Бизнес

Хөрөнгө оруулалтын өлгий нутаг 2015-09-16 09:39

Б.Энхмөнх

Худалдаа хөгжлийн талаарх НҮБ-ын бага хурлын тайлангаас орчуулав. 

Ази руу чиглэх гадаадын шууд хөрөнгө оруулалт  хамгийн өндөр түвшинд хүрсэн жил байлаа хэмээн өнгөрсөн оныг онцолж байна. Учир нь,  хөгжиж буй Азийг чиглэх Хөрөнгө оруулалт өнгөрсөн жил бараг хагас их наяд ам.долларт хүрчээ. Зүүн болон болон Зүүн өмнөд Ази руу чиглэх хөрөнгө оруулалтын урсгал 10 хувиар өсч 381 тэрбум ам.долларт хүрчээ.  Харин дэлхий нийтийн Хөрөнгө оруулалтын урсгалыг авч үзвэл өнгөрсөн онд 14 хувиар буурчээ. 2013 онд 14.7 их наяд байсан урсгал 1.23 их наяд болжээ гэсэн үг. Хөрөнгө оруулалтын урсгалыг 2015 онд буцан сэргэж1.4 их наяд ам.долларт хүрнэ гэж тооцолж байна.  
 
Цаашлаад 2016 онд 1.5 их наяд,   хоёр жилийн дараа 1.7 их наяд ам.доллар тус тус хүрнэ гэж үзэж байна. Ийнхүү тооцож байгаа шалтгаан нь АНУ-ын хөрөнгө оруулалтын либералчлал,  таатай мөнгөний бодлого,   газрын тосны хямд үнийг дагах эрэлт хэрэгцээ зэрэг өсөлтийн хандлагатай холбоотой юм. Мөн үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүдийн өндөр орлого болон хөрөнгийн нөөц зэрэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгалыг өснө гэсэн хүлээлт үүсгэж буй аж.
 
Өнгөрсөн оны үзүүлэлтээс харахад хөгжиж буй Ази тив өсөлт үзүүлсэн бол Латин Америк руу хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал багасч харин Африкийн бүс нутагт өөрчлөлт гараагүй байна. Үүнээс үзэхэд Азийн бус нутаг яах аргагүй гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах өлгий гэж ойлгож болох. Хөрөнгө оруулалт хүлээн авахаас гадна Ази нь дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч бүс нутаг болжээ. Өнгөрсөн онд хөгжиж буй Азийн үндэстэн дамнасан компаниуд дангаараа 468 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг гадагш хийж өнгөрсөн оныхоос даруй 23 хувиар өссөн байна. Тэдний дэлхийд эзлэх хувь 35 хувь болж рекорд тогтоосон нь 2007 оныхтой харьцуулбал 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.Түүхэнд анх удаа Азийн үндэстэн дамнасан аж ахуйн нэгжүүд хамгийн том хөрөнгө оруулагчид болсон ба тэд нийт хөрөнгө оруулалтын бараг гуравны нэгийг эзэлсэн байна. Зүүн болон Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн өсөлт удааширч байгаа ч тус бүс рүү дотогшлох Хөрөнгө оруулалт хүчтэй хэвээр байна. Дээр дурьдсанчлан Зүүн болон Зүүн Өмнөд Ази руу чиглэх хөрөнгө оруулалт өнгөрсөн онд 381 тэрбум ам.долларт хүрсэн нь түүхэн рекорд юм. Тус хоёр бүс нутаг аль аль нь өсөлттэй байсан бөгөөд Зүүн Азируу дотогшлох хөрөнгө оруулалт 12 хувиар өсч 248 тэрбум ам.доллар болсон бол Зүүн Өмнөд Азийнх таван хувиар өсч 133 тэрбум ам.доллар болжээ.
 
 Азийн улсуудын үзүүлэлт тус бүр өөр байна. Тухайлбал, өнгөрсөн онд  БНХАУ улс дэлхийн Хөрөнгө оруулалт хүлээн авалтаар тэргүүлэгч улс болж АНУ-ыг ардаа орхилоо. БНХАУ-руу дотогшлох Хөрөнгө оруулалт тус онд 129 тэрбум ам.долларт хүрч дөрвөн хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд голчлон үйлчилгээ тэр дундаа жижиглэн худалдаа, тээвэр болон санхүүгийн салбар том үүрэг гүйцэтгэсэн бол үйлдвэрлэлийн салбарын Хөрөнгө оруулалт буурсан байна. Үйлдвэрлэлийн салбарын бууралтын гол шалтгаан нь ажлын хөлс нэмэгдэж эхэлсэнтэй холбоотой. Хонг Конгийн Хөрөнгө оруулалт дотогшлох урсгал 39 хувиар өсч 103 тэрбум ам.доллар хүрсэн гайхалтай үзүүлэлтийг үзүүлжээ. 
 
Харин өөр нэг дэлхийн санхүүгийн төв болох Сингапур  улсын Хөрөнгө оруулалт дотогшлох урсгал ердөө дөрвөн хувиар өсч 68 тэрбум ам.доллар болсон байна. Харин манай Монгол Улсын хамрагддаг далайд гарцгүй хөгжиж буй орнууд дахь Хөрөнгө оруулалт гурван хувиар буурч 29 тэрбум ам.доллар болсон бөгөөд энэ нь гурав дахь жилдээ дараалан буурч буй үзүүлэлт юм. Далайд гарцгүй хөгжиж буй улсуудын хөрөнгө оруулалт хүлээн авагч топ таван улсын эгнээнээс Монгол Улс 76 хувийн бууралт үзүүлснээр хасагдаж Этиоп улс оронд нь орсон байна. Энэ бүлэг улсуудын үзүүлэлтэд Монгол Улсын огцом уналт том үүрэг гүйцэтгэж буй бөгөөд 2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж байснаас 508 сая ам.доллар болтлоо буурчээ. Тус улсын Хөрөнгө оруулалт дотогшлох урсгал дөрөв дахь жилдээ дараалан буурч байгаа юм. Улс төрийн болон бодлогын тогтврогүй байдал,    саарч буй эдийн засгийн өсөлтнь хөрөнгө оруулагчдын сонирхолыг бууруулжээ. Монгол Улсын Хөрөнгө оруулалтын хэмжээг өсгөж болох магадлалтай нэг зүйл нь ОХУ болон БНХАУ-ын хооронд тавигдах хийн хоолойн бүтээн байгуулалт. Харин одоогоор Монгол Улсын Хөрөнгө оруулалт өсөлт суларсаар байна.
 
                                                                   Эх сурвалж: UNCTAD
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД