Хүний хөгжил

Эдийн засаг

Тэдний хог бидний ажил 2015-07-06 08:58

И.Отгонжаргал

Хавар гэдэг ааш муутай хачин улирал. Саяхан л нар гарч, хаа нэгтээ болжмор жиргэж байсансан. Харин одоо салхи исгэрч, тэнгэр харанхуйлах аж. /2012 оны дөрөвдүгээр сарын 11-ны  лхагва гариг,  07:30 цаг/

Салхи гэр хорооллын хог, тоос, үнсийг хийсгэнэ. Нүүрээ алчуураар битүүлж, гартаа хар дэвтэр барьсан бүсгүй айлуудын хашааны хаалгыг балбаж “Хогоо гаргаарай” хэмээн хоолой мэдэн хашгирах ажээ. Зарим хашааны цаанаас “За” гэх дуун хадаж байхад заримаас нь нохой хуцахаас өөр чимээ алга. Чингэлтэй дүүргийн XII дугаар хорооны 16 дугаар хэсгийн ахлагч Ц.Нямсүрэн хогны машин ирэх сургаар хэсгийнхээ айлуудад урьдчилан мэдэгдэж байгаа нь энэ. Хэсгийн ахлагч бүсгүй өөрийн хариуцаж авсан хэсгийн 300 гаруй өрхийн хаалгыг хар өглөөнөөс хойш балбаж хоолойгоо сөөтөл орилсоор. Нямсүрэн “Миний хашгирах дуунаар Хайлаастын зарим иргэн уул давуулж, хогоо манай энд орхичихдог сурагтай” гэв. Тэрбээр 09:30 цагт хогны машин ирэхээс өмнө бүх айлаараа явах хэрэгтэй хэмээн яаран одлоо.

 

Хог ачих “урлаг”

 

Хүнд даацын “камаз” маркын машин дохиогоо хангинуулж, гэр хорооллын нарийн зам дээр түгжрэл үүсгэн уухилна. Хар өглөөгүүр хаа нэгтэйгээс сархад олоод хүртчихсэн нэгэн эр улаан зам даар унаад өгч. Том машины чанга дохиог ч мэдэх сөхөө алга. /Өглөөний 09:45 цаг/

 

Хогны машины ачаан дээр хоёр залуухан эр зогсох бөгөөд ажлын муу хувцас өмсөж, саравчтай малгай духдуулж, амны хаалт зүүжээ. Тэднийг иргэн Б, иргэн О гэдэг. Залуусыг нэрний эхний үсгээр ийнхүү нэрлэсэн нь учиртай. Хог ачигч нар ихэвчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр ажилладаг учраас хамаагүй яриа өгөх, өөр бусад хүмүүстэй харьцах хориотой байдаг ажээ. Тиймээс тэд нэрээ нууцлахыг хүссэн юм. 

Үнс, шорооноос авахуулаад юу л байна бүгдийг мань хоёр машин дээр ачина. Гэхдээ хог ачихад басхүү урлаг хэрэгтэй аж. Иргэн Б “Хог ачихад учир бий. Хамгийн түрүүнд иргэдийн ангилж ялгалгүй холиод хаячихсан хогийг бид хоёр ялгана. Айлуудын хаясан хогийг харж байхад үнс, ногооны хогноос бусад нь бараг л дахин ашиглагдаж болмоор юмс байдаг. Адаглаад хөнгөн цагаан, архи пивоны шил, ундааны лааз гээд л. Бид нэг удаагийн ачилтаар ялгасан хогоо тушаагаад өдрийнхөө хоолны мөнгийг олчихдог л юм” гэв. Тэдний хог ачсан хөлсийг жингээр нь бодож олгодог учраас аль болох их хог ачихыг хүсдэг аж.

Шинэ ачигч нар ихэвчлэн нэг ачилтаар дунджаар зургаа орчим тонн хог ачиж чаддаг байна. Харин мань хоёр жил хэртэй ажилласан болохоор 8-9 тонн хүртэл хог ачдаг гэж сайрхав. Иргэн Б “Хогийг сайн ачихын тулд дээр хэлсэнчлэн ангилаад дараа нь хамгийн зөөлөн хогийг доод хэсэгт асгаж, түүнийгээ дээрээс нь гишгэж сайтар дагтиршуулсны дараа арай хатууг нь дээр дээрээс нь асгадаг. Үүний дараа завсар зайгаар нь үнс шороо гээд нарийн ширхэгтэй хогийг чигжиж өгснөөр их хог ачих боломж бүрдэнэ. Тэгээд хамгийн сүүлд шуудайтай хогоо нийт ачаагаа хашсан байдалтай тавьж өгөх хэрэгтэй” гэв. Харин иргэн О “Хог ачих нэг талаар хэцүү. Өвлийн цагт гар хөл хөлдөөчих гээд. Түүнчлэн халуун үнс ачиж болохгүй гал гарах аюултай учраас хөртөл нь хүлээх хэрэг гарна. Зуны цагт нь үнс, тоос багасаад 7.5 тонн хог ачих нормоо биелүүлэх гэж нусаа хацартаа наасан хэрэг болно” хэмээн ярилаа. Тэднээс хэдэн төгрөгийн цалин авдгийг нь тодруулахад “Болохгүй” гээд халгаасангүй. Хог ачихад юу хамгийн хэцүү вэ гэхэд мөрөө хавчаад өнгөрлөө.

 

"Хогчин авгай"

 

Айлуудын хашааныхаа үүдэнд гаргасан хогны ихэнх нь 200-гийн хүнд төмөр савтай байх агаад зарим нь ямар ч савгүй их хог овоолсон харагдана. Хаврын салхи хог ачигчдын ундууцлыг бишгүй хүргэх аж. Ам хамар руу нь үнс тоос орохоос аваад, ачих гэж байсан хогийг нь хийсгэчих жишээтэй. / 10:20 цаг/

 

Чингэлтэй дүүргийн XII дугаар хорооны хогны байцаагч Б.Цэндээ бүсгүй ажлаа хийж явна. Тэрбээр долоо хоногийн гурав дахь өдөр л амрах боломжтой аж. Гэхдээ өнөөдөр лхагва гариг. Гэсэн ч тэр ажиллахаар ирсэн нь энэ. Учир нь, хог ачих машин хүрэлцээгүй байсан учраас машин олдсон дээр нь гээд өнөөдөр ажиллаж байгаа аж. 15 гаруй жил хогны байцаагчаар ажилласан тэрбээр өдгөө “Хогчин авгай” гэх хочтой болжээ. Зарим нэг оршин суугчид Цэндмаагийн нэрийг үл мэдэх бөгөөд “Хогчин авгай” гэдгээр нь илүүтэй таних аж. Сардаа 250 мянган төгрөгийн цалинтай түүний ажил хүнд. Айлуудын хашааны хаалгыг балбахаас эхлээд хийссэн хогны араас гүйх, ачигч нарынхаа хүч хүрэхгүй зарим хогийг хамт өргөлцөх, өсгийгөө “эргэтэл” алхах, хогоо ачуулсан эс ачуулсан талаар маргалдах гээд л. Харин Цэндээ “Миний ажил харьцангүй хөнгөрчихөөд байна. Өмнө нь би хар өглөөгүүр л хогоо гаргаарай гэж орилдог, хогны мөнгийг нь хураах гэж хүн амьтантай муудалцах асуудал мундахгүй гардаг байсан. Харин одоо хогны мөнгийг гэрлийн хураамжтай цугт нь авчихдаг, хэсгийн ахлагч нар нь миний өмнөөс “Хогоо гарга” гээд гүйчихдэг болсон. Тэгэхээр миний ажил нугар ч л байна” хэмээв. 

Харин түүнд нэг ажил шинээр нэмэгджээ. Тэр нь хогоо гаргаагүй айл бүрийн хаалга дээр мэдэгдэх хуудас наах. Учир нь, иргэд гэртээ байхгүй өдрүүдэд хог ачаад явахаар мэдээгүй зарим нь гомдоллох нь их байдаг аж. Хогны мөнгийг цахилгааны төлбөртэй хамтатгаж авдаг болсноос хойш иргэд хогоо ачихад тусалдаг байсан бол одоо ихэнх нь тоохоо байжээ. Энэ талаар хогны байцаагч “Иргэд хогоо ачихад туслах битгий хэл зарим нь хогоо хашааныхаа үүдэнд гаргахаас залхуурдаг болсон. Хогоо ялгадаг байсан айлууд нь үүдэндээ овоолчихдог болж. Өмнө нь оршин суугчид хогны мөнгөн дээрээ луу унжиж, эсвэл хоёр гурван сарын мөнгөө цуглуулж өгдөг байсан болохоор байцаагчийн хэлснийг дагадаг байсан юм шиг байна. Харин одоо миний үгийг нохой хуцахын чинээ тоохоо болчихсон” гэв. 

Хогны машин тоос манарган уухилсаар, хоёр ачигч залуу “нэг хоёрын гурваа” хэмээн өөрсөддөө хүч нэмэн хогоо ачсаар.


Мэргэшсэн мэргэжил

 

Чингэлтэй дүүргийн XII дугаар хороо хогноосоо салахын тулд эко эргүүл гэх ажлын байр шинээр бий болгожээ. Одоогоор уг ажлыг 10 гаруй иргэн хийж байгаа аж. Түүний нэг нь Д.Тайван 40 гаруй насны эр юм. Тэрбээр “Ах нь өмнө нь хувиараа хог түүж хэдэн төгрөг олдог байлаа. Харин одоо хувьсгалын хогийг түүж цалинтай, ажлын байртай болсон. Одоо ч бараг хог түүх ахынх нь ганц мэргэшсэн ажил болсон байх. Нөгөө насаараа л багш хийлээ гэдэг шиг насаараа хог түүлээ гэхэд хилсдэхгүй” хэмээн инээв. 

Эко эргүүлүүд жалга дов, гудамжны хогийг цэвэрлэдэг аж. Тэд өдрийн 9000 төгрөгөөр цалинждаг бөгөөд сарын 10 хоног ажиллах даалгавартай. Гэхдээ үлдсэн өдрүүдэд нь зүгээр суудаггүй. Эко эргүүлийн дарга С.Даваасүрэн бүсгүй “Манайхан хогоо гэрээсээ л гаргаж байвал барав гээд хаа сайгүй хаях юм. Тэр дундаа манай хэсгийн 751, 752 дугаар хашааныхан хэлээд үг авахгүй. Үерийн далан руу хог битгий хая. Энэ чинь хогны далан биш гэхээр чихгүй толгойлоод асгасаар л байна. Дээрээс нь угаадсаа асгаад үнэр танар гэж авах юмгүй. Ийм орчныг бид сарын 10-хан хоног ажиллаад хогноос нь салгаж чадахгүй байна. Хэсгийн ахлагч нар хогоо сайн түүсэнгүй гээд мань мэтийг л загнадаг. Гэхдээ бид түүгээд л эргээд харахад оршин суугчдын нэг нь угаадсаа асгаж, хогоо шидэж харагддаг” гэлээ.


Санал гомдол

 

Чингэлтэй дүүргийн зарим иргэн хогны машин цагтаа ирж хогоо ачдаггүй талаар гомдоллож байсан. Тухайлбал, 16 дугаар хэсгийн 750 тоотод оршин суудаг Л.Оюун “Хогны мөнгийг байцаагч нь хураадаг байхдаа сар сардаа ачдаг байсан чинь одоо нэг л сайн ачихгүй байна. Цагаан сараар гэхэд бараг битүүний урд өдөр ачсан. Тэрнээс хойш нэгээс хоёр л ачсан байх. Өөрсдөө хогоо цаг тухайд нь ачихгүй байж биднийг хог ил асгалаа гээд загнах юм. Сардаа ганц удаа ирэхдээ цаг тухайд нь ирээд л байвал асуудалгүй ш дээ” гэв.

Өглөө 10:20 цагаас хог ачиж эхэлсэн байцаагч, ачигч, жолооч дөрөв нэг мэдэх нь ээ өдрийн 13:05 цаг хүртэл ажиллачихаж. Өмссөн зүүснээс аваад хамрын самсаа, хөмсөг нүдгүй үнс, тоосонд даруулсан тэд машинаа дүүргээд Чулуутын хогийн цэгийг зорилоо. Тус хог ачсан хэсгээс Чулуутын хогийн цэг хүртэл дунджаар гурван цаг явдаг аж. Тэнд очоод хогоо жигнүүлж, холбогдох баримтыг бөглөсний дараа хогоо асгана. Тэдний ачсан хог 9.4 тонн болжээ.

 

Энд тэндгүй хог. Золбин ноход, муу хувцастай хар шуудай үүрсэн хүмүүс хогон далайд олз хайн тэмтчинэ. / 17:37 цаг/

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД