Эдийн засаг

Монголын эдийн засгийн төлөв 2015 онд 2015-01-21 11:46

Л.Бямбаа

Дэлхийн эдийн засгийн төлөв

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн 2014 оны эцсийн гүйцэтгэл өмнө нь төсөөлж байснаас ялимгүй доогуур байдалтай хаагдахаар байна. АНУ-ын  эдийн засаг сэргэж байгаа хэдий ч энэ нь хөгжиж буй орнуудын, нэн ялангуяа, ОХУ-ын эдийн засаг буурсан, Хятад, евробүсийн гүйцэтгэл төсөөлж байсан хэмжээнд хүрээгүйтэй холбоотой байна.

 
2015 онд дэлхийн ДНБ-ий өсөлт дунджаар 2.2, АНУ 3, евробүсийнх 1.3, Хятадын эдийн засгийн өсөлт 7.0  хувь байх таамаг байна. Энэ нь оны эхэнд хийж байсан таамгуудтай харьцуулахад дэлхийн өсөлтийг бууруулсан байдалтай байна. Гэхдээ шатахуун түлшний үнэ огцом хямдарч байгаа нь 2015 онд зарим талаараа дэлхийн эдийн засагт сэргэхэд эерэг нөлөө үзүүлж болзошгүй байна.
 
Монголын эдийн засаг 
2014 онд 
 
Өнгөрсөн онд хамгийн их нөлөө үзүүлэх байсан Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн хэлцэл зургаадугаар сард хийгдэх байсан боловч дахин хойшилсон нь Монголын эдийн засаг дахь эмзэг байдлыг даамжруулав. 
2014 оны эцсээр ДНБ өсөлт нь 6.5 орчим хувь руу бууж ирэх төлөвтэй байна. 
 
Экспортын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр нэмэгдээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар байгаа тул ам.долларын дотогш чиглэсэн урсгал тоймтой байдлаар нэмэгдэж өсч чадахгүй байгаагаас ам.долларын ханш үргэлжлүүлэн чангарч түүхэн дээд хэмжээнд хүрч хаагдах нь. Харин гадаад худалдааны тэнцэл зэсийн экспорт нэмэгдсэн, импорт их хэмжэээгээр буурсан зэргээс улбаалан эерэг тэнцэлтэй гарах боломжтой боллоо.
 
Инфляцийн өсөлтийг тогтоох, ханшийг тогтворжуулах зорилгоор Монголбанкнаас мөнгөний хатуу бодлого хоёрдугаар хагаст явуулж эхэлсэн, мөн бизнесийн идэвхжил, эрэлт буурсантай холбогдуулан инфляцийн өсөлтийн хурд саарч жилийн эцсээр 12 орчим хувь болох төлөвтэй байна. 
 
 
2015 оны эдийн засгийн чиг хандлагад нөлөөлөх гол хүчин зүйлс
 
2015 онд эдийн засгийн төлөв байдалд хэд хэдэн хүчин зүйл голлох нөлөө үзүүлэхээр байна. Үүнд:
 
  • Улс төрийн тогтвортой байдал
  • Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал
  • Санхүүгийн салбарын нөхцөл байдал
  • Гадаад орчин
 
Өнгөрсөн он улс төрийн тогтвортой байдлыг хадгалж чадаагүй нь хугацаа алдах, шийдвэр гарахгүй удах, санхүүжилт хийгдэхгүй байх зэрэг байдлаар бизнесийн секторт сөрөг нөлөө үзүүлсэн. Шинээр байгуулагдсан шийдлийн Засгийн газар хүндрэлд орсон эдийн засгийг сайжруулах талаар хэр шийдэмгий арга хэмжээ авч чадах эсэх, мөн хэр тогтвортой тууштай ажиллаж чадах эсэх нь 2015 оны эдийн засгийн гүйцэтгэлд шууд нөлөөлнө. Одоогоор зах зээлийн болон хөрөнгө оруулагчийн итгэл улам сулрах хандлага ажиглагдаж байна. 
 
Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэхгүй байгаа нь бодит эдийн засагт үзүүлэх нөлөөлөл шууд утгаар бус, харин гадаад хөрөнгө оруулагчдын итгэл сэргэхэд гол саад болж байгаа учир сөрөг нөлөө үзүүлэх гол хүчин зүйл хэвээр байна. Хууль эрх зүйн орчин, татварын дэглэм зэрэг олон нааштай өөрчлөлт гарч байгаа хэдий ч гадаадын хөрөнгө оруулагчид Оюутолгойн шийдвэрийг хүлээж хөрөнгө оруулахаар яарахгүй хэвээр байна. 
 
Санхүүгийн салбарын тухайд банк, санхүүгийн байгууллагуудын зээлийн чанар болон төлбөр түргэн гүйцэтгэх чадварт хүндрэл гарч болзошгүй байгаа бөгөөд энэ нь даамжирвал эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх болно.
Гадаад орчны тухайд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ үргэлжлүүлэн буурах, эрэлт доогуур байх эрсдэл байгаа бөгөөд үүн дээр нэмэгдээд ОХУ-тай олон улсын болон бүс нутгийн геополитикийн тогтворгүй байдал нь томоохон эрдсэл үзүүлж болзошгүй юм.
 
2015 оны гүйцэтгэлийн таамаг
 
2015 онд Монголын эдийн засагт нөлөө үзүүлэх суурь болон улс төрийн хүчин зүйлсээс харахад гүйцэтгэл төдийлөн сайнгүй байх төлөвтэй байна. 
 
Учир нь эдийн засгийн үзүүлэлтүүд хүнд байгаа бөгөөд уг чиг хандлагыг өөрчлөх бодит боломж харагдахгүй байна. Төлбөрийн тэнцэлийн алдагдал, төлбөр гүйцэтгэх чадвар, төсвийн бүрдүүлэлт, санхүүгийн салбарын нөхцөл байдал, валютын ханш зэрэг нь сөрөг талдаа давамгайлах нь. 
 
2013-2014 оны эдийн засгийн өсөлтийг зарим талаар Засгийн газрын бондын санхүүжилтээр тэтгэж ирсэн бол 2015 онд тийм санхүүгийн эх үүсвэр, мөнгөн урсгал эдийн засагт орж ирэхгүй. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын чанартай дүнгийн дийлэнхийг танасан байгаа. Эдгээрээс дүгнэхэд, 2015 онд ДНБ-ий өсөлт тав орчим хувь руу орж ирэх, хэрэв том төслүүдийн асуудал шийдэгдэхгүй бол 2-3 хувь орчим болохоор байна.
 
Инфляци нийлүүлэлтийн гаралтай, энэ дотроо валютын ханшаас хамаарсан хүчин зүйлээс өсөлттэй байх боловч эрэлтийн талын хүчин зүйлс төдийлөн нөлөө үзүүлэхгүй гэж таамаглаж байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчийн хүлээлт сөрөг, бизнесийн идэвхжил суларсан, цалин орлого нэмэгдэхгүй, ажилгүйдэл өсөх орчинд хөрөнгө оруулалт, худалдан авалтын эрэлт, хэрэгцээ буурна. Харин Монголбанкнаас зохиомол мөнгө эдийн засагт нийлүүлбэл, инфляци огцом өсөх нь ойлгомжтой. Аль ч нөхцөлд, инфляци мөнгөний бодлогын зорилтот түвшнээс давах нь тодорхой байна.
 
Гадаад худалдааны тухайд экспортын голлох бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр төдийлэн  өсөхгүй хандлагатай байгаа учир хэдийгээр экспортын хэмжээ, ялангуяа зэсийн экспорт нэмэгдэх төлөвтэй боловч мөнгөн дүнгээр орлого их хэмжээгээр нэмэгдэхэд хүндрэлтэй. Харин бизнес, хэрэглээний эрэлт муу байгаагаас импортын хэмжээ ялимгүй буурч тогтворжих магадлал байна.
 
Ам.долларын ханш огцом чангарахгүй, харьцангуй тогтвортой байх боломжтой гэж үзэж байна. 
 
Чанаргүй зээлийн хэмжээ, ялангуяа цалингийн зээлийн болон долларын зээлийн чанаргүйдэлт цаашид нэмэгдэх төлөвтэй байна.
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Баггүйи 2015 оны12 сар / 05 19:50

хуху

Энхбаяр 2015 оны04 сар / 05 14:07

Баярлалаа