Хүний хөгжил

"Нэг Ази" уриан дор нэгдсэн залуус юуг онцлов 2015-05-22 11:09

О.Түвшин

Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Чуулга Улаанбаатар хотноо боллоо.

Уг арга хэмжээ хэвлэл мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байж чадлаа. Сэтгүүлчдийн асуултанд хариулах гадаадын төлөөлөгчдийн тоо хангалтгүй мэт санагдаж, арга хэмжээ бүтэн гурван өдрийн турш болсон хэдий ч цааш үргэлжлэх хэрэгцээ шаардлага байгаа мэт санагдуулам уур амьсгал бүрдсэн байв. Үүнээс гадна, гаднын төлөөлөгчид арга хэмжээг зохион байгуулагч болон Монголын талыг энэхүү үйл ажиллагааг амжилттай зохион байгуулсан талаар магтах сайшаалын үгийг багагүй хайрлалаа.

Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Чуулган тавдугаар сарын 18-21-нд болов. Уг арга хэмжээг "Нэг Ази" уриан дор Монголын Залуучуудын Холбоо, Монгол Улсын Засгийн газар болон Азийн Залуучуудын Зөвлөлтэй хамтран зохион байгуулсан юм.
 
Азийн өнцөг бүрээс ирсэн 600 гаруй төлөөлөгч боловсрол, ажил эрхлэлт, эрүүл мэнд болон жендер, тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын гүйцэтгэх үүрэг мөн залуучуудын бодлого болон хөтөлбөр сэдвийн хүрээнд хуралдахаар Улаанбаатар хотод цугларчээ. Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч, Дэлхийн Залуучуудын Чуулгын дэд ерөнхийлөгч А.Мөнхбат арга хэмжээг удирдсан бөгөөд төлөөлөгч нарын хамтаар Чингисийн талбай дээр "Нэг Ази" гэсэн үгэн хэлбэрт орж жагсав. Дэлхийн залуусын чуулга нь олон улсын залуучуудын байгууллагын зохицуулах байгууллага аж. Уг байгууллага 1949 онд байгуулагдсан ба НҮБ-ын хэд хэдэн байгууллагатай нягт холбоотой хамтран ажилладаг.
 
Тусгайлсан сэдвээр таван салбар хуралдаан болсон бөгөөд оролцогчид илтгэл тавьж, хэлэлцүүлгийн талаар санал бодлоо хуваалцлаа. Тодруулбал, боловсрол болон ажил эрхлэлтийн хоорондын уялдаа сул байгаа талаар ярилцсан юм. Ахлах сургууль, их сургууль төгсөгчдөд сургуулийн ширээнээс ажлын байр луу шилжих тал дээр дэмжлэг сул, нөөц бололцоо хомс байгаа талаар дурьдав. Мөн туршлагажуулах, дадлага, ажил мэргэжлийн зөвлөгөө өгөх салбарыг зохион байгуулалтад оруулж залуучуудыг ажлын байрны зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц ур чадвар мэргэжилтэй болгохын тулд Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэй хэмээн уузалтад оролцогчид санал дэвшүүллээ. 
 
Харин тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын гүйцэтгэх үүрэг салбар хурлаар мэргэжилтнүүд улс төр дахь залуусын оролцоог эрчимжүүлэх хэрэгтэй гэв. Өнөөдрийн байдлаар дэлхий дээр ойролцоогоор 1.8 тэрбум 25-иас доош насны залуус амьдарч байна. Ялангуяа хөгжиж буй орнуудад 25-аас доош насны иргэдийн эзлэх хувь өндөр байх хандлагатай байдаг. Афганистан улсад л гэхэд нийт иргэдийн 67 хувь залуус байдаг аж. Харин Монгол Улсын хувьд 25-аас доош насны залуус нийт иргэдийн 47 гаруй хувийг эзэлж байна. Бангкок дахь НҮБХХ-ийн мэргэжилтэн Бениам Гебрезги хэлэхдээ "Хэрэв залуучууд улс төрийг сонирхохгүй байх аваас энэ нь том асуудал" гэлээ. Гэвч залуусыг нэг улс төрийн бүлэгт авч үзэх нь буруу гэж тэрбээр хэлсэн юм. Залуусын зарим нь өндөр боловсролтой, зарим нь шашинлаг байхад зарим нь шашингүй мөн зарим нь бусдаасаа илүү хөрөнгөтэй байдаг. "Залуусыг бүгдийг нь нэг бүлэгт авч үзэх нь эндүүрэл" гэж Гебрезги хэлэв. Дэлхийн хэмжээнд залуусын улс төрийг сонирхох сонирхол бага байгаа. Залуус улс төрийн нам, төрийн бус байгууллагад харьяалагдах хувь доогуур байгаа хэдий ч залуус онлайн хэлбэрээр эсвэл улс төрөөс өөр хэлбэрээр эсэргүүцлээ идэвхтэй илэрхийлж байна.
 
Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх хугацаа энэ жил дуусгавар болно. Зорилтод тусгасан найман гол зорилгод дэвшил гарсан боловч хийх дутуу олон зүйлс байсаар л байна. Тогтвортой хөгжлийн зорилт нь 2015 оноос өмнөх хөгжлийн зорилтуудын залгамжлагч болох юм. Тогвортой хөгжлийн зорилтод 17 зорилгыг дэвшүүлж байгаа бөгөөд 169 зорилтот бүлэг мөн 304 заалтыг агуулж буй аж.
 
Залууст чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхэд хамгийн чухал болох асуудлуудын талаар Дэлхийн Залуучуудын Чуулгын дэд ерөнхийлөгч Прэй Жером Кэтабу-Браун хэлэхдээ "Хамгийн чухал асуудал бол санхүүжилт. Бидэнд маш олон гайхалтай санаа байгаа боловч санхүүжилтгүй бол энэ бүгд ердөө санаа хэвээр л үлдэнэ" гэв. Тиймээс ч санхүүжилтийн талаарх асуудлыг салбар хуралдаан тус бүр онцолж ярьж байсан юм.
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД