Ертөнц

Хуучин хувцас, шинэ зах зээл 2015-07-08 13:28

Б.Энхмөнх

Сайн үйлсэд хэмээн итгэж олон мянган хүн хуучин хувцасаа ядуу, буурай орнууд руу илгээхээр холбогдох байгууллагуудад хандивладаг. Гэвч саяхны нэгэн судлагаагаар хандив нэртэй хуучин хувцасны дийлэнх хувь гаднын орнууд руу экспортод гарч, 4.3 тэрбум ам.доллараар хэмжигдэх дэлхийн хэмжээний худалдааны нэг хэсэг болдог аж.  
 
Хятад зэрэг үйлдвэрлэл хөгжсөн орнууд хямд бараа, бүтээгдэхүүнээр дэлхий нийтийг хангах болсон нь хүмүүсийн хэрэглээг төрөлжүүлж, хувцасны сонголтыг улам аривжуулсан. Энэ хэрээр хуучин хувцасны хэрэглээнээс гарах тоог олшируулж буй юм. Үүний нэг илрэл нь өдөр бүр нэмэгдэж буй хуучин хувцас тушаах цэгүүд аж.    
 
Их Британийн Засгийн газар болон Европын холбооны хэрэгжүүлж буй хог, хаягдлыг багасгах хөтөлбөрөөс гарсан тооцоогоор хэрэглээнээс гарсан хуучин хувцасны тал хувь нь шинэ эзнийхээ гарт очдог гэжээ. Хандив нэртэй ч худалдаалагдах нь элбэг хуучин хувцасны зах зээлийг дэмжих хүмүүс бий. Хаягдал болсноос хэрэгтэй хүндээ очих нь зүй ёсных хэмээн тэд үздэг байна. Харин ихэнх хүн хандивласан хувцас нь ашиг олох зорилгоор экспортод гардаг гэдгийг мэддэггүй болохыг Лондонгийн Кингс Коллежийн доктор Андрю Брукс хэлсэн юм. Учир нь хандивын дэлгүүрүүдээс хуучин бараа худалдан авах нь харьцангуй бага тул гадагш экспортлох нь элбэг аж. 
 
НҮБ-ын гаргасан тоогоор хуучин хувцасны экспортоор АНУ, Их Британи тэргүүлдэг байна. Эдгээр улс 2013 онд нийт 351 мянган тонн хуучин хувцас экспортолсон нь 600 сая ам.долларын ашиг оруулжээ. Харин тэдгээрийн гол хүлээн авагч орнуудад Польш, Гана, Пакистан болон Украйн багтсан байна. 
 
Лондонд байрлах “LMB”  хэмээх бөс бараа дахин боловсруулагч компанийн захирал Росс Барри “Манай ажилчид хувцас хандивлах цэгээс бараа цуглуулж, ангилан ялгасны дараагаар шалгуурт нийцсэн хувцаснуудыг сонгон авдаг. Ингээд байгын үйлчлүүлэгч болох зүүн Европ болон Африкийн орнуудад хүргүүлдэг. Ингэснээр тухайн орны иргэд ч хямд хэрнээ загварлаг, чанартай хувцас эдэлж, хэрэглэх боломжтой болдог” гэжээ. 
 
Андрю Бруксийн судалгаагаар Пакистанд цагаан өнгийн цамц, даашинз эрэлттэй байдаг бол зүүн европчууд дулаан хувцас түлхүү сонирхдог байна. Тэгвэл богино өмд, нимгэн цамц Африк тивийг “зорих” нь түгээмэл аж. Түүнчлэн Бруксийн үзэж буйгаар барууны орнуудаас ирж буй хуучин хувцас, зүүн Азиас нийлүүлэгдэх хямд өртөгтэй шинэ хувцасны урсгал олон орны дотоодын бөс бараа үйлдвэрлэлийн салбарт сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Тухайлбал, хуучин хувцасны экспортын гол хүлээн авагч болох Сахарын цөлийн орнууд хувьд дотоодын бөс барааний үйлдвэрлэлд тун хүнд тусаж буй.  Мөн Кени, Малави, Нигери, Рванда зэрэг улсад  1980-аад оноос эхлэн хуучин хувцас дотооодын зах зээлд том байр суурь эзлэх болжээ. Уганда улсад гэхэд хувцас борлуулалтын 81 хувийг “хандивын” хувцас эзэлдэг болохыг Андрю Брукс судалгаандаа өгүүлжээ. Түүнчлэн 1975-2000 оны хооронд Гана улсын оёдлын салбар ажиллах хүчнийхээ 80 хувийг цомхотгосон бол Нигерт 200 мянган нэхмэлчин ажилгүйчүүдийн эгнээнд элссэн харамсалтай тоо байна. 
 
Хандив гэж өгсөн зүйлс нь наймаачдын гараар ордог болохыг олон нийтэд тайлбарлах нь ярвигтай асуудал. Хэдийгээр хандивын зүйлс борлуулдаг дэлгүүрүүдийн орлогын эх үүвсэр нь хуучин хувцас боловч худалдагч, худалдан авагч талуудын хоорон ил тод байдал дутмагаас ойлголцлын асуудлууд тулгардаг байна. Бруксийн үзэж байгаагаар ил тод байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хүндрэлтэй бөгөөд хуучин хувцасны импорт тухайн орны хөгжилд саад болж байгаа аж. Түүний хэлснээр хандивын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд “дэлгэх” цаг болжээ. 
 
 Эх сурвалж: Mongolian Economy сэтгүүл #05 /084/ 2015 оны гуравдугаар сарын дугаараас

  

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД