Хүний хөгжил

Задарсан спортын задгай удирдлага 2016-10-25 13:14

Ж.Баяржаргал

"Mongolian Economy" сэтгүүл 2016 оны 10 сар №16
 
Эхлээд Бээжин, дараа нь Лондонгийн олимпод гарамгай өрсөлдсөн багаасаа бид тийм хэмжээний амжилтыг хүлээсэн нь мэдээж, Риод. Хүлээх ч үндэслэлтэй байлаа. Төсөв байсан уу? Байхаар барах уу, хангалттай байсан. Бээжин, Лондонгийнхоос ч илүүг зарцуулсан. Амжилт гаргасан уу? Гаргахаар барах уу, тэвэр дүүрэн ургац хураасан. Өмнөх олимпуудын циклээс ч олон Дэлхийн медаль, Цомын түрүүнүүдтэй болсон. Үүний дүнд түүхэндээ байгаагүй олимпийн олон эрх өвөртөлсөн шүү дээ. Бодит байдал ийм байхад том хүлээлт үүсэхээс  өөр яах билээ. Түмнийхээ их итгэлийг манайхан зүтгэлээр хариулж хоёр медаль хүртсэн. Өмнөх хоёр наадмын дэргэд чамлалттай боловч медаль ч үгүй ирсэн цаг үе, ширхэг хүрлээс хэтрээгүй он жилүүдийн дэргэд бол сайхан үзүүлэлт билээ. Тиймээс медальд хүрсэн хоёроороо бахархсан, дайчин зүтгэлийг нь бахадсан. Гэвч бахархахын зэрэгцээ, бахдахын хамтаар нүдэндээ доголон нулимс, зүрхэндээ гомдсон сэтгэл тээж байлаа, монголчууд. Тэр их сэтгэлийн хямралаасаа бид одоо ч бүрэн гараагүй л байна. 
 
Тамирчид маань ээлжилж гараад авралгүй дийлдсэн, дараалж очоод л /ойчоод?/ хуу хамуулсан. Энэ төрөл, тэр тамирчин гэлтгүй жигдхэн жигтэйхэн тааруу байв. Ийм зүйл болно чинээ ард түмэн зүүдэлж ч байгаагүй нь мэдээж тул тэгж хямрах нь ойлгомжтой. Их түүхээрээ бахархдаг, эрэмгий баатруудаараа бардамнадаг агуу үндэстэнд энэ нь ийнхүү томоос том цохилт болон буусан юм. Хөлдөө хэчнээн алддаг юм, нэг мэхэнд хэчнээн ч ордог юм, бөхгүй газрын нөхөрт яахаараа ч ялагддаг юм, яасан ч тэвчээргүй юм гэх мэт баахан шүүмжлэл, бөөн гомдол 16 шөнийн турш минут тутам бус секунд бүрт хөвөрч байлаа. Сошиал дахь монголчуудын асар өндөр идэвх Фэйсбүүк, Твиттерийн төв серверийг шатаах дөхсөн биз ээ. Үнэн явдлыг мэдэх гэсэн хөгжөөн дэмжигчдийн, бодит хариуг сонсохыг хүссэн иргэдийн бухимдал сошиал ертөнцөөс хальж гэртээ орж мэтгэлцэх, гадаа гарч маргалдах хэмжээнд өргөжсөн билээ. 
 
Иргэдийн буруутгаж байгаа гол субьект нь мэдээж тамирчид. Ялагдлын ял нь зөвхөн тамирчинд тохоогддог нь ганцаарчилсан төрлийн гол аюул юм даа. Тиймээс л чөлөөт, жүдо, бокс, буудлага гэсэн спортуудыг анхаарч ирсэн монголчууд бид Риод гаргасан алдааг гагцхүү тамирчдаасаа хайн баахан бухимдаж байна. Уг нь логикоороо бол тамирчны дээр дасгалжуулагч, дасгалжуулагчийн дээр холбоо, холбооны дээр төрийн институт байдаг юм л даа. Энэ утгаар бол олимпод бөөнөөрөө унжуу өрсөлдөж, хавтгайдаа хийморьгүй барилдсан шалтгааныг тамирчдаас эрэх бус дээрх нөхдөөс асуух учиртай юм. Харамсалтай нь асуултанд хариулах ёстой улс нь өнөөдөр окопондоо /нуувчиндаа/ орчихсон байна. Орох, орохдоо окопныхоо амыг дотроос нь цементэлж, агаар ч оруулахгүй, салхи ч гаргахгүй бэхэлчихжээ. Угаасаа тэгж зугтдаг зантай юм. Амжилт гаргасан бол том, жижиггүй гүйлдэж ирээд сэтгүүлчдийн асуултад пээдгэр хариулж, камерын өмнө додигор зогсох байлаа. Ингэж онгирдог зуршилтай юм. Өөрсдөө гараад ярина гэж үгүй мөртлөө өрөөлийн хэлэх үгийг хянахдаа гаргуун. Асууя гээд сэтгүүлч дөхөхөөр дасгалжуулагчид нь тойроод зугтчихна, тодруулья гээд сурвалжлагч очихоор дарга нар нь дөлөөд бултчихна. Хачин зуршил шүү. Олимп нь газрын мухарт зохиогдож, тэмцээн нь гүн шөнөөр өрнөснөөс болж хагас мэдээлэлтэй яваа олон нийтдээ хугас ч болтугай тайлбар өгч буцалсан сэтгэлийг нь тайтгаруулчих зориг байхгүй л байгаа юм даа. Тэгсэн сэн бол олимпийн явдлуудын талаар бид сураг төдий мэдээлэл шидэлцэн өнөөдрийг хүртэл маргаад суухгүй л байлаа. 
 
Гэтэл гадны улсууд өөр байх юм. Тэд ард түмэнтэйгээ амжилтаа хуваахын зэрэгцээ алдаагаа ч мөн хуваалцаж байна. Төлөвлөсөн медалиа аваагүй алдаагаа ил хэлж байна, бэлтгэл, төлөвлөлтийн дутагдлаа тод дурдаж байна. Найдвар болсон төрлөөрөө амжилт олоогүй бол бүр ч нээлттэй тайлагнадаг юм байна, олон нийтдээ. Бүх Японы Жүдогийн холбоо л гэхэд 2012 оны олимпоос алтан медаль ганцханыг авсан шалтгаанаа олон талын судалгаатайгаар нухацтай тайлбарласан байдаг. Алдаагаа зассаны дүнд алтаа Риод гурав болгож олшруулав. Лондонд ширхэг ч медаль аваагүй эрэгтэй боксчиддоо америкчууд ихэд бухимдахад холбоо нь “Жижигхэн Монгол улс хоёр медаль хүртэж үндэсний спортоор маань илүү амжилт гаргасан нь бидэнд нэгийг бодогдууллаа” хэмээн өөрсдөдөө шүүмжлэлттэй хандаж байлаа. Үүний дүнд Риод хоёр медаль хүртсэн. Риогийн олимпод болохоор Оросын чөлөөт бөхчүүд тааруу барилдсаны дээр дотроо бөөн хэрүүлтэй байлаа. Тэгсэн нутагтаа буунгуутаа холбооны ерөнхийлөгч нь олимпийн дүнгээ хачин сайхан тайлагнав, хараагаад байсан тамирчдаасаа халаглаж байгаад уучлалт гуйв. Түүнтэй тос гартал тэврэлдэн эвлэрсэнээ ч бөх­чүүд нь сонин, телевизээр маргааш нь мэдэгдлээ. Хэрэгтэй цагт нэгнээ уучилж чаддаг ухаантай л улс юм. 
 
Ер нь тэгээд юм үзсэн нөхөд алдсан ч түүнийгээ зоригтой хүлээж, амжилт­гүй ч тэрийгээ эмээлгүй тайлагначих тэнхээтэй байдаг юм байна. Асуудлыг баглаад дарах биш нээгээд ойлгуулах нь ухаантай улсын арга барил ажээ. 
Энэ бүхнийг өгүүлсэний учир нь хэсэг холбоог, бүлэг даргыг муулахад чиглэгдээгүй юм. Тамир­чинг шүүмжилж, дасгал­жуу­лаг­чийг дордуулья гэж ч зорьсонгүй. Зүгээр л “Монголын спортод шинэч­­лэл хэрэгтэй” гэсэн санааг илт­гэхийг хичээв. Шинэчилнэ гэд­гийг хувьсгал хийх утгаар нь онцол­­сонгүй. “Хариуцлагажуулахын тулд шинэчилье” гэж байгаа юм. Мон­голын спортыг сайн дур, сайхан сэтгэлд 26 жил даатгаад орхисны “үрээр” тус салбар хариуцах эзэнгүй, тулах лидергүй болчихож. Байх ёстой эзэн, удирдах үүрэгтэй лидер нь ТӨР юм шүү дээ, уг нь. Мэдээж төр спортоо гаргуунд нь орхиогүй. Нэрээ нэжгээд сольсон агентлагаараа дамжуулж анхаарсаар байлаа. Шиг­шээ багийг 10 гаруй төрлөөр бай­гуулж, 100 гаруй тамирчинг цалин­гаар, зардлаар хангалттай сайн хангаснаар монголчууд Бээжин, Лондон­гийн олимпод мөрөөдлийн амжилтаа гаргасан билээ. Үүний нөлөөгөөр спортоор хичээллэх хүүхэд залуусын тоо жилээс жилд хэдэн зуугаараа нэмэгдэж байна. Энэ бол шигшээ багийг тогтмол барьж, гадны тэмцээнд тогтмол оролцуулж ирснээс үүдэн гарсан хамгийн чухал ашиг юм. Бид сууриа ингэж сайхан гэгч нь бэхжүүлж чадсаны бодит жишээ нь Риогийн олимпийн эрхийг түүхэндээ байгаагүй олон авснаас харагдлаа. 
 

“Монголын спортод шинэч­­лэл хэрэгтэй” гэсэн санааг илт­гэхийг хичээв. Шинэчилнэ гэд­гийг хувьсгал хийх утгаар нь онцол­­сонгүй. “Хариуцлагажуулахын тулд шинэчилье” гэж байгаа юм. Мон­голын спортыг сайн дур, сайхан сэтгэлд 26 жил даатгаад орхисны “үрээр” тус салбар хариуцах эзэнгүй, тулах лидергүй болчихож.

 
Энэ бол сайн хэрэг, сайхан ч ажил байсан. Тийм ээ, байсан. “Байсан” гэсний учир нь энэ бүтцийн маань бензин одоо шавхагдчихлаа. Өөд нь татдаг өгөөжөө өгөхөө болиод уруу нь чирдэг чөдөр болчихлоо гэсэн үг л дээ. Тодорхой хэлбэл, спортын салбарыг бүхэлд нь шигшээ баг хэмээх зуу гаруйхан тамирчин, штаб гэх хэдхэн арван дасгалжуулагчид төвлөрүүлж, зөвхөн түүнийгээ л мөнгөөр тэтгэдэг энэ тогтолцоо өнөөдөр хэрүүл маргаан үүсгэдэг гол шалтгаан, хувийн тоглолт хийдэг төв цэг болоод байна. Тэгээд ч ур чадвар нь цалгисан залуус халгиж байгаа энэ цаг мөчид “Шигшээ баг” гэдэг бүтэц дэндүү жулдав, хэтэрхий балчирдав. Дээр нь  төр хэдхэн хүнд хэт анхаарахдаа хэдэн холбоогоо зөнд нь хаяснаас спорт нь дотооддоо задарч, удирдлага нь дотроо задгай болчихлоо. Задарч, задгайрсан газар хариуцлага явж байх юм. Уруу утгаараа, үүрэг хүлээлгээгүй, даалгавар оноогоогүй газар хариуцлага яаж ч орших билээ. Энэ өнцгөөс харвал, төр өөрөө ажилдаа мөн л хариуцлагагүй ханджээ. Медаль авч мандангуут нь спортоо тойрч гүйлддэг хэрнээ алдаа гаргаж уруудахад нь холбоод руу чихчихэж боломгүй л байгаа юм. 
 
Иймийн учир 26 жил тархай бутархай явсан их спортоо бүхлээр нь харах цаг болсон, 26 жил арьс өнгөний үзэл дунд амьдарсан холбоодоо багцаар нь нэгтгэх өдөр ирсэн. Тиймээс төр нь эзний үүргээ хүлээж зөв чиглүүлье, засаг нь лидерийн чанараа харуулж том хөдөлгөе. Мэдээж, төрийн зүгээс спорт холбоодын үйл ажиллагаанд оролцож болохгүй. Энэ нь Олимпийн Хартаар хаалттай. Оролцоод эрхээ хасуулсан өчнөөн улсын жишээ байна, Кувейт, Ирак зэрэг. Тэгэхээр бусдын хараанд өртөхгүйгээр өөрсдөд ашигтайгаар шийдэх арга замыг л бодох хэрэгтэй. Бэлэн арга нь, практик нь ч байна. Үүний гол хөшүүрэг нь мөнгө байх юм. Төр спорт холбоодоо төсөвжүүлнэ, төсвөөр дамжуулж тэднийг хариуц­лагажуулна. Холбоодоос амлалтыг нь авна, үр дүнгийн гэрээ байгуулна. Гэрээний биелэлтийг олимпийн дараа хянана. Үүргээ биелүүлээгүй холбооны удирдлага багаараа огцор­лоо, шинэ бүрэлдэхүүн ирлээ. Энэ аргын модон рамыг дүрслэх юм бол ердөө л энэ. Ингэснээр төр их спортынхоо хөгжлийг ч гартаа барьж байна, холбоодынхоо халуун чихийг ч хатуухан мушгиад сууж байна. Ялангуяа өчнөөн жилийн турш цухуйх нь байтугай үнэртээгүй ХАРИУЦЛАГА гээч зүйл Монголын спортод соёолох юм. Хариуцлага ноёрхсон газар үр дүн гардаг л жамтай. Мөнгөөр дамжиж хариуцлага хүлээсэн холбоод хамгийн сайн ажиллахыг хичээнэ, хамгийн шилдгүүдийг цуглуу­лахыг зорино. Юун хувийн амбиц бодох, юун арын хаалга харах.
 
Буруу замаар будаа тээвэл төсвөө тануулна, төслөө царцаалгана шүү дээ. Ийм практик дэлхийн спортод байна шүү. Тиймээс юун түрүүнд тэнд зөвхөн мэргэжлийн боловсон хүчин бүрэлдэх, мөн ажиллах нөхцөл бүрдэх юм. Мэргэжлийн хүмүүс суурьшсан байхад спортын шинжлэх ухаан шүтэгдэх нь гарцаагүй, спортын анагаах ухаан тахигдах нь баараггүй. Ийм жишээ ертөнцийн спортод бас л байж байна. Хэрэв зөв бодож төлөвлөөд, сайн тооцож боловсруулах юм бол манайд тохирох л хувилбар. Гол нь зөв нутагшуулах хэрэгтэй. Харамсалтай нь, энэ л бидний муухан хийдэг эд дээ, аль ч салбарт.
 
Гэхдээ нутагшуулаад, дээр нь баяжуулж чадсан бодит жишээ ардхан талд маань байна аа. Яг энэ чиглэлд ОХУ цөөнгүй жил ажиллаж сайн үр дүн гаргасан. Сочигийн өвлийн олимпийн супер үзүүлэлт нь гагцхүү үүнтэй холбоотой. Улс нь мөнгөөр дутаагаагүй, хөрөнгөөр гачигдуулаагүй. Үүний хариуд хариуц­лага нэхсэн, амжилт л шаардсан. Холбоод нь ч мэргэшсэн удирдлагатай болж, аппарат нь мэргэжлийн төвшинд ажилласнаар гадныхны төсөөлж ч байгаагүй, өөрсдөө мөрөөдөж ч үзээгүй төрлүүдээр олимпийн медаль түүсэн. 
Бид ингэж ажиллаж яагаад болохгүй гэж? Мөрөөдөл биелдэг гэдэг дээ. 
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
зочин 2016 оны10 сар / 26 10:55

Хувцсаа тайлж шидээд шалдагнаад дэвээд байх бэлтгэлийг сүүлийн үед их сайн хийгээд байгаа юм биш үү Даан ч энэ нь спортын төрөлд ордоггүй юм гэнэ ээ

Guest 2016 оны10 сар / 25 19:05

T