Компанийн нийгмийн хариуцлага

Сүнстэй хот уу эсвэл хүнтэй хот уу? 2016-05-18 08:35

Б.Энхцэцэг

Mongolian Economy сэтгүүл №08 (110)
 
Эрдэнэт үйлдвэр нэг л өдөр илбэдүүлсэн мэт алга болчихлоо гэж төсөөлье л дөө. Хэрэв ингэвэл Эрдэнэт хот нэн тэргүүнд ундны усгүй болж, бохир нь хальж, багш, цагдаа гэх мэт төрийн үйлчилгээний олон албат цалингүй болж, орон нутгийн төсөв төрийн толгой дээр бууж ирнэ. Энэ бол зөвхөн Эрдэнэт хотын хэмжээн дэх багахан төсөөлөл. 
 
Уул уурхайг ашиглах тал дээр хоёр гараа бараг хөлтэйгээ нийлүүлэн өргөн дэмждэг эрдэнэтийнхэн уурхайн хаалт гэх үгэнд дургүй. Энэ үгийг хэлэхэд тэд ихээхэн эмзэглэж хүлээж авдаг. 1978 оноос хойш олборлож ирсэн Эрдэнэтийн-Овоо ордын баялаг дундарч өдгөө цаашид ашиглах хугацааг 30-40 жил гэж тооцож буй.  Энэ богино хугацаа биш ч гэлээ тус үйлдвэрээр тэжээгддэг Эрдэнэт хотын хувьд ганцаар алхах цаг ойртсоны дохио.
 
Монгол улсын гурав дахь хот Эрдэнэтэд 100 мянган хүн оршин суудаг бөгөөд эдийн засаг нь Эрдэнэт үйлдвэртэй бараг хүйн холбоотой гэж болохоор өндөр хамааралтай. 2014 оны байдлаар Орхон аймгийн төсвийн 83.5 хувийг Эрдэнэт үйлдвэрийн төлсөн татвар, төлбөр бүрдүүлж байна. Эрдэнэт үйлдвэр ХХК нь 2010 онд түүхэндээ хамгийн их буюу 624 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт төлжээ. Энэ бол улсдаа ч тэр, орон нутагтаа ч тэр цойлсон үзүүлэлт. Мөн тус үйлдвэрийн эрчим хүчний цех нь Сэлэнгэ мөрнөөс буюу 64 километрийн цаанаас, шугамаар дамжуулан Эр­дэнэт хотын ард иргэдийг ундны усаар хангадаг. Үүний зэрэг­цээ Эрдэнэт хотын бохир усыг үйлдвэрийн цэвэрлэх байгууламжаар оруулан цэвэрлэдэг. Энэ нь бүс нутгийн нийгэм, эдийн засагт Эрдэнэт үйлдвэрийн хаалттай холбоотой эрсдэл онцгой үр дагавартай болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, Эрдэнэт үйлдвэр хаагдвал иргэдийн анхдагч хэрэгцээнд суурилсан дээрх хоёр зардал аймгийн төсвийн “нуруунд” бууна гэсэн үг. 
 
Иймд уурхайн төлөвлөгөөт болон болзошгүй гэнэтийн хаалттай холбоотой цочирдол үүсгэхгүйн тулд уг хамаарлыг урт хугацаанд бууруулах, Эрдэнэтийн эдийн засгийг төрөлжүүлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Товчхондоо, Эрдэнэт хотын ирээдүйг одооноос зураглаж, хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзганд хүргэхгүй аваас 40 жилийн дараа уурхай хаахад балгасаар дүүрэн хот болох эрсдэлтэй. “Уурхай хаагдахад хүмүүс нь яваад “Сүнстэй хот” болгочихгүйн төлөө, амьтай байлгахын төлөө одооноос ажлууд хийж байна” гэж Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн дарга П.Ганбат хэлж байна. Уурхайд хөтлүүлж хөгжөөд эцэстээ баялаг нь дуусаад уурхай хаагдахад иргэд нь дайжиж хэдэн өгөр барилгатай үлдсэн сүнстэй хотууд дэлхий даяар цөөнгүй. Тэдний нэг болгохгүйн тулд Эрдэнэтэд хийх ажил их бий. 
 
Эрдэнэт үйлдвэрийн шинэ удирдлагын багийн дэвшүүлсэн есөн зорилтын нэг нь Хаалт-хөгжлийн бодлого юм. Уг зорилтын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэм эдийн засаг дахь нөлөөллүүдийг уурхайн хаалт, бүс нутгийн тогтвортой хөгжлийн асуудлуудын цар хүрээнд судалж эхлээд байна. 
 
Өнгөрсөн арван жилд хоёр удаа хөгжлийн концепци боловсруулсан байдаг. 2005-2015 оны концепцийн гол зо­рилго нь баяжуулах фабрикийн хүчин чадлыг хэвээр хад­галж, зэсийн баяжмал, бага агуулгатай болон  исэлдэлт өндөртэй хүдрийг гидрометаллургийн аргаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд  оршиж байсан. Харин 2010-2015 онуудад (2020 он хүртэл) хөгжүүлэх концепцийн шинэчлэгдсэн төслийн зорилго нь үйлдвэрийн тоног төхөөрөмжийг цахилгаан эрчим хүч бага зарцуулдаг, орчин үеийн шинэ техник-технологи нэвтрүүлэн сайжруулж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөх замаар нэгж бүтээгдэхүүний зардлыг бууруулахад оршино. Харин дараагийн буюу 2016-2025 онд хөгжүүлэх концепцийг үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаа, хүний нөөц, нийгмийн цехүүд болон хараат компаниудыг хамруулах замаар бодлогыг цогц байдлаар шийдвэрлэнэ. Тус концепци нь Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын стандарттай нийцүүлэн уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн төлөвлөгөөг оруулж байгаагаараа түрүүчийн концепциудаас нэлээд онцлогтой. 
 
Эрдэнэт үйлдвэрийн зүгээс нийгэмд зориулан зарцуулж буй  зардал өндөр бөгөөд жил бүр өссөөр байгаа нь дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унаж буй үед компанийн бизнест дарамт учруулж байна. Тухайлбал, 2014 онд тус үйлдвэр нийгмийн зардалдаа 70.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд үүний 23 тэрбум нь буюу 33 хувийг нийгмийн цехүүдийн зардал эзэлж буй.  Түүнчлэн зэсийн үнийн мөчлөгийг дагаж компанийн нийгмийн зардал нэмэгдэж, буурч байх нь компанид болон орон нутагт  олон талын шууд болоод шууд бус сөрөг нөлөөллүүд бий болгох эрсдэлтэй тул үүнийг урт хугацаанд оновчтой шийдвэрлэх тогтолцоо шаардлагатай.  Эрдэнэт үйлдвэрийнхний зүгээс зарим нийгмийн цехүүд тухайлбал, Уурхайчин соёлын ордон, “Сэлэнгэ” амралтын бааз , Эмнэлэг сувиллын цогцолбор, Спорт ордон тэргүүтэй байгууллагуудыг менежментийг нь одооноос зөв хийгээд явбал бүрэн биеэ даах боломжтой гэж үзэж буй. Нийгмийн цехүүд Эрдэнэт үйлдвэрээс 90 хувь орчим татаас авч байгаа бөгөөд нийт зардалд цалин 57 хувь, элэгдэл 12.4  хувь эзэлж байгаа бөгөөд нийлээд тогтмол зардал 70 хувьтай байна. 
 
“Өрсөлдөх чадварын хүрээлэн” судалгааны байгууллагын гаргасан тайланд сүүлийн жилүүдэд байнга аймгууд дундаа тэргүүлж буй Орхон аймгийн Эрдэнэт хотын дэд бүтэц Эрдэнэт үйлдвэрээс хэт хамааралтай байгааг онцолжээ. Мөн хотын ус хангамж, цэвэрлэх байгууламж зэрэг дэд бүтцийн зардлаа хот өөрөө дааж чадахгүй байгаа нь уг эрсдэлийг улам нэмэгдүүлж байгааг дурдсан байдаг. Бүс нутгийн нийгэм, эдийн засаг Эрдэнэт үйлдвэрээс өндөр хамааралтай болох нь харагдаж байна. 
 
Эрдэнэт үйлдвэр нь импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бизнесийг дэмжих замаар Орхон аймгийн эдийн засгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн санаачлагын хүрээнд молибдений баяжмал боловсруулах, цэвэр зэс үйлдвэрлэх, амны хаалтны , төмөрлөгийн цогцолбор үйлдвэр, түүхий резин, резин бүтээгдэхүүний үйлдвэр, нано технологийн даавууны үйлдвэр,  лед гэрлийн үйлдвэр зэрэг олон жижиг, дунд үйлдвэрийг дэмжин ажиллаж байна.  Эрдэнэт үйлдвэрийг хаагдахад дагаад унах бизнес байгаа ч учраа олоод цааш явчих бизнесүүд Эрдэнэтэд эхнээсээ бий болж буй. Тухайлбал, тус үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар боссон “Эрдэнэт медикал”  эмнэлэг нь санхүүжилтээ эргэн төлөх нөхцөлтэйгээр бие даасан үйл ажиллагаа явуулж эхлээд  байна. 
 
“Эрдэнэт үйлдвэрээс хамааралгүйгээр хөгжиж болох бизнесүүдийг дэмжих замаар  зэрэгцээ эдийн засгийг бий болгохоор зорьж байна. Мөн ирээдүйд үйлдвэр хаасан ч биеэ даагаад хөгжөөд явах үйлдвэрийн харьяа нэгжүүдээ дэмжинэ” гэж  Ганбат дарга хэлсэн юм.
 
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2015 оны тавдугаар сарын 26-ны тушаалаар уурхайн тогтвортой хөгжил, хаалт, байгаль орчны дэд хэсэг байгуулагдан ажиллаж, уурхайн хаалт-хөгжлийн бодлогыг тодорхойлон, түүний хүрээнд концепцид тусгах асуудлуудыг одоогоор боловсруулж байна. 
 
Дээрх ажлын хүрээнд хамруулах томоохон төслүүдийг дурдвал, Эрдэнэт хаагдсан ч Засвар механикийн заводыг Уул уурхайн тоног төхөөрөмж, сэлбэгийн үндэсний хэмжээний томоохон үйлдвэр болгох нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн Шинжлэх ухаан-үйлдвэрлэлийг хослуулах замаар Эрдэм шинжилгээ, судалгаа, инноваци, зураг төслийн хүрээлэн байгуулах. Үүний зэрэгцээ Уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн төлөвлөгөөнд  байгаль орчин, нөхөн сэргээлттэй холбоотой төслүүд багтах аж. 
 
Уурхайн нөөцийнхөө тал хувийг нь ашиглаж буй Эрдэнэт үйлдвэрийн хувьд ашигтай ажиллаж байгаа үедээ хаалт-хөгжлийн сангаа бүрдүүлж эхлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.  Энэхүү хөгжлийн санг компанийн ашиг, охин ба хараат компаниудын ногдол ашиг, технологийн бус хүдрийн овоолгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар үүсэн бий болох хуримтлал болон бусад эх үүсвэрээс бүрдүүлнэ гэж үйлдвэрийн мэргэжилтнүүд үзэж байна. 
 
Уул уурхайн тогтвортой хөгжил, хаалтын менежментийн урт хугацааны хөтөлбөрийг шинэ Концепцитэй уялдуулан, олон улсын түвшинд боловсруулж, үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр Эрдэнэт үйлдвэрийг хөгжлийг Орхон аймгийн бодлоготой нийцүүлэн шийдэж байгаа. Эрдэнэт үйлдвэр Эрдэнэт хотыг хөл дээрээ бүрэн зогстол гал алдахгүй явах зорилготой. Сүнстэй хот байх уу, хүнтэй хот байх уу гэдгийг одооноос зураглаж эхлэх нь тус концепцийн гол чиг. 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
210 2016 оны05 сар / 21 14:45

усо ордны НАЙРУУЛАГЧ Д_Одончимэг нөхрөө 2 жил ажилгүй байхад нь цалинг олгож байна мөн томилолт тоглолтын мөнгийг их хэмжээгээр ашиглаж байна Орхон аймгийн 40-нжилийн концерт гэж нэг хөгийн юм зурагтаар гарч байна наад зөнөг толгой чинь баясгалан гэж 1согтуу нөхрийн толгойг эргүүлж авгайг веатинам авч яваад зөвшөөрөлшүй хүнийг оорчуулагчаар авч явсан нь дүрэм зөрчөөд байгаа юм бишүү наадах чавганцаа тэтгэвэрт суулгаач хэсэг зөнөгүүд болич баясаа гуай өөрөө зан марлаа зас архи боль

unshigch 2016 оны05 сар / 18 09:18

saihan medee bnaa