Хөрөнгийн зах зээл

Эрчээ авсан Эрчим бонд 2015-09-28 11:31

А.Бүрэнжаргал

Улсын эдийн засаг сайнгүй байгаа энэ саруудад төрийн санхүүжилтээр урагшлах төсөл хөтөлбөр,  дэд бүтцийн ажлууд ар араасаа зогссоор байна. Эрвийх дэрвийхээрээ гэдэг шиг дор бүрнээ ажлаа урагшлуулахын төлөө ажиллаж байгаа нь үнэн. Гэсэн ч салбар бүрт бэлэн мөнгөний гүйлгээ муудаж тэр дундаа томоохон дэд бүтцийн төслүүд хугацаагаа сунган хөдлөхгүй зогсох энүүхэнд болчихоод байна. Эдийн засгийн өсөлт эрчээ алдсан энэ хугацаанд харин хөрөнгийн бирж эрчийг авч олон төрлийн шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлж сайн мэдээг дуулгасаар буй. Яг л энэ өдрүүдэд хөрөнгийн зах зээлээс хүчээ сэлбэсэн “Эрчим Инженеринг” ХХК манай улсад шинэ төрлийн бүтээгдэхүүн болох даатгагдсан бондын үйлчилгээг санхүүжилтийн нэг хэрэгсэл болгон амжилттай хэрэгжүүлж чадлаа. 

Тус компани нь 1999 оноос эрчим хүчний үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх чиглэлээр байгуулагдсан. Мөн үеэс өнөөдрийг хүртэл эрчим хүч, уул уурхай, нийтийн аж ахуй, барилгын салбаруудад өөрийн үйл ажиллагаагаа явуулсаар иржээ. Харин салбаруудын хөрөнгө оруулалт зогсонги байгаа энэ хугацаанд "Хүчит шонхор" зах орчмоор эрчим хүчний өргөтгөл хийж буй ажлаа урагшлуулахаар хөрөнгийн зах зээлийн даатгагдсан бондын үйлчилгээг анх удаа нэвтрүүлсэн байна. “Эрчим Бонд” жилийн 18.5 хувийн хүүтэй бөгөөд  (сарын хүү 1.54 хувь) зургаан сарын хугацаатай бондыг олон нийтэд санал болгосон. Наймдугаар сарын 12-ны өдрөөс тус сарын 21-ний хооронд “Эрчим бонд”-ыг хямдруулсан үнэтэйгээр буюу нэгж тус бүрийг 9155 төгрөгөөр худалдан хугацааны эцэст үндсэн үнээрээ тооцож хүүгээ хүртэх боломжтой аж. Нийт 50 мянган ширхэг буюу 500 сая төгрөгийн бонд арилжаалагдсан. Харин 236.194 ширхэг буюу 2.4 тэрбум төгрөгийн бонд худалдан авах захиалга арилжааны системд бүртгэгдсэн бөгөөд энэ нь нийлүүлэлтээсээ 4.7 дахин их байсныг Хөрөнгийн биржийн  Маркетинг, олон нийттэй харилцах албаны захирал Ж.Мягмарсүрэн хэлсэн. 
 
Түүнчлэн Голомт банк андеррайтерийн үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсад анх удаа 100 хувь даатгагдсан “Эрчим бонд”-ыг  хөрөнгийн зах зээл дээр нэвтрүүлсэн. Хөгжлийн түүхэнд цоо шинэ хуудсыг нээж байгаа энэхүү бондыг  “Соёмбо Даатгал” ХХК даатгасан аж. Бондын үндсэн  андеррайтераар Голомт банк, туслах андеррайтераар “Голомт Секюритиз” ҮЦК ажилласан бөгөөд эцсийн үр дүнг хөрөнгө оруулагчдаа харуулах л үлдээд байна. 
 
Тус компаниас гаргаж буй бондын хамгийн анхны худалдан авагч нь байгууллагын ажилчид. “Эрчим Инженеринг” ХХК нь 60 ажилтантай бөгөөд боломж бололцоогоороо компанийнхаа хөрөнгө оруулагчид болсон тухай “Эрчим Инженеринг” ХХК-ны Захиргааны менежер Б.Ундрам бахархан ярьсан.  Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай хэрэгжсэн тул үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос шийдвэрлэсэн байна. 
 
Энэ нь хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн өрийн хэрэгслээ худалдах замаар эргэлтэд оруулах, анхдагч зах зээлээс худалдан авч чадаагүй хөрөнгө оруулагчдад боломж нээгдэх юм. Хорооны зүгээс хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ нэвтрүүлэхэд онцгой анхаарч байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд дээрх төрлийн болон бусад санхүүгийн хэрэгсэл гаргах замаар хөрөнгийн эх үүсвэр татах бүрэн боломжтойг илтгэсэн юм.  Бондын эргэн төлөлтийг “Эрчим Инженеринг” ХХК нь бондын хугацааны туршид орж ирэх төслийн санхүүжилтээс хийх аж. Бондын даатгал нь санхүүгийн даатгалын нэгэн шинэ төрөл бүтээгдэхүүн төдийгүй хүүгийн болон үндсэн төлбөрийн эргэн төлөлтийг даатгалын компани 100 хувь батлан дааж буй учир ямар ч эрсдэлгүй хүү өндөр гэдгээр нь олон нийт идэвхтэй байгааг салбарынхан хэлж байсан юм. 
 
Татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө тус компани тендерийн ажлын гүйцэтгэлд шаардагдах эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлж буй. Энэ мэтчилэн 5-10 тэрбумын компанийн бонд энэ ондоо багтан хөрөнгийн зах зээлд шинээр нэвтрүүлэх боломжтой гэж удирдлагуудын зүгээс тооцоолж байна. Салбар бүрт санхүүгийн байдал сайнгүй байгаа энэ үед Хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох найдвартай боломж бийг энэхүү компанийн бондын анхны арилжаа амжилттай болсноор илтгэсэн юм.
 
 
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД