Эдийн засаг

Оюутолгойн тохиролцоо бол өвчилсөн эдийн засагт эмчийн зөвлөсөн эм 2015-06-10 10:03

Терренс Эдвардс

Зэсийн аварга уурхай Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт урагшлахаар болсон нь Монголын эдийн засагт 2011, 2012 оны тэсрэлтэт үе эргэн ирэх нь хэмээх өөдрөг төсөөллийг олон хүнд төрүүллээ. Гэвч  Оюутолгой нь эдийн засгийн өсөлт нэмэгдэж, Монголбанк хүртэл зайлсхийж буй санхүүгийн хямралаас гарахад тусалж болох ч огцом эргэлт лав авчрахгүй нь бололтой. 
 
Гүний уурхайн босоо амуудыг босгох ээлж дараа бүхий ажлуудад Рио Тинто зургаан тэрбум ам.долларыг хөрөнгө оруулахаар зэхэж буй нь тус уурхайн насыг 50 жилээр уртасгах учиртай. Төсөв тартагтаа тулж буй энэ үед дээрх хөрөнгө оруулалт нь амин чухал мөнгөний нийлүүлэлт болж буй. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, тавааруудын ханш доошилж буй энэ үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эдийн засгаа эргүүлэн сэргээхийн тулд Монгол Улсын томоохон уул уурхайн төслүүдийг шат дараалан урагшлуулна хэмээн амласан. 
 
Монгол Банкны ерөнхий эдийн засагч С.Болд “Бидний үзэж байгаагаар бол, том төслүүд хөдөлбөл, гадаадын хөрөнгө оруулалт ч мөн адил сэргэнэ. Ингээд Төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал ч дагаад дээшилнэ” гэв. 
 
Монголын талын албаны хүмүүс өнгөрсөн сард дэлхийн хэмжээний уурхайч Рио Тинтотой хоёр жил маргалдсаны эцэст тохиролцож чадсанаа илэрхийлж, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хөтөлбөрт гарын үсэг зурсан. 
 
Рио Тинто Туркойз Хилл Ресурсаар дамжуулан буюу шууд бусаар Оюутолгойн уурхайн 66 хувийг эзэмшдэг. Харин Монголын Засгийн газар үлдсэн 34 хувийг эзэмшдэг билээ. Дээрх хоёр талын хэлцлийн үр дүнд Риогоос нэхэж байсан 30 сая ам.долларын татварын маргааныг шийдэж, ил уурхайн бүтээн байгуулалтын зардал анх төлөвлөсөн 6.5 тэрбум ам.доллараас давсан гэх асуудлыг мөн эцэслэсэн. 
 
Гэсэн ч Монгол Улс Оюутолгойгоос ер нь олигтой ашиг хүртэж чадах уу үгүй юу гэдэгт эргэлзэх хүмүүс цөөнгүй байна. Зарим улс төрчдийн үл итгэгч үзэл баримтлалыг эс тоон, сайд Ч.Сайханбилэг Монгол татвар, төлбөрүүдээр дамжуулан 55 хувийн ашиг хүртэнэ гэж хэлсэн.
 
Шинэ тохиролцоо монголчуудын хүсэж байсан зарим нөхцлүүдийг мөн тусгаж өгсөн байгаа. Тухайлбал, Торонтогийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Туркойз Хиллийн хайлшийн борлуулалтаас авах хоёр хувийн татварыг “Net Smelter Return” (угаах, хайлуулах, баяжуулах зардлууд болон тээврийн зардлыг хассаны дараах хайлшийн борлуулалтаас авах рояалти) тэглэсэн байна.  Одооноос эхлэн борлуулалтын нийт бохир орлогоос л таван хувийн рояалтиг бодож Монголын тал авч байх аж. 
 
Харин  менежментийн төлбөрийн тухайд  гүний уурхайн хувьд зургаа биш гурван хувь байхаар тохиролцсон. 
 
Алга урвуулахтай адилгүй
 
Оюутолгойн үр нөлөө алга урвуулахтай адил байхгүй.  Оюутолгойн талаас Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр Техник эдийн засгийн үндэслэлээ батлуулах дутуу байгаа. Үүний дараа дөрвөн тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн багцын хүрээнд нөхцлүүдийг Олон улсын санхүүжилтийн корпорацитай тохирох хэлэлцээрийг дахин хийх ёстой болж буй.  
Бүтээн байгуулалтын ажлыг хөдөлгөх болон зөвшөөрлүүд авах хугацааг харвал, энэ жилдээ багтаж барилга байгууламжийн ажил эхлэх эсэх нь асуултын тэмдэг дагуулж байна. 
 
Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Азийн хөгжлийн төлөв-2015” тайлангаас харахад  энэ жил Монголын эдийн засаг гурван хувиар өсөх тооцоо байгаа бөгөөд Оюутолгой энэ төлвийг өөрчилж чадна гэдэгт төдийлэн итгэхгүй байгаа нь харагдаж байна. Үүний оронд тус уурхай өсөлтийг таван хувь хүртэл өргөж магадгүй гэж таамаглажээ. 
 
Жилдээ хэдэн их наядаар тоологддог эдийн засагтай хөгжингүй орнуудын хувьд таван хувийн өсөлт маш өндөр үзүүлэлт. Харин Монгол шиг 12 тэрбум ам.долларын эдийн засгийн хувьд дээрх таван хувийн өсөлт гэдэг өмнөх жилээсээ 600 сая ам.доллар л илүү байна гэсэн үг аж.  Энэ нь 2011 болон 2012 оны 17.5 болон 12.3 хувийн өсөлттэй тэлэлтийн жилүүдээс тун хол байгааг харуулж буй. 
 
Тогтворжсон эдийн засаг
 
Хэдийгээр эдийн засаг чамгүй ачаалалтай байгаа ч Монгол Банкны С.Болдын мэдээлснээр бол илааршлын зарим шинж тэмдэг илрээд эхэлчихсэн гэнэ. Нэгдүгээрт, арилжааны банкууд нэг үеэ бодвол Төв банкны гадаад валютад төдийлэн их найдаад байдаггүй болчихсон. “Үндсэндээ гадаад валютын эрэлт одоогоор байхгүй байгаа гэхэд болно” хэмээр тэрбээр мөн хэлсэн билээ.  Жилээр нь харвал 1.3 тэрбум ам.доллартай тэнцэж буй гадаад валютын нөөцөд өгч буй дарамтыг дээрх хүчин зүйл багасгаж байгаа юм. 
 
Болдын хэлж байгаагаар бол Төвбанкид зургаан сарын импортын хэрэглээг төлөх хэмжээний гадаад валютын нөөц байгаа гэнэ. Энэ нь олон улсын стандарт болох гурван сарын импортын хэрэглээг даах хэмжээний нөөцөөс даруй хоёр дахин их юм. 
Монгол банк 2014 онд илүү чанга эдийн засгийн бодлого танилцуулж, бодлогын хүүгээ өсгөсөн. Бодлогын хүүг 2014 оны долдугаар сард 12.5 хувь болгон нэмэгдүүлсэн бол энэ нэгдүгээр сард 13 хувь болгосон билээ. Үүнийг дөрөвдүгээр сард Бодлогын зөвлөл дахин хуралдахдаа өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн. 
 
“Энэ улс амьдрах хэрэгтэй байна. Энэ улс зөөлөн газардах хэрэгтэй байна” гэж С.Болд хэлж байна. 
 
Одоогийн урсгал дансны алдагдлыг ДНБ-ний найман хувьд хүргэж багасгасны дараа Монгол Улс энэ жилийн нэгдүгээр улиралд худалдааны ашигтай гарлаа. Гэсэн ч гаднаас худалдаж авч буй бүтээгдэхүүний эрэлт буурч, хазайлт үүсгэсэн нь эдийн засаг суларч буйн бас нэг шинж тэмдэг. Энэ жилийн нэгдүгээр улиралд импорт нийт 32 хувиар буурчээ. 
 
Оюутолгой байсан байгаагүй, Монгол Улс 3-4 хувийн тогтвортой өсөлт рүү зогсолтгүй чиглэж байгаа гэж Болд хэлж буй. Монгол улс цаашид Хөдөө аж ахуй, Барилга гэх зэрэг салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбар гэж илүү үзэж, тэдэнд давхар найдаж явна хэмээн тэрбээр мөн хэллээ. 
 
Түүний хэлж байгаагаар бол, Тавантолгой, Оюутолгой тэргүүтэй уурхайнуудад орж ирж буй хөрөнгө оруулалт нь Монголын эдийн засгийн өсөлтийг найман хувь хүртэл өсгөж чадахаар аж. Гэхдээ Төвбанкны ДНБ-ий өсөлт 4-6 хувьд байна гэсэн таамаг өөрчлөгдөхгүй гэнэ. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД