Уул уурхай

Оюутолгойн далд ертөнц ба “НҮБ” 2016-05-11 10:05

Д.Бэхбаяр

Улаанбаатар хотын нэгэн өнгө болсон Блю Скай гээд далбаат завийг санагдуулам өндөр цэнхэр барилгыг 12 давхарлах хэмжээний газрын гүнд Оюутолгойн ордын далд ертөнц нуугдах. Тэрхүү гүнд энэ ордын баялгийн 80 гаруй хувь нь байгаа юм. 1300 метрийн дор орших алт, зэсийн хүдрийг олборлож, дээш нь гаргаж ирж, эдийн засгийн эргэлтэд, оруулж, улс орноо хөгжүүлж, иргэдээ баян болгох тухай асуудлыг ярьж, маргалдсаар 10 гаруй жилийг үдээд буй хэрэг л дээ. Гэхдээ ажил явахгүй биш яваад л байсан. Хэрвээ асуудалд улстөржихгүй, бие биеэ хэмлэж уралцахгүй хандсан бол уул уурхайн уналтын үед бус сэрэлт, үнийн тааламжтай нөхцөлд уг ордыг ашиглалтад оруулаад ашгийг нь харин өнөөгийн хямралтай үед хүртээд суух хугацааг л алдсанд байгаа юм. Гэхдээ өнөөдөр гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ямар ч саадгүйгээр урагшлан хөдлөхөөр боллоо. Ямар ч саадгүй гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өмнөговь аймгийн Ханбогд сумд үйл ажиллагаа явуулах Оюутолгойн ордын олон мянган ажилтны өмнө итгэлтэйгээр хэлсэн юм. Тэрбээр хэдэн улстөрчийн улс төрийн сэдэв биш, цэвэр бизнесийн төсөл болсныг дахин дахин онцолно лээ.
 
 
Оюутолгой бол зөвхөн Монголын биш олон улсын төсөл. Гол хувьцаа эзэмшигчид буюу хөрөнгө оруулагчид нь дэлхийн хэмжээний нэртэй компаниуд. Мөн олон улсын нэр хүнд бүхий 20 банк, санхүүгийн байгууллагууд 4,4 тэрбум ам.долларын санхүүжилтийг уг төсөлд өгөхөөр хэдийнэ тохиролцсон. Тэгэхээр Монголын ард түмнээс гадна энэ том компани, санхүүгийн байгууллагуудын хувьцаа эзэмшигч хөрөнгө оруулагчид Оюутолгойн орд цааш хэрхэн ажиллахыг, ямар үр дүн гарахыг байнгын ажиглаж, харж суух нь. “Санхүүгийн хувьд НҮБ л гэсэн үг” хэмээн Рио Тинто компанийн гүйцэтгах захирал Жан Себастьян Жак дэлхийн хэмжээний төсөл болохыг тодотгосон юм. Өөрөөр хэлбэл, олон улсын санхүүгийн олон байгууллагыг нэгтгэж чадсанд энэхүү том төслийн гол ач холбогдол оршиж байгаа юм.
 
“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “ Оюутолгой бол дэлхийд өрсөлдөх Монголын компани. Олон улсын стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг bankable буюу хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчдийн шаардлагыг хангасан төсөл. Манай Засгийн газар энэ төслийг улс төрийн нөлөөллөөс ангид бизнесийн зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн тул гүний уурхайн бүтээн байгуулалт улам эрчээ авахаар боллоо” гэсэн юм.
 
 
Гоё өдөр
 
Геологич С.Санждорж өнөөдөр их гоё өдөр тохиож байна гэв./2016.05.07/ Тэрбээр Оюутолгойн геологичоос эхлээд олон алба хашсан хүн. Геологич хүний хувьд үнэхээрийн гоё өдөр. Хийсэн ажил нь амьдралд биеллээ олоод хэрэгжээд явахыг харах гэж тэд уртын урт хугацааг хээр талд газрын гүн дэхь ашигт малтмал хайн өнгөрүүлдэг. Харин байгалийн цаг агаарын хувьд энэ өдөр тийм ч гоё өдөр байсангүй. Хаврын салхи шуургатай, бүгчимдүү өдөр Өмнийн говьд түүхэн үйл явдал өрнөсөн юм. Оюутолгойн ордыг нээсэн, үйл ажиллагаа явуулсан цагаас хойш энэ компанид түүхэн тодотголтой өдөр олон тохиож буй. Харин энэхүү арга хэмжээнд нэлээд ач холбогдол өгч. Арга ч үгүй биз. Багагүй тэмцэл, хэл ам, хүндрэл дундаас урагшлах зөвшөөрлөө бүрэн авч гарч ирж буй төсөл.
 
Өнөөдөр тус компанид олон зуун монгол ажилтан ажиллаж байгаа. Гүний уурхай эрчимжсэнээр шинээр 3000 ажлын байр нэмэгдэнэ гэдгийг Оюутолгойн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак  хэлсэн. Компанийнхаа логоны өнгө бүхий улбар шар хамгаалалтын хувцас өмссөн ажилтнуудын хувьд бас л гоё өдөр. Ажлын байр нь улам найдваржиж, ирээдүйдээ итгэлтэй ажиллаж амьдрах баталгааг өгсөн өдөр болж байгаа тул тэдний царайд инээмсэглэл тодорч байлаа. Баталгаатай ажлын байр, аюулгүй ажиллагаа, өндөр цалин, мөн өндөр хариуцлага тэдэнд ногдоно. Тэд олон улсын стандартыг мөрдөж, хамгийн сүүлийн үеийн технологийг эзэмшиж, агуу бүтээн байгуулалтыг байгуулалцаж, ирээдүйг бүтээж яваа залуус.

Гүний уурхайн гүн ухаан
 
Ийм гарчигтай тусгай дугаарыг манай сэтгүүл гаргасан билээ. Мянга гаруй бээрийн гүн дэх ордын гүн ухаан юунд оршином гэж үү.
 
Оюу толгойн гүний уурхайд 14 километр урт хөндлөн хонгилыг барьжээ. Цаашид 1300 метрийн гүнд 200 км урт хонгил нэмж барьснаар Оюутолгойн ордын хамгийн гүн хэсгээс хүдрийг аюулгүй аргаар тээвэрлэх боломж бүрдэнэ. Тэнд бүхэл бүтэн ажлын байр бий болно.Тэнд олон ажилтан 12 цагийн хоёр ээлжээр жилийн 365 өдөр ажиллана. Засварын цех, цайны газар байна. Олон машин тэрэг явна. Уурхайн машинуудыг задалж оруулаад угсрахад багагүй хугацаа шаардагдсан байна. Оюутолгойд нийт таван босоо, хоёр налуу ам барихаар төлөвлөсөн.Босоо амуудаас нэгдүгээр босоо ам 1385 метр, хоёрдугаарх нь1166 метр, тавдугаар босоо ам 208 метрийн гүнтэй аж. Үүнээс гадна хоорондоо 35 метрийн зайтай 7.5 км урт хоёр налуу ам байгуулна. Нэг аманд нь хүдэр тээвэрлэх конвейер байгуулах бол нөгөө амыг техник тоног төхөөрөмж тээвэрлэхэд ашиглах юм. Бүтээн байгуулалтын хугацаа 5-7 жил үргэлжилж, 2027 он гэхэд гүний уурхайн олборлолтыг бүрэн хүчин чадлаараа ажиллуулахаар төлөвлөжээ. Хүдрийг блокчлон олборлох аргаар олборлоно. Энэ нь уулын даралтын хүч буюу газрын татах хүчийг ашиглан гүний уурхайн хүдрийн биетийг доороос нь нурааж олборлох арга аж.
 
Ер нь бол гүний уурхайн бэлтгэл ажлыг төлөвлөгөөний дагуу нэлээд сайн хийсэн гэж байна. Газрын гүнд ажиллах учраас аюулгүй ажиллагаа нэгдүгээрт тавигдана. Өглөө ажилдаа гараад явсан уурхайчин орой гэртээ, үр хүүхэддээ эргэн ирэх. Энэ бол энэ төслийн хамгийн их анхаарал хандуулж буй асуудал. Үүний төлөө л тэд бүгдийг хийж байгаа аж. “Оюутолгойн гэр бүлийн гишүүн бүр ажлаа тараад гэртээ, ойр дотныхондоо эрүүл саруул, аюул осолгүйгээр очих нь бидний амжилтын хамгийн чухал хэмжүүр байсаар байх болно” гэж “Оюу Толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Эндрью Вүдлэй The Economist сэтгүүлийн жилийн дугаар “Дэлхий 2016” тусгай дугаарт бичсэн нь бий. Энэ тусгай дугаарыг манай сэтгүүл тусгай зөвшөөрлийн хүрээнд монгол хэлнээ гаргаж, уншигчдадаа хүргэсэн билээ.
 
Эдийн засагт
 
Сүүлийн таван жилд нийтдээ 5,5 тэрбум ам.долларыг зарцуулсан байна, энэ төсөл. 1000 гаруй ханган нийлүүлэгч компаниудтай хамтарч ажилласан бөгөөд гүний уурхай эрчимжсэнээр энэ тоо хоёр дахин өснө гэж байгаа. Энэ сургаар зогсонги байдалд орсон дотоодын компаниуд үйл ажиллагаагаа идэвжүүлж эхэлсэн байна. Тэд ханган нийлүүлэлтийн стандарт, төсөл төлөвлөгөөгөө зэхэж эхэлж. Уналтад орсон эдийн засгийн үзүүлэлт гүний уурхайн санхүүжилтийн эхний хэсэг орж ирснээр, компаниудын байдал сэргэснээр дээшлэх магадлал өндөр болж байна. Энэ бол сайн мэдээ.
 
Уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд жил бүр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2,2 тэрбум ам.долларыг улсын төсөвт ойрын жилүүдэд татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлэх аж. Бүтээн байгуулалт өрнөх 5-7 жилд нийтдээ 5,3 тэрбум ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ. Эхний санхүүжилт 14 хоногийн дотор орж ирэхээр байгааг албаны хүн дуулгав. Ингээд Оюутолгой төслийн талаарх хүмүүсийн сэтгэгдлийг хүргэж байна.
 
Эдийн засгийн амаргүй үед энэ том төслийг эхлүүлж байна
 
Жан Себастьян Жак : /Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал/
 
-"Дэлхийн чансааны уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдлээ. Өнөөдөр бид ОТ төслийн бодит нөөц бололцоог нээж дэлхийд дуурсагдах зэсийн уурхайг бүтээн байгуулах гэж байна. Эдийн засгийн амаргүй үед энэ том төслийг эхлүүлж байна. Дэлхийн хэмжээний том ордыг байгуулж, ажиллуулахад биднээс хамтын хүч, шинэлэг байдлыг шаардах болно. Хамт олны хүч хамгийн гол нь. Монгол ажилтнууд түлхүү ажиллах болно. Ийм хэмжээний ордыг байгуулахад бие биедээ анхаарал, халамж тавихыг шаардана. Зэсийн үнэд эерэг сигнал ирж буй үед бүтээн байгуулалтын гараа эхэлж байгаа нь онцлог юм. Оюутолгой бол дэлхийн хамгийн том алт, зэсийн тэргүүлэгч уурхай байх болно.
 
 
 
Бие халаалтаа дуусгаад алсын зайд хурдтай гүйх үе дээрээ ирлээ
 
Ч.Отгочулуу: /”Эрдэнэс Монгол” ХХК-ийн Ерөнхий эдийн засагч/
 
-Ил уурхай эдийн засгийн хувьд тийм ч сайн ашигтай биш. Зардлаа нөхөөд таарна. Гол ашиг гүний уурхайд байгаа. Тэгэхээр газрын гүнд нэвтэрч орох санхүүжилтийг бид шийдэж чадлаа. Өнөөг хүртэл гүний уурхайд 500 орчим сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ жилдээ багтаад мөн ийм хэмжээний санхүүжилт хийнэ. Ойрын 4-5 жилд жил бүр нэг тэрбум ам.долларын ажил хийнэ. Бид өнөөдөр бие халаалтын үеэ дуусгаад алсын зайд хурдтай гүйх үе дээрээ ирж байна.Тулгарах асуудлуудаа шийдлээ, санхүүжилтээ босгочихлоо, одоо дэлхийд яаж өрсөлдөх үү, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хангах уу, зардлаа яаж багасгаж хэмнэх үү гэдэг асуудалд анхаарч ажиллахаар болж байна. Улстөржихөд цаг зарцуулах ямар ч боломжгүй. Яаж богино хугацаанд төмөр замтай болох уу. Өнөөдөр тээвэрлэлтэд маш их зардал гаргаж байна. Машины бензин, дугуйн элэгдэл гээд. Төмөр замтай болчихвол зардал 2-3 дахин хэмнэнэ. Цахилгаан станцаа яах вэ. Маш өндөр үнэтэй эрчим хүч Хятадаас авч байна. Монголдоо цахилгаан станц хурдан барьчихвал тэр мөнгө Монголд үлдэнэ, гэх мэтчилэн асуудлуудад цаашид анхаарлаа хандуулж ажиллах болно.

 

Мэргэжлийн бүхэл бүтэн үе Оюутолгойд бэлтгэгдэж байна
 
С.Санждорж: /Геологич/
 
-Би энэ уурхайд геологичоос эхлээд олон алба хашиж явсан хүн. Одоо тэтгэвэртээ гарсан. Өнөөдөр гоё өдөр болж байна. Бид чинь зүтгэсээр байгаад нэг орд олсон. Газрын дорх баялгийг үйлдвэрлэх зорилгоор том үйлдвэр барьчихлаа. Ил уурхайгаа олборлоод явж байна. Одоо газрын гүн дэх баялгийг ашиглах барилга байгууламж барих ажил хийж байна. Энэ төсөл бүрэн хэмжээгээрээ явж байна гэсэн үг. Дэлхийн хэмжээний төсөл. Гэтэл бид хоорондоо хэдэн төгрөг яриад бие биенээ хэмлээд байж болохгүй юм. Энэхүү ордын хайгуулын шатанд ажиллаж байсан геологичид дэлхийн хамгийн сүүлийн үеийн ололтыг ашиглаж, хайгуулаа хийгээд явж чаддаг болжээ. Олон монгол инженер, ажилтан дэлхийн үйлдвэрийг барих аргаас суралцаж, сураад, бариад явж байна. Одоо газрын гүнээс хэрхэн хүдэр олборлодгийг харж, сурч байна. Хажууд нь дэлхийн багш нар байна. Бид үнэндээ маш азтай хүмүүс. Гараас нь хөтлөөд заагаад явах багш нартай ажиллаж байна шүү дээ. Тэдний мэдлэгээс эзэмшиж, аргыг нь өөртөө авч уурхайгаа байгуулаад явж байна. Мэргэжлийн бүхэл бүтэн үе Оюутолгой дээр бэлтгэгдэж байна. Манай ордыг, туршлагыг судлах гээд бусад орноос хүмүүс зорьж ирж байна.
 
Энэ ордод ашиглаж буй бүх тоног төхөөрөмж сүүлийн үеийнх. Монгол Улсад асар их ач холбогдолтой төсөл. Эхний үед олон тоног төхөөрөмж авчирч, олон мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж, угсруулсан шүү дээ. Зээлийн хөрөнгөөр л хийсэн. Тэгэхээр улсад оруулж буй мөнгө гэхэд л “Эрдэнэт” үйлдвэрээс улсад оруулах хөрөнгөнөөс хэд дахин илүү байсан. Зөвхөн мөнгө гэлтгүй дээр дурдсан олон ач холбогдолтой зүйлс байна шүү дээ. Миний хувьд мөнгө ярихгүй. Ямар ч үнэгүйгээр бий болж буй ажиллах хүчний потенциал бол агуу байгааг хэлмээр байна. Манай залуус хурдан эзэмшиж байна. Монголын маань уул уурхайн салбарт шинэ боловсон хүчин бий болчихлоо. Эх орны маань хөгжил дэвшилд энэ бол үлэмж ач холбогдолтой учир хөгжил цэцэглэлт мандах болно гэдэгт итгэж байна.
 
 
Орон нутагт илүү их өгөөжийг бий болгох төсөл
 
Ш.Байгальмаа: /”Оюу Толгой”-н орон нутаг хариуцсан ерөнхий менежер/
 
-Миний хувьд Монгол Улсын төдийгүй дэлхийд түүхэнд тэмдэглэгдэх өдөр гэж бодож байна. Ялангуяа гүний уурхайн ажил эхэлснээр Оюутолгой төслийг цааш нь урт хугацаанд тогтвортой явуулах нөхцөл нь болж байгаа юм. Оюутолгой төслийн удирдлагын багт ажилладаг монгол хүний хувьд хэлэхэд энэ төсөл бол манай улсад асар их өгөөж, үнэ цэнийг авчирна. Тэр дундаа орон нутагт илүү их өгөөжийг бий болгоно гэж би хардаг. Мөнгө төгрөгөөс гадна, олон монгол ажилтан дэлхийн хэмжээний стандартыг мөрдөн ажиллаж сурч, бас ихийг мэдэж авч байгаа нь маш чухал. Тухайлбал, миний хувьд монгол хүн, тэр дундаа эмэгтэй хүн дэлхийн хэмжээний төслийн удирдлагын түвшинд хүрч, ажиллах ур чадвартай гэдгийг тодорхой хэмжээнд харуулж чадаж байгаа гэж боддог.
Уурхайг улстөржүүлэх яриа байнга л гардаг. Гэхдээ улс төр, бизнес тусдаа байх ёстой. Орон нутагт олон мянган ажилтан өөр өөрсдийн сэтгэл зүтгэлээр ажиллаж, энэ том бүтээн байгуулалтыг босгоод явж байхад төслийг зогсоох асуудал ярьж, улстөржүүлэх нь тийм ч сайн зүйл биш. Цаг үе биднийг хүлээхгүй. Алдсан цаг хугацаа, алдсан өгөөж байдаг. Үүнийг манай төр, засгийн удирдлага ойлгож, ажиллаасай.
 
Улам илүү амжилттай ажиллах урам авлаа

Ц.Алтангэрэл: /”Оюу Толгой”-н Баяжмалын үйлдвэрийн савлах хэсгийн багийн ахлагч/
 
-Бидний ажиллаж буй энэ цаг үед гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлж байгаад баяртай байгаа. Цаашдаа энэ уурхайдаа улам илүү амжилттай ажиллах урам зориг авлаа. Түүхэн үйл явдлын гэрч боллоо. Миний хувьд баяжмалыг экспортод явуулах бэлтгэл ажлыг хангах ажил хийдэг. 20 орчим хүнийг хариуцан ажилладаг. Гурав дахь жилдээ ажиллаж байна. Дундговь аймгийн харьяат хүн. Инженер мэргэжилтэй.
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Б.Пүрэвдулам 2016 оны05 сар / 12 08:54

Сайхан мэдээ байна.