттай ажиллах үндсийг хувийн бизнесийн зарчмаар дүгнэн харъя.
 
Бизнесийн зарчим ¹1 Стратеги
Аливаа бизнесийн амжилтын гол үндэс стратеги байдаг. Тийм ч учраас бүх хувийн компани өөрийн ерөнхий стратеги, алсын хараа, бизнес төлөвлөгөөг тодорхой боловсруулан ажилладаг. Нэгэнт баталсан хойно стратеги төлөвлөгөөг компанийн бүх шатанд ягштал мөрдөж дэвшүүлсэн зорилгод  дор бүрнээ хүрэхийн төлөө ажиллаж байж үр дүнд хүрдэг.
Төрийн хувьд улс орны хэтийн хөгжлийн төлөвлөгөө нь үндсэн стратеги болох учиртай. Үндэсний хөгжлийн стратеги нэлээд урт хугацаагаар төлөвлөгдөж, түүнд нийцүүлэн харин намуудын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэргийг гаргах ёстой. 
 
Дэлхий нийтийн жишгээс харахад хөгжлийн стратеги төлөвлөлтөө сайн хийсэн улс орнууд онцгой амжилтад хүрсэн бодит жишээ олон байна. Тухайлбал, Сингапур, Өмнөд Солонгос, Макао зэрэг нь хэдхэн арван жилийн дотор гайхамшигт үсрэнгүй хөгжлийг хангаж чадсан байдаг. Эдгээр улсу үндэсний хөгжлийн стратегиа гаргаж түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллажээ. Улс орныхоо стратеги дээр суурилан компаниуд, муж улсууд, хотууд өөрсдийн стратегиа нийцүүлэн гаргасан байдаг. Жишээ нь, таван жилийн эдийн засгийн хөгжлийн стратегиа АНУ-ын Washington DC дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
 
Бизнест хамгийн таатай эдийн засаг 
Худалдааны шүүрэлтийг зогсоох 
Зүүн эрэг дэх технологийн хамгийн том төв 
Тухайн ангилалдаа хамгийн сайн эрүүл мэндийн төв 
Зорьж очдог сонголт болох 
Гадаад хөрөнгө оруулач, бизнес, жуулчдыг татах Хойд Америкийн тэргүүн хот болох 
100,000 шинэ ажлын байр, нэг тэрбум ам.долларын татварын орлого 
 
Монголын хувьд одоог хүртэл бүх нийтээр хүлээн зөвшөөрч, судалгаа шинжилгээн дээр тулгуурлан боловруулагдсан цогц бодлогын баримт бичиг алга. Тиймээс төр бүх нийтийн хүчийг нэгдсэн зорилго руу хөтөлж, чиглүүлж чадахгүй байгаа юм. Нам, яам, хувийн хэвшил, ард иргэд бүгд тус бүрийн үзэл бодол, хүсэл эрмэлзэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулж байгаа нь эцсийн нэгдсэн зорилгоо мэдэгхүй, ойлгоогүй, тул нэг алхам ахиж хоёр алхам ухарч байгаа мэт санагдана. 
 
Саяхнаас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төсөл яригдаж эхэлсэн бөгөөд уг хуулийн төсөлд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн эрх зүйн үндсийг тодорхойлж, уялдааг хангах, хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах зарчмууд багтаж байгаа аж. Энэ хууль батлагдвал цаашид нэгдсэн стратегиа боловсруулж батлах үүд нээгдэх нь.
 
Бизнесийн зарчим ¹2 Харьцангуй давуу тал, өрсөлдөөн
Ширүүн өрсөлдөөн дунд бусдаас ялгаран гарах онцлог шинж, харьцангуй давуу тал бол бизнес удаан хугацаанд тогтвортой, ашигтай ажиллах үндсийг бүрдүүлдэг. Тэр нь үйлчилгээний чанар, үйлдвэрлэлийн үр ашигтай байдал, маркетингийн арга техник, найдвартай байдал гээд юу ч байж болно. Жишээлбэл, Apple компанийн давуу тал нь бүтээгдэхүүн болгон шинэлэг хэрнээ, энгийн, өндөр чанартай байлгаж чаддагт оршдог. 
 
Тэгвэл Монголын давуу тал, бусад улс орноос ялгарах онцлог шинж чанар юу билээ? Үүнийг нарийн гаргаж ирж гадаад зах зээл дээр таниулснаар бид улсынхаа маркетингийг оновчтой хийж бусдаас илүү их хөрөнгө оруулалт татаж чадна. Монголын хувьд уудам газар нутаг, газар зүйн байршил, хоёр том зах зээлд ойрхон оршдог, залуу хүн амтай, зэвсэгт мөргөлдөөн, маргаан үгүй, ардчилсан нийгэм гээд тоочиж болно. Харин төрийн хувьд хувийн хэвшил болон хөрөнгө оруулагч нарт үйл ажиллагаа явуулахад таатай, шударга, тогтвортой орчин бүрдүүлэх нь ялгарах давуу тал бий болгох үндэс юм. 
 
Монголын өрсөлдөх чадварын үнэлэн дүгнэсэн цөөнгүй судалгаа байдаг бөгөөд манай улс төдийлэн өндөрт жагсаж чадахгүй байгааг бид мэднэ. Тиймээс стратегиа тодорхойлчихоод дараагийн хийх ёстой алхам бол өрсөлдөх чадвараа дээшлүүлэх явдал юм.
 
Бизнесийн зарчим ¹3 Санхүү, мөнгөн урсгал 
Бизнесийн амжилтын дараагийн чухал үзүүлэлт бол мөнгө, санхүүтэй шууд холбоотой. Орлого хэрхэн төвлөрүүлэх үү, үйл ажиллагааны үр ашгийг хэрхэн хамгийн өндөрт байлгах үү, мөнгөн урсгалын менежментийг хэрхэн оновчтой хийх,  хэдэн төгрөгний хөрөнгө оруулалт хийгээд хэдэн төгрөгний ашиг олох,  өнөөдрийн ашиг уу эсвэл ирээдүйн тогтвортой байдал уу зэрэг олон асуудал үүнд хамаарна. Мөн эдгээр асуудлыг хэрхэн шийдсэнээс компанийн ирээдүй үлэмж хамаарна.  Монгол компаниуд орлого, зардлын асуудлыг харьцангуй сайн шийдэж чаддаг ч мөнгөн урсгалын төлөвлөлт, мөн хөрөнгө оруулалтын удирдлагад алдаа гарах нь их. 
 
Төрийн хувьд санхүүгийн менежментийг ямар түвшинд хийж байгааг төсвийн гүйцэтгэл, төлбөрийн балансыг статистикаас харж болно. 
Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийн нэгдсэн систем ч гүйцэд бүрэлдээгүй байна. Төрийн хөрөнгө оруулалтыг
Санхүүгийн өгөөж авчрах төслүүд
Санхүүгийн өгөөж өгөхгүй төслүүд гэж ангилж болох бөгөөд санхүүгийн өгөөж өгч чадахгүй төслүүдийн хувьд нийгэм эдийн засгийн үр өгөөж асар өндөр байх ёстой. Санхүүгийн болон эдийн засгийн үр ашгийг тооцооны үндсэн дээр хамгийн өндөр өгөөжтэйг авч хэрэгжүүлэх нь төрийн мөнгөөр шийдэгдэх төслүүдээс хамгийн сайныг сонгох боломж бүрдэнэ.
 
Бизнесийн зарчим ¹4 Хүний нөөц
Бизнесийн хөдөлгөгч хүч, хамгийн чухал капитал нь хүний нөөц байдаг. Хүний нөөцийн удирдлага нь менежментийн урлагийн салшгүй нэг хэсэг мөн. Ажиллах хүчний тухайд үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлдэг. Энэ тогтолцоогоор дамжуулан цалин, урамшуулал, мөн үүрэг хариуцлагын асуудлыг тухайн ажилтны гүйцэтгэлтэй шууд уяж болдог. Жишээ нь, Америкийн том банкуудын захирлууд өндөр цалин, урамшуулал авдаг ч, банкны гүйцэтгэл муу байвал зохих хариуцлагаа шууд хүлээдэг. 
 
Манай төрийн албан хаагчдын хувьд цалин бага гэдэг нэрийдлээр ажил үүргээ сайн хийх, цаашилбал хариуцлага хүлээх соёл бараг байдаггүй. Ингэснээр үр ашиггүй зардал өндөр, ажлын гүйцэтгэл ч сул байна. Төр нэг төгрөг зарцуулаад хэдэн төгрөг олж байгаагаас нь төрийн албаны үр ашигт ажиллагааг тодорхойлж болох байх, харамсалтай нь сүүлийн жилүүдэд төсөв алдагдалтай гарч байгааг бид мэднэ. 
 
Дүгнэлт
Иймэрхүү байдлаар бизнес, хувийн салбараас авч хэрэгжүүлэх зарчим олон бий. Тухайлбал, манлайлал, харилцагчийн үйлчилгээ, бүтээгдэхүүний шийдэл зэргийг нэрлэж болно. Эдгээрийг авч хэрэгжүүлж чадвал “төр муу менежер” гэдэг ойлголтоос салж чадна.
 
Харамсалтай нь гэх үү, эмгэнэлтэй нь гэх үү дэлхий нийтийн давамгай сонгож хэрэгжүүлж буй зах зээлийн эдийн засагт үнэгүй юм гэж байдаггүй. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт заавал төлж таардаг. Төр биш бол татвар төлөгч төлж таарна, одоо үе биш бол хойч үе төлнө. Тиймээс бизнесийн үр ашиг, ашигт ажиллагааны зарчмыг төрийн салбарт түлхүү нэвтрүүлбэл хямралаас зайлсхийж, ухаалаг төрийн үндэс зөв тавигдаж, урт хугацаанд тогтвортой эдийн засагтай болох болов уу.
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД