Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа

Sarangerel
2024-04-23 18:30:51
Ангилал: Мэдээ

“Mongolian Economy” эдийн засгийн сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр МУИС-ийн Бизнесийн сургууль, Улс төр, Олон улсын харилцааны сургуулийн оюутнуудад өчигдөр, өнөөдөр хоёр өдөр лекц уншиж, дэлхийн улс орнуудын хөгжлийн гарын авлага гэгдэж буй “Сингапурын амжилтын тавин нууц” номын талаар ярилаа.

“Сингапурын амжилтын тавин нууц” номыг Сингапур улсын хамгийн нэр хүндтэй улстөрчдийн нэг, элчин сайд, судлаач Томми Ко 2020 онд эмхэтгэн бичжээ. Гуравдагч ертөнцийн ядууралд нэрвэгдсэн улсаас хөгжингүй орон болсон Сингапур 1965 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 517 ам.доллар байсан бол 2023 онд нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь 133,107 ам.доллар болж өссөн байдаг. Номд багтсан нийтлэлүүд өнгөрсөн 50 жилийн хугацаанд Сингапур улс хэрхэн амжилттай хөгжиж чадсан нууцуудыг энгийн ойлгомжтой, тод томруунаар харуулж чадсан юм. Тэгвэл “Мongolian Economy” сэтгүүл дэлхийн уншигчдад эрэлт хэрэгцээтэй байгаа “Сингапурын амжилтын тавин нууц” номыг монгол хэлнээ албан ёсны эрхтэйгээр хөрвүүлэн уншигч олондоо хүргээд байгаа билээ.

“Mongolian Economy” эдийн засгийн сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Д.Бэхбаяр номынхоо талаар ярихаас гадна ирэх 30 жилд Монгол Улс хэрхэн хөгжих боломжтой талаар оюутнуудтай санаа бодлоо хуваалцсан юм. Тэрбээр “Ирэх 30 жилийн хөгжлийг авч явах, улс орноо хурдтай хөгжүүлэх хүмүүс бол та нар шүү. Монгол Улсын өнгөрсөн 30 жилд амжилт, ололт бий. Харин алдааг та бүхэн бүү давтаарай. Энэ 30 жилийн гол алдаа бол авлигад автсан, улстөржсөн нийгмийг бүтээсэнд байгаа юм. Тиймээс богино хугацаанд хурдтай хөгжиж чадаагүй. Харин Сингапур улс авлигагүй нийгмийг бүтээсэн, авлигыг үл тэвчдэг төрийн албыг байгуулсан учраас хурдтай хөгжсөн. Тиймээс та бүхэн авлигагүй нийгмийг бүтээхийн төлөө, улс орноо чин сэтгэлээсээ хөгжүүлэхийн төлөө хичээгээрэй” хэмээн онцлон хэлэв. Түүний лекц оюутнуудад таалагдаж, “Сингапурт гудамжинд  бохь зажилбал торгодог, хог хаяж болдоггүй гэл үү, хогоо шатаагаад эрчим хүч болгодог гэсэн. Монголд ийм боломж байгаа юу, Сингапур ямар ч баялаггүй хэрнээ яаж хөгжсөн бэ” зэрэг асуултыг асууж, харилцан ярилцаж байлаа.  

“Сингапурын амжилтын тавин нууц” ном  “Alpha Book Center”, “BookLo”, “Аз хур”, “Интер ном”, УИХ дэхь “Мажестик” зэрэг номын дэлгүүрт худалдаалагдаж байна. Захиалгыг “Mongolian Economy” пэйжийн чатаар өгч болно. Редакцын утас: 70115476, 94092904