Бизнес

“Төмөр” суудлын эзэд 2015-12-22 13:41

Г.Орхон

Төрийн компаниуд ашиггүй ажиллаж байна гэдэг. Угтаа тэд хэрхэн ашиггүй ажилласны язгуур асуудал юу байсан тухай хэн ч ярьж, хэлдэггүй. Тэгвэл тэднийг хоёрхон асуудал алдагдалтай ажиллахад хүргэж буй аж. Нийгмийн хариуцлага болон валютын ханшийн зөрүү. Харин үндсэн үйл ажиллагаа нь алдагдалтай ажиллаж буй компани байхгүйг Төрийн өмчийн хорооны Өмчийн удирдлагын газрын дарга В.Дарханбаатар ярив. Хэдий тодорхой компаниуд алдагдалтай ажиллаж байгаа ч алдагдал сүүлийн жилүүдэд буурч буй дүр зураг ажиглагдаж буй. Төрийн өмчийн компаниуд 2012 онд 69 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2013 оны гүйцэтгэлээр дээрх алдагдал зургаан тэрбум төгрөг болтлоо буурсан сайн мэдээлэл гарчээ. 
 
Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой эрчим хүчний компаниудын хувьд төр үнэ барьдгаас тэд алдагдал хүлээх нь их. Мөн сүүлийн үед цөөнгүй компани хөрөнгө оруулалтын шинжтэй тодруулбал, валютын ханшийн зөрүүнээс болж нэлээд алдагдал хүлээжээ. Жишээлбэл, МИАТ компани өнгөрсөн онд “Боинг 737-800” онгоц худалдан авсан. Ингэхдээ тэд валютын ханшийн зөрүүнээс болж 50 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээж. Үүний хариуцлагыг тус компанийн тухайн үеийн захирал үүрч, ажлаас чөлөөлөгдсөн тухай Төрийн өмчийн хорооны Өмчийн удирдлагын газрын дарга хэллээ. Ер нь Төрийн өмчийн хороо төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагатай энэ мэт асуудлыг шууд тооцдог журамтай. Бусад орны ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага мөн л компанийн удирдлагуудад хяналт тавьж, тэдний ажил үүргийн биелэлтэд үнэлгээ өгдөг тухай судлаач Д.Байлыхүү хэлсэн юм. Тэгэхээр төрийн компаниуд ашиггүй ажиллахад төдий хэмжээгээр захирлын суудал солигдох тухай яригддаг байна. Гэвч төрийн зарим компанийн төмөр суудал жинхэнэ эзэндээ ээлгүй ч, өөр нэгэнд тухтай байдаг тал бий. 
 
Өдгөө Монгол Улсад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 75 хуулийн этгээд бий. Мөн төдий хэмжээний удирдлага сонгогдон тус тусын багаа удирдаж яваа гэсэн үг. 75 байгууллага нь төрийн өмчит хувьцаат компани, хязгаарлагдмал хариуцлагатай компани, төрийн өмчийн үйлдвэрийн газар болон төрийн өмчийн оролцоотой компаниудаас бүрддэг. 
 
Төрийн үүргийг биелүүлэх даалгавартай “төмөр” суудалд суух удирдлагыг холбогдох бодлогын яамтай зөвшилцсөний үндсэн дээр Төрийн өмчийн хорооны хурлаар шийдвэрлэдэг аж. Төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлыг Төрийн өмчийн хороо шууд томилж, нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн жилд ажиллах эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг нь баталж өгдөг байна. Тэр зорилтот түвшинг биелүүлэхийн тулд захирал бүр өөрийн бүхий л нөөц бололцоогоо дайчилж ажиллах зарчимтай. Харин төрийн өмчит хувьцаат компанийн захирлыг Компанийн тухай хуулийн дагуу төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ хуралдан томилдог. Гэхдээ Төрийн өмчийн хорооноос тухайн захирлын жилийн хугацаанд хийж гүйцэтгэх ажлын зорилт, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг баталж өгдөг журамтай. Ер нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагыг нэг жилийн хугацаатай томилж, тухайн жилдээ хүлээсэн үүргээ биелүүлж сайн ажилласан бол ТУЗ хуралдан гэрээг нь сунгадаг. Харин хангалтгүй бол баяртай гэдэг байна. Компаниудын удирдлагуудын үүрэгт ажлын биелэлтэд Төрийн өмчийн хороо ТУЗ-өөр дамжуулж хяналт тавьдаг аж. Хэрэв тухайн жилд батлагдснаас илүү хөрөнгө зарах зайлшгүй шаардлага гарвал ТУЗ хуралдаж шийддэг учир захирал дур мэдэх учиргүй юм. Тэгсэн хэрнээ бодит байдал дээр үүнээс арай өөр захирал цөөнгүй. 
 
Зөвхөн захирал солигдсоноор компанийн ажил сайжрахгүй. Төрийн өмчит компанийн үйл ажиллагааг сайжруулахын тулд ТУЗ-ийн бүтэц, үйл ажиллагаа сайн байх хэрэгтэй аж. Компанийн тухай хуульд зааснаар төрийн өмчийн компани том, жижгээс үл шалтгаалан ТУЗ гэсэн удирдлагын бүтэцтэй байх ба түүний гишүүдийн тоо нь есөөс дээш байна гэж туссан. Гэвч өнөөдөр төрийн өмчит зарим компанийн ТУЗ-ийн бүтэц уг заалттай төдийлэн нийцэхгүй байгаа юм. Төрийн өмчит болон төрийн өмчийн  оролцоотой компаниудын засаглалын талаарх өнгөрсөн оны үнэлгээний тайланд “ТУЗ-ийн үндсэн үйл ажиллагаа холбогдох журмын дагуу явахгүй тухайлбал, компанийн гүйцэтгэх захирал нь ТУЗ-өөс томилогдон түүнд үйл ажиллагаагаа тайлагнаж, түүгээр ажлын үр дүнгээ дүгнүүлж байх ёстой. Гэтэл Засгийн газар түүний байгууллагуудаас гүйцэтгэх захиралтай шууд харьцан үүрэг, даалгавар өгөх явдал судалгаанд хамрагдсан ихэнх компани дээр гарсан. Энэ нь компанийн ажиллагаанд ТУЗ-ийн үүргийг бууруулж буй хэрэг” хэмээн тодорхой үндэслэл бичсэн байх юм. В.Дарханбаатараас тодруулахад тэрбээр “Бид төрийн компаниудын захирлыг сонгон шалгаруулалтаар сонгож, ТУЗ-ийн гишүүдээ мөн ийм хэлбэрээр сонгон авч байгаа. Мөн компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг өдөр тутмын сонинуудад нээлттэй зарлан сонгон шалгаруулж байна. Гэвч компанийн засаглалыг бодит байдал дээр хэрэгжүүлэхэд төвөгтэй зүйлс бий. Ерөнхий сайдын зөвлөмжөөр ТУЗ-д заавал ТӨХ, яамд гэлтгүй хөндлөнгөөс сонгон шалгаруулж хараат бус гишүүн сонгох гэж оролдсон. Гэтэл тэр хараат бус гишүүн “ийм жижиг компанийн ТУЗ-д ийм бага цалинтай ажиллаж юугаа хийх юм” гэх утгатай үг чулууддаг” гэв. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн ТУЗ-ийн гишүүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний цалин авах ёстой аж. 
 
Төрийн эрчим хүчний компаниуд толгой дараалан алдагдалтай ажилласан он жилүүд саяхан. Харин сүүлийн жилүүдэд Эрчим хүчний яам, Засгийн газраас тодорхой бодлогын хүрээнд үнийн өөрчлөлт хийснээс энэ салбарын компаниудын зарим нь ашигтай ажиллах, алдагдал нь буурах эерэг хандлага гарсан байна. Тухайлбал, өнгөрсөн онд ДЦС-3, Улаанбаатар дулааны сүлжээ тэргүүтэй хэд хэдэн компанийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт ашигтай гарчээ.  Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын өнгөрсөн оны жилийн эцсийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтээс харахад ДЦС-3, 2.3 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Харин алдагдалтай ажиллаж байсан эрчим хүчний компаниудын захирлууд хэр зэрэг солигдсон талаар лавлахад Дарханбаатар “Ер нь 2012 оны сонгуулийн дараа бүх компанийн ихэнх удирдлага солигдсон” гэсэн юм. 
 
Компанийн засаглалын талаарх 2014 оны үнэлгээний тайлангаас харахад, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниуд муу үнэлгээ авч. Ер нь төрийн компаниудын засаглал сул байна гэдэг. Компанийн засаглал гэх ойлголт нь тухайн компанийг засаглах юм шиг харагддаг ч угтаа компанийн удирдлагыг нээлттэй, ил тод болгох хэрэг гэдэг. Төрийн өмчийн хорооноос хэдий нээлттэй сонгон шалгаруулалтаар компанийн удирдлагыг сонгож буй гэж байгаа ч басхүү үүнд төрийн гар оролцох нь мэр сэр гэнэ. 
 
Төрийн компанийн удирдлагуудын үүргийн тухайд ТУЗ гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулна. Харин захирал өөрийнхээ багийг удирдах үүрэгтэй. Товчхондоо, удирдлага сайн менежер байх ёстой. Аль болох бага зардлаар компанийн үндсэн ажлыг явуулах учиртай аж. Нөгөө талаас, компаниудын ТУЗ сард нэг удаа хуралдах ёстой. Цаашид төрийн өмчийн компанийн удирдлагуудыг сайжруулахын тулд тэдний сонгон шалгаруулалтыг илүү ил тод, нээлттэй болгох хэрэгтэйг Дарханбаатар хэлсэн юм. 
 
Одоогийн байдлаар зарим тохиолдолд тэднийг шалгаруулах явц журмынхаа дагуу явахгүй байгаа аж. Харин алдагдалтай ажиллаж буй компаниудын тухайд компанийн засаглалаа сайжруулж чадвал ашигтай ажиллах боломж бийг мэргэжилтнүүд хэлдэг. 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД