Аж үйлдвэр

Үйлдвэржилт

Хотын жинс 2016-03-30 13:06

Г.Орхон

Их хотын дэгжин залуус үндэсний хэв маяг бүхий жинсэн хувцсаар давтагдашгүй загварлаг төрхийг бүр­дүүлдэг болоод удаагүй. Тэдний сэтгэлийг гижигдэж, халаасаа хоослохоос үл буцам байдалд оруулан шохоорхлыг нь татаж буй брэнд “Urban jeans”. Олны сонирхлыг ингэж ихэд татаж буй тус брэндийг бойжуулж, өлгийдөн авдаг үйлдвэртэй сурвалжлагч миний үзэг танилцсан нь энэ.
 
“Urban jeans” брэндийн уг гарал “Денимон” ХХК, суугуул нутаг нь Хан-Уул дүүргийн урд байрлах арьс ширний нэгд­лийн хашаан дотор бий. Гаднаас нь харсан хэн ч дотор нь үйлдвэрлэл ид өрнөж яваа гэж төсөөлөх байтугай, хажуугаар өнгөрсөн хэр баргийн хүн тоож харахааргүй навсгар байшинд “Urban Jeans” болон түүний “ах, дүүс” төрж байна.
 
Гэхдээ анх хоёр гуравхан оёдолчин, хэдхэн машинтайгаар орон сууцны байрны подволд жинс оёж эхэлсэн бол өнөөдөр 100 гаруй ажилтантай үйлдвэр болж өргөжөөд байгаа нь энэ. “Денимон” компа­нийнхан өнгөрсөн онд борлуулалтаа 2.8 дахин өсгөж чаджээ. Хямралын үед ашигтай ажиллаж үйлдвэрлэлээ өргөжүүлж чадсан тэдний нууц ер­дөө энгийн. Шаргуу хө­дөлмөр, зардал үл ха­рамласан маркетинг. Мөн Засгийн газрын хөн­гөлөлттэй зээл тэдэнд сан­хүүгийн томоохон хөшүүрэг болж өгчээ. Тус компанийнхан 2014 онд Чингис бондоос 600 сая төгрөгийн санхүүжилт авсан юм. Улмаар тэд үйлдвэр хийгээд брэндээ өргөжүүлж, үйлдвэрийн бүрэн хүчин чадлаараа буюу өдгөө сардаа 10 мянга орчим жинсэн хувцас үйлдвэрлэж явна. Үндсэн түүхий эд болох “деним” гэх материалыг Солонгосоос, товч, цахилгаан тэр­гүүтэй туслах материалаа урд хөршөөс татаж авдаг байна.
 
Загвар зохион бүтээгчдийн өрөөний баруунтай байрлах “Денимон” компанийн захирлын өрөөг зорих замд таарсан ажилтан бүр найрсаг инээмсэглэл, залуу насаар гоёсон байлаа. Учир нь чадварлаг залуу хамт олноор эдний баг бүрджээ.
Тус компани 2015 оны байдлаар улсад 350 сая орчим төгрөгийг татвар, нийгмийн даатгалын шимтгэл хэлбэрээр төвлөрүүлж, Улаанбаатар хотод ес, орон нутагт 10 салбар нэрийн дэлгүүр нээн ажиллуулж байна. Харин 2016-2017 онд дотоодын жинсэн хувцасны хэрэгцээний 30 хувийг дангаар хангах зорилт тавин ажиллаж байгаа аж.
 
Хөнгөн үйлдвэрлэл ялангуяа, оёдлын салбар уналтад орсон энэ үед тэд ийн амжилттай ажиллаж чадсаныг салбарын яам үнэлэн Аж үйлдвэрийн салбарын тэргүүн дээр шагналын алдар зүүлгээд удаагүй. “Анх дүүгийнхээ байр савыг заран байж жижиг подволд оёдлын цехээ нээсэн. Оёж болж байгаа юм. Дараа нь угааж боловсруулах нарийн технологи бий. Үүнийг эзэмшихэд нэлээд хэцүү, шантрах үе байсан ч чадталаа явна гэж зүтгэсэн. Хэдэн ч жил цалингүй ажиллачихав. Дүү бид хоёр сүүлийн хоёр жил л цалин авч байна” хэмээн “Денимон” ХХК-ийн захирал Д.Тунгалаг ярив. Мөн тэрбээр “Аж үйлдвэрийн салбар яамтай болсноор хууль дүрэм бодлогын баримт бичгийн боловсруулахад нэгдсэн яамтай байх, үйлдвэрлэгчид ч төр захиргааны байгууллагуудтай яамаар дамжуулан харьцахад амар болсон” гэснийг энд тэмдэглэе.  
 
Тэд дэлхийд түгээмэл биш технологийг таван жилийн турш судалж сүүлийн хоёр гурван жилд дэлхийн түвшинд хүрэхээр жинс үйлдвэрлэж чаддаг болоод байгаа аж. Нэг жинсэн өмд л гэхэд ойролцоогоор 100 орчим дамжлага дамжин нэгээс хоёр хоногт үйлдвэрээс гарч, хэрэглэгч та бид өмсөхөд бэлэн болдог байна. Жинсэн хувцсыг үйлдвэрлэхэд ийм их ажиллагаа шаарддаг бөгөөд монголчуудад илүү тохиромжтой өмсгөл бүхий жийнс зөвхөн “Urban Jeans” гэдэг нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар батлагдаад буй. Учир тус компанийнхан монгол хүний антом дээр судалгаа хийсний дүнд бидэнд илүү тохиромжтой жинс үйлдвэрлэж буй. Уртын хувьд л гэхэд нэг размераас гурван өөр урттайгаар үйлдвэрлэдэг нь тэдний давуу тал.  
 
Зөвхөн жинс гэлтгүй үндэсний хэв маягтай деним материалтай хувцас үйлдвэрлэдэг болсныг энд онцлоё. Цаашид хувцасны бүх төрлийг үйлдвэрлэн “Urban” брэндийн дүү нарыг төрүүлэх нь тэдний ойрын зорилго гэнэ. Харин үнийн тухайд Д.Тунгалаг “Урд хөршийн бараа, бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд бэрхшээлтэй байгаа нэг зүйл нь лангууны бизнес эрхэлдэг хүмүүс бага татвараар бараагаа оруулж ирж байна. Гэтэл бид материалаа оруулж ирэхээс эхлээд бүхий л шатандаа улсад төлөх ёстой бүх татварыг төлснийхөө дараа урдаас орж ирж байгаа жинстэй үнийн хувьд өрсөлдөнө гэдэг хүндрэлтэй. Гэсэн ч өрсөлдөж чадаж байна. Хүн болгон төлөх ёстой татвараа шударга төлвөл жинхэнэ шударга өрсөлдөөн бий болно” хэмээсэн.
 
Тэдний хувьд өдгөө нэг бэрхшээл бий гэнэ. Энэ бол тус сурвалжлагын эхэнд дурдсан байрны асуудал, түүнээс үүдэлтэй ажиллах орчин. “Денимон” компанийнхан мэргэжлийн хя­налтын байцаагчдаас удаа дараа сануулга авчээ. Учир нь тус үйлдвэрийн байр цайны газрын зориулттай тул зай орчны стандартыг хангадаггүй байна. Наад зах нь угаалгын цехийн хэсэгт угаалгын машинуудыг хананаас 1.5 метрийн зайд байрлуулах ёстой атал эднийх ханандаа шахаад байрлуулжээ. Үйлдвэрийн ажилчдын хэлж буйгаар ингэж тавихгүй бол өнөөх хэдэн машин нь багтдаггүй аж. Ер нь ганц “Денимон” гэлтгүй хөл дээрээ босох гэж яваа дотоодын олон үйлдвэр хүссэн байрандаа үйлдвэрлэл эрхэлж чаддаггүй нь нууц биш. Гэхдээ тус компанийнхан одоо байгаа байрныхаа дэргэдэх арай том талбайтай байр руу буурь сэлгэх гэнэ.
 
Дэлхийн загварын чиг хандлага өнгөрсөн үе рүү эргэж байгаа ч хуучин цагийн “босоо жинс”-ийг халж, нимгэн, сунадаг жинс трэнд болж байгааг загварынхан онцолж буй. “Urban Jeans” брэнд ч мөн ийм шинж төрхөөр залууст танигдсан. Цаашид тус үйлдвэрийн үйлчин бүсгүйчүүд “деним” материалаар илүү олон төрлийн хувцас үйлдвэрлэж, Хотын жинс брэндээ өргөжүүлэх гэнэ. 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД