Аж үйлдвэр

Хөгжлийн хөг 2015-11-03 11:30

Г.Орхон

Японы нэгэн профессор нохойныхоо доор Чингис хааны зурагтай эсгий дэвсгэр дэвссэн байж. Ийм нэг сонин мэдээг өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон “Улаанбаатар форум 2015”-ын үеэр ШУТИС-ийн профессор Л.Оюунцэцэг олонд сонордуулсан. Өнөөдөр бид ямар бараа, бүтээгдэхүүнийг хэнд, ямар зориулалтаар үйлдвэрлэхээ тааруухан тооцоолж буй нь энэ. Товчхондоо, манайд мэдлэгт суурилсан үйлдвэрлэл үгүйлэгдэж байна. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжлийнхөө явцад энэ мэт олон бартаа туулдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн хийж чаддаг эсвэл сонирхлынхоо хүрээнд үйлдвэрлэл явуулах бус зах зээлийн эрэлт хэрэгцээг судалж, дэлхийн зах зээлийг харах учиртай. Тиймээс эл салбарыг зөвхөн дотоодын зах зээлийн эрэлт, хэрэгцээгээр хязгаарлах нь учир дутагдалтай гэнэ. Хөгжил ярих бол илүү алсыг харж, том зах зээл рүү тэмүүлэх нь зүйтэй аж. 
 
Төрийн бодлогод үйлдвэрүүдийг томруулах, экспортод гарахад чиглэсэн өөрчлөлт хийгдэж буй. Тухайлбал, үйлдвэрүүдийг “жижиг”, “дунд”, “бичил” гэж илүү нарийн ангилж тус бүрт нь чиглэсэн бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Аж үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Билгүүн ярьсан. Үйлдвэрүүд томрох, зах зээлээ тэлэх нэг боломж нь кластер буюу хамтын ажиллагаа. Кластер нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих бодлогын цөм аж. Манай үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн бүх шат дамжлагыг өөрсдөө бий болгох шаардлагатай болдог. Энэ нь тэдэнд тулгарч буй гол асуудал. Харин кластерийг нэвтрүүлснээр үйлдвэрлэгчид хамтарч буюу нэг нь утас ээрч, нөгөө  нь оймс нэхэх, үлдсэн нь сав баглаа, борлуулалтыг нь хариуцах зэргээр бүтээмжээ дээшлүүлж, зах зээлээ тэлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой. Улмаар олон улсын зах зээлд гарах боломж нээгдэнэ. Кластерийг хөгжүүлэх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн идэвхжлийг хангах үр дүнтэй аж. Манай улсад мах, чацаргана, арьс шир болон оёмол бүтээгдэхүүний чиглэлээр кластерийг хөгжүүлэх боломжтойг салбарын яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох ярьсан. Тиймээс цаашид жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд кластерийн талаарх мэдлэг олгох, давуу талын ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна энэ талаарх эрх зүйн баримт бичгийг бий болгох, хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байгаа аж. 
 
Дотоодын үйлдвэрлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг “Гадна зах зээлийг онилж,өрсөлдөхүйц бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэхгүй байна” хэмээдэг. Гэвч “Бест Шүес”, “Ханбогд” кашимер тэргүүтэй хэд хэдэн дунд үйлдвэр хилийн дээс хэдийн алхжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 20 орчим хувийг бүрдүүлэгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэлийн алсын хараа гадаад зах зээлийг зорьж явна.  Учир нь төрийн бодлого, тэр дундаа Аж үйлдвэрийн яамны зүгээс экспортыг дэмжиж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ гэж байгаа. Өнөөдрийн  байдлаар улсын нийт экспортын дөнгөж 0.7 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүрдүүлж байна. 
 
Тиймээс тэднийг экспорт хийхэд нь бэлтгэж, “бойжуулах” хэрэгтэй байгааг Г.Билгүүн дарга дурьдсан. Энэ хүрээнд Аж үйлдвэрийн яам иргэд төслөө бичээд санхүүжилт авдаг байсан өмнөх тогтолцоог халж үйлдвэрлэл явуулж, шинэ технологи нэвтрүүлж, экспортод гаргах үйлдвэрлэлийг дэмжинэ гэж буй.
 
УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Монгол бол аж үйлдвэрийн суурь бааз багатай улс. Орчин үед Тогтвортой бөгөөд хүртээмжтэй аж үйлдвэрийн хөгжил гэж үйлдвэржилтийн шинэ концевц гарсан байна. Манайх энэ рүү явах ёстой” гэв. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах нь зүйтэй ч үйлдвэрлэлийн орчинд дотоодын үйлдвэрлэгчдийн хамгаалуулах буруу авир, импорт болон үйлдвэрлэлийн хооронд хиймэл зөрчилдөөн үүсэх аюул бийг тэрбээр сануулсан. Салбарын яамны зүгээс жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, тэднийг хамгаалах арга хэмжээ, хуулийн зохицуулалтыг удаа дараа авч хэрэгжүүлэн ажиллаж буй. Гэхдээ үйлдвэрлэгчид цэвэр өрсөлдөөний зарчмаар явах ёстой гэх хүмүүс ч бий. 
 
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд үйлдвэрлэл эрхэлсэн хүмүүс маш хүнд үеийг туулсан ч хатуужил сууж, импорттой өрсөлдөж сурсныг олон хүн онцолдог. Дотоодын үйлдвэрлэгчдэд “энкубатор”-ын нөхцөл бий болгохоос зайлсхийх хэрэгтэйг С.Дэмбэрэл гишүүн сануулсан. Ингэхийн тулд өрсөлдөөд, улам сайжирч явах бодлого хийгээд энэ заагийг олж харах ёстойг тэрбээр учирлав. Тиймээс үйлдвэрлэгчдээ хамгаалахын өмнө энэ мэт олон зүйлийг тооцоолох хэрэгтэй аж.
 
Өнгөрсөн оны байдлаар бизнес бүртгэлийн санд бүртгэлтэй 59800 гаруй аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажилагаа явуулж байгаа бөгөөд үүний 84.5 хувь буюу 50600 нь жижиг, дунд үйлдвэрлэл байна. Үүнээс зургаан хувийг хөнгөн үйлдвэрлэл, 8.5 хувийг барилга, 6.2 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлнэ. Харин хамгийн их буюу 44.6 хувийг худалдаа үйлчилгээний салбарынхан эзэлж байгаа юм. Тэгэхээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дийлэнх нь энэ чиглэлээр үйлчилгээ эрхэлж байна гэсэн үг. 
 
Яамны зүгээс мөн худалдааны бодлогоор үйлдвэрлэлийг дэмжихийг зэхэж буй. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд эл үйлдвэрлэлээр хөгжсөн бусад орны туршлагаас суралцах нь чухал. Тухайлбал, Азийн бар улсуудын хөгжил жижиг, дунд үйлдвэрлэлээс эхэлсэн бөгөөд Тайванийн эдийн засгийн хөгжлийн хөг нь жижиг, дунд үйлдвэрлэл. Өөрөөр хэлбэл, энэ үйлдвэрлэлийг дэмжиж байж эдийн засаг нь сэргэсэн улс олонтаа. 
 
Манайд 145 чиглэлээр 378 жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгцээ байгаагаас 78 хувь нь боловсруулах болон хөдөө аж, ахуйн салбарт хамаарч буй. Үндэсний хэмжээнд брэнд бүтээгдэхүүнээр нэрлэж болох 205 бүтээгдэхүүнийг тодорхойлсон бөгөөд салбараар нь авч үзвэл 70 хувь нь хүнс, аялал жуулчлал, сүлжмэл, нэхмэлийн бүтээгдэхүүн байна. 17 салбарын 205 брэнд бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломжойг МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа онцолсон. Тухайлбал, хувцас, гутал, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн болон ноос, ноолууран бүтээгдэхүүн зэргийг нэрлэж болно. 
 
Монголчуудын хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх нөөц, боломж бийг албаныхан хэлж байгаа. Нөгөө талаас, баялаг бүтээгчдэд ихийг бүтээх, олон улсын зах зээлд гарах хүсэл, эрмэлзлэл их бий. “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид нийт үйлдвэрлэл эрхлэгчдийн 85 хувийг эзэлж байна. Хэдий уг үйлдвэрлэл нь ДНБ-ий 20 орчим хувийг бүтээж буй ч экспортод өчүүхэн хувийг нэмэрлэдэг. Энэ нь үйлдвэрлэгчид үйл ажиллагаагаа тэлэх, үйлдвэрлэлээ томруулж чадахгүй байгааг илтгэж байгаа” хэмээн Г.Билгүүн дарга ярилаа. Үүнийг өнөөг хүртэл төрөөс баримтлах бодлогод шинэчлэл хийгдээгүй байсантай холбодог. Харин өдгөө эл салбар тусгайлсан яамтай болж, уг яам нь үйлдвэрлэгчдэд үйлдвэрлэлээ тэлэх, гадна зах зээлд гарахад дэм үзүүлэхэд бодлого чиглэж буй. Нэг үгээр, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд хөг нэмэх гэнэ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын асуудлыг төр, хувийн хэвшлийн хамтын хүчээр шийдвэрлэх нь зөв алхам гэдгийг албаныхан цохон тэмдэглэдэг байна. 
 
Хамтын хүчээр өнөөгийн  олон асуудлыг шийдвэрлэн, үйлдвэрлэл эрхлэгчдийн нуруун дээрх ачааг төр хуваалцсанаар жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж сая бүрдэх учиртай. Үүний зэрэгцээ өдгөө дэлхийд хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын туршлага бидний хөгжлийн замд тулгарч буй олон зангилагааг тайлах билээ.
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД