Эдийн засаг

Сэндвичний гол орц 2016-05-11 10:21

Б.Үүрийнтуяа

"Mongolian Economy" сэтгүүл  №09 (111)

Ерөнхийлөгч В.Путин “ОХУ-ын мөнгө 2014 оныхоо хэмжээнд хүрсэн. Орос улс гаднын тусламжгүйгээр дөрвөн жил тэснэ” гэжээ. Харин Хятадын валютын нөөц гурван их наяд орчим ам.доллар. Энэ хоёр хүчний дунд орших Монгол Улсын гадаад валютын нөөц 1.2 орчим тэрбум ам.доллар. Импортын нөөц тэгэхээр 4-5 сар орчим байх аж. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын хэлснээр хэдий манай улсын хөгжилд барууны тусламж дэмжлэг чухал үүрэгтэй боловч Монгол Улс хоёр хөршгүйгээр урагшлах боломжгүй юм. Тиймээс харилцан ойлголцож, хардаж сэрдэхийн оронд хэлсэн үгэндээ тууштай байх хэрэгтэй гэдгийг тэрбээр “Сайн андын айлчлал” нийтлэлдээ онцолсон байна. Тэгвэл Сайн андын ажлын айлчлалын зорилго юу байв? 

Жинсний мессэж
 
1990-ээд онд Бээжин явах замдаа Монголд түр саатсан Мексикийн Ерөнхийлөгчийг бэлтгэлийн хувцастай угтаж байсан түүх манайд байдаг юм байна. “Мексикийн талд урьдчилан мэдэгдээгүйгээс Ерөнхийлөгч нь он­гоцны буудалд буухдаа зангиагаа яаран тайлж, сандарч байсныг санахад илүүдэхгүй” хэмээн энэ талаар “Дип­ломат ёс горим, ёслол, баримт бичиг” (Д.Цолмон, УБ 2006 он) номонд бичжээ. Энэ явдал Ерөнхийлөгч асан П.Очирбатаар “овоглох” бөгөөд үл хүндэтгэсэндээ бус хэнэггүй байсантай холбоотой гэж зарим нь дүгнэдэг аж. 
 
Сергей Лавров Монголд ирэхдээ хуучин сайн найзындаа ирж байгаа гэж бодож ирсэн байдал ажиглагдсан хэмээн Р.Амаржаргал гишүүн тайлбар­лалаа. Магадгүй. Лавров сайд манайд айлчлахдаа орчин цагийн эрх чөлөөний илрэл жинсэн өмдөөр “гоёж”, хамт сурч байсан ангийн “охинтойгоо” зургаа татуулаад явсныг харвал албан гэхээс илүүтэй андын сэтгэл өвөртөлжээ гэж дүгнэж болох талтай. Энэ талаар МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Ж.Баттөр “Бууж мордож байгаа маягтай. Үүнийг мэргэжлийн хэллэгээр трак-2 буюу хувцсанд нэг их ач холбогдол өгөхөөсөө илүүтэй уулзалт, ажилдаа ач холбогдол өгсөн” хэмээн ярилцлагадаа дурьдсан байв. Тэгвэл жинстэй айлчлалыг Оросын талаас Монголд ирэх гэж хонон өнжин ниссэн тул түүнд хувцсаа солих тэнхэл үлдээгүй байжээ гэж ойлгохоор тайлбар өгсөн. Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Нойргүй хоносны дараа костюмтай гарах нь эвгүй, дипломат ёсонд хувцсыг нөхцөл байдал болгонд өөрчлөх журам байдаггүй учраас үүнд эвгүйцэх зүйл байхгүй. Бид хэнийг ч үл хүндэтгэхийг хүсээгүй” гэсэн.
 
Их Британийн Кар­диффын их сургуулийн профессор Сергей Радченко “Дипломат” сэтгүүлд бичсэн нийтлэлдээ “Лавров хүндэт харуулын өөдөөс улаан хивсэн дээгүүр жинстэй гарч ирсэн нь монголчуудыг дорд үзсэн хэрэг болсон. Хөрш орны гадаад хэргийн сайд ирж хоёр улсын хамтын ажиллагаанд томоохон алхам хийсэн ч гэлээ олон нийт жинсний тухай хэзээ ч мартахгүй учир буухаасаа өмнө хувцсаа солих учиртай байсан юм” гэжээ. British Columbia их сургуулийн Ази судлалын сургуулийн судлаач Жулиан Диркс сайдыг хувцсаа солих ёстой байсан гэдэгтээ санал нэг байгаагаа хэлсэн юм. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийн профессор Павел Лядов “Хэрэв алдаа гарсан гэж үзвэл энэ бол протоколын албаны алдаа. Уг алба нь уулзалтын үед ямар ёслол болох, ёслолд юу багтах талаар урьдчилан мэдэгдэх ёстой бөгөөд ёслол нь хүндэтгэлийн элементтэй бол хувцас албаных байх ёстой” гэж тайлбарлажээ.
 
Лавров “Ясны дипломатч” учир түүний жинс санаандгүй алдаа байгаагүй гэдгийг Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Гадаад харилцааны тэнхимийн багш П.Мягмардорж хэлж буй. Тэрбээр “Мон­голын төвийг сахих бодлого ОХУ-ын геополитикийн бодлогод нийцэхгүй байгаа юм. Манай талаас ихээхэн ач холбогдол өгөн угтсан нь харагдсан. Гэвч Лавров ясны дипломатч хүн. Юу хийж байгаагаа сайтар мэднэ” гэсэн юм. Лавров сайдын илтгэлийн үгэнд анализ хийвэл Монгол Евразийн улс төрийн оазис болно гэж мөрөөдөхийн оронд хоёр хөршөө бараад гэсэн сануулга өгч байж мэдэх талаар ч таамаглалууд гарчээ. Жинс тойрсон шуугианыг салбарын зарим төлөөлөл ийн дүгнэв. 
 
Хоёрын хооронд, гурвын дунд
 
Айлчлалын цаад зорилго мэдээж Хятад. Барууны орнууд хориг арга хэмжээ хэрэгжүүлж буй нь ОХУ-ын хувьд шинэ түншийн харилцаа тогтоохын тулд Оросын гадаад бодлого Азийг онилж эхэлсэн. Азийн орнууд, тэр дундаа Хятад энэ боломжийг алдалгүй ашиглах эрмэлзлэлтэй байгаа. Хариутай бол бариутай энэ түншлэлийн харилцаанд Монголын ач холбогдол бага багаар ахиж байгааг МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн доктор, профессор Ж.Баттөр хэлсэн. Үүнийг Лавров сайдын “Найрсаг харилцаатай Монгол Улсын дотоод хэрэг явдалд гадны сөрөг нөлөөг тусгахгүйн тулд хоёр том хөрш болох ОХУ, БНХАУ бүгдийг хийх болно” гэсэн үг батлах биз  ээ. 
 
ОХУ-Монгол-БНХАУ гэсэн харил­цаа­ны эхний алхмуудыг Ташкент хотод хийх болсон. Тодруулбал, Шанхайн хамтын ажиллагааны хэлэл­цээр гэх гурван хөршийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтын шинэ механизм бий болоод буй. Энэ оны Гурван талт дээд түвшний уулзалтын үеэр улсууд хооронд Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллах тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров уламжилсан. Хоёр том гүрний дунд Монгол Улс гол орц болж тоглох боломж бий. Харин хоёр хөрш болон гуравдагч хөршийн бодлогыг хооронд нь “Маш нарийн тэнцвэртэй баримталж ажиллах” нь манай гадаад бодлогын тулгын чулуу хэмээн УИХ-ын гишүүн Р.Амаржаргал дүгнэсэн. 
 
Дэлхийн хоёр гол хүчний хооронд транзит зогсоол болж, гурван талт хэлэлцээрийн дунд оршиж буйн хувьд Монгол Улс урд, хойд хилийн цаадахаа сайтар судлах шаардлагатай аж. Ингэхдээ бүсийн бодлого, дэлхийд үзүүлэх нөлөөлөл, эдийн засгийн хийгээд геополитикийн бодлогуудыг нарийвчлан судлах ёстой гэдгийг дээр дурьдсан мэргэжилтнүүд хэлсэн.Үүний зэрэгцээ дэлгэсэн ном шиг байж, сул талаараа нэрд гарах асуудалд анхааралтай хандах учиртай. 
 
Азийн бэлтрэг ба өсөх боломж
 
Барууныхантай түншлэхгүй байлаа гээд баавгай эдийн засаг ичсэнгүй. Тэд түншээ өөрчилж, бодлогоо шинэчлэн чиглүүлснээр Азийн орнууд Оросын радарт эргэн оров. Оросын гадаад бодлогын чухал хэсэг болж буй луу эдийн засаг ялимгүй сульдсан ч өсөлтөө үргэлжлүүлсээр байх талаар Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан тэргүүтэй нэр хүндтэй байгууллагууд таамаглаж буй. Харин Монгол Азийн цээжин дэх чоно эдийн засаг болох учиртай байлаа. Гэтэл өнөөдөр бэлтрэг үедээ бойжиж байна. Цаашид өсөх магадлал улам уруудсаар байх талаар ярьцгааж байна. Япон судлаач Д.Төмөрбаатар “Санаа гэж дэлхий, чансаа гэж мэлхий” хэмээн жиргэжээ. Түүний эл үг дэлхийг эзэлж буй өнөөгийн Монголын үнэлэмжийг бүрэн илтгэх мэт. Үүнийг өөрчлөх боломж Монголын бүх салбарт байгааг биднээс бусад нь олоод харчихаж.     Үүнийгээ бид ашиглаж чадвал Баавгай эдийн засгийн хувьд зөгийн бал нь болох боломж бүрэн бий. 
 
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Лавровын айлчлалын үеэр Монгол, Оросын хоорондын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр олны анхаарлын төвд байлаа. Уг хөтөлбөрт аж ахуйн харилцаанд он удаан жил үүссэн асуудлуудыг шийдвэрлэх, улс төр, худалдаа, эдийн засаг зэрэг чухал салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэх юм байна. Хөршүүд хоорондоо визгүй зорчих болоод багагүй хуга­цаа өнгөрсөн. Энэ хооронд Бүгд найрамдах Буриад улс жижиглэнгийн худалдаагаар ОХУ-даа тэргүүлэх эгнээнд орох болсон. Харин манай улсад дорвитой өөрчлөлт гарахгүй байгаа хоёр улсын хоорондын гадаад худалдааны эргэлтийн дүн­гээс харж болно. Тодруулбал, Мон­голоос хойд хөрш рүү чиглэх экспортын хэмжээ тун бага, дөнгөж 67 сая ам.доллар байгаа юм. Эл тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа боловч үсрэлт хийсэн үзүүлэлт хараахан гарсангүй. Хоёр улсын хоорондын гадаад худалдааны нийт эргэлт нэг тэрбум ам.доллар байгаагийн дийлэнх хэсгийг ОХУ бүрдүүлдэг.
 
Манай нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ тэр чигтээ оросуудын гарт байдаг гэхэд болно. Манай зүгээс тус улс руу бага хэмжээтэй мах, махан бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд экспортын махны 98 хүртэлх хувийг ОХУ-д нийлүүлж байгаа юм. Үүнд адууны мах болон үхрийн мах дийлэнх хувийг эзэлдэг  болохыг “Мах, махан бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа-2015”-аас харж болно. Гэсэн хэдий ч Алтайн уулс мэт өндөр шаардлагатай чанар, стандартын асуудал монголчуудын хувьд асар том саад учруулж байгаа билээ. Үүнийг анхааралдаа авбаас 140 гаруй сая хүнтэй Оросын зах зээл бидэнд нээлттэй болох учиртай. Их өрийг тэглэсэн нь хоёр орны зээлийн харилцаанд шинэ боломж бий болгосон. Үүнийг батлан ОХУ-ын гадаад хэргийн сайд Лавров “Хоёр улсын зээлийн харилцааг хөгжүүлэх асуудал эрх зүйн хувьд саадгүй болсон.
 
Асуудлыг Төвбанкуудтай хамтран хэлэлцэж байна. Зээлийн нөхцөл хоёр талд харилцан ашигтай байх ёстой” хэмээн айлчлалынхаа үеэр цохон тэмдэглэжээ. Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ОХУ-ын өмнө Монгол Улсын санхүүгийн үүргийг зохицуулах тухай хэлэлцээрийг  Оросын тал соёрхон баталсан нь санхүү, зээлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг нээж байгаа” гэсэн бөгөөд хоёр улсын Төвбанк хооронд үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл хийх, хоёр орны худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгт ашиглах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн талаар алба­ныхан мэдээлсэн. 
 
2014 онд ОХУ-ын Ерөнхийлөгч  Путин манай улсад зургаан цаг саатсан. Халхын голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан ирсэн тэрбээр товлосон цагаасаа хоцорч газардсан ч манайхан түүнд тун элэгтэй хандсан. Путины адилаар Лавров ч мөн ажлын айлчлалаар өглөө нь ирээд өдөр нь Японыг зорьсон. Ингэхдээ жинсээрээ алдаршаад буцлаа. Харин монголчууд ажлын болоод албаны айлчлалыг ялгалгүй ирсэн зочноо эвгүй байдалд оруулсан гэдгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг хэлж. Цаашид Монголын гадаад харилцааны нүүр царай болж байгаа албаныхан төдийгүй иргэдээ төлөөлж үзэл бодлоо илэрхийлж буй хүмүүс ч албаны эсвэл ажлын айлчлал гэдгийн нарийн ялгааг сайтар ойлгодог байх хэрэгтэй бололтой. 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД