Инноваци

Надад илүү дээр санаа байна 2015-05-22 09:38

Ц.Элбэгсайхан

Өнөөдрийн дэлхий ертөнцийн хүчирхэг эдийн засгуудыг инноваци л бий болгожээ. Тийнхүү мөн тэдгээрийг инноваци л авч явах ажээ. Монгол Улс инновацийн тухай бие даасан хуультай, эрх зүйн орчинтой. Дэмжинэ, түшнэ, тулна, хөнгөлнө, чөлөөлнө гэж олон жил ярьсан. 
 
Нэг товчлууртай гар утас бүтээх тухай ярианд хэн ч итгэдэггүй байхад зориглон эхлүүлсэн төсөл өдгөө АНУ-ын эдийн засгийг үүрч явах хэмжээнд хүрчээ. Айл бүр компьютертэй болох хэрэгцээ байхгүй гэдэг итгэл үнэмшил бат тогтвортой байсан цаг үед Стив Жобс, Стив Возняк гэгч хоёр хүн “Алим” гэдэг анхны хувийн хэрэглээний компьютерийг бүтээж байсан нь өнөөдрийн “Apple” компанийн үндэс болсон. Хэнри Форд гэгч хүн граждаа машин зохион бүтээсэн гэх зэрэг олон түүхийг бид мэднэ. 
 
Инновацийн нэгэн гайхамшиг нь ирээдүйн тухай бидний төсөөллийг маргааш бодит амьдралд авч ирдэгт байгаа юм. Нарны эрчим хүчээр өөрийгөө цэнэглэдэг төхөөрөмжүүд тэнгэрээр нэг нисч хотыг бүхэлд нь “wi fi” интернэтийн бүс болгох (Facebook), зөвхөн лифтний тусламжтайгаар дэлхийн татах хүчнээс хальж гарах (Google) этгээд санаанууд биелэх боломжгүй гэж мэтгэх аргагүй цаг үе иржээ. 
 
Инноваци эдийн засагт хэчнээн чухал үүрэгтэйг хэдийнэ мэддэг болсон хөгжингүй орнууд өнөөдөр цагаан дээр хараар бичсэн хэдэн хуудас албаны баримт бичгээс илүү бодитой санал, санаачлагуудыг хэрэгжүүлэх болжээ. Үүний нэг жишээ нь Массачусетсын технологийн институтын туршлага байна. Институтын санаачлагаар технологийн инновацийн компаниудын кластер бий болгожээ. Нэг хэсэг зурвас бүсэд зөвхөн инновацийн санаа хөгжүүлэгч компаниуд бөөгнөрч зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн, амьдралыг хялбарчилсан олон бүтээгдэхүүн зах зээл рүү нийлүүлэх болжээ. 
 
Ерөөс гадаад, дотоодын томоохон их, дээд сургуулийн эрдэмтэн профессоруудын өгч буй зөвлөгөө нь инновацийн “экосистем”-ийг бий болгох хэрэгтэй гэж буй. Эрх зүйн орчин чухал боловч инноваци бойжиж, хөгжиж байх таатай орчин нөхцлийг байгуулах хэрэгтэй аж. Өөртөө илүү дээр санаа тээж яваа хувь хүн, компаниудыг өөр хооронд холбож,бие биенээ дэмжиж ажиллах боломжоор хангах тал дээр бид дутуу ажиллаж байна. 
 
Энэ нь монголчууд сансарт нисэх шинэ арга нээх тухай асуудал биш юм. Инноваци заавал их мөнгө зарж, том төсөл хэрэгжүүлэх шаардлагагүй ч их ашиг авч ирдэг байна. Хэрэв инновацийг нутагшуулах нь бид гаднын дэвшил, хөгжлийн зөвхөн бишрэгч байх аа больж, хөгжлийн  мөрөөр мөшгих бус дөт замыг сонгож байгаа явдал. “Залуу зохион бүтээгч” төслөөс жил бүр шалгарч, олны хэрэглээ болсон сайн бүтээгдэхүүнүүд хамгийн ойрын жишээ. Түүнээс гадна Никкел Гамбаа, Чой Хайнзан зэрэг нэр өнөөдөр бидэнд танил болж. Та бас Монгол залуучууд ухаалаг утасны утасгүй цэнэглэгч бүтээж Америкийн зах зээлд нийлүүлсэн, гэрийн автоматжуулалт хамгаалалтын систем зохион бүтээж буй тухай мэдээллийг олж үзсэн байх. Хэрвээ сайн судалж үзвэл Монгол эрдэмтэн, инженерүүдийн олон гайхалтай бүтээл дэлхийн тавцанд хүрснийг олж мэдэх болно.
 
Техникийн шинжлэх ухааны доктор Д.Баяр “Бид дотооддоо компютер үйлдвэрлээд хол явахгүй. Харин хаана ч байхгүй компютерын санаа, хэлбэр загвар гаргаж чадвал дэлхийн үйлдвэрлэгчид өрсөлдөөд л авна” хэмээсэн. Тэрбээр үүгээрээ инновацийн санаа худалдан авдаг компаниуд баруунд олон байдагийг хэлж буй. Гайхалтай санаагаа өөрөө хэрэгжүүлэх боломжгүй байв ч түүнийг чадах нэгэн нь хэзээд дэмжихэд бэлэн хүлээж байдаг аж.
 
Эцэст нь дүгнээд хэлэхэд танд илүү дээр санаа байгаа л бол түүхийг өөрчлөх, хөгжлийг хурдасгах боломж хаана ч байдаг. Дэлхийг өөрчлөх санааг та хаанаас ч олж болно. “Strodtbeck” компанийн захирал Томас Стродтбекийн хэлснээр шинийг санаачлагчдад шийдэл бий. 
 
Хэрвээ хэн нэг нь “надад илүү дээр санаа байна” гэж бусдыгаа уриалан дуудаагүйсэн бол хүн төрөлхтний хувь заяа хаашаа эргэх байсан бол доо... 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД