Эдийн засаг

Өрийн менежмент

Дампуурлын зүг урагшаа 2016-04-07 09:11

Б.Үүрийнтуяа

Сөргөлдөөн эсвэл халдварт өвчний тархалтын улмаас 2013-2015 онд байгалийн баялагт суурилсан эдийн засаг нь огцом унасан хөгжиж буй орнуудад Өмнөд Судан, Сиерра Леон, Украйн багтаж байна. Гэтэл тэдний багтаж буй тус жагсаалтад Монгол Улс “тууж” яваа нь хачирхалтай. Дайнгүй, тахалгүй тэгсэн атлаа дээрх орнуудтай мөр зэргэцээд буруу жагсаалтад орчихсон байх юм. Гадаад харилцааны сайд асан Г.Зан­даншатарын тодорхойлсноор эдийн за­саг вирустсэн аж. Улсаа хүний бие гэж бодвол эдийн засаг хавдараар өвчилж, хавдарын эс нь бусад сал­барт тархаад эхэлчихэж. Ийм гээд аваад үзвэл эбола нүүрэлсэн Сиерра Леонтай адилтгаж болох юм. Дэлхийн банк энэ жилийн Монголын эдийн засгийн өсөлтийг 0.8 хувь болтол бууруулан таамагласан. Гэтэл хоёр жилийн өмнө 2016 оны өсөлтийг 7.7 хувь гэж байсан. Wall Street Journal-д өнгөрсөн онд Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт тун бага байсныг харуулахын зэрэгцээ гадаадын нийт өр 20 тэрбум ам.доллар давсан байгааг онцлоод манайхыг алдагдсан боломжуудын орон гэсэн байгаа юм.  
 
Эдийн засаг хөрөнгө оруулалт, уул уурхайтайгаа таг болов. Тасралтгүй өсөж байгаа нь өр, авлига. 2015 оны байдлаар манай улсын гадаад өрийн хэмжээ сүүлийн зургаан жилийн хугацаанд 10 дахин нэмэгдсэн, Засгийн газрын өр 3.65 тэрбум ам.доллар болж өссөн. Энэ нь 2009 оны гадаад өрийн хэмжээнээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт. Өнөөдрийн тоон баримтаас үзвэл манай улсын гадаад өрийн нийт хэмжээ 22 тэрбум ам.долларт дөхөх бөгөөд ирэх оноос эхлээд төлөх ёстой зээлийн эргэн төлөлтүүд биднийг амдаад зогсож байна. Гэтэл Монгол Улс өрийн хэмжээгээ өсгөсөөр байгаа нь сэтгэл зовинох үндэслэл яах аргагүй мөн гэдгийг манай улсад 2014, 2015 онд зочилсон Германы эдийн засагч Ханс Вернер Зинн болон Биатрис Ди Мауро нийгмийн уншиж, судалдаг хэсэг төлөөлөгчдөд илтгэл тавих үеэрээ сануулж байлаа. Тэгсэн саяхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газар Credit Suisse банкнаас 250 сая ам.долларын зээл авсан гэж мэдээлэв. “Энэ бол зээл. Өр биш” хэмээн Сангийн сайд Б.Болор онцлоод төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор аваагүй гэсээр буй. Сангийн сайдын хэлж байгаагаар уг 250 сая ам.доллараар дотоодын өндөр хүүтэй бондод санхүүжилт хийх юм байна. Энэ бол амь тариа. Араас нь урт хугацааны эмчилгээ шаардлагатай.  
 
Монгол ба Мозамбик, Нигер тэгээд Латин Америк
 
Азийн орон атлаа адилтгах гэхээр Африкийн орнуудтай жагсах болсон Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд улам муудаж байна. Тодруулбал, ДНБ-ийг гадаад өртэй харьцуулсан судалгаагаар Монгол, Мозамбик хоёр зуузай холбон тэргүүлдэг. Авлигын түвшнөөр бол Нигертэй ахан, дүүс. Дампуурлын магадлалаар дефолт болох хамгийн өндөр эрсдэлтэй 14 орны наймдугаарт эрэмбэлэгдэж байгаа юм. Энэ утгаараа Аргентин, Чилитэй адилхан. 
 
Эргэн төлөх чадавхтай бол гадаадаас авсан гуйлгыг зээл гэнэ. Харин өгөөжгүйгээр зарцуулвал тэр өр болж хувирна. Уул уурхайд суурилан эдийн засаг тэлж байхад баруун, солгойгүй цацаж ирсэн нь өнөөгийн нөхцөлд хүргэсэн гэдэг. Тэр үед Баялгийн сан байгуулаад, орж ирсэн мөнгөө хуримтуулсан бол гэж халаглах хүн олон. Гэвч ярьж байсан ч хийгээгүй учраас өнөөдөр “Хэрвээ” гэх эрх бидэнд алга. Түүнчлэн өгөөжгүй үрсэний нэг жишээ бол төсвийн алдаглаа валютаар нөхөх явдал. Өрийг өрөөр дарах нь ухаалаг алхам биш гэдгийг дээр дурьдсан эдийн засагч Биатрис Ди Мауро зөвлөсөн. Судлаач Л.Гангэрэл ч мөн хамгийн явцгүй шийдэл гэж дүгнэж буй. Тэрбээр “Өрийг өрөөр дарна гэдэг өмнөх хүүгээс илүү өндөр хүүгээр зээл авч байна гэсэн үг. Ингээд ам.долларыг төгрөгтэй харьцуулахад өндөр үнэтэй тусаад байна. Тэгээд төгрөгөөрөө өрөө шилжүүлээд бодохоор өр хамаагүй ихэсч байгаа юм” гэлээ. Түүнчлэн Засгийн газар өр барагдуулах асуудалд ямар ч тодорхой төлөвлөгөөгүй явж байгааг Л.Гангэрэл шүүмжилсэн. 
 
Өнөөдөр зөвхөн төрийн өрийг онцолж байна. Гэтэл улсын нийт өрийн түвшинд хувийн хэвшил ямар хэмжээнд хувь үзүүлж
байгааг тэр бүр ярихгүй байгаа юм. Хувийн хэвшилд зүтгэгчдийн зарим нь гаднаас зээлсэн мөнгө өр болох эрсдэлийг хувийн хэвшил өөрөө үүрдэг тул асуудал болгож дэвэргэх шаардлагагүй гэж үздэг. Харин улс өрөнд баригдахад хувийн хэвшлийн гадаад өрийн асуудал тун аюултай нөлөө үзүүлдэг аж. Монголдоо том Mongolian Mining Corporation зээлээ төлж чадахгүй болж, улмаар дампуурах нь тодорхой гэсэн мэдээлэл гарах болсон. Коксжих нүүрсний үйлдвэрлэлээрээ Монголдоо тэргүүлдэг тус компанийн зээлжих зэрэглэлийг Moody’s хагас жил орчмын өмнө бууруулахдаа ирэх жил дампуурах магадлал өндөр хэмээн үзсэн байгаа юм. Энэ мэтээр улсад чухал нөлөөтэй компаниуд дампуурвал ямар хохирол учирдагийг 1970, 1980-аад онд дампуурлаа зарласан Латин Америкийн орнуудын жишээ харуулдаг.
 
Латин Америкийн орнууд болоод Грек, Испанийн өрийн хямрал хувийн хэвшлийн гадаад өрийг чухалчилан анхаарч, шаардлагатай бол хязгаарлах хэрэгтэй гэдгийг харуулсан. Хэдийгээр Capital Control эдийн засагтаа сөрөг нөлөө үзүүлэх нь бий ч хувийн хэвшлийн гадаад өрийн менежмент зайлшгүй байх ёстой бодлогын зохицуулалт аж. Харин манайд энэ асуудлыг анхааралдаа авч буй нь ховор. Хувийн хэвшлийн өрийн хэмжээг судалсан бодит тоо байдаггүй бөгөөд өнөөдөр бидний мэдэх өрийн үзүүлэлтүүд бүрэн бус гэдгийг Гадаад хэргийн сайд асан Г.Занданшатар манай сэтгүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа дурьдсан. Тодруулбал, дэлхийн томоохон судалгааны байгууллагуудын гаргасан тооцоолол манайд мэдээлдэг тоотой зөрдөг, өрийн таазыг тодорхойлох аргачлал өнөөдрийн үнэ цэнээр тогтоогдож байна. Түүнчлэн өр нэмэгдэхэд хамгийн их нөлөөлж буй зүйл бол хууль эрх зүйн муу тогтолцоо. Хууль гаргаад зогсох биш хэрэгжилт чухал гэдгийг гадаад, дотоодын эдийн засагчид амаа чилтэл ярьдаг. Гэвч зээлээ өр болгох асуудал хэдхэн хүний шийдвэрээр явах болсон нь дампуулын зүг урагшаа гэж буйтай ижил ойлгогдож байгаа юм. Үүгээр ч зогсохгүй валютын дотогшлох урсгал хумигдсаар байхад гадагшлах суваг улам өргөжсөөр байна. 
 
Таваарын ханш мөчлөгийн оргилдоо байхад манай улсын Засгийн газар бонд гаргаж байлаа. Гэтэл хөгжиж буй зах зээлүүд өдгөө тэвдэж байхад Монгол хэдийнэ хямарчихсан явна. Pacific Investment Management Co., Schroder Investment Management тэргүүтэй дэлхийн томоохон сангууд Монголд хөрөнгө оруулж байсан. Гэвч өнөөдөр гадныхан оруулсан хувиа аваад хурдан арилах тухай бодож буй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын бондын өгөөж 9.4 хувь болж өссөн нь Ази тивдээ хамгийн муу үзүүлэлт болсон. Сүүлийн үеийн мэдээллээр бондын өгөөж найман хувьд хүрч буурчээ.  
 
Хятадын эдийн засгийн удаашрал, таваарын ханшийн уналт манай эдийн засаг ийн уруудахад нөлөө үзүүлсэн ч өнөөдрийн хэмжээнд хүрэхэд хамгийн их нөлөөтэй нь бид өөрсдөө. Өнөөдөр цадаж байвал маргааш өлсөх хамаагүй гэсэн сэтгэлгээгээр хандаж олж ирсэнээ засаг нь тараахад ард иргэд нь ч хадгалах бус ходоод руугаа хийчихсэн. Дэлхийн банкны мэдээлснээр эдийн засаг буурахын хэрээр монголчуудын амьдрал ядуурлын түвшин тодорхойлох доод цэг рүү уруудаж байна. Ажилгүйдэл өсч 2015 оны сүүлийн улиралд 8.3 хувь болжээ.
 
 
 
 Mongolian Economy сэтгүүл, 2016 оны дөрөвдүгээр сар, №07

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД