Эдийн засаг

Гадаад худалдааны бодит төрх 2017-06-05 15:22

Б.Түвшин

"Mongolian Economy" сэтгүүл 2017.05. №128

2011 оных шиг боломж дахиад олдох уу

Дэбби хар салхины улмаас Австралийн нүүрсний үйлдвэрлэл, тээвэрлэлтэд саатал учирч, улмаар уг ашигт малтмалын үнэ 2011 оны хоёрдугаар улирлаас хойших дээд цэгтээ хүрсэн. Энэ нь манай нүүрсний салбарынхны магнайг тэнийлгэсэн үйл явдал болов. Зарим нь боломжийг ашиглаад өндөр үнээр ахиухан нүүрс экспортлоод авахыг бодож байхад зарим нь эдийн засаг 2011 оных шиг огцом өснө хэмээн “бэлгэшээж” байх жишээтэй. Тухайн үед мөн л Австралийн Квийнслэнд мужид үер болсны улмаас коксжих нүүрсний үнэ тонн нь 330 ам.долларт хүртлээ цойлж байв. Тэгснээр Монголын экспортын орлого асар их нэмэгдэж, ДНБ-ий өсөлт 17 хувиас давж байлаа. Харин энэ удаад яах бол?
 
Хар салхитай, салхигүй нүүрсний үнэ сүүлийн жил орчмын хугацаанд харьцангуй сэргэж эхэлсэн. Монголбанкнаас гаргадаг гадаад худалдааны тоймоос үзэхэд, өнгөрсөн жил тонн нь 30 ам.доллар байсан нүүрсний экспортын хилийн үнэ одоо 70 ам.долларт дөхөж очсон байна. Энэ нь 2015 оны сүүлч, 2016 оны эхээр шалдаа буусан нүүрсний салбарт дэмжлэг үзүүлж байгаа юм. Тухайлбал, энэ оны эхний улиралд нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх жилийнхээс 2.5 дахин, үнийн дүнгээр 5.3 дахин нэмэгдэж, 538 сая ам.долларт хүрчээ. Жилийн өмнө экспортын нийт орлогын 10 хувийг бүрдүүлж байсан нүүрс өнгөрсөн улиралд 41 хувийг нь бий болгосон байна. Манай улсад орж ирсэн 10 доллар тутмын дөрөв нь нүүрсний орлого байсан хэрэг. Ингэснээр экспорт өнгөрсөн улиралд жилийн өмнөхтэй харьцуулахад 35.6 хувиар буюу 341 сая ам.доллараар өсчээ. Манайх жижиг, нээлттэй эдийн засагтай учраас үр дүн нь мэдээж шууд харагдана. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сард 2498 төгрөгт хүрээд байсан ам.долларын ханш 2404 төгрөг болтлоо суларсан боловч нүүрсний үнэ эргээд хямдрахтай зэрэгцээд чангарч эхэллээ. 
 
 Үүлэн чөлөөний нарыг үүрдийн юм шиг санаж болохгүй гэдэг. Австраличууд Квийнслэнд мужийн нүүрс тээвэрлэдэг төмөр замын шугамаа сэргээн зассанаар бүх зүйл, тэр дундаа нүүрсний үнэ ч хэвийн байдалдаа орж байна. Коксжих нүүрсний үнэ тонн нь 260 ам.доллар болж бууж ирсэн бол оны эцэс гэхэд илүү хямдрах төлөвтэйг mining.com цахим хуудсанд мэдээлжээ. Учир нь, “Focus Economics”-ийн судалгаанд оролцсон шинжээчид энэ оны дөрөвдүгээр улиралд коксжих нүүрсний үнэ тонн нь 146, ирэх жил бүр 130 ам.доллар болтлоо буурна гэсэн таамаглал гаргасан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг  2011 оных шиг огцом өснө гэж их юм санаад хэрэггүй, сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй болов уу. 

2011 оны сургамж
 
Нүүрсний үнийн өсөлтөөс шалтгаалж 2011 онд эдийн засаг огцом өсөхөд монголчууд тэр сайхан үе үүрд үргэлжлэх юм шиг л аашилсан. Гэнэтийн их орлого дээрээ нэмж Хятадын “Чалко”-гоос зээл авч байгаад л эх орны хишиг, эрдэнийн хувь тараах жишээтэй. Тэгснээр 2009 онд 2.3 их наяд төгрөг байсан төсвийн зарлага 2012 онд зургаан их наяд төгрөгт хүрсэн байв. Харин түүний дараах дөрвөн жилд нүүрс, зэсийн үнэ буурч, орлого багассан учраас хүссэн, хүсээгүй илүү зарлагаа тэвчих, хэмнэх хэрэгтэй болсон л доо. Ингээд 2011 онд 17 хувиас давж байсан ДНБ-ий өсөлт нэг хувь дээр бууж ирлээ. Энэ хооронд бүгд л хүнд байдалд орсон. “Эрдэнэс Таван толгой” гэхэд л олборлосон нүүрсээ “Чалко”-д тав, зургаан жилийн турш асар хямд үнээр өгч байгаад сая л нэг юм өр, зээлээ барагдуулж дууссан гэж байгаа. 
Хэрвээ бид ашигт малтмалын үнэ өндөр байхад олсон орлогоо зөв, зүйтэй зарцуулсан бол байдал хавьгүй дээр байх байсан. Гэхдээ нэгэнт өнгөрсөн юмыг залруулж болохгүй. Тиймээс бид 2011 онд гаргасан алдаанаасаа сургамж аваад, олсон орлогоо ухаалгаар зарцуулж, хадгалж сурмаар байна. Эдүгээ ашигт малтмал, тэр дундаа нүүрсний үнэ харьцангуй сэргэж байгаа учраас боломжийг ашиглах нь чухал. 

Орлогоо төрөлжүүлэх шаардлага
 
Манай эдийн засаг ашигт малтмалын үнэ өсөхөд өсөөд л, унахад нь уруудаад л явдаг. Энэ нь бидний орлого нүүрс, зэс мэтийн цөөн төрлийн түүхий эд, мөн тэдгээрийг авдаг ганц худалдан авагч буюу Хятадаас хэт хамааралтай байгааг харуулна. Өнгөрсөн улиралд л гэхэд манай экспортын нийт орлогын 92 хувийг уул уурхайн салбар дангаараа бий болгожээ. Үүний 41 хувийг нүүрс, 29 хувийг зэсийн баяжмал бүрдүүлсэн байна.  Ийм байхад Монголын эдийн засаг нүүрс, зэсийн үнэ дагаж савлахаас өөр яах билээ. Гэхдээ байдлыг өөрчилнө гээд нүүрс, зэсээ Хятад руу гаргахаа зогсоох нь мэдээж утгагүй хэрэг. Тиймээс нүүрс, зэсээ зардгаараа зараад, харин тэр орлогоо зөв зохистой удирдах, уул уурхайгаас бусад салбараа хөгжүүлэхэд л анхаарах хэрэгтэй. Энэ нь цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардах ажил байх нь гарцаагүй. Үүний тулд хоёр зүйлд анхаарах хэрэгтэй
 
Нэгдүгээрт, ашигт малтмалаа Хятадаас өөр зах зээлд гаргах нь чухал. Энэ хүрээнд Дорноговь аймгийн Олон Овоогийн өртөөнөөс Хятадын Тяньжин боомт хүртэл төмөр замаар нүүрс тээвэрлэж эхэлсэн нь сайн хэрэг. Ингэснээр урд хөршид экспортлох нүүрсний хэмжээ нэмэгдэхээс гадна Эрээний биш, Тяньжиний ханшаар буюу илүү өндөр үнээр борлуулах боломж бүрдэнэ гэж байгаа. Хамгийн гол нь тус боомтоор дамжуулан нүүрсээ гуравдагч орон руу экспортлох боломж эрэлхийлэх шаардлагатай. 
 
Хоёрдугаарт, монголчууд түүхий эд гаргах биш, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байж л хөгжиж чадна. Тэгэхдээ асар том хэмжээний кокс химийн, эсвэл гангийн үйлдвэр барих хөрөнгө мөнгө бидэнд одоогоор байхгүй. Тиймээс эхний ээлжинд ядахдаа нүүрсээ түүхийгээр нь биш, угааж баяжуулаад гаргамаар байна. Ухаа худагийн уурхай дээр баяжуулах үйлдвэр бэлээхэн байж байгаа шүү дээ. Тэгээд орлого нэмэгдэхийн хэрээр түүнийгээ ухаалгаар зарцуулж, уул уурхайгаас бусад салбар, тэр дундаа мал аж ахуйдаа хөрөнгө оруулах хэрэгтэй болов уу. Ийм замаар ноос ноолуур, арьс шир, махны экспортоо нэмэгдүүлж чадвал экспортын орлого төрөлжөөд ирнэ. 
 
Нүүрс, зэсийн үйлдвэрлэлээр дэлхийд толгой цохьдог Австрали, Чилид байгалийн гамшиг нүүрлэхэд бид энд баярлаад суух нь үнэндээ утгагүй, муухай. Ийм байдлаар олдох боломжийг түүхий нүүрсээ их хэмжээгээр гаргахад л ашиглах нь хэтэрхий өнөө маргаашаа харсан шийдэл. Харин урт хугацаанд яах вэ, нүүрс, зэсийн экспортоос хамаарах байдлаа яаж багасгах вэ гэдгээ бодож, тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд юу хийх хэрэгтэйгээ тооцоолох шаардлагатай юм. Тэгэж байж л бид эдийн засгийн өсөлтөө тогтворжуулж  чадна.  
 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД
Бүжин 2017 оны06 сар / 06 10:51

Уг нь сайхан л хөгжлийн гарц байна. Гол асуудал бол Хичнээн сайхан санал санаачлага байхад түүнийг дагасан шийдэл гарахгүй байгаад л байгаа юм.