Аялал жуулчлал

Сүүдрээс урьтаж 2015-12-28 15:11

Г.Орхон

Монголыг дэлхийд   таниулдаг гол “мессежүүд”-ийн нэг хаалгаа түгжинэ гэдгийг мэддэггүй уужим сэтгэлт, эрх чөлөөт талын эзэд юм. энэ нь шууд утгаараа аюулгүй орон гэсэн үг. Хаана ч аялал жуулчлалын салбарын гол зүйлийн нэгт аюулгүй байдал тооцогддог. Тэгвэл тухайн улсын аюулгүй байдлын нүүр царай нь нийслэл, тэнд амьдарч буй иргэд юм. Монгол Улс энэ асуудлаар толгой өвдөхгүй суух орон биш ч хэдий анхаарал тавиад эхэлжээ.
 
Жилийн 250 өдөр нартай байдаг тийм л цэлмэг тэнгэрийг харах гэж өнгө өнгийн “толгойтой” хүмүүс Монгол Улсыг зорьдог. Энэ тухай манай улсад хөл тавьсан жуулчдын нэг CNN агентлагийн  сэтгүүлч Нила свиней аяллын тэмдэглэлдээ онцолж. Түүний тэмдэглэсэн шиг хэдэн зуун км газарт нэг ч хүн, амьтантай тааралддаггүй “эзэнгүй” эрх чөлөө, тэнэгэр нутаг бидэнд бий. Чухам үүнээс эхлэлтэй тал нутгийг үзэхийн сайхныг бодон ирж, сэтгэл хоргодон буцдаг нь жуулчид.  Гэвч  тэд  нийслэл  хотод саатахыг төдийлэн таашаадаггүй. гаднын жуулчдын хувьд Монгол дахь анхны   өртөө Улаанбаатар хот. Тиймээс өөдлөх айл үүднээсээ хэмээн хотын нүүрийг угаах тал дээр нийслэлийн захиргаа болон улсын зүгээс анхаарахгүй биш анзаарч буй. Нөгөө талаас, жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр хэрхэн ажиллаж буй нь жуулчдад их чухал. Гэхдээ Монголын хувьд жуулчдынхаа аюулгүй байдалд анхаарал тавихаас илүүтэй тэд өөрсдөө амь нас, эрүүл мэнд болон эд зүйлсээ датгуулахдаа илүү их мөнгө төлж ирдэг гэдгийг “Ню Жуулчин” болон Overseas Adventure Travel” компанийн хөтөч, орчуулагч Б.Мөнхнаран ярьсан. Гэхдээ жуулчны компаниуд болон аяллын хөтөч нар жуулчдад тулгарч болзошгүй асуудлын талаар үргэлж анхааруулахаа мартдаггүй. энэ нь хотын аялал жуулчлалын аюулгүй байдлын өнөөгийн үнэн төрхийг гайхаад байх зүйлгүйгээр шуудхан илтгэж байгаа юм.
 
Манай  улсад  саатаад  буцсан жуулчдад монголчуудын зочломтгой зан  сайхан  сэтгэгдэл  төрүүлдэг  ч их хотод тохиолдсон зарим таагүй явдал айдсыг ч мөн тэдэнд тээлгэдэг нь үнэн. Үүнийг адал явдал гэж харах хэсэг байхад аяллыг нь сүйрүүлсэн хар дурсамж гэж харах нөгөө нь ч бий. Жуулчдын сэтгэл ханамжийн талаарх судалгаанаас үзэхэд хулгай, дээрэм, гудамжинд залуу эмэгтэй жуулчидтай эвгүй харьцдаг зэрэг нийгмийн асуудлууд нэлээд таагүй сэтгэгдэл үлдээжээ. Хөгжиж буй орнуудын адил манайд дэд бүтцийн асуудлаас үүдэн тэдний аюулгүй байдал алдагдах тохиолдол багагүй гардаг. Үүнд, явган хүний зам муугаас болж унаж бэртэх, хотын замын зарим гэрлэн дохионы учрыг ойлгож зам гарна гэдэг амаргүй. Тухайлбал, ногоон гэрэл ассан байхад зам хөндлөн гарч буй явган зорчигчын зүүн гар талын урсгал зогсдоггүй, давхацдаг. Үүнээс гадна жуулчдын хувьд таксины жолооч хадны мангаа мэт ойлголт төрүүлэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл тэд хэл нэвтрэлцэхгүй гадаад хүн битгий хэл, монголчуудаа болж өгвөл монжчих гээд байдаг улс. Эдгээр нь зөвхөн манайд байдаг биш, буурай орнуудад аялж буй жуулчдад иймэрхүү асуудал багагүй тохиолддог аж.
 
Аялахад хамгийн аюултай хотуудын жагсаалтыг тэргүүлдэг Мехико, Кракас зэрэг хоттой харьцуулахад Улаанбаатар харьцангуй тайван. Ялангуяа, байгалийн гамшиг, зэвсэгт мөргөлдөөн тасардаггүй хотуудын хажууд аюул багатай. Гэсэн ч дээр дурьдсанчлан тоолгүй орхиж үл болох асуудал байсаар. Монголд жуулчдын аюулгүй байдлыг хангах талд анхаарсан зүйл тун хомс байгаа тухай хөтөч, орчуулагчид хэлдэг. Харин тэд оюутан цагдаа нар ажиллуулдаг болсныг олзуурхаж байна. Цаашид жуулчид их явдаг газруудад ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг цагдааг олноор ажиллуулах хэрэгтэй гэв. Нийслэлийн аялал жуулчлалын газраас хотын Цагдаагийн газар болон Монголын оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ зохион байгуулжээ. Оюутнууд өдрийн зургаан цагаар, зуны гурван сарын турш ажилласны үр дүнд гэмт хэрэгт өртөж хохирсон гадаад иргэдийн тоо өмнөх оныхоос 18.4 хувиар буурчээ. Энэ бол “Tourist guide police” гэх бичигтэй ногоон өнгийн өмсгөл, улбар шар малгайгаар жигдэрсэн залуусын ажлын шим. 
 
Харин дэлхийн зарим улс оюутан цагдаа гэхээс илүүтэй жуулчдад зориулсан цагдаагийн төвтэй байдаг. Аялахад хамгийн аюултай хотуудын жагсаалтын дээгүүрт ордог Мексикийн Мехико хотод жуулчдад яаралтай түргэн тусламж үзүүлэх “Жуулчны цагдаа” гэх төв бий. Ер нь ийм төрлийн тусгай цагдаа ОХУ, Малайз, израиль, Тайланд зэрэг оронд байдаг аж. Харин манай улсын энэ жил л анх удаа Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дэргэд жуулчны цагдаагийн бие даасан нэгж байгуулсан. Угтаа тус нэгж нь урьд нь ярих төдий өнгөрдөг байсан жуулчдын аюулгүй байдалтай холбоотой олон асуудлыг шийдэх үүрэгтэй аж. Харин одоо энэ нэгжийг бэхжүүлэх, цаашлаад өдгөө жуулчид тогтддоггүй хотыг “хоргоддог хот” болгох үүднээс тууштай ажлууд хийх хэрэг бийг салбарынхан хэлж байна. Тэр дундаа, жуулчдыг таагүй сэтгэгдэлтэйгээр үдэхэд хүргэж буй дэд бүтцийн асуудлуудыг сайжруулах нь тэргүүний ажил.
 
Бусад хот жуулчдынхаа ая тухыг өндөрт тавин, тэдний аюулгүй байдлыг хангахын тулд онцгой анхаарч байна. Харин манай улсын хувьд салбарын яамны хэдэн мэргэжилтэн нийслэлийн аялал жуулчлалын газар багагүй ажил хийсэн гэхээс өөрөөр жуулчны аюулгүй байдлын талаар хэлчихээр зүйлгүй сууна. Нийслэлийн аялал жуулчлалын газрынхан энэ чиглэлээр хэлж яриад байх ажил багагүй хийжээ. Тухайлбал, жуулчны мэдээллийн төвийг гурван салбартайгаар ажиллуулдаг болж, нийслэл дэх үйлчилгээний байгууллагуудын мэдээллийг “Google Map”-д оруулжээ. Мөн жуулчин тээврийн автобусуудыг улсын дугаарын хязгаарлалтаас чөлөөлж, 500 гаруй автобусанд тээврийн зөвшөөрөл олгосон бөгөөд тэдэнд зориулан тусгай зогсоолуудыг ч бий болгосон байна. энэ нь бусад хотод аль хэдийн хийчихсэн ажил. Бид жуулчдын аюулгүй байдлыг хангах талд харьцангуй орой хөдөлж буй орны нэг. Үүнийг батлах мэт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг засгийн газарт өргөн барихаар ажиллан түмэн завгүй байгаа гэв. Тус яамны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Маргад “аялал жуулчлалын тухай хуулинд маш олон шинэчлэл хийх шаардлага байгаа учир шинэчилж байна. Хуулийн шинэчилсэн найруулга дахь  зүйл  заалтуудын   50  орчим хувь нь жуулчны аюулгүй байдлыг хангахад чиглэж байгаа” гэсэн юм. Уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталсны дараа тэрбээр жуулчны аюулгүй  байдлыг  хангах  талаарх яамны байр суурийг дэлгэрэнгүй хэлнэ гэлээ.
 
Манай улс аялал жуулчлалыг хөгжүүлэх  үндэсний хөтөлбөрөө энэ оны долдугаар сард баталсан. Харин тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээнд жуулчны аюулгүй байдлыг хангах ганцхан заалт оржээ. сийрүүлбэл, хөтөлбөрийн 4.1.3 заалтад “Жуулчид ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх...” хэмээн тусгаж. Эндээс аюулгүй байдлыг огт анхаараагүй биш анзаарч буй нь харагдаж байгаа юм. гэхдээ хэрхэн, яаж гэдэг нь тодорхойгүй. нөгөө талаас, энэ нь яамныхныг ажлаа хийх боломж олгохгүй, ийш тийш нь хэдэн яамны хормой руу шидэж ирсэнтэй холбоотой ч байж болох. Угтаа бол бодит ажил жуулчдад өгөөжтэй.
 
Жуулчдын аюулгүй байдал алдагдсан нэгэн баримт дурьдая. Энэ оны дөрөвдүгээр сард “Хөх Монгол” бүлгийнхэн Бурхан Халдун ууланд аялж явсан Өвөрмонгол жуулчдад халдсан хэрэг. Тухайн үед, үүнд нийслэлийн зүгээс анхаарч, Хотын дарга холбогдох жуулчдаас уучлалт хүссэн билээ. Гэвч жуулчдад учирсан асуудал бүрийн араас хэн нэгэн удирдлага энэ мэтчилэн уучлалт гуйгаад явахад асуудалтай учир үүнд тохирсон тогтолцоог бий болгох шаардлагатай гэсэн үг. Харин хот энэ жилээс аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөөтэй болох гэж байгаа аж. Тус төлөвлөгөөнд нь үер, газар хөдлөлт зэрэг онцгой болон эрсдэл бүхий нөхцөлд жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга замуудыг тодорхойлжээ.
 
Жуулчны аюулгүй байдлыг хангахад учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал ажил. Үүнийг нийслэлийн аялал жуулчлалын газрынхан ямартай ч олоод харж. Харин өдгөө Монголыг харьцангуй тайван гэж тайвширч суух биш, нийслэлийн зүгээс ч, салбарын яамны зүгээс ч санаа тавьж, хамтран багагүйг хийх хэрэгтэй болов уу. Нөгөө талаас, жуулчдад ээлтэй, тайван хот болоход нийслэлд амьдарч буй иргэн бүрийн найрсаг оролцоо чухал. Эс тэгвээс аялахад хамгийн аюултай хотуудын жагсаалтын дээгүүрт орж, хусаад  ч  арилахгүй  хар  толботой болох вий дээ.
 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД