Үзэл бодол

Эдийн биш, “засаглал” -ын хямралыг гэтлэхийн тухайд хэдэн үг 2015-04-17 17:33

Д.Цэрэндорж /Монголын менежментийн холбооны тэргүүн, профессор/
 
Өнөө цагт эрх мэдэлтэй, хөрөнгө санхүүгийн боломжтой цөөнх нь дураар дургиж, ядуу зүдүү жирийн ард иргэд зовлонгийн хүндийг амсдаг бурангуй  ёс эргэн  ирж нийгмийн  тэгш биш байдал газар авч байгааг мэдэхгүй хүн гэж үгүй. Улс орон тэр чигээрээ, хүн ард айл өрх бараг толгой дараалан дотоод,  гадаадын мөнгө хүүлэгчдийн өр зээлэнд дарагдан “зээл бол өр биш” гэдэг захиалгат  нэвтрүүлэг, шинжлэх ухааны үндэстэй тайлбараар хүмүүсийн тархийг угаах болов.  Энэ бүхнээс гарах авралын ганц од нь “уул уурхай”, “гадны хөрөнгө оруулалт”гэсэн  албан ёсны уриа ,  ухуулга  өглөөнөөс  үдэш орой болтол  мэдээллийн бүх хэрэгслээр урсана.  Нөхцөл байдал яваандаа бүрэн эрхт Монгол улсын тусгаар тогтнол,  аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрч эхэлснийг  үнэнд гүйцэгдсэн эрх мэдэлтнүүд ч төрийн өндөрлөгийн хэмжээнд  хариуцлагатайгаар мэдэгдэх болсон нь ард нийтийн айдас жихүүцлийг төрүүлнэ.  
 
Одоо тэгээд  яах вэ? Мэдэхгүй... тэгэхдээ нэг  бодол байна. Юуны өмнө энэ байдалд хэн нэгнийг, аль нэгэн улс төрийн хүчнийг буруутгахаасаа илүүтэй нөхцөл шалтгааны тухай эхлээд сайн  ярилцвал ямар вэ? Жишээ нь  засаглал, засаглалын тогтолцоо. “Дээрээ  суудлаа олохгүй бол доороо  гүйдлээ олдоггүй” гэсэн ардын мэргэн үгийг санацгаая.  Бас  “Муу ард түмэн гэж байдаггүй, харин муу удирдагч л гэж байдаг”  гэж хэн нэгэн хэлсэн санагдана. 
 
Гэхдээ эргээд сайн бодоё. Тэгвэл муу удирдагч, муу удирдлага  хаанаас, яагаад төрдөгийн  бэ гэж асууж болно.  Энэ асуултад тийм амархан  хариулж болохгүй ч ямар нэгэн гаж “тогтолцоо” гэсэн ганц  үг өөрийн эрхгүй  тархи толгойд зурсхийн орж ирнэ. Тиймээ,  энэ бол тогтолцооны гажиг. Энэ тухай эртнээс нааш ярьсаар, бичсээр ирсэний дотор засаглалын тухай, зөв засаглалын тухай, сайн засаглалын тухай дурдахгүй  байхын аргагүй. Бас ардчилсан засаглалын тухай ч багагүй ярьж бичиж, хөөрцгөлцгөөсөн. Бүр сүүлдээ“дүр эсгэсэн ардчилал, хуурамч  ардчилал” гэх яриа  дэлгэрч эхэллээ. Шинэхэн төрсөн ардчилагчид төдийгүй, 90- ээд онд ардчилсан хөдөлгөөний зарим ахмад зүтгэтнүүдийн амнаас   хүртэл  юм л бол хаана, торгоно, шийтгэнэ, ачина буулгана, нүүлгэнэ шилжүүлнэ гэх “болъщевик” маягийн хэт хувьсгалч үг яриа гарах болсон нь олны  сэтгэлийг гонсойлгоно.  
 
Үүх түүх, өв соёлоо эргэн сөхвөөс,  монголчууд бид, ардчилсан засаглал гэсэн  ойлголт, ухагдахуун гарахаас  ч аль  эрт, тэр ч байтугай ардын засагтай ч золгохоос бүр  өмнө “айлын засагла딬д шүтэж ахас ихэсээ  хүндэлж, айл саахалтаараа цуглан асуудлаа ярилцаж шийдэн,  аравт, зуут, мянгат, түмтийн тогтолцоонд багцлагдан хуулийн дор  ажиллаж  амьдарч ирсэн байх юм. Энэ үед л монголчууд хүчирхэгжин мандаж одоогийнх шиг “эвтэй бол хүчтэй”  гэж хоосон уриалах биш,   харин “хүчтэй бол эвтэй” гэдгийг дэлхийд сонордуулж байсан түүхтэй. Тэгвэл өнөө үед  эрх мэдэлтэй л бол “ булаахын шуналд уядаж, эхийгээ суу хэмээн бохирохыг хүчин мэт сэтгэж, эцгээ бос хэмээн зандарснаа төр мэт бодож, бүгдийг хөгийн болговч буруутан нь өөрөө биш болдог” цөвүүн цаг арай л нүүрлээгүй байлтай. 
 
Төр, засаг доороосоо аваад бүр дээшээ хүртэл ард нийтээс сонгогдож байгуулагддаг, ард түмэндээ тайлагнадаг байх нь ардчилсан засаглалын гол шинж гэдэгтэй маргах хүн байхгүй. Харин тэр засаглал нь хэр зөв бодлого боловсруулж түүнийгээ ямар аргаар хэрэгжүүлж байгаа,  ард түмэндээ хэр нээлттэй, ээлтэй, авилга хээл хахуулиас хэр зайтай  байна вэ гэдэг бол магадгүй түүнээс ч илүү чухал шинж байж болох. Тэгвэл манайд байдал ямар байна вэ?
 
Юуны өмнө Монгол улсад засаглалын харилцан тэнцвэртэй, харилцан хяналттай байх голч зарчим  ихэд  алдагдаж ирсэн нь нууц бишээ. Өмнөх нийгмийн үед улс төрийн товчоо хэмээх  7 -9 хүний бүрэлдэхүүнтэй,  гэхдээ гол төлөв 1,2 аймаг, сумын төлөөллөөс бүрдсэн байгууллагад  улс төрийн бүх эрх мэдэл үндсэндээ төвлөрч байсныг эдүгээ цагт  мэдэх хүн цөөрсөн биз. Харин бидний сайн мэдэх  УИХ хэмээх 76 гишүүн бүхий хууль тогтоох, төрийн эх барих дээд байгууллага түүнээс зарчмын хувьд юугаараа ялгаатай вэ гэдэг асуудал аяндаа гарч ирнэ.
 
Ялгаа бий,  гэхдээ зарчмын хувьд гэж хэлж байгаад л хэргийн учир  оршино. Энэ байгууллагад хэн хяналт тавьдаг юм бэ? Тэр байгууллага хуульд заасан эрх мэдлээ буруугаар хэрэгжүүлбэл хэн түүнд  ямар хариуцлага тооцдог вэ? Өнөөгийн  эдийн засгийн бэрхшээл, хүндрэлийг хариуцах эзэн гэж байна уу? Их хурлын гишүүд өөртөө болон төрийн бусад өндөр дээд албан тушаалтнуудад  халдашгүй байдлын  хэм хэмжээг хуулиар  олгож байгаа нь хуулийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй гэсэн заалттай хэр нийцэж байна вэ? “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн үндсэн хуулийн заалт (Гуравдугаар бүлэг. 20 – р зүйл)”  засаглалын харилцан тэнцвэртэй, хяналттай байх зарчимтай зөрчилдөж байна уу, аль эсвэл нийцэж байна уу?, ийм жишиг дэлхий дахинд хэр зэрэг элбэг тохиолддог вэ? гэх мэт асуулт  ар араасаа  цувна. 
 
Энэ бүхнээс үзэхэд үнэндээ эрх баригчдын аргагүйн эрхэнд албан ёсоор хүлээн зөвшөөрөөд байгаа өнөөгийн эдийн засгийн хүндрэл гэдгийг  эдийн засгийн гэхээсээ илүүтэй “эдийн засаглалын” хямрал гэж хэлбэл үнэнд илүү нийцмээр. Хүндрэл цаашдаа хямрал болон гүнзгийрч улс орон тэр чигээрээ өрийн дарамтад орох аюул бодитой нүүрлээд байгаа өнөө  цагт түүнийг даван туулах, урьдчилан сэргийлэх   дорвитой бодлого гаргах тийм нам улс төрийн хүчин, төрийн зүтгэтэн нэгээхэн ч гарахгүй байгаа нь харамсалтай. 
 
 Улсын нийслэл Улаанбаатар хотод цэцэрлэгийн насны хоёр  хүүхдийн нэг нь гэр орон, хашаа, гудамжинд “хүмүүжиж”, өвчтэй хүүхдээ тэвэрсэн эхчүүд эмнэлгийн хонгил, шалаар бужигнах явдал хэвийн үзэгдэлд тооцогдож байна.  Зарим  сургууль өглөөний харанхуйгаас үдшийн бүрий хүртэл гурван  ээлжээр хичээлэлсээр удлаа. Чанаргүй боловсрол ард иргэдийн халаасыг хоосолж, үр хүүхдийнх нь тархийг угаах албан ёсны хэрэгсэл блолсноор ажигүйдэл ядуурал улам газар авлаа. Ардын хүүхдийг сургаж хүмүүжүүлэх үүрэгтэй багш, хүний амь нас хариуцсан эмч,  эмнэлгийн ажилтнууд дунджаар 300 -400 мянган төгрөгийн цалин авч  амьдралаа залгуулж  байхад  дарга,  сайд нар  сард дор хаяж 4 -5 сая төгрөгийн цалин хөлс авч жилдээ 10 тэрбум төгрөгийн төсвийг өөрийн үзэмжээр  захиран зарцуулна. 
 
Зарим нь  эрх мэдэл сүр хүчээрээ далайлган улсын төсвөөр баригдсан эмнэлгийн зориулалттай барилгыг яам тамгын газрын тохилог контоор болгон хувиргана. Тэдний тансаглал хэрээс хэтэрч  өрөө тасалгааныхаа том бага, тоо хэмжээгээр өрсөлдөөд зогсохгүй  өндөр үнэтэй эд хогшил, элдэв тавилгаар  гангарч чамирхана. Дор  хаяж 2 –оос доошгүй том, бага албаны машин хөлөглөж, ар гэр - авгай хүүхэддээ төрийн хөрөнгөөр “үнэгүй” үйлчлэн гадаад дотоод, хол ойрд өөрийн дураар аялан зугаална.  
Төр засгийн түшмэдүүд өрөө тасалгаандаа ганц хоёроороо   суухыг   эрхэмд үзэж хийж бүтээсэн онцын зүйлгүй цагийг нөхцөөнө.  
Энэ байдал газар авч, орон нутагт дунд шатны дарга түшмэдүүдийн тоо борооны дараах мөөг адил  олширч  төрийн албыг төрөл садан, найз нөхдийн алба болгоод зогсохгүй  зарим газрын дарга, толгойлогч өөрийгөө  6 – 7 орлогчтой байхыг хэвийн үзэгдэлд тооцно.  Өмнө нь арваадхан хүний хийж болгоод байсан ажил албыг 20 хүний хүчээр залгуулах гэж оролдоцгооно.
 

Итгэлцлийг гоё чамин нэртэй хурал семинар хийснээр, эсвэл хоосон амлаж, уриалж хүссэнээр бий болгож чадахгүй

 
Тэгвэл үнэхээр эдийн засаг хүндэрч төсөв санхүү хүрэхгүй тийм хүнд  байгаа бол төрийн захиргааны энэ олон байгууллага төсвөө танаж, олны итгэлийг бага ч гэсэн олж авахаас ажлаа эхэлж яагаад болохгүй гэж? Жишээ болгоод  Сангийн яамны 2015 оны төсвийг аваад үзье. Яамны нийт  урсгал зардал энэ онд 15,2 орчим  тэрбум төгрөгөөр батлагджээ. Үүнээс цалин хөлс, нэмэгдэл урамшил  2,4 тэрбум төгрөг байгаа нь нийт зардлын ердөө л 15,7 хувийг эзэлж байна. Харин үлдсэн 80 гауй хувь нь орон байрны ашиглалт, эд хогшил, бараа материалын худалдан авалт, гадаад дотоод томилолт, зочны  зардал байхаар батлагджээ.  Ийм байдал газар сайгүй. Тоо хэмжээ нь улам нэмэгдэж, жилээс жилд   данхайж томорсоор байгаа эдгээр төрийн яам, тамгын газруудыг нэгтгэн төвлөрүүлж нягтруулах,  тэдгээрийн мэдлийн орон байр,  барилга байгууламжийг   боловсрол, эрүүл мэнд,   нийгмийн  зориулалтаар  ашиглах,  эсвэл  хувийн салбарт зарж борлуулах,түрээслэх  зэргээр багагүй мөнгө хэмнэж, бас  хөрөнгө босгох боломж байгаа нь тодорхой. 
 
Дашрамд хэлэхэд, ад шоо, гутаан доромжлолын бай болсон  өмнөх  нийгмийн үед  гэхэд л хөнгөн хүнс,  зам барилга, тээврийн гэсэн 3 яам байрлаж байсан 5 давхар байшинд өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг шилжүүлэн оруулах тухай 90 –ээд оны эхээр  гаргасан шийдвэр   цаг үеэ  олсон зөв шийдвэр байсныг туршлага бэлхэнээ харуулна. Мөн 60 - аад оны эхээр байгуулагдсан  Политехникум  өнөөгийн Батлан хамгаалах яамны байранд үйл ажиллагаагаа эхлүүлж  байсан жишээ бий. Түүгээр ч зогсохгүй бараг бүх ажил асуудлыг төвлөрсөн журмаар төлөвлөж, дээрээс нь удирдддаг,  ховор хомсын гачлан нүүрэлсэн тэр  цагт төрийн ихэнх   яам, газрууд төдийгүй зарим олон нийтийн байгууллагууд  хүртэл өргөтгөл хийгдээгүй байх үеийн өнөөгийн  Төрийн ордонд бүгд багтаж шингээд ажиллаж болоод  байсныг юу гэхэв? 
 
Эдийн засаг, төсөв  хүнд байгаа ийм нөхцөлд шудрага үнэний дуу хоолой болох дуртай улс төрчдөөс эхлээд  төрийн өндөр дээд албан тушаал эрхэлж буй эрхмүүдээс ядуу зүдүү ард түмнээ бодоод “сарынхаа утасны төлбөрийг хариуцна” гэж өчүүхэн царайлахын оронд өөрийнх нь хурааж хуримтлуулсан хөрөнгө  чинээ, ил далд олдог ашиг орлоготой нь харьцуулахад  “үдийн будаа” төдий цалин хангамжаа  тодорхой хугацаанд 10,20, бүр 30, 40  хувиар бууруулах эх оронч санал санаачлага, уриалга гаргах нэг ч хүн алга.  Энэ бол соёлтой  оронд байдаг л үзэгдэл.
 
Энэ бүхний эцэст, хоёр зүйлийг онцлое. Эхнийх нь эрх баригчдын зүгээс  төрд  итгэх ард олны итгэлийг сэргээх талаар цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй байна. Итгэлцлийг гоё чамин нэртэй  хурал семинар хийснээр, эсвэл хоосон амлаж,  уриалж хүсснээр  бий болгож чадахгүй. Харин өмнө дурдсанчлан  зардал хэмнэх, шудрага ёсыг сэргээхэд чиглэсэн санал санаачлагыг ил тод, ойлгомжтой хэлбэрээр үр дүнтэй өрнүүлж хэрэгжүүлэхээс ажлаа эхэлмээр байна.  
 
Гэхдээ  үүнээс илүүтэй  засаглалын гаж огтолцоог өөрчлөхөд хамаг анхаарлаа хандуулах цаг нэгэнт болжээ. Үүний тулд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг нэн даруй хүчингүй болгож парламентийн засаглалыг боловсронгуй болгох цогц шийдлийг олох, тухайлбал Улсын Их Хурлыг цөөн мэргэжсэн гишүүдээс бүрдсэн   байнгийн ажиллагаатай Доод танхим, нийт ард иргэд,  аймаг сум, орон нутгийн жинхэнэ төлөөлөл болох  харьцангуй олон депутатаас бүрдсэн улирлын ажиллагаатай төлөөлөгчдийн Дээд танхимтай болгон өөрчилж засаглалын харилцан тэнцвэртэй, хяналттай тогтолцоог сэргээх. 
 
Ер нь хууль гаргачихаад түүнийг хэрэгжүүлэх журмын тухай дахин хууль гаргаж өмнөхийгөө  үгүйсгэдэг бусармаг ажиллагааг үүгээр үгүй хийж цаашид хуулийг хэрэгжүүлэх  дүрэм журмыг түүнд нийцүүлэн Засгийн газраас гаргадаг байвал яасийн?! Саяхнаас төр, засгийн тогтвортой байдал гэдэг нэрийг барьж засгийн газрыг урт хугацаанд тогтвортой ажиллуулах заалтыг Үндсэн хуулиар баталгаажуулах  тухай ярих болов. Энэ бол угтаа манай зарим эрхмийн “офшоор” бүсэд долларын  данс нээгээд мартахтай үлгэр нэгэн ойлголт бөгөөд дэлхийн аль ч ардчилсан улсад бүтэлгүй засагтай хариуцлага тооцох эрх нь тухайн орны парламентэд хадаглагддаг тогтсон журам үйлчилж байдгийг сануулах шаардлагагүй.
 
Удаад, өндөр дээд албан тушаалтнууд  хуулиар хамгаалагдсан өөрийн эрх хэмжээ, нийгэм дэх онцгой байр суурийг сайн дураараа хэзээ ч зүгээр тавьж өгөхгүйг өглөө бүр өөртөө сануулж  ард олны зүгээс алдагдсан эрх мэдлээ эргүүлэн олж авах, дүр эсгэсэн ардчилалыг устгах,  жинхэнэ ардчилсан нийгэмд  шилжих,   хариуцлагатай, хяналттай засаглалын  тогтолцоог бий болгох өргөн олон нийтийн хөдөлгөөн, шахалт  санаачлага  юу юунаас чухал  байна.  
 
Өнгөрсөн 25 жилийн түүхийг өнөөдрийн өндөрлөгөөс эргэн нэг харвал эрх мэдэлтнүүд ёс суртахууны хариуцлага хүлээн,   албан тушаалаасаа огцорч байсан ердөө  хоёрхон тохиолдол бүртгэгджээ. Эхнийх нь эрх баригч нэг  намын удирдлага,  улс төрийн товчоо ард түмний шахалт шаардлагаар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон 1990 оны 3 дугаар сар. Дараачийнх нь улсын нууц задруулсан эсэхээ хуулийн байгууллагаар тогтоолгохоо мэдэгдэж Улсын их хурлын гишүүнээс өөрийн хүсэлтээр огцорсон өнөөгийн төрийн тэргүүн  Ц. Элбэгдоржийн дахин давтагдаагүй жишээ. 
 
Гэтэл  өнөөгийн соёлт ертөнцөд  хууль,  дүрэм зөрчсөн болон хувь хүний ёс зүйн  ямар нэгэн асуудалтай  нэр холбогдсон хэн боловч  манайхан шиг өөртөө зориулж хийсэн хуулиараа  халхавч хийгээд “үнэнээ тогтоолгоно гээд гүрийгээд” суудаггүй, бараг маргааш нь албан тушаалаа  орхидог  бичигдээгүй дүрэм үйлчилдгийг хэлэхэд илүүц биз. Үүний учир нь удирдах хүн олон түмний өмнө ичих нүүртэй байж төрийн  нэр хүндэд муу нөлөө үзүүлэх аливаа үйлдлээс хол байх ёс жудагт  оршдог аж. 
 
Эдийн засгийн хямралт байдлыг даван туулах стратеги бодлогын тухайд гэвэл:
  • Олны  итгэлийг олох цаг зуурын шинжтэй  бодлого,  үйл ажиллагааны зэрэгцээгээр төгрөгийн ханшны цаашдын уналтыг зогсоохын тулд  банкан дахь  иргэдийн мөнгөн хадгаламжид  төрийн зүгээс батлан даалт гаргаж арилжааны банкуудыг дампуурлаас сэргийлэх; 
  • Зам,  барилга зэрэг урт хугацаанд үр өгөөжөө  өгөх салбарт оруулж байгаа гадаад,  дотоодын  хөрөнгө оруулалтыг хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй, газар тариалангийн салбарын бүтээгдэхүүнийг иж бүрэн боловсруулж экспортлох чиглэлд татах  татвар, зээл, гааль, төсөв хөрөнгийн зохистой хөшүүрэг бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;
  • Малын эм вакциныг дотооддоо үйлдвэрлэх, малыг эрүүлжүүлэх, нүүдлийн мал аж ахуйг хагас суурин, суурин мал аж ахуйтай  хослуулан хөгжүүлэх, малын тоо толгойг өсгөх биш, харин түүний таваарлаг чанарыг дээшлүүлж эрчимжүүлэхэд илүү анхаарах; 
  • Дан ганц уул уурхай,   гадаадын хөрөнгө оруулалтыг  шүтэх явуургүй бодлогоо эргэн харж үндэсний үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэгчид,  баялаг бүтээгчдээ дэмжих төрийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх; 
  • Эрчим хүчний салбарт хот суурин газрын цахилгаан,  дулааны ахуйн  хэрэгцээнд нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг өргөн ашиглах бүх төрлийн санал санаачлагыг дэмжих, байгаль орчноо хамгаалж нөхөн сэргээх зэрэг асуудлын нэн түрүүнд анхаарах  хэрэгтэй байна.
 
Бодитойгоор авч үзвэл, манай  хүн амын бараг талаас илүү  хувь нь ажиллаж амьдарч байгаа   нийслэл Улаанбаатар хотын хувьд  үндсэн хуулиар баталгаажсан ард иргэдийн өмч хөрөнгийн халдашгүй, дархан  байдлыг хангаж, эзэмшил газар, эд хөрөнгө, орон байрыг нь ”гэр хорооллын дахин төлөвлөлт”, “барилгажуулалт” гэдэг боловсон нэрээр халхавчлан булаах, “өөрсдийн” компаниудыг “хот” – оос гэдэг нэрийн дор татвар төлөгчдийн хөрөнгөөс санхүүжүүлэх гэсэн эрээ цээргүй  оролдлогоо даруй зогсоож орон нутгийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт заасныхаа дагуу тэднийг оршин байгаа газраа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх,  цахилгаан дулаан, цэвэр усаар хангах,  бохир усыг зайлуулах инженерийн хэсэгчилсэн  байгууламжийг бий болгох ажлыг дэс дараатай авч хэрэгжүүлэх нь чухал байна.
 
Саарыг засаж  сайн үйлс дэлгэрэх нь та бид бүхнээс хамаатай болохыг тэмдэглэж үүний тулд хичээнгүйлэв. 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД