Менежмент

Calvin Klein: Тохиолдсон бүх зүйлээс таашаал мэдрэх нь амьдралаас олж авсан миний хамгийн том сургамж 2017-05-17 16:54

Г.Жаргалмаа

Америкийн загварын ертөнцийг дэлхий нийтэд өө сэвгүй төгс гүйцэтгэл, дэгжин хээнцэр, нарийн загвараар таниулж чадсан дизайнер Calvin Klein-ы амжилтын нууцаас бид юу юуг сурч болох вэ?

1. Төрж өссөн гэр бүлийн орчин хүүхдийн бизнес сэтгэлгээнд шууд нөлөөлдөг

Calvin Klein-ий эцэг өдөр тутам хувийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан бөгөөд ээж нь загварын өндөр мэдрэмжтэй бүсгүй байлаа. Түүнчлэн эмээ нь сайхан оёдог хүн байж түүнд анх оёхыг зааж, анхны оёдлын машиныг нь бэлэглэжээ. Энэ бүх орчин түүнийг хөдөлмөрч, өндөр шаардлагатай, дизайнер болоход нь шууд нөлөөлсөн байна.

2. Авьяас чадвар нь байсаар атал яагаад хэн нэгний удирдлаганд ажиллах ёстой гэж?

Урлагийн сургууль төгссөн тэрээр загварын товчоонд хүрэмний загвар гаргадаг байв. Өдөр шөнөгүй ажилладаг ч гэр бүлээ тэжээхэд мөнгө нь хүрэлцэхгүй байсан тул сул цаг гарвал аавынхаа дэлгүүрт ажиллана. Нэг өдөр аавынхаа дэлгүүрт кассны ард сууж байхдаа сэтгүүлийн хуудас эргүүлээд харж байтал өөрийнх нь зохиосон загвар байсныг харах тэр мөчид би яагаад энд сууж байдаг билээ хэмээн бодож, загварын товчооноос гарч бие даан хүрэмний коллекци гаргахаар шийджээ.

3. Дургүй ажлаа хийвэл амжилтанд хүрэх нь ховор.

Энэ тухай аавдаа хэлтэл аав нь: Би чамайг юу хийж чаддаг, ямар авьяастайг мэдэхгүй ч дургүй ажлаа хийвэл чи хэзээ ч амжилтанд хүрэхгүй, тиймээс эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх хэрэгтэй гэсэн нь түүнд улам ч ихээр урам өгөв.

4. Тухайн салбартаа нөлөөлөхүйц хүнд ханд

Хүсэл мөрөөдлөөр дүүрэн ч хэн ч танихгүй, халаасандаа мөнгөгүй загвар зохион бүтээгч байсан тэрээр загварын салбарт маш том нөлөө бүхий их дэлгүүрийн эзэн эмэгтэйд бүх загвараа аваачиж үзүүлэв. Түүний нарийн нямбай, өө сэвгүй эсгүүр оёдол нь түүний сэтгэлд нийцсэн тул тэр дороо 50,000 ам.долларын захиалга өгсөн нь бизнесийнх нь анхны томоохон эхлэл байлаа. Тухайн үедээ энэ мөнгийг тэр жил ажиллаж байж арай гэж олохоор байсан юм. Энгийн хэрнээ эрхэмсэг, нүд булаам загварууд нь их дэлгүүрт борлуулагдаж эхэлснээс хойш эмэгтэйчүүд мөнгө хайрлалгүй авдаг болов.  

5. Буруу замаар орж үзсэн ч өөрийгөө татах сэтгэлийн тэнхээтэй бай

1970-аад оны үед Америкт хар тамхи, мансууруулах бодист донтох, замбараагүй бэлгийн харьцаанд орох явдал газар авах тэр үед эхнэрээсээ салсан ганц бие, царайлаг, загварын ертөнцөд цахиур хагалж яваа Calvin Klein ч бас хол байж чадсангүй. Хожмоо эхнэртэй болсон ч хар тамхины асуудал байсаар байлаа. Гэсэн ч 46 насандаа зориг гарган хар тамхи мансууруулах бодисын нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан нь түүнийг энэ замаас гаргасан юм.

6. Наргисан шиг нарги, гэхдээ ажил зугаа цэнгэл хоёроо ялгаж сур

Тухайн үедээ "Студи 54" хэмээх газар бүх л нэр нөлөө бүхий томчууд очиж наргидаг байлаа. Calvin Klein хаана ч очсон анхаарлын төвд байж, наргиж цэнгэхээс буцдаггүй ч цэнгээний газраас өглөө 7:30 цагт гэртээ хариад 9:00 цагт юу ч болоогүй мэт ажил дээрээ өндөр шаардлагаа тавиад зогсож чаддаг байв.



7. Буруу зүйл хийсэн бол олны өмнө уучлалт гуйж чаддаг бай

Түүний хувцасны реклам байнга олны хэл амны бай болдог байв. Анх 15 настай бяцхан охин сексийн тухай эрээ цээргүй ярьж дэлгэцийн өмнө ярьж байснаас эхлээд жинс, дотуур хувцас нь тэр чигээрээ сексийн бэлэг тэмдэг болтол нь рекламдаж байв. Сүүлд гаргасан өсвөр насны хүү футболкаа тайчдаг реклам нь олны эрс дургүйцлийг хүргэж, тухайн үеийн Ерөнхийлөгч Билл Клинтон ч дуугүй өнгөрч чадсангүй. Дэлгэцээр дамжуулан үзэгчдийг доромжилж байна гэж үзэв. Нөхцөл байдлыг мэдэрсэн Calvin Klein Нью-Йорк таймс сонины бүтэн нэг нүүрийг худалдан авч, бүх хүнээс уучлалт гуйсан юм. Энэ нь түүнийг алдаа гаргасан ч олны өмнө хариуцлага хүлээж чаддаг болохыг харуулав.

8. Энгийн зүйл төгс гүйцэтгэл шаарддаг

Түүний аль ч төрлийн загвараас цэвэр цэмцгэр, энгийн, дур булаам, орчин үеийн шинж чанарыг харж болно. Энгийн зүйлийн өө сэв шууд харагддаг учир харахад энгийн ч хийх явц хэзээ ч энгийн байдаггүй гэж тэрбээр хэлдэг байлаа. Тиймээс жижиг зүйлд ч анхаарлаа хандуулна. Яг тохирсон өнгөө гаргахын тулд хэдэн мянган өнгөнөөс өдөржин сонголт хийдэг байв.

9. Амжилтын оргилд хүрсэн ч өөрийнхөөрөө бай

Өнөөдөр түүнийг мэдэхгүй хүн гэж үгүй. Гоо зүйн нарийн мэдрэмжтэй цэвэр, цэмцгэр, энгийн загвар бүтээдэг гэдгээрээ түүхэнд үлдэхийг хүсдэг тэрээр хэнтэй ч харилцаж чаддаг, хөгжилтэй, нээлттэй байдлаа одоо ч алдаагүй юм.

10. Компанийг удирдахад ч цаг хугацаа хэмжээтэй

2003 онд компаниа худалдсан нь олныг гайхашруулав. Амжилттай яваа, орлогын хэмжээ нь жилээр бус хормоор нэмэгдэж байгаа компаниа яагаад худалдах болов? хэмээн асуухад тэр “Компани маань цаашид өргөжин тэлэх ёстой, залуу дизайнеруудад боломж олгох нь зүйтэй, бүх зүйлийг өөрөө удирдах гэж компаниа хүлж болохгүй” гэж хариулсан байна. Тэрбээр одоо компанидаа бүтээлч захирал, зөвлөхийн алба хашдаг байна. 

 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД