Эдийн засаг

Банкир эмэгтэйчүүд

Марсиа Фавале: Казахстан улс хямралыг даван туулахад туслахыг урьсан 2017-06-15 12:49

Хатагтай Марсиа Фавале "Ачаа үүрэлцэх" бүтэц хэмээгддэг Казахстан улсын банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг санаачилж, амжиллтай хэрэгжүүлсэн бөгөөд БТА Банк нь зээлдүүлэгч болон хадгаламж эзэмшигчдийн хөрөнгөөр аварсан анхны амжилттай том хэмжээний "bail-in" болж, олон улсын стандарт болсон юм.

Казахстан улсын Ерөнхий сайд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд Фавалег ахлах зөвлөхөөр томилсон юм. Тэрбээр өрийн бүтцийн өөрчлөлт, хувьчлал, нэгтгэл болон худалдан авалт гэх мэт санхүүгийн салбарын асуудал дээр ахлах зөвлөхийн үүргийг гүйцэтгэсээр байгаа. 

Тэрбээр өмнө нь Brevan Howard компани болон Advent Capital-ын хөрөнгө оруулалтын багийн ахлах менежерээр ажиллаж байсан. UBS банкны Төв болон Зүүн Европ, Ойрхи Дорнод болон Африкийг хариуцсан захирал, Латин Америкийн бондын судалгааны газрын захирал гэх мэт албыг тус тус хашжээ. Institutional Investor сэтгүүл 2006 онд түүнийг шинээр гарч ирж буй зах зээлийн оны шилдэг шинжээчээр нэрлэж байв.
 

-Банкны салбарт ажил­лаж буй туршлагатай эмэгтэй­чүүдтэй ярилцлага хийж байгаадаа баяртай байна. Та өөрийгөө илүү тодорхой танил­цуулна уу?
 
-Миний хувьд банкны хөрөнгө оруулалт, багцын удирдлага, аж ахуйн нэгжийн шинэчлэл, бүтцийн өөрчлөлт, хувьчлал, нэгтгэл болон худалдан авалтын чиглэлээр 25 жилийн туршлагатай. Манай M.Favale-Tarter  компани маань Euromoney сэтгүүлийн 2010 оны жагсаалтад багтсан бөгөөд Төв болон Зүүн Европын оны шилдэг шинэчлэлийн гэрээгээр UBS болон Lazard банкны хамтаар нэрлэгдсэн. Би мөн дижитал хэвлэл мэдээллийн салбарыг үндсээр нь өөрчилж чадсан инновацилаг технологийн компани үүсгэн байгуулсан. Маш цөөхөн хүн иж бүрэн санхүүгийн үнэ цэнийн сүлжээний талаар туршлагатай байдаг. Энэ давуу тал, мэдлэгээ ашиглан хараат бус зөвлөхийн үүргийг хувийн ашиг сонирхол оролцуулалгүйгээр үйлчлүүлэгчдэд  үр дүнтэй өгөх тохиолдол ховор байдаг. Харин миний хувьд ашиг сонирхлын ямар нэг зөрчил байхгүй учир үйлчлүүлэгчдэдээ зах зээлийн ноу-хауг түгээж, тэдний зорилго зорилтыг биелүүлэх тогтолцоог бий болгож чаддаг.
 
-Марсиа таны хувьд Монгол Улсыг хэр мэдэх вэ?
 
-Монголд зочилж, төрөл бүрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах завшаан тохиож байсан. Аливаа улс орныг ойлгож танихад цаг хугацаа шаарддаг боловч би гараагаа маш сайн суурьтайгаар эхэлсэн. Монгол Улс маш сайхан орон бөгөөд дүүрэн боломж танай улсад л байна.
 
-Та Казахстаны Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Таныг энэ албанд очиход хүргэсэн гол хүчин зүйл юу байв?
 
-Олон улсын санхүүгийн хямралаас үүдэн Казахстан улсад банкны салбартай холбоотой хямрал болж хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг үлэмж бууруулсан юм. Энэхүү хөрвөх чадварын дутагдал нь тус улсын БТА Банк, Альянс Банк болон Темирбанкны асуудлуудыг улам даамжруулсан. Эдгээр банкны ДНБ-д эзлэх хувь маш их байсан тул банкуудын асуудлуудыг шийдвэрлэхэд туслахыг надаас хүссэн юм. Асуудлыг шийдэх алхам, тухайлбал, ачаа хуваалцах бүтцийн өөрчлөлт хийх гэх мэт арга замыг тухайн үеийн Ерөнхий сайдад танилцуулсны дараа намайг Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллахыг урьсан юм. Ашиг сонирхлын зөрчилгүй, чадвартай бөгөөд нэр хүндтэй хараат бус зөвлөхтэй болох нь тус Засгийн газарт маш чухал байсан. Ингэснээр шилдэг практикийн хүрээнд зорилтуудаа хэрэгжүүлэх боломжтой болсон юм. Шилдэг практик туршлага гэдэг нь хөрөнгө оруулагчдад захирагдсан байх ёстой гэсэн үг биш. Олон улсын зах зээлүүдийн хэлж байгаа бүхнийг сохроор дагах хэрэгтэй гэсэн ойлголтыг бид буруу гэдгийг харуулж чадсан.
 
Би 2000 онд Лондонгийн UBS банкны Төв болон Зүүн Европ, Ойрхи Дорнод болон Африкийг хариуцсан Зээлийн судалгааны газрын захирлаар ажиллаж байхдаа Казахстан улсыг давхар хариуцах болсон. Эдгээр он жилийн туршид миний бие Казахстан улстай дотно харилцаатай болсон бөгөөд тус улсад хямрал болоход Казахстаны Үндэсний банкны захирал Григорий Марченко намайг энэхүү хямралыг даван туулахад туслахыг урьсан билээ.
 
-Тус орны эдийн засаг, санхүүгийн байдал таныг очиход ямар нөхцөл байсан бэ. Таны хувьд ямар асуудалд түлхүү анхаарч, Ерөнхий сайдад зөвлөж байв?
 
-Казахстаны банкны систем чанаргүй зээл нэмэгдэж, хөрвөх чадвар сул, луйврын асуудлуудтай байсан. Би Ачаа хуваалцах бүтцийн өөрчлөлтийн аргачлалыг зохиосон нь өнөөдөр олон улсын жишиг болж, Оксфордын их сургууль энэ чиглэлээр судалгаа явууллаа. Дэлхий даяар бизнесийн сургуулиудад энэхүү аргачлалын талаар хичээл орж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдыг хямралаас гарахад туслагчид биш хамтрагчид болгож чадсанд Олон улсын санхүүгийн институт хүртэл сайшаасан. Бүтцийг бүхэлд нь өөрчилсөн гэсэн үг. Зах зээлийн үйл ажиллагааны зарчим нь нэг бол Засгийн газар баталгаа гаргах эсвэл банкуудыг Засгийн газар аврахаас өөр аргагүй нөхцөлд энэ үр дүн нь маш том амжилт байсан юм. Өмнө нь хийж байгаагүй өөр зүйлийг хийсэн. Бид хөрөнгө оруулагчдыг мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд авч үзэхээр шийдэж, ингэхдээ улсын хөрөнгө оруулалтын зэрэглэлийг хадгалж, ликвидийг хөрөнгө оруулагчдыг гарт биш банканд үлдээснээр сэтгэл санааны түгшүүрийг бууруулсан. Энэ арга шийдвэр гаргах хариуцлага болон үр дүнг үндсээр нь өөрчилсөн.

Казахстаны банкны систем өсөн нэмэгдэж буй чанаргүй зээл, хангалтгүй хөрвөх чадвар болон луйврын асуудлуудтай байсан. Би ачаагаа хуваалцах бүтцийн өөрчлөлтийн аргачлалыг зохиосон нь өнөөдөр олон улсын жишиг болж, Оксфордын их сургууль энэ чиглэлээр судалгаа явууллаа. 
 
-Сүүлийн жилүүдэд Казахстан улс маш эрчимтэй хөгжиж байгаа. Зөв бодлого, зөв бүтцийн үр дүн үү?
 
-Казахстан тэнцвэртэй эдийн засгийн өсөлттэй, тогтвортой улс төртэй, удирдлагатай гэдгээрээ ялгарч байна. Бүх улс орон асуудалтай боловч тус улсын Засгийн газар ард иргэддээ ашиг тустай бодлогуудыг мөрдөж байгаа нь Казахстан байнга хувьсан өөрчлөгдөж, иргэд нь тайван амьдрах бололцоог бий болгож байна.
Зарим амжилтаас дурьдвал, Казахстан цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээг тэргүүлж, бүс нутгаа төлөөлж дэлхийн тавцан дээр энхтайвныг сурталчилж байна.
 
Ачаа хуваалцах бүтцийн өөрчлөлт нь иргэдийн хэрэгцээг мэргэжлийн хөрөнгө оруулагчдынхаас урьтал болгосон онцгой амжилт байсан төдийгүй иргэдийн IPO нь иргэдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх замаар эдийн засгийн суурийг сайжруулсныг илтгэж байна. Тэгэхээр таны асуултад товчхоноор хариулахад энэ нь алсын хараа, бодлого, болон хувьсан өөрчлөгдөж буй бүтцийг сайжруулах үйл ажиллагаа юм.
 
-Мөн та гадаадын хэд хэдэн банкуудын өөрчлөлт, хөгжил дээр ажилласан хүн. Энэ тухайгаа ярина уу. Ямар шинэчлэл, өөрчлөлт хийж, ямар үр дүн бий болгосон, хүндрэлтэй бөгөөд давуу тал юу байв?
 
-Ачаа хуваалцах бүтцийн өөрчлөлт Казахстан улсад 30 гаруй тэрбум ам.долларыг хэмнэж өгсөн. Энэхүү хэмнэлт нь юу гэсэн үг вэ гэхээр казах ард түмэн олон улсын хөрөнгө оруулагчидтай нүүр тулсан гэсэн үг. Бид хөрөнгө оруулагчдыг мэргэжлийн хүмүүс гэдгийг санах хэрэгтэй. Тэдний гаргасан хөрөнгө оруулалтын шийдвэрт ямар нэгэн улс эсвэл хувийн этгээд туслалцаа үзүүлэхгүй тул тэд өөрсдөө хариуцлагаа үүрэх хэрэг гардаг. Казахстан улс энэхүү ачаа хуваалцах бүтцийн өөрчлөлтийг мөрдсөнөөр өөрийн хөрөнгө оруулалтын зэрэглэлийг хадгалж, зарим зээлдэгч зах зээлд хямралын үед хямралын үеийнхээс доогуур зардалтайгаар орж ирэх боломж олсон. 
 
 
Надад Казахстан улсыг төлөөлж Парисын Клубын уулзалтад 2010 онд оролцох завшаан тохиосон бөгөөд энэ үеэр ачаа хуваалцах бүтцийн өөрчлөлтийн талаар үр дүнтэй тайлбар хийх боломж олдсон юм. Энэхүү бүтцийн өөрчлөлтийн үйл явцын төгсгөлд ихээхэн алдагдлын эрсдэл хүлээж байсан зээлдүүлэгчдийн 90 гаруй хувь нь бүтцийн өөрчлөлтийн төлөө саналаа өгсөн билээ.
 
-Монгол Улсын банк санхүүгийн салбарыг та хэр мэдэх бол. Манайх санхүүгийн салбарын 95 хувь нь банкнаас хамааралтай улс. Хөрөнгийн зах зээл, бусад санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх тухай их ярьж, тодорхой алхам хийж байгаа ч дорвитой өөрчлөлт алга байна, санхүүгийн салбарт, Та ямар бодолтой байна вэ?
 
-Монгол Улс дотоодын хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх шаардлагатай байна. Казахстанд ард иргэдэд баялгийг хүргэж, дотоодын хөрөнгө оруулалтын соёлыг дэмжих хөрөнгө оруулалтын соёлыг эрчимжүүлэхийн тулд би иргэдийн IPO хувьчлалыг санаачилсан. Энэ нь цаг хугацаа шаарддаг боловч хөгжиж буй орнуудад маш чухал бүтцийн хөгжил дэвшил юм. Дотоодын санхүүгийн аж ахуйн нэгжид түшиглэх нь тийм ч муу зүйл биш ч тоглогчид нь сайн зохицуулалттай бөгөөд давхар хөрөнгө оруулалтын сувгаар хангах чадвартай байх хэрэгтэй. Ингэснээр хөрөнгө оруулалтын хүчийг нэмэгдүүлнэ. Энэ нь маш чухал. Миний бие Казахстан улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн хараат бус гишүүний хувьд хэрхэн хөрөнгө оруулалтаар эдийн засгийн хөгжлийг улам урагшлуулах вэ гэдгийг байнга анхаарч явдаг.
 
 
Олон зах зээлийн хийдэг нийтлэг алдаа бол олон улсын хөрөнгө оруулалтын банкууд эсвэл олон талт байгууллагуудын хэлсэн бүхнийг сохроор, хүлцэнгүйгээр дагадагт оршдог. Тэдний хэлсэн бүхэн амжилт дагуулна гэсэн үг биш.

-Монгол Улсын эдийн засаг хямралтай, бизнесийн салбар маш хүнд байна. Эдийн засаг, бизнесийг богино хугацаанд яаж сэргээх вэ? Таны бодол юу байна вэ?
 
-Монгол Улс зөв стратеги боловсруулж, хэрэгжилтийг нь хангахын тулд туршлагатай, хал үзсэн хараат бус зөвлөх ажилд авах талаар бодолцох хэрэгтэй. Энэ нь бүх хараат бус зөвлөх туршлага, чадалтай гэсэн үг биш. нийтлэг зөвлөх бүтцэд ашиг сонирхлын зөрчил байдаг бөгөөд статус квотоос бүрэн хамааралтай байх нь нэмүү өртөг шингэсэн циклийг багасгадаг гэдгийг Монгол Улс хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ хүрээнд хүчтэй бизнесийн салбарыг хөгжүүлэхийн тулд хүчтэй банкны салбартай байх ёстой. Банкны салбарын асуудлуудыг хурдан боловч оновчтой шийдвэрлэх хэрэгтэй бөгөөд эцсийн зорилгоо харж ажиллах нь чухал. Эцсийн зорилго гэдэг нь хурдан, тогтворгүй шийдэл бус харин бүтцийг сайжруулах боломжийг олгодог байх хэрэгтэй.

-Мөн манай улс гадаад, дотоодод нэлээд өртэй. Өрийн менежментийг сайжруулах, төсвийн зохистой зарцуулалтыг мөрдөх гээд асуудлууд манай улсад байна. Энэ асуудал гадаад орнуудад ямар байдаг бол?
 
-Бусад улс орон ийм асуудлыг хэрхэн шийдсэн нь тийм чухал биш харин Монгол яаж шийдэх хэрэгтэй вэ гэдэг л хамгаас чухал. Олон зах зээлийн хийдэг нийтлэг алдаа бол олон улсын хөрөнгө оруулалтын банкууд эсвэл олон талт байгууллагуудын хэлсэн бүхнийг сохроор, хүлцэнгүйгээр дагадагт оршдог. Тэдний хэлсэн бүхэн амжилт дагуулна гэсэн үг биш. Монгол Улс бие дааж ажиллаж, өөрийн хамгийн сайн үр дүнгээ санал болгож, үүнийгээ болон мэдээллээ удирдах хэрэгтэй. Энд л яг зөв хараат бус зөвлөхийг сонгохын ач холбогдол байгаа юм.
 
-Дэлхийд бизнесийн том боломжууд байгаа. Тэр боломжуудыг монголчууд хэрхэн бий болгож, ашиглах талд Та юу хэлэх вэ?
 
Дотогш байна уу гадагшлах байна уу ялгаагүй, хөрөнгө оруулалтыг бодлогын хувьд авч үзэх хэрэгтэй. Монгол Улс зөвхөн хөрөнгө оруулалтын байгаа боломжуудыг атгаж авахдаа биш өөрсдийн хөрөнгө оруулалтыг бүтээж, өөрсдийн нөөц баялгаа үнэ цэнтэй бөгөөд дэлхийд хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хамгийн доор унжиж байгаа жимс рүү гараа битгий сунга. Өөрийн зах зээл болон хүмүүсээ зөв удирдах хэрэгтэй. 
 
Д.БЭХБАЯР
 
"Mongolian Economy"  сэтгүүл.  2017.04 сар №127
 
 

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД