Ертөнц

Хүний хөгжил

Палестинийг харах өнцөг 2016-03-11 09:37

Б.Үүрийнтуяа

Будур Хассан бол сэтгүүлч. Тэр өөрийн улсын бодит амьдрал, үнэн түүхийг дэлхий нийтэд хүргэх үүргийг хүлээж, үзэгнийхээ бэхэн замыг Палестинд зориулаад дөрвөн жилийг үджээ. Тухайн үед Будур 21 настай байсан юм. Америкийн нэгэн цахим хуудаст спортын мэдээ бэлтгэдэг байсан Будур Хассан чихээрээ “харж”, сэтгэлээрээ мэдэрдэг. Учир нь тэр хараагүй. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй байсан минь дэлхийг өөрөөр харах хүч болсон” гэдэг. Ажлаа хийж яваад Израйлын цэргүүдэд зодуулж, нулимс асгаруулах хийд хордон амь насаа алдах дөхжээ. Гэсэн хэдий ч тэр мэргэжлээсээ ухарч, цөхөрч байгаагүй аж. 

Төрөлхийн хараагүй Будур хүүхэд байхдаа их ичимхий бүрэг байсан бөгөөд шинэ газруудаар явж, шинэ зүйлс хийж, шинэ хүмүүстэй танилцах ихэд дургүй байсан тухайгаа ярихдаа “Надад өөртөө итгэх итгэл байгаагүй. Гадаа гарах хүртэл давашгүй сорилт мэт санагддаг байлаа” гэсэн юм. Назарет хот түүний хувьд туулж барахгүй асар том ертөнц байсан гэдэг. Гэтэл өдгөө тэр Назаретаас том ертөнцөд итгэл төгс алхаж явна. “Жагсаал, цуглааны үеэр Израйлын цэргүүд хүмүүсийг зодох нь энүүхэнд байсан. Нулимс асгаруулагч хий ихээр ашигладаг. Ийм үед хүмүүс намайг хамгаалахын тулд “Зай тавиарай. Тэр хараагүй” гэж орилдог байлаа. Тэдний сэтгэлийг би ойлгож байгаа ч шударгаар хэлэхэд тийм зүйлд дургүй” хэмээн ажлынх нь өдөрт байнга шахам тохиолдох зүйлсээсээ хуваалцах зуураа эспрессо кофегоо амтлан суух. Үймээн, самууны халуун цэгээс сурвалжлах нь Будурын хувьд амьдралын хэмнэл болжээ. Тэрбээр сурвалжлагуудаа англи, араб хэлээр бэлтгэн гадаад, дотоодын хэвлэлүүд төдийгүй цахим хуудсуудад нийтэлдэг байна. Хараагүй сэтгүүлч гэхээр “Хүмүүс их гайхдаг” хэмээгээд ёжтой нь аргагүй инээх нь түүний итгэл, үнэмшил хөгжлийн бэрхшээлийг нь хэрхэн ялан дийлж байгааг харуулах мэт. Бага насаа өнгөрүүлсэн Назарет хотоос хүн хөл ихтэй Иерусалим руу нүүх Будурын хувьд асар том өөрчлөлт байв. Эртний хотын нарийн гудмаар алхаж сурах хүнд “даалгавар” түүнд өөртөө итгэх итгэл олж авах хамгийн том түлхэц болсон гэдэг. Будур “Иерусалим дахь Палестиний бүс болон Баруун эргийн газрууд хараагүй хүн битгий хэл хоёр нүдтэй хүн явахад, зүг чигээ олоход төвөгтэй” хэмээн инээв. Нарийн гудамжуудаар холхих хүмүүсийн орилоон, хажуугаар нь зөрөх авто машины дуут дохио түүнийг айлгахаа больсон. 

Будур Хассан сурвалжлагаа бичиж буй нь

Бүрэг, дотогш байсан Будур өөрийн өнцөгөө сэтгүүл зүйн бүтээл болгохоор урт зам туулжээ. Зөөврийн компьютер дээрээ брайл үсэгтэй гараар сурвалжлагуудаа бичих тэрбээр дайны улмаас хайртай хүмүүсээ алдсан гэр бүл, орон гэргүй амьдарч буй палестинчууд гээд Палестиний мартагдсан сэдвүүдийг хөндөн гаргахад өөрийгөө бүрэн зориулжээ. “Миний хувьд хамгийн чухал өнцөг бол хүнлэг байдал. Би үйл явдлын өгүүлэгч нь байж, ингэхдээ улс төрийн агуулга шингээхийг хичээдэг” хэмээн тэрбээр тайлбарлав. Сэтгүүлчид Палестиний тухай, палестин ээжүүдийн тухай мэдээлдэг талаар Будур “Улиг болсон ийм зүйл тэд бичдэг. Үнэн хэрэгтээ “Палестин ээж” гэсэн ойлголт огт байдаггүй. Үр хүүхэд, хайртай хүнээ үймээн самуун, дайнаас болж алдана гэдэг харамсалтай. Хүн болгон уй гашуугаа өөр өөрийнхөөрөө даван туулдаг. Ижил төстэй зүйлс байх нь ойлгомжтой. Гэхдээ палестин эрэгтэй, эмэгтэй, ээж, аав гэх мэтээр хэвшмэл байдлыг бий болгох санаа зохиож түгээж болохгүй. Сэтгүүлчид тэдэнтэй ярилцаж, тэдний хэлэхийг хүссэн зүйлсийг бодитоор дамжуулах, тэдэнд үгээ хэлэх боломжийг олгох хэрэгтэй” хэмээн хариулсан юм. 

Сэтгүүлч байх амаргүй гэдгийг тэр хүлээн зөвшөөрдөг. Ажлаа хийж явахдаа төөрөх, танихгүй хүнээс тусламж гуйх энүүхэнд. Түүнчлэн хараагүй учраас нарийн зүйлсийг ажиглаж чадахгүй гэдэг нь ойлгомжтой. Тухайлбал, асуултынхаа хариултыг авахдаа тухайн хүний үйл хөдлөл, нүүрний хувирал зэргийг харах боломжгүй байна гэдэг мэдэрч бичихэд хүндрэлтэй байдаг гэх. Гэхдээ тэр “Би маш сайн сонсож сурсан. Хүмүүсийн хоолойны өнгө, өргөлт, ашиглаж буй үгс зэрэгт төвлөрдөг. Ингэснээр би өөр зүйлсийг “харж”, нүүрний хувиралд хэт анхаараад анзаарахгүй өнгөрөөж болзошгүй бусад чухал зүйлийг мэдэж авдаг” гэв.
Хүмүүс түүнийг гэртэй бай гэж зөвлөдөг аж. Өөрийнхөө талаар таагүй сэтгэгдлүүдийг ч олонтаа сонсож байсан гэдэг. Будур “Хөгжлийн бэрхшээлтэй, тэр тусмаа эмэгтэй хүн учраас сайн байна гэдэг хангалтгүй. Хөгжлийн бэрхшээлтэй араб эмэгтэй байна гэдэг өөрийгөө бүр ч илүү батлан харуулах хэрэгтэй болдог. Хүмүүстэй уулзаад явахад тэдний хандлага барууны сэтгүүлчидтэй харьцдагаас тэс өөр байх нь элбэг. Намайг нухацтай авч хэлэлцэхгүй үе бий. Тиймээс би мэргэжилдээ сайн биш, бүр гайхалтай байх ёстой” хэмээн ярьсан.

Будур Хассан өдөр бүр хүнд сорилтуудыг даван туулах шаардлагатай болдог хэдий ч тэрбээр ирээдүйдээ итгэл төгс байна. Тэрбээр Латин Америк руу аялан, тэнд ажиллахыг мөрөөддөг. “Чамд хоёр чих, хоёр нүд байгаа бол надад дөрвөн нүд бий” гэж хэлэх дуртай тэрбээр “Анхааралтай сайн сонсож чадахгүй бол ямар их зүйлийг алдаж болох нь үнэхээр гайхмаар шүү” гэсэн юм.
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД