Ашигт малтмал

Б.Батбаяр: Монгол улс тэргүүлэгч технологи ашиглаж, нутагшуулах ёстой 2017-06-15 18:11

Канадын эрдэс боловсруулах технологи, төхөөрөмж үйлдвэрлэгч Сепро Минерал Системс компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютор Канад Технологи Майнинг Сервис ХХК-ийн ерөнхийлөгч Б.Батбаяртай техник технологийн шийдлүүдийн талаар ярилцлаа.

-Танай компани уул уурхайн дэлхийн хэмжээний олон бүтээгдэхүүн, шийдэл санал болгодог. Үүний дотроос гар аргаар алт олборлогчид болон жижиг уурхайнуудад зориулсан алт ялгадаг төхөөрөмж оруулж ирсэн гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Би уул уурхайн мэргэжлээр Канадад төгсөөд одоо ажиллаж амьдарч байна. Канадын Онтарио мужид уурхай, мөн иргэний зориулалттай туннель буюу метро барихад гар бие оролцож байна. Энд сургуулиа төгсөөд ажиллаж байхдаа уул уурхай нэгэнт хөгжиж байгаа болохоор Монголд минь дэвшилтэт, аюул осолгүй, байгаль орчинд ээлтэй техник технологийг ашиглаасай гэж байнга мөрөөдөх болсон. Канад цаг уурын хувьд Монгол улстай ижил. Тийм болохоор Канадын техник, технологи, шийдлүүд Монгол улсад маш сайн таардаг. Оюу Толгой анх хайгуулын үед, дараа нь нэгдүгээр босоо амыг барихад Канадын техник технологи, бараа бүтээгдэхүүн ашиглаж байсан, маш сайн тохирдог гэж манай багш нар болон найз мэргэжилтнүүд маань ярьж байсан. Үүнээс үүдэн би Канадын технологи, шийдлүүдийг Монголд нэвтрүүлэх, нутагшуулах ёстой гэж үзээд компаниа байгуулсан. Алт ялгагч төхөөрөмжийн хувьд дэлхийд алдартай хоёр брэнд байдаг. Үүний нэг нь Сепро Минерал Системсийн оюуны бүтээл болох Фалкон алт ялгагч буюу баяжуулах төхөөрөмж. Хөгжингүй орнуудад байгаль орчинд халгүй технологи ашиглах ёстой гэдэг зарчмын дагуу мөнгөн ус ашиглахыг хориглосноос улбаалаад зөвхөн усаар алт ялгах технологийг дэмжсэний улмаас Фалкон гарч ирсэн. Энэ бол олон жилийн судалгаа, туршилтын үндсэн дээр бүтээсэн оюуны бүтээл. Дэлхийн бүх улс оронд энэ төхөөрөмжийг ашигладаг. Өнөөдөр л гэхэд Канадад, Америкт, алтны халуурал хамгийн их болж байсан одоо ч гэсэн алтаа угаадаг Аляскад хүртэл ашигладаг.

-Фалкон төхөөрөмжийн ач холбогдол нь юу вэ?

-Фалкон төхөөрөмж гравитацийн хүч буюу хүндийн хүчийг ашиглан алтыг ялгадаг. Химийн ямар нэг бодис шаардлагагүйгээс гадна алт авалт маш өндөртэй гэдгээрээ их эрэлттэй байдаг. Гар аргаар олборлогчдоос гадна жижиг уурхайнууд, бүр том уурхайнууд хүртэл алтны нарийн ширхэгтэй хаягдал шороогоо боловсруулахад энэ төхөөрөмжийг ашигладаг. Бид бүтэн автомат Фалкон, бас гар ажиллагаатай iCON-ыг Монголын зах зээлд танилцуулах гээд жижиг iCON-ыг авчраад байгаа. Энэ төхөөрөмжийг зөвхөн Канадад үйлдвэрлэдэг.

-Бүх төрлийн алтны хүдрийг ялгах уу?

-Энэ төхөөрөмжийн гол онцлог нь жижиг ширхэгтэй алтыг ялгадаг. iCON-ы хувьд цагт хоёр тонн, цагт 10 тонн хүдэр боловсруулах хоёр төрөл байгаа. Төхөөрөмжид оруулж байгаа хүдэр буюу шороо хоёр мм-ээс томгүй байх ёстой гэсэн хязгаарлалттай. Гэхдээ цахилгаан маш бага хэрэглэдэг, харьцуулбал i150-ийг ашиглахад ердийн цахилгаан гаргадаг генератор /цахилгаан үүсгүүр/ байхад хангалттай. Бас усны хэрэглээ багатай, жижиг нь гэхэд минутанд 10-30 литр ус ашигладаг. Харин бүрэн автомат Фалкон цагт 400 тонн хүртэл хүдэр боловсруулах боломжтой.

-Шороон болон үндсэн ордын алинд нь ашиглаж болох вэ?

-Аль алинд нь болно. Түрүүн хэлсэнчлэн гол хязгаарлалт нь шороо буюу хүдэрийн ширхэг 2 мм-ээс ихгүй байх ёстой.

-Алт ялгагч төхөөрөмжөөс өөр ямар шийдэл санал болгодог вэ?

-Сепро Минерал Системс цогцоор нь шийдлийг нь гаргаж өгдөг. Металл, мөн нүүрс ялгах технологи манайд бий. Тээрэм, шигшүүр гээд баяжуулах үйлдвэрийн бүх шийдэл, төхөөрөмжийг гаргаж үйлдвэрлэдэг. Бие даасан Мет-Солв лабораторитой. Саяхан бид Монголын алтны уурхайн дээжийг явуулсан, шинжлүүлж байна. Туршилт шинжилгээний үр дүнд үндэслэн технологи, төхөөрөмжийн шийдэл гаргаж ирэх юм. Мет Солв лаборатори бүх төрлийн шинжилгээ, туршилтыг дэвшилтэт аргаар гүйцэтгэдэг учраас бид боломжит дээд хэмжээнд алт авах тохиромжтой шийдэл гаргаж өгнө. Удахгүй бас нэг компани дээж явуулах гэж байна.

-Уул уурхайн барууны технологи өртөг өндөртэй гэдэг

-Анхны хөрөнгө оруулалт буюу худалдан авах зардал өндөр л дөө. Гэхдээ баталгаатай байдал, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээ гээд үйл ажиллагааны зардлаа тооцох юм бол хавьгүй бага гардаг. Дээр нь бүтээмж сайтай болохоор найдвартай, туршигдсан зүйл хавьгүй илүү гэж боддог. Үнэхээр хямд аваад сар болгон сэлбэг хэрэгслийг нь солих, тэр болгонд ажилтнуудад цалин төлж сэлбэгээ солилулах уу эсвэл анхнаасаа үнэтэй мөртлөө ядаад бүтэн жил сэлбэг хэрэгсэл солихгүй, засвар хийхгүй төхөөрөмж авах уу гэдэг их чухал. Дээр нь төхөөрөмжийн бүтээмж гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Жишээ нь нэг тонн хүдрээс хоёр кг алт авсан нь дээр үү бүтээмж өндөртэй төхөөрөмжөөс дөрвөн кг авах уу гэдэг асуудал л даа. Нэгэнтээ хөрөнгө мөнгө зараад уурхай байгуулаад боловсруулж байгаа л бол авах боломжтойгоо авах л хэрэгтэй.

-Танай компани Сепро Минерал Системсээс гадна өөр ямар компанийг төлөөлдөг вэ?

-Бид дандаа Канадын компаниудыг төлөөлдөг. Анх компанийнхаа стратегийг боловсруулахдаа Монголд байхгүй, уур амьсгалд тохирсон, дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудыг төлөөлнө гэж бид ярилцаж тохирсон. Тэрнийхээ дагуу одоогоор цахилгаанаар цэнэглэдэг гүний уурхайн машин техник, өндөр чанартай бетон зуурмаг хийхэд ордог нэмэлт бодисууд, хүдрийн ширхэг хянах программ болон техник хангамж, алслагдмал нутагт ашиглах цахилгаан шийдэл, гүний болон ил уурхайн дизайн, олборлолтын тооцоо, цэвэр болон бохир усны шийдэл гаргадаг компаниудыг төлөөлж байна.

Бидний төлөөлдөг компаниуд дэлхийн таван тивийн улс орнуудад бүтээгдэхүүнээ гаргадаг, хамгийн дэвшилт техник технологи, шийдэл санал болгодог учир би энэ компаниудыг төлөөлж байгаадаа ч сэтгэл хангалуун байдаг. Цэвэр болон бохир усны шийдэл үзүүлдэг "Аслан Технологи" компани л гэхэд АНУ-ын цэргийн хүчинд зөөврийн бохирын шийдлийг гаргаж өгдөг. Хээрийн сургуулилт, үймээн самуунтай бүс нутгуудад зөөвөрлөн шилжүүлдэг бохирын шийдэл нь туршигдсан, найдвартай гэдгээрээ алдартай. Бидний хамтардаг Леженд Майнинг компани Оюу Толгойд гүний уурхайн нэвтрэлт хийж байгаа РедПат-ад ажиллаж байсан туршлагатай мэргэжилтнүүдээс бүрддэг.

Уурхайн дизайн, ил уурхай байгуулах, далд уурхайн нэвтрэлт гээд маш өргөн хүрээтэй шийдлүүдийг боловсруулдаг. Канад, АНУ-ын хэд хэдэн уурхайн байгуулалтыг удирдаж зохион байгуулсан маш их туршлагатай. Байнга шинийг эрэлхийлж, толгойгоо гашилгаж бүтээмж өндөртэй шинэ шийдэл гаргахдаа баярладаг хүмүүс. Хойд Америкт гэрийн хэрэгцээнээс авахуулаад уурхайн хуурай бетон зуурмаг үйлдвэрлэдэг Кинг 1928 онд байгуулагдсан, энэ компанийн бүтээгдэхүүн Хойд болон Өмнөд Америк, Европод нэртэй. Сүүлийн үед Парисын гэрээ, байгаль орчинд ээлтэй байх, хор хохирол бага учруулах технологи хөгжиж байгаа учраас RDH тоног төхөөрөмж үйлдвэрлэгч баттерейгаар ажилладаг гүний уурхайн том машин техникийг бид санал болгож байгаа.

Газрын гүнд хүн тээвэрлэхээс эхлүүлээд өрөмдлөг хийх, шороо зөөх зэрэг машинууд нэг цэнэглэлтээр 6-10 цаг ажилладаг. Газрын гүн рүү шатахуун зөөх зардлыг байхгүй болохоос гадна газрын гүнд хорт утаа ялгарахгүй, агааржуулалтын зардлыг огцом бууруулдаг.

Бидэнтэй 98009399, 99092816 утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

   

 

СЭТГЭГДЭЛ ОРУУЛАХ






 

СЭТГЭГДЛҮҮД