Эрүүл мэнд

Эм уух уу эсвэл соруулах уу? 2016-09-20 11:19

Б.Үүрийнтуяа

Mongolian Economy  сэтгүүлийн 2016 оны зургадугаар сарын № 12 /114/ дугаараас
 
Айх, гайхах зэрэгцэн нүдэнд нь нулимс цийлэгнэх хорь гаруй насны эмэгтэй Хөвсгөл нутгаас иржээ. Тэрбээр ойролцоогоор гурван сартай жирэмсэн боловч сарын өмнө улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдаж. Өнөөдөр тэр үрийн зулаа үнэрлэхээр хүлээж байсан цаг хугацаагаа эмнэлгийн орон дээр эцэс болгох аж. Учир нь бүсгүйд хэдийнэ зулбалтын шинж тэмдэг илэрчээ. “Тогтоох боломжтой ч,  дэмий” гэх эмч нар болон эхийнхээ зөвлөснөөр тэр ийн эмнэлэгт ирээд буй юм. Тэр бүсгүй үр тээж буйгаа хэлсэн боловч эмчийн “Зүгээр” гэсэн үгнээс болж ийн зогсож буйг энэхүү нийтлэлийг бичиж буй сэтгүүлч би өөрийн чихээр сонсов. Ийм тохиодол маш олон байгааг ч мөн эмч нарын хэлснээр баталгаажууллаа. Гэтэл монголчууд бид улаанбурхан өвчнөөр нялхасаа алдаж араас нь зул өргөн зогсож байсан нь саяхан шүү дээ. Гэтэл одоо хүн болгож амжилгүй салах ёс үйлдэж байна. 
 
Үндэсний аюулгүй байдлын тулгуур багануудын нэг эрүүл мэндийн салбар толгойлох сайдгүй олон сар явж улс төрийн золиос болсон. Үүний уршигаар цаг алдаж боломгүй шийдвэрүүд царцаж тус салбар “сэхээнд” орсон гэж хэлж болно. Улаанбурхангүй орон гэгдэж батламж хүртэл авсан Монгол Улсад өнгөрсөн жилээс хойш энэ өвчин эрчимтэй тархаж эхэллээ. Жилийн өмнөөс хүүхдүүд өвдөж буй мэдээлэл гарч тухайн үед хэрэгцээт вакцин хангалтгүй гэх шалтгаанаар дархлаажуулах ажил эхлэхгүй байсныг тод санаж байна. “Вакцин захиалсан сарын дараа ирнэ” гэсэн тайлбарыг албаныхан өгч байв. Гэтэл зөвхөн энэ хавар уг өвчний улмаас 0-1 насны 70 гаруй хүүхэд эндсэн гэсэн тоо бий. Танил эгч маань хүртэл “Харамсаад барахгүй нь” хэмээн долоохон сартай үрээсээ хагацсан тухайгаа ярьж байлаа. Төр хөдлөхөөс өмнө цахим сүлжээнийхэн аян өрнүүлж шаардлагатай тоног, төхөөрөмж, хэрэгслүүдийг хандивлах ажлыг хийсэнтэй зэрэгцэн зарим нь “шоу” хийгээд амжсан. Харамсалтай нь, улаанбурхан өвчний аюул одоо ч намжаагүй гэдгийг энэхүү нийтлэлээр сануулахыг зорилоо. 
 
Олон улсад жирэмслэхээр төлөвлөсөн эсвэл жирэмсний үед улаанбурхан, улаануудын эсрэг вакцин (MMR) хийлгэхийг зөвлөдөггүй ч хийлгэсэн тохиолдолд жирэмслэлтийг таслах арга хэмжээ шууд авдаггүй юм байна. Гэхдээ онолын хувьд авч үзвэл хараа, сонсголын бэрхшээл, цаашлаад зүрхний гажиг, тархины хүнд хэлбэрийн саажилт үүсгэх эрсдэлтэй байдаг аж. Английн Засгийн газрын цахим хуудаст нийтэлсэн “Жирэмсэн эхчүүдийг вакцинжуулах зөвлөгөө”-нд өгүүлснээр одоогоор MMR вакцинаас үүссэн ургийн гажигийн ямар нэг тохиолдол “Батлагдаагүй” хэмээжээ. Харин Солонгос улсад уг төрлийн вакцинаас үүдэлтэй ургийн гажиг үүсэх эрсдэлийг 80 хувь хэмээн үздэг байна. Тэгвэл Япон улсад тус вакциныг хийлгэсэн ч эрүүл хүүхэд төрүүлсэн хоёр тохиолдол байдаг талаар мэдээлэл байдаг гэх ч эх сурвалжаар баталгаажуулж чадсангүй. Урьд өмнө манай улсад ийм зүйл тохиож байгаагүй гэдэг. Гэтэл өнөөдөр хэдэн ураг хүн болж чадалгүй хорвоог орхиж, хэдэн эмэгтэй цаашид үргүй болох эрсдэл үүрэн үр хөндүүлж байгааг тодорхойлох аргагүй гэдгийг эмч нар хэлж байна. Онолын дагуу манайд MMR вакцин хийлгэсэн тохиолдолд дөрвөн долоо хоног буюу сар орчим жирэмслэхгүй байхыг зөвлөдөг бөгөөд хэрэв энэ хугацаанд бие давхар болсон тохиолдолд ургийн боожилтыг зогсоох арга хэмжээ авдаг аж. Амьд вакцин тул зургаа хүртэлх сар цусанд агуулагдаж байдаг учраас төдий хугацаанд эрсдэл үүсэх боломжтой гэж үздэг. Гэвч хэтэрхий олон тохиолдол гарч байгаа тул эмч нар “100 хувь эрүүл хүүхэд төрнө гэсэн баталгаа өгч чадахгүй. Үргэлжлүүлэн тээ ч гэж зөвлөж бас чадахгүй. Эцсийн шийдвэрийг өөрсдөд нь үлдээхээс өөр аргагүй болж байна” гэв. 
 
АНУ-д хүүхдээ товт вакцинд хамруулахгүй байх нь эцэг, эхийн сонголт байдаг аж. Гэтэл 2009 оноос улаанбурхан өвчин ихээр тархаж, 200 орчим хүүхэд эндсэн тоо гарчээ. Үүнээс улбаалан бага насны хүүхдийн вакцинжуулалт сайн дурынх байх эсвэл албадан хийх талаарх асуудал тус улсад хүчтэй өрнөжээ. Гэвч өнөөг хүртэл үүнд ямар нэг шийдэл гараагүй байгаа юм байна. Харин манай улсад нэмэлт дархлаажуулалтыг албадлагын журмаар хийсэн нь өнөөгийн үр дагарвыг үүсгэх нөхцөл болсон гэж буй. Тэр дундаа өртөгсөд нь нөхөн үржихүйн насныхан байгааг анхааралдаа авах хэрэгтэй байгаа юм. Албаны мэдээллээр бол улаанбурханы нэмэлт дархлаажуулалтыг хийхийн өмнө учирч болох эрсдэл, сануулга, зөвлөмжүүдийг өгч байсан, үүний үндсэн дээр гарын үсэг зуруулан вакциныг хийсэн гэх. Тэгвэл ийм чиг үүрэгтэй ажиллаж байсан атал хаана, ямар алдаа гарснаас эмэгтэйчүүдэд үр хөндөлт эцсийн сонголт болсныг хаа хаанаа тайлбарлаж мэдэхгүй байгаа нь харамсалтай. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эмч “Нэмэлт вакцинжуулалтыг албадлага маягаар хийсэн. Эхлээд хамрагсадын тоо хангалтгүй байсан тул хугацааг сунгасан бөгөөд тоо гүйцээх асуудал байсныг нуух аргагүй” гэлээ. БЗД-ийн гуравдугаар хорооны иргэн Нямаа “Вакциндаа хамрагдах хэрэгтэй гэж байсан. Сүүлдээ хийлгэхгүй бол торгуулна гэсэн яриа гараад байсан. Жирэмсэн эхчүүд хийлгэж болдоггүй гэж сонссон. Гэхдээ яг яагаад гэдгийг бол мэдэхгүй” хэмээв. 
 
Хэдийгээр вакцин төдий зүйл ч хэтэд учирч болох эрсдэлийн талаар иргэдэд сайтар ойлгуулж, мэдээлэх ёстой байлаа. Өрхийн эмнэлэгүүдийн эмч, сувилагчдыг сургалтад хамруулж нэмэлт дархлаажуулах ажилд сайтар бэлтгэсэн гэж байгаа. Гэвч иргэдийг ч бэлтгэж, мэдээллээр хангах ажил дутмаг байсныг өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлаас бэлээхэн харагдаж байгаа юм. 
 
Монголын үрс маш олон болтугай 
 
Ийн бэлгэдэн ерөөдөг монгол­чуудын эрүүл мэндийн мэдлэг хэтэрхий дутмаг байна. Улаанбурхан, салхин цэцэг зэрэг нь хүүхэд бүрийн туулах ёстой даваа гэж үздэг. Гэтэл Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид дурьдсанаар улаанбурхан, улаанууд гэх мэт нь дархлаажуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөлийн тоонд багтдаг аж. Тухайлбал, улаануудын хувьд бага насны хүүхдүүд түлхүү халдварлан өвчилдөг аж. Гэвч бие давхар үедээ тус өвчний халдвар авсан тохиолдолд үүсэх эрсдэл илүү хүнд байх бөгөөд зулбах эсвэл төрөлхийн гажигтай төрөх (congenital rubella syndrom) магадлалтай аж. Түүнчлэн өвчний халдварыг урагт халдаах магадлал 90 хувьтай гэж тооцдог байна. Ийм учраас амьд вакцинд агуулагдах улаанбурхан, улаанууд, гахайн хавдрыг вирус урагт нөлөөлдөг байх магадлалтай гэж үздэг хэмээн тайлбарлах нь бий. 
 
Жирэмсний үед зарим төрлийн вакцин хийлгэх нь эхэд төдийгүй урагт аливаа өвчлөлийн эсрэг хамгаалалт үүсгэх эерэг нөлөөтэй байдаг. Амьд вакцинуудын хувьд урагт үзүүлэх сөрөг нөлөөллийг онол төдий гэж үздэг байна. Гэхдээ одоогоор амьд вакцинаас үүдэлтэй ургийн ямар нэг гаж хөгжил илэрхсэн тохиолдолд бүртгэгдээгүй, иймд MMR агуулсан амьд вакцин хийлгэж болохгүй гэдэг нь үүсэж болзошгүй сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлэх зорилготой зөвлөмж аж.  


Цуурхал ба баримт

Сүүлийн хоёр жил манай улсад улаанбурханы тархалт эрс нэмэгдэж, 18-35 насныханд нэмэлт дархлаа­жуулалт зохион байгуулж энэ оны зургаадугаар сарын 1-нд эцэслэсэн. Өнгөрсөн онд 0-6 хүртэлх насны хүүхдүүдийг уг вакцинд хамруулсан билээ. Дархлаажуулалттай холбоотой түгээмэл хэдий ч үнэн, худал нь үл мэдэгдэх маш олон цуу яриа байдаг. Хамгийн түгээмэл гэгдэх 10 цуу яриаг баримтаас няцаасан мэдээллийг Дэл­хийн эрүүл мэндийн байгууллагаас гар­гасан байна. 
 
1. Эрүүл ахуйг сайтар хангаснаар өвчин устдаг тул вакцин хийлгэх шаардлагаггүй. 
 
Баримт: Вакцинжуулалтын хийхгүй болсноор тухайн халдварт өвчин тархах нөхцөл бүрдэнэ. Хэдийгээр гараа сайтар угаас эрүүл ахуйг хангалттай сахих нь халдварт өвчнөөс сэргийлэх боловч тархалт бидний хэр цэвэрч байгаагаас үл хамааран түгдэг. Дархлаажуулалтад хамрагдахгүй байснаар өдгөө тийм ч түгээмэл бус болсон гэгдэх полио, улаанбурхан зэргээр өвчлөх эрсдэлтэй. 
 
2. Вакцин нь одоогоор бидний мэдэхгүй урт хугацааны сөрөг үр дагаваруудыг бий болгодог төдийгүй зарим тохиолдолд үхэлд хүргэдэг. 
 
Баримт: Вакцин хийлгэснээс хойш үл ялиг халуурах, гар хүндүүрлэх зэрэг түр зуурын, багахан зовиур илрэх нь бий ч дархлаажуулалт нь аюулгүйд тооцогддог. Эрүүл мэндэд ноцтой аюул учруулсан байж болзошгүй тохиолдолд олон улсын эрүүл мэндийн байгууллагууд нухацтай шалтган шалтгааныг тодруулдаг байна. Харин дархлаажуулалтад хамрагдахгүй байх нь илүү хор хөнөөлтэй аж. Жишээлбэл, полио саажилт үүсгэх, улаанбурханаар өвдвөл тархи, нугасны үрэвсэл үүсэх, хараагүй болох эрсдэлтэй. Тиймээс вакцинаас хүртэх үр ашиг үүсэх эсрдэлээс илүү гэдгийг санах хэрэгтэй. 
 
3. Хоолойн сахуу, татран, хөхүүл ханиадны хосолсон болон борын эдийн нугасны үрэвсэлийн (poliomyelitis) вакцин SIDS (Sudden infant death syndrom) үүсгэдэг. 
 
Баримт: Нярай хүүхэд гэнэт амиа алдах синдром (SIDS) дээр дурьдсан вакцинуудтай ямар нэг байдлаар холбоотой нь батлагдаагүй. Гэхдээ ийм төрлийн синдром үүсэх магадлалтай үед хийгддэг. Өөрөөр хэлбэл, нярай тодорхойгүй шалтгаанаар гэнэт эндэх нь вакцинтай шууд холбоогүй гэж болох бөгөөд вакцин хийлгээгүй үед ч тохиолддог аж. Дээр дурьдсан өвчлөл тун аюултай төдийгүй вакцинжуулалтад хамрагдаагүй нялхас өвчилсөн тохиолдолд эндэх, хөгжлийн бэрхшээлтэй болох аюултай гэдгийг санах хэрэгтэй. 
 
4. Вакцинжуулалтаар урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчлөл манай улсад бараг л устсан тул вакцинд хамрагдахгүй байж болно. 
 
Баримт: Дэлхийн олон оронд вакцинжуулалтаар урьдчилан сэргийлж болох өвчлөл түгээмэл гарах нь буурсан ч халдвар “тараагчид” дэлхийн даяар эргэлдэж байдаг. Эдгээр нь газар зүйн хил дамнан тархаж, дархлаа тогтоогүй хэн бүхнийг өвчлүүлнэ. Жишээлбэл, Баруун Европт улаанбурханы тархалт Австри, Бельги, Дани, Франц, Герман, Итали, Швейцари, Их Британид вакцинжуулалтад хамрагдаагүй иргэдийн дунд 2005 оноос хойш эрчимтэй тархсан байдаг. Иймд вакцинд хамрагдсанаар өөрийгөө болон өөрийнхөө эргэн тойрныхоныг хамгаалах юм. 
 
5. Вакцинаар урьдчилан сэргийлэх боломжтой хүүхдийн өвчлөл бол амьдралд байдаг л зүйл. 
 
Баримт: Вакцин хийлгээд урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөл амьдралд заавал тохиох албагүй. Тухайлбал, улаанбурхан, улаанууд, гахайн хавдар зэрэг нь ихээхэн аюултайд тооцогддог бөгөөд хүүхэд төдийгүй насанд хүрсэн хүмүүст хүндрэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Эдгээр эрсдэлээс дурьдвал уушгины хатгалгаа, тархи нугансы үрэвсэл, сохрох, суулгалт, чихний үрэвсэл, улаануудын төрөлхийн синдром (жирэмсний эхэн үед улаануудын халдвар авсан тохиолдолд) зэрэг багтах бөгөөд хүндэрсэн нөхцөлд амиа алдах магадлалтай. Энэ бүгдийг вакцин хийгэн зогсоох боломжтой. 
 
6. Олон төрлийн вакциныг нэг дор хийлгэх нь хор нөлөөтэй. Ингэснээр хүүхдийн дархлаанд хэт их ачаалал үүсгэнэ. 
 
Баримт: Шинжлэх ухааны хэд хэдэн баримтад тусгаснаар нэг дор нэгээс  олон төрлийн вакцин хийх нь хүүхдийн дархлаанд ямар нэг урвуу нөлөөлөл үзүүлдэггүй гэжээ. Хүүхдүүд тэдний дархлаанд нөлөөлөх ямар нэг зүйлтэй өдөр бүр тулгарч байдаг. Хоол идэхэд л шинэ антиген биед ордог бөгөөд хамар, аманд бактериуд олноороо байдаг. Ханиад хүрч, хоолоо өвдөхөд хүүхдийн биед вакцинаас илүү антиген орж байдаг. Олон төрлийн вакцин нэг дор хийгэх нь эмнэлэг зорих тоог бууруулахаас гадна цаг хугацаа, мөнгө хэмнэнэ. Улаанбурхан, улаанууд, гахайн хавдар зэргийг хосолсон вакцинаар хийж болно. 

7. Ханиад бол амьдралын хэв маяг. Вакцин ямар ч үр нөлөөгүй. 
 
Баримт: Ханиад бол амьдралын хэв маяг биш. Энэ бол хүндэрвэл тун аюултай өвчин бөгөөд дэлхийд жилд 300-500 мянган хүн үүний улмаас нас бардаг. Эрүүл мэнд султай жирэмсэн эхчүүд, хүүхдүүд, хөгшид эсвэл астма, зүрхний архаг өвчтэй хэн бүхэн хүнд халдвар авах, амиа алдах эрсдэлтэй байдаг. Жирэмсэн эхчүүд уг төрлийн вакцинд хамрагдсанаар ургаа хамгаалах давуу тал үүсдэг. (6 сартайгаас өмнө хийдэг ханиадны вакцин байдаггүй) Ханиад томууны вакцинуудын дийлэнх нь бүх улиралд тархаж байдаг ханиадны гурван түгээмэл төрөлд дархлаа үүсгэдэг. Игэснээр хүнд төрлийн ханиад тусах, бусдад халдаахаас сэргийлж болно. 

8. Вакцинаас илүүтэй тухайн өвчнөөр өвдөх нь дархлаа үүсгэдэг. 
 
Баримт: Вакцин дархлаатай нэгдсэнээр халдвар авсан үед үүсэх дархлааны системийн хариу үйлдлийг идэвхжүүлдэг. Ингэхдээ дархлаа тогтоогүй хүнийг ямар нэг хүндрэлтэй нөхцөлд хүргэдэггүй бөгөөд тухайн өвчний халдвар авах нь илүү эрсдэлтэй. Жилээлбэл, Haemophilus influenzae type b (Hib) тусах нь мэдрэлийн ядаргаа үүсгэх бол улаанууд ургын гажиг, гепатит вирус элэгний хавдар , улаанбурхан үхэлд хүргэх эрсдэлтэй. 

9. Вакцин мөнгөн ус агуулдаг учраас маш аюултай.
 
Баримт: Thiomersal гэдэг нь мөнгөн ус агуулдаг органик нэгдэл бөгөөд зарим төрлийн вакцинд хадгалалтатыг хангах үүднээс агуулагддаг. Гэхдээ вакцинд агуулагдах хэмжээ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэдгийг нотлох баримт одоогоор байхгүй байна. 
 
10. Вакцин аутизм үүсгэдэг
 
Эрүүл мэндийн нэгэн байгууллагаас 1998 онд гаргасан судалгаагаар улаанбурхан, улаанууд болон гахайн хавдрын вакцин (MMR) аутизм хооронд ямар нэг холбоо байгаа талаар дурьдаж олны анхаарлыг татсан. Гэсэн ч тус судалгаа үндэслэлгүй байсан нь тогтоогдож судалгаа эргүүлэн татсан байна. Харамсалтай нь, тэр хугацаанд дархлаажуулалтад хамрагдах тоо хэдийнэ эрс буурсан төдийгүй холбогдох өвчлөлийн тоо огцом өссөн байв. Өнөөдрийг хүртэл MMR вакцин аутимзтай ямар нэг холбоотой гэдгийг батлаагүй байна. 
 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД