Ертөнц

Агаарын тээврийн өчигдөр ба өнөөдөр 2015-06-03 09:57

Б.Энхмөнх

Та онгоцоор нисэхээс айдаг уу? Айж байна уу? Хаа нэгтэй осолдчих болов уу хэмээн бодож байсан удаа бий юү? 
 
Тэгвэл салбарын судлаачдын үзэж байгаагаар бол бид иргэний нисэхийн хамгийн аюулгүй цаг үед амьдарч байгаа аж. Гэвч өнгөрсөн оны байдлаар агаарын тээврийн ослоор 700 гаруй хүн амь үрэгдсэн гэсэн тоо гарчээ. Тухайлбал, Малайзын “MH 370” онгоцор сураггүй алга болсон бол тус компанийн “MH 17” нислэг Украйны нутаг дэвсгэр дээр осолдсон харамсалтай хэрэг гарсан. Эдгээрээс төд удалгүй Алжирын “Air Algerie 5017” цөлд унаж, зорчигчид, нислэгийн багаас нэг ч хүн амьд үлдээгүй билээ. Саяхан хүртэл Малайзад бүртгэлтэй “Air Asia” компанийн QZ8501 нислэг далайд осолдож 162 хүний амийг авч одсон. 
 
Ердөө 138 өдрийн дотор энэ бүгд болж өнгөрсөн бөгөөд үүний улмаас 700 гаруй зорчигч, нислэгийн багийнхан золгүй ослоор алтан амиа алдсан. Энэ  явдал агаарын тээврийн аюулгүй байдалд эргэлзэхэд хүргээд буй. Дэлхий нийт улирсан он нисэхийн салбарт хамгийн халтай жил байв уу хэмээн асууж байна.
 
Нислэгийн аюулгүй ажил­ла­гааны сүлжээний статистик мэ­дээлэлд 2014 онд иргэний агаарын тээврийн 12 осол гарч, улмаар 761 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн гэсэн тоо дурьджээ. 
 
Вашингтоны Нислэгийн аюул­­­гүй ажиллагааны байгуул­лагын Олон улсын төслийн захирал Руди Кэвэдо хэлэхдээ “Ослын давтамжийн талаарх мэдээлэл цуглуулах бүрэн боломжтой ч нягтлахад маших хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулна” гэсэн юм. 
 
Иргэний агаарын тээвэрт хамгийн халтай жилээр 1972 он хэмээн бүртгэсэн байдаг. Тус онд 2429 хүн нисэх онгоцны ослоор нас баржээ. Тухайлбал, ОХУ-ын Аэрофлотын 217-р нислэг төдийгүй Испанид унасан Конвэйр 990 онгоцны осол маш олон хүний амийг авч одсон байдаг. Сүүлийн жилүүдийн мэдээллээс үзэхэд нисэхийн сал­барт том хэмжээний ослын тоо харьцангуй багассан аж. Тус тооцоог гаргахын тулд нисэх урсгалыг хянах мэргэжилтнүүд дэлхийн бүхий л онгоцны буудлаас ирж, очих нийт онгоцны тоог гаргадаг байна. Үүний дараагаар нийт нислэгийн тоог тухайн жилд гарсан ослын үзүүлэлтэд хувааж тухайн жилийн индексийг тайлагнадаг. Тухайлбал, 2013 онд 1.0 сая нислэгийн дунджаар 0.24 хувь нь осолдох магадлалтай гэж гарч байжээ. Энгийнээр хэлбэл, тус онд онгоц осолдох магадлал нэг буюу түүнээс бага байсан гэсэн үг. Вашингтоны Нислэгийн аюулгүй ажиллагааны байгууллагын Олон улсын төслийн захирал Руди Кэвэдо “Энэ үзүүлэлт том хэмжээний осол гарах магадлал маш бага гэдгийг нотолж байна” гэсэн юм. Тэгвэл Швейцарийн “Aviation Advocacy” стратегийн зөвлөх фирмийн удирдах зөвлөлийн дарга Андрю Чарлтон “Онгоцоор зорчигчдын хувьд нисэхээс илүү аюултай зүйл нь онгоцны буудал руу машинтайгаа явах” гэжээ.
 
Хамгийн их амь эрсдэж байсан жилүүдэд дэлхийд томоохонд тооцогддог ослууд багтаагүй байдаг нь хачирхалтай. Тухайлбал, 1977 онд Испанийн Тенериф арлын агаарын зурваст нисэж байсан хоёр онгоц мөргөлдөж 583 хүн амь үрэгджээ. Харин 1946 оноос хойших “хамгийн аюулгүй жилүүдэд” жилд 11-21 осол гарч 224-627 хүн амь насаараа хохирсон гэсэн баримт байна. Кэвэдо “Осол гарахгүй байна гэдэг боломжгүй зүйл гэж бодож байна. Гэхдээ аюулгүйн байдлаас харвал засаж, залруулах зүйлс үргэлж гардаг. Агаарын тээврийг илүү найдвартай болгох боломж бас шаардлага бий” гэсэн байна. 
 
Мэргэжилтнүүд нисэхийн салбарын таагүй үзүүлэлт буурсаар байгаа нь техникийн дэвшил, холбоо харилцаа сайжирсан, мөн smart буюу ухаалаг үйл ажиллагаа, удирдлагын систем нэвтэрсэнтэй холбон тайлбарлаж байна. Дэвшилт технологи олон сая хүний аюулгүй зорчих тасалбар болж байгааг Кэвэдо учирлав. Тэрбээр “Аюулгүй байдлаас авч үзвэл иргэний тээвэрт зориулан зохион бүтээсэн нисэх онгоц гэнэтийн аюул, тухайлбал пуужингаас зайлж бултах зориулалттай биш. Иймд энэ төрлийн халдлагаас үүдсэн ослоос улбаалж тус салбарын аюулгүй байдалд эргэлзэх, ямар нэг дүгнэлт гаргах нь учир дутагдалтай” хэмээн онцолжээ. Түүний хэлснээр олон улсын иргэний агаарын тээврийн салбарын үйл ажиллагаа тогтвортой явж буй. 
 
Өнгөрсөн жилүүдэд иргэний агаарын тээврийн салбар дуулиант бас таагүй мэдээллээс хол тойроогүй. Гэхдээ энэ онд байдал өөрчлөгдөж салбарын хувьд чихэнд чимэгтэй мэдээ дуулгах бололтой. Тухайлбал, Airbus А350 XWB загварын шинэ онгоц 2015 оны арванхоёрдугаар сарын 22-нд анхны захиалагч болох “Qatar Airways” компанид харьяалагдах аж. Улмаар 2016 оны нэгдүгээр сард зорчигчдоо хүлээн авах юм байна. Тус онгоц аэродинамикийн хувьд далавчаа хамгийн үр дүнтэйгээр ашиглаж чаддаг болсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. 
 
Түүнчлэн шинэ загварын Боинг 787 онгоц захиалагчдынхаа гарт очсон төдийгүй дараачийн загвар болох 787-10 загвараа Боинг компани 2018 оноос гаргах төлөвлөгөөтэй байгаа аж. 
 
 
 
 
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД