ACEM

Сангийн сайд нар бизнест ээлтэй эдийн засгийн орчинг онцоллоо 2016-06-10 18:31

Б.Энхцэцэг

Эдийн засгийн хэврэг байдал, удааширч буй өсөлт, санхүү болон таваарын зах зээлийн эмзэг нөхцөл зэрэг томоохон сорилтууд дэлхийн асуудал болж хувирсан энэ үед Ази Европын Сангийн сайд нар Монгол улсад хүрэлцэн ирж, тохой нийлүүлэн томоохон асуудлуудыг хэлэлцэж байна. 
 
Ази Европын Сангийн сайд нарын арванхоёрдугаар уулзалт өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр албан ёсоор сайд, удирдах албан тушаалтнууд нэг дор цуглаж Ази Европын хөгжлийн төлөөх түншлэл сэдвийн дор яриа хэлэлцээрээ өрнүүлж байна. Тус уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн. Тэрбээр ирээдүйн хүнд нөхцөл, хямралуудын нөлөөг зөөллөх үүднээс одоогийн макро эдийн засгийн сорилтуудтай нүүр тулахад илүү ахисан түвшний нарийн харилцаа хамтын ажиллагаа хэрэгтэй гэдгийг АСЕМ-ийн орнуудад онцлон хэллээ. Мөн энэ удаагийн уулзалтаар дэлхийн эдийн засаг, санхүүгийн орчны нөхцөл байдал, сүүлийн үеийн ахиц өөрчлөлтүүд түүний Ази, Европ дахь нөлөөлөл мөн олон улсын болон бүсийн санхүүгийн шинэ арга, механизмуудыг ярих хэрэгтэйг хэлсэн юм. 
 
Сангийн сайд нарын уулзалт гурван үндсэн дэд сэдвийн хүрээнд өрнөлөө. Түүний эхнийх нь Ази, Европын макро эдийн засгийн хөгжил, хэтийн төлөв байсан юм. Энэ хэсэгт тус хоёр бүс нутгийн хөгжлийн өнөөгийн байдал хэтийн төлвийг хэлэлцэж, эмзэг байдлыг бууруулах болон өсөлтийг дэмжих бодлогын арга хэмжээг тодорхойлохыг хичээлээ. Хамгийн эхэнд илтгэл тавьсан гаднын зочин болох ОУВС-ын удирдах захирлын орлогч Мицүхиро Фүрусава Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нь зайлшгүй байгааг, мөн илүү нягт харилцан хамтрах нэгдмэл саналд хүрч дэлхийн, бүсийн болон хоёр талын харилцаагаа шинэчлэх хэрэгтэй байгааг онцоллоо. Мөн тэрбээр хурдан шуурхай хийж болох шинэчлэлүүдээс түрүүлж барьж авч хийх, худалдаа хөрөнгө оруулалтад саад тотгор болоод байгаа хүнд суртал чирэгдлийг аль болох байхгүй болоход чиглэж ажиллахыг зөвлөлөө. 
 
Сайдуудын зүгээс дэлхийн эдийн засгийн сэргэлт үргэлжилж буйг онцолсон. Гэхдээ өсөлт бүс нутаг, улсууд даяар нам доогуур мөн харилцан адилгүй байна. Ерөнхийдөө хөгжиж буй зах зээлүүдэд өсөлт үргэлжлэн удаашрах төлөвтэй байгаа ба нөгөө талаас хөгжингүй орнуудын хувьд бага багаар ахиц үзүүлж буй. Сайд нарын хувьд илүү сонор соргог байж, тулгарч болзошгүй эрсдэлүүдийг тооцоолж үр дүнтэй арга хэмжээ авах хэрэгтэй гэж дүгнэлээ. Сайд нарын хувьд зөвхөн нэг танхимд бөөнөөрөө сууж ярилцахын зэрэгцээ ганцаарчилсан уулзалтуудыг нэлээд хийж буй нь ажиглагдлаа. 
 
Мөн тэдний хувьд чанга эдийн засгийн бодлого, стратеги нь дэлхийн санхүүгийн системийн уян хатан байдлыг урт хугацаанд сайжруулж, зах зээлийн итгэлийг сэргээж, дэлхийн санхүүгийн зах зээлүүдийн үйл ажиллагааг дэмжинэ гэдэг дээр санал нэгдлээ. 
 
Европын Холбооны комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис энэ үеэр хөгжингүй орнуудын сэргэлтийн хувьд Азийн эдийн засгаас ихээхэн хамаарч байгааг хэлээд Европын хувьд Азийн эдийн засгуудад дараагийн үед орох шилжилтэд туслах бодлого, эдийн засгийн туршлага байгааг хэлсэн. Тэрбээр илүү нягт хамтарч ажиллацгаая тэгвэл энэ хоёр тивийн солилцооноос хоёул хожно гэж хэлсэн билээ. 
 
Сайд нарын уулзалтын үеэр улсаа төлөөлж ирсэн бодлого тодорхойлогчид бүр бүтцийн өөрчлөлт, дэд бүтцэд чанартай томоохон хөрөнгө оруулалт хийх хэрэгтэйг хэлж байлаа. Хүний нөөц, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах нь хүртээмжтэй, тогтвортой өсөлтөд тусгалаа олж, ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах улмаар хөгжлийн зөрүүлж арилгаж, худалдааг нэмэгдүүлэх ач холбогдолтойг тэд учирлалаа. Ази Европын эдийн засгийн хамтын ажиллагаа нь дэлхийн болон бүсийн өсөлтийн хувьд голлох хөтөлгөө цаашид байхаар байгаа.  Ингэхдээ  бүс нутгийн хоорон дахь худалдаа хөрөнгө оруулалтыг тэр дундаа дэд бүтцийн хүрээнд нэмэгдүүлэх нь  бүсүүдийн харилцаа хамтын ажиллагаанд чухал нөлөөтэй аж. 
 
Сайд нарын чуулганы сүүлийн дэд сэдэв болох Ази Европын харилцаа холбоо, хамтын ажиллагаа хэсэгт Сингапурын ахлах сайд Индране Ражагийн зүгээс тус улс тээвэр, худалдаа, санхүүгийн харилцаа хамтын ажиллагаан дээр онцгой ач холбогдол өгч байгаагаа товч бөгөөд тодорхой хэлсэн юм. Тэрбээр бүс доторхи харилцаа холбоог нягтаршуулах, харилцаа, хамтын ажиллагааны шинэ талбаруудыг бодож олох хэрэгтэй гэв. Үүний нэгээр дижитал харилцаа холбоог онцгойлон нэрлэж яг одоогийн байдлаар дижитал ертөнцөд бүрэн холбогдоогүй хэдэн тэрбум хүн байгааг агаад тэд бол асар их нөөц боломж болохыг онцолсон билээ. Индране Ража АСЕМ-ийн орнуудыг илүү ахисан түвшинд харилцаа, хамтын ажиллагааг гаргах тал дээр зүтгэл гаргах хэрэгтэй байгааг хэлсэн юм. 
 
Сайд нарын зүгээс мөн Ази Европын хувийн хэвшил, бизнесийн харилцааг тэр дундаа жижиг дунд бизнесийг чухалчилж авч үзлээ. Төр хувийн хэвшлийн түншлэлээр дамжуулан улс нийтийн баялгийг захиран зарцуулах нь хамгийн оновчтойг тэмдэглээд энэхүү арга барилыг дэмжихээ амлалаа. Үүний зэрэгцээ бизнест ээлтэй эдийн засгийн орчинг сангийн сайд нар онцолсон юм. 
 
 
 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД