Эдийн засаг

Эрчим хүчний өнөө, маргааш 2016-06-15 09:40

Ц.Элбэгсайхан

"Mongolian Economy" сэтгүүлийн

2016 оны 05 сарын№10 (112) дугаар

Монгол орон эрчим хүчний нөөцөөрөө олон жил дэлхийн атаархлыг төрүүлсээр ирлээ. Гэсэн ч өнөөдрийг болтол эрчим хүч ипмортолсоор, цахилгааны хязгаарлалт хийсээр л байна. 

Нөөц үү? Зөвхөн ус дангаараа 6.4 мянган МВт цахилгааны эх үүсвэр болно. Өнөөдрийн байдлаар улсын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадал ганцхан мянган МВт байна. Нийт нутаг дэвсгэрийн 10 хувийг салхины хүчийг эрчим хүч үйлдвэрлэх зориулалтаар ашиглаж болно, жилд 300 хүртэлх өдөр цэлмэг байж нар гийдэг. Нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 15-д жагсдаг, нефть, занар, уран гэх мэтчилэн эрчим хүч болгон хувиргаж болох зүйлээр элбэг хангалуун.
 
Хэдийгээр яндаж баршгүй их нөөц бий ч бүгдийг нь дотоодод шингээх боломж үгүй. Монгол Улсын суурилагдсан хүчин чадал нийт эрчим хүчний хэрэглээний 80 орчим хувийг хангадаг. Тэгээд ч дотоодын үйлдвэрлэл, хүчин чадал жилээс жилд өсөн нэмэгдэж буй. Тун ойрмогхоноос буюу 2021 оны үеэс үйлдвэрлэл хэрэглээнээс давах болно. 
Өнөөгөөс дөрөвхөн жилийн өмнө цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 800 Мвт байлаа. Энэ хугацаанд мөн дулааны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 37 хувиар нэмэгдэж 2921 Гкал/цаг болсон. Өнөөдөр Монгол Улсын 332 сум, суурин газар төвлөрсөн эрчим хүчний системд холбогдож, байнгын эрчим хүчээр хангагдаад байна. 
 
Жил ирэх тусам эрчим хүчний хэрэглээ өссөөр байгаа. 2012 онтой харьдуулахад Монгол Улсад цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн тоо 26 хувиар, дулааны эрчим хүч хэрэглэгчийн тоо 54 хувиар тус тус өссөн. Энэ эрчимтэй тэлэлтийг зөвхөн дотоодын үйлдвэрлэлээрээ хангаж эрчим хүчний импортыг тогтоон барьж чадсанаар гадагш урсах байсан их хэмжээний валютыг дотооддоо хадгалж үлдээсэн юм. 2014 оны “Гэрэгэ” шагналт шилдэг бүтээн байгуулалт, IV дулааны цахилгаан станцын хүчин чадлын 123 МВт-аар өртгөл болон III дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлснээр Төвийн эрчим хүчний системийн хэрэглээний өсөлтөд 4-5 жил санаа зовохооргүй болсон. Үр дүнд нь ОХУ-аас жил бүр авдаг байсан 400 сая кВт.цаг цахилгааныг өнгөрсөн онд 312 сая кВт.цаг болгож бууруулсан юм. Төвийн эрчим хүчний системд хойд хөршөөс авсан импортын цахилгааны төлбөр 2014 онд 51 тэрбум гаруй төгрөгт хүрсэн. Харин өнгөрсөн жил 29 тэрбум төгрөг болж буурчээ. 
 
Цаашид импортын эрчим хүчний хараат байдлаас гарах зорилт тавин ажиллаж байна. Үүнд V цахилгаан станц, Тавантолгойн цахилгаан станц, Шивээ-Овоо цахилгаан станц, Эгийн голын цахилгаан станц төслүүд голлох үүргийг гүйцэтгэж жинхэнэ утгаараа эрчим хүчний диваажинг цогцлооно. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбар үйл хэргийн тэргүүн шугамд байгаа билээ. 

Импортыг түрж буй үйлдвэрлэл
 
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийг Төвийн, Алтай-Улиастайн, Баруун бүсийн, Дорнод бүсийн, Өмнөд бүсийн эрчим хүчний систем гэж хуваадаг. Эдгээрээс Төвийн эрчим хүчний системийн суурилагдсан хүчин чадал харьцангуй илүү. Зөвхөн ДЦС IV гэхэд л дангаараа 700 МВт хүчин чадалтай, гол ачааллыг үүрч яваа. Харин бусад бүсүүдийн хувьд импортын эрчим хүчний хэрэглээ өндөр хувийг эзэлдэг. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэдгээр бүсийн импортыг бууруулах талаар дорвитой ажлууд хийж буй. 
Тухайлбал, Мандалговь-Тавантол­гой-Оюутолгойн 220 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг хоёр жил гаруйн өмнө ашиглалтад оруулснаар Өмнөд бүсийн эрчим хүчний системд харь­яалагдах Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо сумдыг төвийн эр­чим хүчний системээс эрчим хүчээр хангадаг боллоо. Түүнчлэн Таван­толгой-Даланзадгадын 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар Өмнөговь аймгийн төв болон нийт 10 сумыг эрчим хүчээр хангаж байна.
 
Дорнод бүсийн эрчим хүчний системийн хувьд Чойбалсангийн дулааны цахилгаан станцын найдвартай байдлыг дээшлүүлж, ОХУ, БНХАУ-аас импортоор эрчим хүч авдаг захын сумдыг дотоодоосоо хангаж, уул уурхайн томоохон олборлогч байгууллагуудыг эрчим хүчээр бүрэн хангах боломжийг бүрдүүлэх үүднээс Сүхбаатар аймгийн төв, зарим сумдыг төвийн эрчим эрчим хүчний системээс эрчим хүчээр хангаж байна. Дорнод бүсийн эрчим хүчний систем нь Дорнод, Сүхбаатар аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хангадаг. 2012 онд системийн нийт хэрэглээ 137.5 сая кВт.цаг байсан бол 2015 онд 184.7 сая кВт.цаг болж 35 хувиар өссөн байна. 
 
Харин баруун гурван аймгийн хэрэглэгчдийг цахилгаа­наар хангах үүрэгтэй Баруун бүсийн эрчим хүчний систем нь бие даасан том чадлын эх үүсвэргүй тул ОХУ, БНХАУ-аас эрчим хүч импортоор авч, Дөргөний усан цахилгаан станцын хамт хэрэглэгчдийг эрчим хүчээр хангаж байна. Ямартай ч Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын өнгөрсөн оны сүүлээр ХБНГУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр “Баруун Монгол энержи” ХХК, ХБНГУ дахь Монгол, Германы хамтарсан “Сакс энержи Монголиа” ХХК хооронд Увс аймгийн Улаангом хотноо 60 мВт-ын  эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай цахилгаан станц байгуулах санамж бичиг байгуулсан. Тус цахилгаан станц байгуулагдсанаар баруун аймгууд эрчим хүч импортлох шаардлагагүй болох юм. 
 
Хандлага
 
Эрчим хүчний салбар 2012-2016 онд хууль эрх зүйн орчноо сайжруулж, ойрын хугацааны зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж ажилласан. Ирээдүйд төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийг ч баталлаа. Өөрөөр хэлбэл ирээдүйд эрчим хүчний үйлдвэрлэл аль чигийг барин хөгжих ёстой вэ гэдгийг төрийн бодлогод шингээж өгсөн. 
 
Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт өнгөрсөн сарын 22-нд болж өнгөрсөн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөний үеэр “Нүүрс, сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөцөө ашиглан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэр­лэж, хил дамнасан дэд бүтцийн коридорыг бий болгох нь зүйтэй. Энэхүү коридор нь цаашлаад Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ бий болоход голлох үүрэгтэйгээр оролцох болно гэж итгэж байна” хэмээсэн нь хандах зүгийг ерөнхийд нь тодорхойлж байгаа юм. Монгол Улс  түүхийн туршид ОХУ, БНХАУ-тай хөрш зэргэлдээ оршиж ирсэн. Газар зүйн хувьд Ази, Европыг холбосон геополитикийн ашигтай байршилд оршиж байгаа нь давуу тал. Удахгүй экспортлогч орон болох зорилтод таатай орчин юм. 
 
Түүнчлэн эрчим хүчний илүүдэлтэй болж ирэхээр зах зээлд өрсөлдөөн нэвтрүүлэх таатай орчин бүрдэнэ. Өнөөдөр манай зах зээлд нэг худалдан авагчтай тогтолцоо үйлчилж буй. Өрсөлдөөн буй болгоно гэдэг нь үнэ чөлөөлөх тухай асуудал юм. 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД