Эдийн засаг

Үзэл бодол

Тулгын гурван чулууны загвар 2016-05-17 10:37

Д. Жаргалсайхан

Ямар нэг шинэ зүйлийг бид барьж байгуулах, бий болгох, хөгжүүлэхийн тулд эхлээд заавал тэр шинэ зүйлийнхээ тухай төсөөллийг нүдэнд харагдахуйцаар зурж, хэлэлцэж бас боломжтой бол багахан хэмжээгээр туршиж үзэж, таньж мэдсэнийхээ дараа л  түүнийгээ хэрэгжүүлж эхэлдэг. Жишээ нь, амины орон сууц бариулахаар бол заавал эхлээд зураг төсөл хийлгээд түүнийгээ хэлэлцээд боломжит өөрчлөлтүүдээ хийдэг. Дараа нь уг зургийнхаа дагуу бариулна, үүний дараа дотор нь амьдарна. Техник, технологийн чиглэлийн  санаа гаргавал түүнийгээ эхлээд цаасан дээр зурж буулгана, хэлэлцэнэ, туршина, дараа нь нэвтрүүлнэ. Гэтэл амьдрал дээр тийм зургийг нь бидний уламжлалт аргаар нүдэнд харагдахаар зураад, түүнийгээ харж тал талаас нь хэлэлцэж  байгаад өөрсдийнхөө хэрэгцээ шаардлагад нийцсэн  хамгийн оновчтой загварыг гаргаж авах боломжгүй тохиолдлууд байна. Жишээлбэл, хүний нийгэм, олон нийтийн байгууллага, төрийн тогтолцоо, компани гэр бүл гэх мэт. 

Нийгмийг, байгууллагыг, эсвэл өөр аливаа тогтолцоог уламжлалт аргаараа буюу схем, график, диаграм мэтийн хэрэгслийг ашиглаад зурах гэж оролдож болно л доо. Даан ч нийгэм, байгууллага, гэр бүл ч тэр  өнөөх диаграм, график , схем дээр зурсан шиг  хөдөлгөөнгүй, өөрчлөлтгүй  байгаад байдаггүй, тэд­гээрийг бүрдүүлэх хэсгүүд нь, ялангуяа нийгмийг, байгууллагыг, гэр бүлийг бүрдүүлдэг хүмүүсийн хоорондын уялдаа, холбоо нь  цаг хугацааны туршид байнга өөрчлөгдөж байдаг,  тийм байнга өөрчлөгдөж байдаг  уялдаа, холбоог зурж болдоггүйд хамаг асуудал байгаа юм. Гэвч зурж болдоггүй гээд тулгарсан асуудлаа хаячихаж болохгүй болохоор хүн янз бүрийн арга сэдсээр ямар ч төвөгтэй тогтолцоог загварчилах аргуудыг олжээ. Тэдгээрийн нэг нь оюуны загвар зохиох арга юм. 
 
Нийгэм өөрөө маш олон талт харилцаатай, оролцогчтой, харилцан хамаарал ихтэй тийм тогтолцоо. Энэхүү тогтолцоог заавал бүхлээр нь авч үзэж , сайтар таньж мэдэж байж юу хийхээ шийддэг болохгүй бол нийгэм маань өч төчнөөн зөрчилдөөнтэй, үүнээсээ үүдээд аливааг хийж гүйцэтгэхэд саад бэрхшээл ихтэй, улмаар бие биендээ хүчирхийлэл  эсвэл албадлагаар өөрийнхөө санаа бодлоо тулгадаг болдог жамтай юм байна.
 
Манайхан 1990 онд хуучин нийгмийн тогтолцоогоо халж, шинийг сонгохдоо өөрсдийнхөө сонгосон нийгмийг сайн таньж мэддэг учраас сонгосонгүй, харин хуучин нийгэм гацаатай, зөрчилдөөнтэй, чөдөртэй байсан учраас шинэ  нийгмийг сонгосон. Тэр сонгосон нийгмээ эхлээд таньж мэдээд, дараа нь хэрэгжүүлэх  зав, боломж ч байгаагүй. Тэгээд ч аливаа юмыг таньж мэдэх, сурах хамгийн сайн  арга зам нь тэр зүйлээ шууд барьж аваад хийж эхлэх явдал гэдэг дээ. Ингээд л Үндсэн хуулиа баталж нөгөө шинэ нийгмээ барьж байгуулах ажилдаа орсон, өнөөдөр 25 жилийг ардаа үджээ. Өнгөрсөн хугацаанд монголчууд бид олон зүйлийг хийж амжуулсан байна. Сайн , муу нь нийлээд шүү. Ямартай ч манай нийгмийн суурь үнэт зүйлсүүд болсон хүний эрхүүдийг /хүний эрх гэдэг нь олон төрлийн эрхээс бүрдэнэ / Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Бас үүний хажуугаар ямар нийгэм байгуулах, ямар зорилготой байгаагаа мөн Үндсэн хуулиараа баталгаажуулсан. Ингэхээр бид ямар ч байсан нэгдмэл нэг зорилготой, бас бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлсүүдтэй болсон маань сайн сайхан ирээдүй өөд итгэлтэй бас амжилттай урагшлах суурийг бүрдүүлж байна. Одоо бид нэгэнт бий болгосон суурин дээр хэрхэн урагшлах вэ гэдэг арга замаа тодорхойлох шаардлагатай. Энэ арга замыг тодорхойлоход та бидэнд тус болох гурван  чухал хэрэгсэл байна. 
 
1. Өнгөрсөн 25 жилийн алдаанууд, түүнээс авсан сургамжууд 
2. Системийн сэтгэлгээ буюу оюуны загварыг ашиглах арга 
3. Монголын нийгмийн салаа мөчир бүрийн нөхцөл байдлыг үнэлэхэд ашиглаж болохуйц , хөндлөнгийн олон тооны тоон үзүүлэлтийг гадаад дотоодын судалгааны байгууллагууд тогтмол гаргаж байна. 
 
Нийгмийг бүхэлд нь системийн загварт оруулах нь  их төвөгтэй. Гэвч үүнээс илүү арга өнөөдөр бидэнд алга. Системийн загварыг ашиглах арга нь гадаадад маш өргөн хэрэглэгддэг бас энэ аргыг хэрэглэснээр олон асуудлыг амжилттай шийдвэрлэсэн гэдгийг энд хэлэх нь зүйтэй байх. Энэ талаар илүү танин мэдье гэвэл Бадарч, Мөнххүж нарын бичсэн “Системийн сэтгэлгээ” номыг олж уншихыг зөвлөе. 
 
Юуны өмнө нийгмийг системийн загварт оруулах замаар  судалж, оношлох хэрэгтэй байгаа юм. Энэ нь нийгмийг систем гэж үзээд нийгэмд аливаа хэвийн үйл ажиллагаатай системд байвал зохих хэв шинжүүд байгаа эсэхийг шинжилж судална гэсэн үг. Уг судалгааны үндсэн дээр хэвийн үйл ажиллагаатай системд заавал байвал зохих шинж чанарууд байгаа эсэхийг тогтоогоод зогсохгүй, улмаар тухайн систем хэвийн биш байвал хэвийн болгох  зорилготой сайжруулалт хийх чиглэлүүдийг бас тодорхойлж болно. Ийм загварт оруулахад, загварынхаа хэлбэрийг сонгоход  зайлшгүй харгалзан үзэх дараах асуудлууд байна.
 
Үүнд:
Нэгэнт л нийгэм рүү чиглэсэн шийдэл учраас нийгмийн бүх гишүүнд ойлгомжтой, хүлээн зөвшөөрөгдөхүйц загвар байх ёстой. Нөгөөтэйгүүр, хэвийн үйл ажиллагаатай аливаа системд заавал байх хэв шинжийг илэрхийлж байх шаардлагатай. Аливаа системийн хэвийн үйл ажиллагааг хангахад  дараах гурван хэв шинжийг  зайлшгүй бүрдүүлнэ.
 
- Гүйцэтгэлийн болон хариуцлагын дэг журамтай байх  
- Үнэн зөв мэдээллийн тогтвортой, найдвартай, хүртээмжтэй урсгалын тогтол­цоотой байх   
-Системийн үйл ажиллагааны үр дүнг хэмжих тоон хэмжүүрүүдтэй байх    
 
Илүү тодруулж авч үзвэл гүйцэт­гэлийн болон хариуцлагын дэг журам гэдэгт нэгэнт нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нийгмийн зорилгод нийг­мийн бүх гишүүдийг захируулахад чиглэсэн хууль, дүрэм, журам болон гэрээ, хэлэлцээгээр харилцан тохирсон хэм хэмжээг хамааруулж болох юм. 
 
Үнэн зөв мэдээллийн урсгалын тогтолцоонд нийгэм гэдэг бүхэл бүтэн тогтолцооны аль ч салаа мөчирт буй болсон нөхцөл байдлын талаар үнэн зөв, хангалттай мэдээллииг нийгмийн гишүүдэд хүртээмжтэйгээр байнга шуурхай хүргэж байх байнгын ажиллагаатай сувгууд, тухайлбал, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, мэдээллийн эх үүсвэрийн ил тод байдал, төрийн болон төрийн бус байгууллагуудаас, иргэдээс нийтэд зориулан заавал гаргаж байвал зохих  мэдээллүүд, тэдгээр мэдээллийг бэлтгэн гаргах үүргүүд хамгийн түрүүнд хамаарна. 
 
Тоон хэмжүүрүүд гэдэгт системийн үйл ажиллагааг бүхэлд нь болон түүний аль ч салаа мөчрийн үйл ажиллагааны үр дүнг хэмжихэд зориулсан тоон хэмжүүрүүдийг оруулан ойлгож болно. Жишээлбэл, Эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааны төвөөс эрхлэн хийдэг жил бүрийн судалгааны үр дүнд 300 гаруй үзүүлэлтээр Монголын нийгэм, эдийн засгийн дийлэнх салаа мөчрүүдийн төлөв байдлыг үнэлж байгааг шууд системийн шинжилгээнд авч хэрэглэж болохоор байгаа юм. Үүний хажуугаар манай статистикийн байгууллага болон олон улсын байгууллагуудаас эрхлэн тогтмол хийдэг судалгаанд  хэрэглэдэг индексүүдийг ашиглаж болно. Эдгээр гурван гол нөхцөлийг зайлшгүй бүрдүүлэх естой бөгөөд эдгээрийг бид монгол хүний сэтгэхүйд ойр дөт байдаг тулгын гурван чулуутай зүйрлүүлэн ирээдүйд бий болгох нийгмийн загвараа Гурван тулгуурт нийгмийн загвар / ГТНЗ/ гэж нэрлэвэл ямар вэ? 
 
Системийн онолоор нийгэм нь амьд системд хамаардаг бөгөөд энэхүү системийг бүрдүүлэгч элементүүд нь иргэд буюу хүн юм. Ингээд хүнийг оролцуулаад Гурван тулгуурт нийгмийн загварыг дахин нэг томъёолох гээд оролдое. Нэгдмэл нэг зорилготой, зорилгынхоо хэрэгжилтийг хэмжих тоон хэмжүүртэй, үнэн зөв,  хүртээмжтэй, мэдээллийн сүлжээгээр хоорондоо хол­богдсон, зорилгоо хэрэгжүүлэхийг аливаа үйлсийг дэмждэг дэг журамтай ирг­эдийн нэгдлийг ГТН-ийн загвар мөн гэвэл ямар байна вэ? Энэ томъёоллын хувилбараар ямар нэг шинжлэх ухааны тодорхойлолт, эсвэл дэлхийн бүх хүн хүлээн зөвшөөрсөн томьёоллыг гаргаж тавихыг зорьсонгүй ээ. Зүгээр л монгол хүн бүрд маш ойлгомжтой, энгийн төсөөллийг бий болгоход тус болохуйц хувилбарыг дэвшүүлсэн хэрэг.  Эрдэмтэн мэргэд, судлаачид, иргэд санаа оноогоо уралдуулна биз дээ. 
 
Харин одоохондоо энэ хувилбарыг хэрэглээд санаагаа цааш нь хөгжүүлье. 
Ийм загвартай болох нь ямар хэрэгтэй юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл хариулт нь: бид ирээдүйд бий болгох нийгмийнхээ зураг төслийг гаргаж авч байгаа юм. Тэгээд түүнийгээ хэлэлцэж таньж мэдсэнээр бүгд нэгдсэн нэг ойлголттой болж авах юм. Ингэснээрээ бид нийгмийн хөгжлийн сайн муугийн, буруу зөвийн хатуу шалгууртай, сайныг нь дэмжих, бурууг нь залруулах үр дүнтэй арга хэрэгсэлтэй болох юм. Эцэст нь бид өөрсдийнхөө оршин буй нийгмээ улам таатай, улам энэрэнгүй болгож чадах юм. 
 
Дээр хэлсэнчлэн бидний нэг давуу тал Үндсэн хуулиар баталгаажсан нэгдмэл нэг зорилготой байгаа явдал. Шүүмжилдэг, өөрөөр тайлбарладаг хүмүүс олон бий. Тийм ч байх естой. Манай Үндсэн хуульд заасан Хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх заалтыг хэрэгжүүлэхийн тулд бид эхлээд өмнөө тавьсан аливаа зорилгоо  хэрэгжүүлэх чадвартай тогтолцоо буюу системийг бий болгох шаардлагатай байгаа  юм. Зүйрлүүлж хэлбэл, бид алсын аялалд  гарахын тулд  хаашаа явахаас үл хамаараад тээврийн хэрэгсэл худалдаж авах  эсвэл тээврийн хэрэгслээ бий болгох хэрэгтэй, тийм тээврийн хэрэгслээ бий болгосны дараа тэрхүү тээврийн хэрэгслээрээ хаана хүрэхээ тодорхойлох, шийдэх боломжтой болдогтой адил юм уу даа.  
 
Монгол улс Үндсэн хуулиараа нийгмийнхээ гол гол шинж чанаруудыг тодорхойлсон нь яах аргагүй бидний том давуу тал. Гэвч тэдгээр гол шинж чанаруудыг тодорхойлж байгаа нь  дээрх жишээгээр хаа хүрэхээ тодорхойлсон хэрэг. Тэгээд очих газар руугаа хуучин системийнхээ үлдэгдлийг  тээврийн хэрэгсэл болгоод баахан давхисан. Харамсалтай нь хүрэх  газартаа хүрч чадахгүй, замдаа бөөн эвдрэл, доголдол гарсаар, бие биедээ саад болсоор, зөрчилдсөөр өнөөг хүргэлээ.  Бас зарим сайжруулалтуудыг үе үе хийж байгаа. Даан ч тэр өөрчлөлтүүд нь нийгмийг системийн хувьд сайжруулж чадахгүй зөвхөн нэг хэсэг салаа мөчрүүд дээр нь хийгдээд байна. 
 
Жишээлбэл, шүүх засаглалыг төгөл­дөржүүлэх, боловсронгуй болгох  талаар сүүлийн жилүүдэд маш их өөрчлөлт шинэчлэлтүүдийг  хийж байгаа.  Тэглээ гээд шүүх засаглал иргэдийн хүсэн хүлээсэн хэмжээнд хүртэл өөрчлөгдөж, сайжирсан уу гэвэл үгүй л байна. Шалтгаан нь юунд байна вэ?  Олон шалтгаан хэлж болно, хэлж ч байгаа. Гол суурь шалтгааныг системийн доголдлоос хайх нь хамгийн зөв арга мэт санагдана. Өөрөөр хэлбэл, тэрхүү хийж байгаа шинэчлэлийг систем нь бүхэлдээ хүлээн авахад бэлэн байна уу? Системийн үндсэн бүтцүүд санал болгож байгаа өөрчлөлтүүдийг  дэмжиж байна уу ? гэдэг асуултуудад хариулт эрэхээс эхлэх нь зүйтэй болов уу. Дахин нэг энгийн жишээ авч тайлбарлах гээд оролдое. Бидний өнөөгийн нийгмийн тогтолцоогоо тээврийн хэрэгсэл гэж үзээд түүнийгээ  бидний “УАЗ” гэж нэрлэж  заншсан машин байна гээд төсөөлье. Тэгтэл хэн нэгэн тэр “УАЗ” машинд дэлхийд  хамгийн сайн гэж тооцогддог Ролсс Ройсын моторыг тавьчихья гэвэл яах билээ? Мэдээж болохгүй. Тэгвэл өөр ямар сонголт байна вэ? УАЗ-д УАЗ-ын моторыг нь тавих аль эсвэл УАЗ-ын бусад хэсгийг сольж Роллс Ройсын моторт тохирохоор өөрчилж байгаад Роллс Ройсынхоо моторыг тавина. Үүнээс харахад одоо нийгмийн аль ч хэсэгт аливаа өөрчлөлтийг хийхдээ тэдгээр өөрчлөлтийн улмаас системд бүхэлд нь үзүүлэх нөлөөллийг  нь  заавал судалж, шинжилж, ниицүүлэх замаар хийхгүй бол болохгүй гэдэг нь ойлгомжтой байгаа юм. 
 
Чухам ийм судалгаа, шинжилгээг нийтээрээ хийх, нэгдсэн дүгнэлтэд хүрэх чадвартай байхын тулд дээр дурьдсан гурван тулгуурыг эхлээд бий болгох шаардлагатай байна. Ийм системийг бий болгочихсон олон улс орон бий. Тэд үүнийгээ мэдлэгт суурилсан нийгэм гэж томьёолж байгаа аж.
 
Үнэн зөв, хүртээмжтэй мэдээллийн сүлжээг хэрхэн бий болгох вэ? Амьдрал өөрөө танин мэдэх үйл явц юм. Тэгвэл  нийгэм өөрөө өөрийнхөө үйл ажиллагаанаас, ялангуяа алдаанаасаа байнга  суралцаж, өөрөө өөрийгөө сайж­руулж байх  учиртай. Үүний тулд аливаа үзэгдлийг, хүнийг, танин мэдэх арга барил эзэмших зайлшгүй шаардлагатай. Үүнээс гадна аливааг таньж мэдэхэд танин мэдэх арга барилаас гадна тухайн танин мэдэх гэж буй зүйлийнхээ талаар үнэн, бүрэн бүтэн мэдээлэл, өгөгдөл зайлшгүй хэрэг болно. Мөн түүнчлэн тэдгээр мэдээлэл, өгөгдлүүдийг эмх цэгцтэй цуглуулах, түгээх албан ёсны суваг, бүтцүүдийг бий болгох шаардлагатай. Сүүлийн жилүүдэд нийгмийн аль ч салаа мөчрийг улам бүр ил тод болгох талаар төрийн болон төрийн бус байгууллагуудаас нэлээд санаачилга гаргаж байгаа нь нийгмээрээ өөрсдийгөө танин мэдэх үйлст маш их түлхэц өгөх нь дамжиггүй. Гэвч маш их үнэ цэнэтэй мэдээлэл цуглуулах, тэдгээрийг зөв, оновчтой шийдвэр гаргахад ашиглах боломжууд алдагдсаар байгаа юм. Үүнд дараах хүчин зүйлүүд нөлөөлж байна:
  • Маш их мэдээллийг төрийн, улсын, байгууллагын нууцын  зэрэглэлд хамруулж нийтийн хүртээл болгохгүй байна. 
  • Төрийн албаны үйл ажиллагааны бүтэц, уялдаа холбоо нь  сонгуулиас сонгуулийн хооронд, сайдаас сайдын хооронд хамааран байнга  өөрчлөгдөж байгаа нь нийгэмд маш их хэрэгтэй, чухал мэдээллүүдийг цэгцтэй, үр өгөөжтэй хуримтлуулах, боловсруулж мэдлэг болгох, улмаар шийдвэр гаргахад ашиглах боломжийг хаагаад байна.  
  • Холбогдох мэдээллүүдийг  албан ёсоор хуримтлуулж, нийтийн хүртээмж болгох ажлыг  дан ганц төр хариуцаж байгаагаас тухайн үеийн улс төр, нийгмийн нөхцөл байдлаас хамааран мэдээллийг иргэдэд  хүргэх ажил байнга, шуурхай хийгдэхгүй байна. 
  • Тэр ч битгий хэл төсвийн зардал хэмнэх гэдгээр шалтгаалан, нийгмийг үнэн зөв, баталгаатай мэдээллээр хангах үүрэгтэй төрийн төрөлжсөн бүтцээ татан буулгаж байгаа нь төр нь тархигүй, иргэд нь нүдгүй, чихгүй  болж байгаатай адил юм. 
Саяхныг болтол мэдээлэлд суурилсан нийгэм гэдэг концепци олон улсад ихэд дэлгэрч бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх ажил эрчимтэй хийгдэж байсан бол одоо нэгэнт хуучирч харин оронд нь мэдлэгийн нийгэм гэдэг дараагийн шатны концепциэ хэрэгжүүлээд эхэлсэн байна.  / United Nations Educational, Scientific and Cultural Organization (2005). Toward knowledge societies. UNESCO World Report. Conde-sur-Noireau, France: Imprimerie Corlet./  
 
Нийгмээ, түүний өмнө тулгамдсан  асуудлуудыг танин мэдье гэвэл юуны өмнө дараах чиглэлүүдээр цэгцтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай:
1. Зайлшгүй шаардлагаар нийтийн хүртээл болгож болохгүй мэдээллийн ангиллыг нарийвчилан гаргах, тэдгээрийг нууцын зэрэглэлд хамруулах, бас тодорхой хугацааны дараа ил тод болгох  ажлыг олон нийтийн идэвхитэй оролцоотойгоор хийдэг байх. 
2. Төрийн албаны үйл ажиллагааны тогтвортой байдалд улс төрийн намууд, сонгуулийн үр дүн болон бусад субьетив хүчин зүйлүүдээс үзүүлдэг сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах 
3. Яам, агентлагуудын үйл ажиллагааны тухай мэдээллийг цэгцтэй загварын хэлбэрт оруулан тогтмол давтамжтайгаар олон нийтэд мэдээлдэг журамтай болох 
4.Тухайн байгууллагын үйл ажиллагааны тухай мэдээллийг олон нийтэд тогтоосон журмын дагуу тогтмол мэдээлж байхыг төрийн аль ч  салаа мөчрийг тэргүүлж байгаа албан тушаалтнуудын үндсэн үүрэгт хамааруулж хариуцлага тооцдог болох 
 
Мэдлэгийн нийгэм гэхээр баахан компьютерээр төсөөлөх хэрэггүй. Харин иргэн бүр нь үнэн зөв мэдээлэлтэй, мэдээллийг мэдлэг болгох арга барилыг эзэмшсэн, шийдвэрийг мэдлэг дээр суурилж гаргадаг, гаргасан шийдвэрээ заавал хэрэгжүүлдэг хатуу дэг журамтай нийгэм бол мэдлэгт суурилсан нийгмийн суурь шинж чанарууд мөн. ГТН-ийн загварын мөн чанар нь эдгээр шинж чанарыг Монголын нийгэмд бий болгож, улмаар төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.  
 
Үнэн зөв, цэгцтэй мэдээллийг бий болгох нь ихээхэн төвөгтэй ажил мөн. Энэ ажлыг оновчтой аргаар хийхгүй бол төрийн байгууллагууд, тэдгээрийг удирдах, хүмүүсийг томилж байгаа улс төрийн намууд нь өөрсдөдөө ашигтай мэдээллүүдийг нийтэд цацаад харин өөрсдийнх нь үйл ажиллагааны сөрөг талын тухай мэдээллүүдийг нуун дарагдуулах өндөр магадлалтай. 
 
Үнэн зөв мэдээллийг бий болгох, бүрдүүлэх, цэгцлэх  нь асуудлын зөвхөн нэг тал нь юм. Түүнээс дутахгүй ач холбогдолтой, заавал хийж гүйцэтгэх ажил бол тэдгээр мэдээллийг эмх цэгцтэйгээр шуурхай, тасралтгүйгээр иргэдэд хүргэх албан ёсны сувгуудыг бий болгох явдал юм. Энэ тал дээр сүүлийн үед хийж буй сайн эхлэлүүд байгааг та бид мэднэ. Шилэн дансны хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль зэрэг зарчмын ач холбогдолтой шийдвэрүүд гарсан. Эдгээрийг ашиглах тал дээр бидний идэвхи сул байгаа боловч цагийн эрхээр хүмүүс заавал ашигладаг болно гэдэгт эргэлзэхгүй байна. 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД