Аялал жуулчлал

Том тоглогч болохын тулд 2016-05-03 09:09

Б.Энхцэцэг

Mongolian Economy сэтгүүлийн 2016 оны 01 сар #02 /104/

Гурван жилийн өмнө дэлхийн хам­гийн найрсаг бус ээлгүй орнуудын нэг болж байсан Монгол саяхан СNN travel-ийн 2016 оны хамгийн ёс зүйтэй орнуудын нэгээр нэрлэгдлээ. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлагдсанаар нийслэл хот 2015 оноос эхлэн гадаад маркетингийг явуулж эхэлсэн байдаг. Тус хөтөлбөрийн хувьд тунхагийн чанартай биш гэдгээ өнгөрсөн жил гаруйн хугацаанд хийсэн ажлаараа батлан харууллаа. Аялал жуулчлалын тавьдаг тухайлбал, дугаарын хязгаарлалт, автозогсоол зэрэг цөөнгүй асуудлыг шийдсэн. Мөн жуулчин татвар хэмээх шинэ тогтолцоог нэвтрүүлж, дараагийн ирэх жуулчдыг татах төс­лүүдийн санхүүжилтийг босгож буй. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил л гэхэд 30 гаруй олон нийтийн арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд эдгээр нь зөвхөн гаднынхныг бус монголчуудыг ч мөн үзэх харах зүйл ихтэй болгосныг Чингисийн талбайн хүн зон ихтэй завгүй өдрүүд гэрчилнэ. Ерөнхийд нь тус хөтөлбөрийг зөвхөн нийгэм соёлын арга хэмжээнүүдээр хэмжих нь өрөөсгөл гэдгийг Нийслэлийн аялал жуулчлалын газрын /НАЖГ/ дарга Э.Баттулга хэлж буй. 

Дэлхий даяар үндэсний, бүсийн, хотын хэмжээний аялал жуулчлалын байгууллага бүр маш их мөнгө, цаг хугацааг сурталчилгаанд зарцуулдаг. Энэ нь үндсэндээ дөрвөн төрлийн үйл ажиллагааг хэлдэг: зар сурталчилгаа, хэвлэн нийтлэх, олон нийтийн харилцаа, урамшуулал хөнгөлөлтүүд.  Хөрөнгө оруулалт гарздахгүйн тулд зорилтот зах зээлийг тодорхойлж боломжоо тооцоолж төлөвлөх нь зайлшгүй гэдгийг дэлхийн аялал жуулчлалын байгууллагынхан зөвлөдөг.
 
Монгол Улсад жуулчны визээр хил нэвтэрсэн зорчигчийн тоо 2015 онд 386 мянга байсан ба энэ өмнөх жилтэй нь харьцуулахад 1.7 хувиар бага үзүүлэлт болж байна. Тус үзүүлэлтийг голлох 10 улсаар задлан харвал Монголыг хамгийн их зорьсон ТОП 5 орон нь Хятад, Орос, Япон Солонгос болон Какахстан байна. 
 
Нийслэлийн аялал жуулчлалын газ­рын хувьд  “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ жил манай улсыг зорих шууд нислэгтэй орнуудыг чиглэж маркетингаа хийнэ гэж байгаа.  Үүнд Орос, Хятад, Япон, Герман Солонгос, Хонконг багтаж буй. Тэд бүгд жуулчдын аялал сонгодог шалтгаан, зардлын хувь хэмжээ, аяллын зах зээлийг нь эзэлдэг насны бүтэц гэх мэт олон талаараа өөр хоорондоо ялгаатай.  Хятадыг л гэхэд тухайлбал, зах зээлийг нь хэдхэн том компани атгадаг бол Японы зах зээлд аялал жуулчлалын холбоод дээр суурилж ажил нь урагшилдаг байна. Харин Солонгосын зах зээлийн хувьд үндэстэнд суурилсан бизнес давамгайлдаг тул гаднын компани жуулчин авахад хамгийн хэцүүд тооцогддог аж.  Солонгосын аялал жуулчлалын зах зээл барж иддэггүй хоол гэгддэг тул  НАЖГ-аас Сөүл хотын төвд Улаанбаатар хотын соёлын өдрүүдийг зохион байгуулж, солонгосчуудын дунд Монгол руу очиж үзэх хүслийг өдөөх тактик барьжээ. Ингэснээр хэрэглэгчид нь манай орныг асуугаад ирэхээр тур операторууд нь өөрийн эрхгүй Монголыг сонирхох болно гэж тооцсон байна.  
 
Акулуудын нүдэнд өртөхийн тулд 
 
Өдгөө Монголын хамгийн том ко­мпани 10.000 жуулчин хүлээн авдаг бол дэлхийн акулууд үйлчлүүлэгчдээ 30-40 саяар тоолдог. Дэлхийн аялал жуулчлалын салбарын зах зээлүүдийг харвал томоохон хэдэн компани тухайн улсынхаа зах зээлийг атгачихсан байдаг. Жишээ нь Хятадын СITS, Японы JTB Travel Corporation, Германы TUI, Их Британийн Thomas Cook зэрэг компани байна. Эдгээр компаниудын аль нэг жилийн хөтөлбөрт нь орсон онцлох аяллуудын нэгт манай улс багтвал Монголын аялал жуулчлалын салбарт тоо ба чанарын өсөлт мэдэгдэхээр тийм нөлөөтэй. Аяллыг хувь хүн өөрөө би ийшээ тийшээ явмаар байна гэж бодоод л сонгочихдог гэвэл өнгөц ойлголт. Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг. Томоохон компаниуд тухайн жилдээ онцлох орнуудаа жагсаасан хөтөлбөр, тараах материал гаргаад түүнийгээ хэдэн мянган салбар нэгжүүд рүүгээ тараан байршуулж, хөнгөлөлт урамшуулал бэлэг сэлт амлаж, найрсаг шахаа хийдэг.  Германы TUI групп л гэхэд л 1800 тур оператор, зургаан агаарын тээврийн компани, 300 зочид буудал, 30 сая үйлчлүүлэгчтэй. Тэдний жилийн онцлох аяллуудын нэгт Монгол багтвал “тэнгэрийн унадаг” атгалаа л гэсэн үг. Хэрвээ том компаниуд биднийг сонирхоод ирнэ гээд шийдчих л юм бол захиалгаар онгоц нисгээд, транс сибирийн галт тэргийг ашиглах зэргээр манай дэд бүтэц муу байсан ч өөрсдийн хүчин чадлаа ашиглаад аялагчаа зөөгөөд манайхыг “моданд” оруулчиж дөнгөхөөр. 
 
Тэгвэл тэдэнд яаж тоогдох вэ. Дээрх том компаниудын хувьд манай улсыг гадаад сурталчилгаагаа сайн хийж танигдахыг хүлээж буй. Тэдэнд худалдан авалт султай бүтээгдэхүүн хэрэггүй. Өдгөө манай улсын хувьд нарийвчилбал хотын зүгээс “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй нь зөвхөн дотооддоо чиглэсэн ажлуудыг хийх бус мөн Монголыг сурталчлах гадаад ажлуудыг мөн зохион байгуулахад чиглэж буй. 
 
Энэ хүрээнд 2015 онд холбогдох хүмүүс гаднын жуулчдыг татах тал дээр иргэд рүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан илүүтэй ажил­ласан бол мэргэжлийн орол­цогчдыг татахын тулд томоохон үзэс­гэлэн чуулганд орж, тэднийг цааш хэрэглэгчиддээ Монгол хэмээх аяллын бүтээгдэхүүнийг зарах талаас нь анхаарал хандуулан ажиллажээ. 2015 онд хамрах хүрээ, оролцогчдын тоогоороо дэлхийд тэргүүлдэг ‘ITB Berlin’ аялал жуулчлалын үзэсгэлэнд Монгол улс түнш орноор, Улаанбаатар хот үндсэн оролцогчоор оролцож, гадаад сурталчилгааны гараагаа НАЖГ жинтэйхэн тавьсан.
 
Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр болдог хэлэлцүүлгийг ‘Монгол улс MICE жуулчлалын зах зээлд’ сэдвийн дор явуулж, нийслэл хотыг бизнес жуулчлалын бие даасан зорих газар болгон гадаадад сурталчлах ажлыг эхлүүлсэн. Дээрх томоохон үзэсгэлэнд оролцсон амжилтаа бататгаж, НАЖГ-аас Германы ням гарагийн тогтмол хэвлэлүүдийн зах зээлийг тэргүүлэгч, 2012 оны Европын оны шилдэг сонин, 2013 оны Европын долоо хоног тутмын шилдэг сонин Welt am Sonntag-ийн 2015 оны арванхоёрдугаар сарын тусгай дугаарыг Улаанбаатар хотын аялал жуулчлал сэдвээр бэлтгэн гаргажээ. 1.1 сая уншигчтай сонин ба түүний 45,7 сая хүн уншдаг цахим хуудас Welt.de-д хотын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг онцолсон уг сурталчилгаа нь Монголын аялал жуулчлалын түүхэнд хамгийн далайцтай медиа маркетинг болж байгааг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл онцолсон.  
 
Өнгөрсөн жил маркетингийн хувьд хийсэн хамгийн том ажлуудын нэг нь Токио хотноо Улаанбаатар хотын аялал жуулчлалын төлөөлөгчийн газ­рыг нээсэн явдал юм. Япон шиг аяллын агентлагуудын холбоо, үндэсний аялал жуулчлалын холбоо зэрэг мэргэжлийн холбоодын уялдаа дээр салбар нь урагшилдаг орны хувьд маркетингийн арга барил тэдэнтэй холбогдох ёстойг аялал жуулчлалын холбогдох хүмүүс олж харжээ. Тиймээс тэдэнтэй өнгөрсөн жилийн тухайд Э.Бат-Үүл дарга хоёр ч удаа очиж уулзан, санал тавьсан. Мөн энэ хүрээндээ ч Японы олон улсын аялал жуулчлалын “JATA” үзэсгэлэнд мөн оролцсон байна. Тус улсын хувьд бид шууд нислэгтэй, визгүй, Монгол улс харьцангуй сайн сурталчлагдсан зэрэг олон давуу талтай. 
 
Харин Өмнөд хөршийн хөлгүй их өргөн зах зээлд шунгахын тулд хятадуудын дунд хэвлэл мэдээлэл, цахим хуудаст суурилсан сурталчилгаа өндөр нөлөөтэй байдаг талыг нь ашиглаж байна.  Хятадын аялал жуулчлалын бизнесийг  хэдэн том компани хариуцдаг хараа хяналт ихтэй ч гэсэн тэдэн лүү чиглэсэн сурталчилгааг олон улсын үзэсгэлэнгүүдээр нь дамжуулан хийж байгаагаа НАЖГ-ын дарга Э.Баттулга танилцуулсан юм. 
 
Хувийн хэвшил рүү нь томоохон үзэсгэлэн хуралд идэвхтэй оролцох замаар өөрсдийгөө таниулж байгаа бол гаднын иргэд рүү чиглэсэн үйл ажиллагааны хувьд түлхүү хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийн сувгуудыг ашиглах чиг барьж байна. 2015 онд хийгдсэн судалгаагаар жуулчдын Монголын болон Улаанбаатар хотын талаарх мэдээлэл авсан гол эх сурвалжийн 61 хувь нь интернетэд ногдож байгаа бол, аяллын хөтөч 50.5 хувь, нийгмийн сүлжээний цахим хуудсууд 14.8 хувь байжээ. Улаанбаатар хотын аялал жуулчлалын сурталчилгаанд цахим маркетинг үр дүнтэй гэж үзсэн учир www.ulaanbaatour.mn цахим хуудсыг монгол, англи, орос, солонгос хэл дээр ажиллуулж эхэлжээ. Мөн жуулчид, гадаадын иргэд мэдээлэл ихээр авдаг Wikipedia, Wikitravel чөлөөт нэвтэрхий толиудын Улаанбаатар хот, хотын аялал жуулчлалын мэдээллийг зургаан хэл дээр шинээр болон шинэчлэн оруулаад байна.
 
Улаанбаатар хотын маркетингийн иж бүрдлийг өнгөрсөн жил гарснаар хотын нэгдсэн дүр төрхтэй сурталчилгааг нийслэлийн бүх байгууллагууд, хувийн хэвшлийнхэн өөр өөрсдийн сувгаар үр дүнтэй явуулах боломж бүрдэж байгаа. Манай хотын дэлхийд танигдах уриа үг нүүдэлчин сэтгэхүйтэй хөгжил хөдөлгөөн дундах хот гэсэн утга бүхий “Dynamic city with nomadic soul”  болсон. 
 
Хотууд нь соёл, худалдааны хамгийн идэвхтэй солилцооны цэгүүд. Өдгөө дэлхийн хүн амын тал нь хот суурин газар амьдарч байгаа бол 2030 он гэхэд таван тэрбум хүн хотын иргэд болно гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллага тооцжээ. Хотуудын зочдын тоо жил, жилээр өсөх тусам дотоодын эдийн засагт ажлын байр бий болгох, валют арилжааг тэтгэх, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эерэг нөлөөлөл авчирч буй. Энэ нь эргээд оршин суугч, аялагч аль алинд нь өгөөж болдог. 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД