Хүний хөгжил

Боловсрол 2012-09-12 16:02

Готов баян нийтийн жишгийг дагаж ганц хүүгээрээ малаа харуулж, охидоо боловсролтой болгоход мөнгө хайрлаагүй хүн. Баян аарагтаа бүү хэл сум аймагт цуутай баяны царай муутай шар охид эрдэм өвөртөлж ирэхээр хойно хойноосоо цувран одсоор арав гаруй жилийн нүүр үзэв. Эцгийн зорьсон хэрэг бүтэж, таван охин бүгд дээд боловсролтой хуульч болжээ.
Гэвч энэ намар охид нь гэнэт дэрхийтэл гэртээ ирцгээв. Том охин Цэцэгийнх нь ажиллаж байсан дэлгүүр мэргэжлийн худалдагчтай болж халсан гэнэ. Харин энэ хавар төгссөн отгон охин Навчаа нь зуны гурван сар хайгаад тохирох ажил олоогүй юм байх. Эмэг эхийнхээ балгаар эрхийн балай болчихсон, дунд охин Зулаа хэл амаа хазалж, таль түл дуугаран,-Аав гэж нэг эрваа юм, морь унуулсаар байгаад майга болгочихсон. Загвар өмсөгчид тэнцсэнгүй гэж хошуугаа цорвойлгон байн байн гунганахад эмэг эх нь аргадан авч гарна. Готовын уур дүрэлзэж,
-Загвардахад бараагүй юм бол заавардахад нь үзээд алдаг. Эцгийн буян байхад гэж дотроо үглэсээр, сумын төв рүү давхилаа. Үд өнгөрсөн тул дарга албан дээрээ байсангүй, сумын төвийг гурав тойрон сураглалаа. Улаан хүрэн үйтэн хуар дээлтэйгээ адил өнгийн хөнгөн тэрэг хослуулан гангарсан Готов баянаар хорооны авгайчууд нүдээ хужирлана. Балбарын хуульч болоод ирсэн хүүгийн улаан хавтасны найрнаас Засаг даргыг сэм дуудаж гаргасан Готов олны нүднээс зайдуу Хийморь толгойн ард очиж тэргээ унтраагаад, хар “Чингис”-ийн бөглөө мулталлаа. Даргадаа хундага барих зуураа,
-Зулаа маань хуульчийн үнэмлэхтэй, гүйлгүүр ухаантай. Удирдах ажилд яг тэнцэнэ хэмээн эрхийн балай охиноо худлаа магтлаа. Найрын идээнд зориг зэгсэн чангарсан дарга:
-Готов ах нохойтохгүй шүү гэснээ хяхтнуулан хөхрөөд,
-Цэцэг чинь л сурлагатай, даргад тохирох хүн. Гэхдээ үнэнийг хэлэхэд манай сум долоон мянган үхэртэй, долоон мянга долоон хуульчтай болчихоод байгаа. Худлаа гэвэл тайлан мэдээ үз гэж байна. Дүгэрийн охин улаан хавтастай хуульч сургуулийн гал тогоонд сав угааж, түшмэл Нямын хүү хууль зүйн зэрэг хамгаалсан Болдоо сумын уурын зууханд галчаар орж байгааг дарга Готовт учирлалаа. Тэгээд,
-Дүү нь хоншоортой шүү, Готов ах минь. Хоёр жил өвлийн идшээр харж үзсэн ачийг тань хариулалгүй яахав. Танай Цэцэгийг шинэ оноос Тамгын газрын үйлчлэгчээр авъя. Яваандаа дарга болно биз гэлээ.
Үдийн саамны өмнө Готов гэрийн гадаа хөмөрсөн цагаан тогоог шамшийтал дайран, тэргээ чихруулан зогсоолоо. Гэрээрээ дүүрэн, ажилгүй шаагилдах хуульчид руугаа агсарч,
-Зулаа, Навчаа хоёр гүү саа, Цэцэг чи хувин ав, усанд яв. Чимгээ, Урнаа хоёр араг үүрээд аргал түү!.. Түргэлээч, муусайн үнээнүүд! Хуульчид та нар сумын үнээнээс ч олуулаа гэл үү… хэмээн чарлалаа. Зулаа:
-Яг ш дээ, гүү сааж харагдаач гэж хэлээд тэрий хадталаа алгадуулан, ээрч муурлаа.
Маргааш өглөө нь Готовын толгой ангалзтал өвдөж, хажуугаар нь ээж, эхнэр хоёрын эрүүний шөл огиудас хүргэнэ. Хар бор ажил хийвэл охидын хуруу мойногших юм байх. Ийн сууж байтал гадаа хөнгөн тэрэг өчигдрийнхөөс ч чанга чихарлаа. Хуульч охид нь эцэгтэйгээ хуулиар үзэлцэхээр аймгаас хүчирхийллийн эсрэг төвийнхнийг дуудуулсан нь энэ аж. Готов аймаг орж, сэнхэртлээ ном сонсоод, эмэгтэйчүүдийн эрхийг хүндэтгэж, цайгаа хүртэл өөрөө аягалж уудаг боллоо.
Готовын царай муутай шар охид хотод очоод төрөл арилжаад, сум бүү хэл аймагт байхгүй ганган дэгжин болоод ирсэн тухай амтай бүхэн ярьж байлаа. Тэднийхээр нутаг усандаа сурагтай, гайгүй сайн залуус бууж мордох боловч боловсролтой охидынх нь санаанд хэрийн хүн таарахгүй. “Энэ хэдийн царай ч дээ, гэртээ л өтлөх вий дээ” хэмээн Готов дотроо үглэх боловч, гадагш үл гаргана. Эхнэр, ээж хоёр нь гэр дүүрэн хуульчдын хоол ундыг санаанд нь тохиртол бэлдэх гэж зүдэрч байлаа.
Готов баяны нанчид хүртэх нь мэдэгдэм нэмэгдэж, ийм үедээ хуульчдаасаа жийрхээд холгүй нутаглах хүүгийндээ очиж хононо. Тэрээр хүүтэй болно гэж зүтгэсээр дөрөв дэх царай муутай шар охиноо төрүүлээд байгаа хүү, бэр хоёртоо:
-Ээ дээ, хүүхдүүд минь. Наад хэдийгээ л хуульч болгочихвуузай хэмээн захиж, ганц лонх халаасан нэрмэл балгаад, суугаа чигтээ хурхирдаг болов.

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД